Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 211/МА2026/00002

 

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                        211/МА2026/00002

 

                                        

                             

               Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлтэй

           иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 301/ШШ2025/00571 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр 0 тоотод оршин суух, Х овогт Яын Ганзориг,

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр 0 тоотод оршин суух, С овогт Цийн М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймаг, Э сум, 0 дугаар баг, 0 дүгээр байрны 0  тоотод оршин суух М овогт Дын Б,

Хариуцагч: А аймаг, Э сум, 0 дугаар багт оршин суух М овогт Гийн Х нарт холбогдох

“2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж А аймгийн Э сум, Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Мөнх-Очир эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Я.Г, Ц.М  /цахим\

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч : Д.Мөнх-Очир  \цахим \

Хариуцагч нарын өмгөөлөгч : К.Бауиржан \цахим\

Нарийн бичгийн дарга : Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, А аймгийн Э сум, Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60.720.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах” тухай.

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: “Д овогтой Б нь А аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байхдаа 2013 оны 12 сарын 18-ны өдөр Ц.М, Я.Г бид нараас Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр барьж буй А аймгийн Э сум дахь орон сууцны “ Г ” цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авахдаа Гийн Х гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан авчхаад 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг өгөхгүй удаашруулж хохироож байна. Бидний зүгээс 44 мкв талбайтай орон сууцны нийт үнэ болох 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг удаа дараа шаардахад 2022 оны 11 сарын 20-ны өдөр байрны үнэ гэж 2.500.000 төгрөгийг Д.Б нь өөрийнхөө ХААН банкны 0000000000000 дугаартай данснаас, Ц.М миний дансыг иргэний хэргийн шүүхээс битүүмжилж хориг тавьсан байсан учир миний төрсөн эгч Ц.Чгийн 00000000 дугаартай данс руу шилжүүлсэн. Иймд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний үүргээ биелүүлээгүй тул дээрх нэр бүхий 60720000 /жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийн үнэ бүхий 44 мкв 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хохиролгүй болгож , улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461550 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү .” гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбарын агуулга: “Хариуцагч Г.Х нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талын төлөөлөгч Ц.Мтэй “Орон сууцны барилгыг захиалгаар барих” гэрээ байгуулан “Г” цогцолбор 34 айлын орон сууцны 44  мкв талбайтай 106 тоот орон сууцыг 60.720.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан. Одоо тус байртай холбоотой үлдэгдэл төлбөрийн асуудал байхгүй тул байрыг буцаан өгөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн маргааны зүйл болсон уг орон сууцыг нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Хтай гэрээ байгуулан худалдан борлуулсан бөгөөд энэхүү асуудал хариуцагч Л.Бд хамааралгүй юм.”

 

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг харахаар 106 дугаар байрны үнэ төлөгдөөгүй гээд нэхэмжлээд байгаа. Гэтэл хариуцагч талаас тайлбарлахдаа 106 дугаар байрны үнэ бүрэн төлөгдчихсөн. Харин 105 дугаар байрны үнийг тухайн үедээ бүрэн төлөөд төлөөгүй байсан. Түүнээс хойших хугацаанд цувуулаад төлж барагдуулсан гэдэг байдлаар татгалзлаа гаргадаг. Хэрэгт 105 дугаар байрны үнэ төлөгдсөн үү? Эсвэл 106 дугаар байрын үнэ төлөгдсөн үү? гэдэг талаар ямар нэгэн баримт авагдаагүй. Нэхэмжлэгч талаас 106 дугаар байрны үнэ төлөгдөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Хэрэгт Чгарын үсэгтэй энэ Д.Бэс 2,500,000 төгрөгийг 106 дугаар байрны үнэд шилжүүлсэн гэх агуулга бүхий гар бичмэл авагдсан. Үүнийг үндэслээд нэхэмжлэгч тал 106 дугаар байрны үнэ төлөгдөөгүй байна гэх нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байх шиг байна. Гэтэл н.Чимэгээ гэдэг хүн 2,500,000 төгрөг орж ирсэн талаар бичиж байгаагаас биш, энэ мөнгө нь 105 дугаар байрны үнэ үү эсвэл 106 дугаар байрны үнэ үү гэдгийг мэдэх боломжгүй субъект юм. Зөвхөн нэхэмжлэгч нарын үгээр 106 дугаар байрны үнэ гэж гар бичмэл үйлдсэн нөхцөл байдал харагддаг.  Тиймээс уг гар бичмэлийг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байж өгнө үү гэж хүсэж байна. Уг гар бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа 2,500,000 төгрөгийг Д.Бэс 106 дугаар байрны үнэнд шилжүүлсэн гэж байгаа. Гэтэл хэрвээ 2,500,000 төгрөгийг 106 дугаар байрны үнэнд шилжүүлсэн юм бол 60,720,000 төгрөгөөс хасагдах ёстой. Хасаагүй байхыг харахад магадгүй энэ 2,500,000 төгрөгийг 105 дугаар байрны үнэнд шилжүүлсэн гэдэг нөхцөл байдал харагдаад байгаа юм. Яагаад гэхээр талуудын бичсэн зурвас чат болон Д.Бн тайлбараас харахад 105 дугаар байрны үнэ дутуу бөгөөд үлдэгдэл мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл уг зурвас чатаас харахад 105 дугаар байртай холбоотой эд хөрөнгийн маргаан байна гэдэг нөхцөл байдал харагддаг. Түүнээс биш хэрэгт авагдсан баримтаар 106 дугаар байртай холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Хоёрдугаарт хариуцагч Г.Х нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талын төлөөлөгч Ц.Мтэй Г цогцолбор 34 айлын орон сууцны 106 тоот орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээнээс харахаар төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогддог. Энэ нь хэрэгт авагдсан гэрээ, 60,720,000 төгрөгийг 100 хувь төлсөн болохыг тодорхойлж Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан нэхэмжлэгч Я.Гийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцын жагсаалт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэрэгт авагдсан төлбөрийг 100 хувь төлсөн гэх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас үгүйсгэх боловч уг үгүйсгэлээ нотлох баримт, бичгийг гаргаж өгөөгүй. Үүнээс гадна 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний 2.4 дэх хэсэгт төлбөрийн график бий. 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 30,720,000 төгрөгийг тус тус төлж үүнийг нь хүлээн зөвшөөрч Ц.М гарын үсэг зурсан. Мөн 100 хувь тооцоо хийгдэв гэсэн тэмдэг зэргээс төлбөр бүрэн төлөгдсөн болох нь тодорхой харагдаж байна..” гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлтэй Г.Х, Д.Б нарт холбогдох 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, А аймгийн Э суманд байршилтай Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 106 тоот, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Мөнх-Очирын давж заалдах гомдлын агуулга: “А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 04-ны өдрийн 301/ШШ2025/00571 дугаартай шүүхийн шийдвэр: Хариуцагч Д.Бтэй А аймгийн Э суманд байршилтай 106 тоот, 44 м/кв талбайтай 1 өрөө байрыг захиалгаар барих гэрээ байгуулсан болон Д.Б нь Г.Хын өмнөөс дээрх орон сууцны 60.720.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, 2022 оны 12 сарын 20-ны өдөр Ц.Мгийн төрсөн эгч Чгийн данс руу шилжүүлсэн 2.500.000 төгрөгийг 106,105 тоот байрны төлбөрт төлсөн гэдгийг нэхэмжлэгч нар нотлох баримтаар нотлоогүй байна гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11\496 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн А аймгийн Э сумын 2 дугаар баг 34 байр 105 тоот үл хөдлөх хөрөнгийг Гүндсамбуу Хаас Б Мөнгөнсувдад, 106 тоот орон сууцыг Гүндсамбуу Хаас Д.Бд бэлэглэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа болон зарсан орон сууцууд нь анхнаасаа засаг асан Д.Бх болох нь тогтоогдсон, тухайн үеийн засаг дарга хөрөнгө орлогоо нууж байсан нь ч тогтоогдож байна. Хавтаст хэрэгт Д.Бэс 1 өрөө орон сууцны мөнгийг шаардахад 2022 оны 11 сарын 20-ны өдөр байрны үнэ гэж 2.500.000 төгрөгийг Д.Б нь өөрийнхөө ХААН банкны 0000000000000 дугаартай данснаас, Мягмарсүрэнгийн төрсөн эгч Чгийн 00000000 дугаартай данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа нь дээрхи орон сууцны мөнгийг төлөөгүй болохыг баталж байна. Засаг дарга асан Д.Бд малчин болох Г.Х нь орон сууц бэлэглэлийн гэрээгээр өгсөн нь итгэл үнэмшлэлгүй юм. Хариуцагч нарын төлөөлөгч “хариуцагч Г.Х “ Г ” цогцолбор 34 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 106 тоот орон сууцыг 60720000 худалдаж авахаар 2013 оны 12 сарын 28-ны өдөр гэрээ байгуулж төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан..” гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Ц.М, Я.Г нартай Д. Б орон сууцыг ирээдүйд худалдан авах тухай аман хэлцлийг Г.Хын өмнөөс хийж үүрэг хүлээсэн учир орон сууцыг Г.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь зүйд нийцэх байсан. Гэрээнд заасан төлбөр 60720000 төгрөгийг хариуцагч Г.Х төлөөгүй төлбөр төлсөн талаарх тодорхойлолтыг хариуцагч Д.Бн гуйснаар бичиж өгсөн гэдэг тайлбараа нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй, мөн хариуцагч Г.Хын “төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан “гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нар нотлох баримтаар няцаагаагүй гэж шүүх үзжээ. Нэхэмжлэгч Ц.М аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Бат- Эрдэнэд итгэж түүний гуйлтаар нь 106 тоотын 1 өрөө байрны төлбөр төлөгдсөн гэж гэрээн дээр бичилт хийж өгсөн. А аймгийн Э сум дахь орон сууцны “Г ” цогцолбор 34 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 106 тоот хаалга бүхий 1 өрөө байрны төлбөрийг огт төлөхгүй байсан учраас Д.Бтэй биечлэн очиж уулзаж, байнга чат, мессеж бичиж байраа буцааж авъя гэж түүнд хэлж байсан. Гэрээнээс татгалзаж байраа буцааж гаргуулахыг шаардсан. Засаг дарга асан Д.Б нь “Г” цогцолбор 34 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 106 тоот хаалга бүхий 1 өрөө орон сууцыг авахдаа Гүндсамбуугийн Х гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан авахын тулд 2014 оны 02 сарын 06-ны өдөр А аймгийн улсын бүртгэлийн хэлтэст дээрх орон сууцны төлбөр болох 60720000 төгрөгийг 100% төлсөн тул Г.Хт үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг олгоход тусална уу гэх тодорхойлолтыг нэхэмжлэгч Я.Гоор хийлгүүлж дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Учир нь төлөлтийг 100% төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаг тул засаг дарга Д. Б гуйлтаар төлбөрийг дараа нь төлөх боломжтой гэж итгэлцлийн үүднээс зөвшөөрсөн талаар Я.Гоос шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах талаар хүсэлт гаргаагүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэлээ шүүх хуралдаанд тодорхой тайлбар өгч, нотлох баримт болох 2500000 төгрөгийн төлбөр төлсөн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй болохыг нотолсон. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж иргэний хариуцагч Г.Х, Д.Б нараас орон сууцны төлбөрийг хэрхэн барагдуулсан талаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбар гаргуулж аваагүй, орон сууцны төлбөр төлж барагдуулсан баримт хэрэгт огт байхгүй байхад нэхэмжлэгчийн гэрээн дээр төлбөр төлөгдсөн гэсэн бичилтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан байхад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар орон сууцны төлбөр төлсөн баримт болон тайлбараа баримтаар нотлох үүргээ огт хэрэгжүүлээгүй. Хавтаст хэрэгт Гүндсамбуу овогтой Х, Довдонням овогтой Бат- Эрдэнэ нараас “Г” цогцолбор 34 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 106 тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө 60720000 / жаран сая долоон зуун хорин мянган / төгрөгийн үнэ бүхий орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан талаар нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч татгалзлын үндэслэл тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юмаа. Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний: 3.3.2 Захиалагч нь гэрээнд заагдсан төлбөрүүдийг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд уг гэрээг хүчингүй болгож тухайн орон сууцыг өөр байгууллага хувь хүнд худалдаж, алданги суутган авах эрхтэй. 4.1 Захиалагч нь төлөх ёстой төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар хоног дутам алданги төлнө. г.м гэрээний заалтуудыг хариуцагчаас зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. 42.4 Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.3 Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэсэн хуулийн заалт хэрэгжээгүй. Дээрх зохицуулалтаар эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай. Шүүгч хэргийн эцэслэн шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталсан өөрөөр хэлбэл хариуцагч талаас үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын үгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ц.М, Я.Г нар нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Г.Х, Д. Б нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Э сум дахь орон сууцны “Г” цогцолбор 34 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 106 тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө орон сууцыг хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй юм.Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 04-ны өдрийн 301/ШШ 2025/00571 дугаартай шүүхийн шийдвэрийг хангуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргав” гэжээ.

 

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Мөнх-очирын давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдаанд үгүйсгэж чадаагүй. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн талаар нотлох баримт хэрэгт ерөөсөө авагдаагүй. Гэтэл сая 105, 106 гээд 2 байрны дунд холион бантан хийгээд байх юм. Өнөөдөр нэхэмжлэгч 106 дугаар байрны төлбөрийг аваагүй талаараа удаа дараа утсаар мэдэгдээд, Д.Бд мессеж явуулсан баримтаа гаргаж өгсөн, харуулсан. Ерөөсөө өгөөгүй байна, өгөхгүй байна гэж маш их шаардсан. Д.Б өвчтэй, зовлонтой шалтгаан хэлээд, өгнө төлнө гэсэн мессеж байдаг. Гэтэл өгөөгүй байхад нь үндэслэлгүйгээр нэхэмжлээд байгаа юм шиг, сая хариуцагчийн өмгөөлөгч нь ярьж байна бэлнээр өгсөн гээд шинэ юм гаргаж ирээд байх юм. Ямар ч бэлнээр өгсөн баримт байхгүй шүү. Зөвхөн 100% төлсөн гэж бичилт хийж буруу юм хийсэн гэдгээ Ц.М аль ч шатны шүүхэд хэлдэг. Би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах хүсэлтийнх нь дагуу төлөгдөөгүй төлбөрийг төлсөн гэж бичилт хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд мэдүүлээд байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

  8. Нэхэмжлэгч Я.Гийн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талбарын агуулга ... Хариуцагч талын өмгөөлөгч сая Д.Б гэх хүнтэй ямар ч холбоогүй гэж тайлбарлаад байх юм. Бидний бодитоор хийсэн гэрээ байгаа. Шүүхэд эд нар утасны дугаараа арилгасан хуурамч баримт гаргаж өгсөн юм билээ. Энэ дээр 0000000000 дугаарыг Д.Б гэдэг хүн эзэмшдэг гэдэг нь тогтоогдоод, Мобикомоос гараад ирсэн байдаг. 106 тоот байрны гэрээнд төлөөлөх биш, Г.Х гэдэг хүн өөрөө ирээгүй. 0000000000 гэдэг дугаар гэрээнд байгаа нь Д.Б гэдэг хүнтэй зайлшгүй холбогдоно. Энэ хүн өөрөө ирээд, туслахаа хүртэл явуулаад энэ хүний нэр дээр төлсөн гэдэг тодорхойлолтоо гаргаад өгөөч гээд байсан. Тэгээд Г.Х гэдэг хүн ямар нөхцөлөөр төлбөрөө төлсөн юм бэ. Хариуцагчийн өмгөөлөгч сая 100% төлсөн гээд байдаг. Ямар эх үүсвэрээр, ямар хэлбэрээр төлсөн юм. 2013.12.28, 2014.02.06-ны өдөр 30.000.000, 30.000.000 төгрөг байсан уу. Тухайн малчин хүн төлсөн гээд яриад байна. Д.Бтэй зайлшгүй холбогдоно. Саяны утасны дугаараар, бидний бодитой хийсэн гэрээнд энэ дугаар байгаа. Ер нь бол эхнээсээ л залилан мэхэлж, луйвраар авах сонирхолтой, бидний итгэлцлийн үндсэн дээрээс бичилт хийж өгснийг үндэслээд луйвар, дээрэм явагдаад байна гэж үзэж байна гэжээ.

 

9. Нэхэмжлэгч Ц.Мгийн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талбарын агуулга ... Үл хөдлөх 2-уулаа нэг дор гарсан. Яг 2-уулаа адилхан 100% төлөгдсөн гэж гарсан. Гэхдээ энэний төлбөрийг хийхдээ нилээн хэл ам гарч, би араас нь утасдаж, очиж уулзаж байж бага, багаар төлүүлсэн. Тэгэхэд нь би танайх энэнийхээ төлбөрийг ийм удаан төлж байгаа юм чинь би 106 тоот байраа буцааж авъя гэдэг хүсэлтийг нилээн хэдэн удаа мессежээр, чатаар, утсаар ярихдаа хэлдэг байсан. Хэрвээ саяны өмгөөлөгчийн ярьж байгаагаар байх юм бол энэ хүн 105 дугаар байрныхаа төлбөрийг авах ёстой, энийгээ 100% төлсөн гэдэг нь худлаа. Энэ анхнаасаа нэг ч төгрөг төлөгдөөгүй учраас анхнаасаа 2-ууланг нь адилхан 100% төлсөн гэж үл хөдлөх гарсан. Гэхдээ үл хөдлөхийн гэрчилгээг эзэнд нь өгөх ёстой, эзэн нь өөрөө хүлээж аваагүй, материалаа өгөөгүй гэдгийг хэлье. Тийм учраас анхнаасаа хуурах сонирхолтой байсан юм байна гэж ойлгож байна гэжээ.

 

10. Хариуцагч нарын өмгөөлөгч К.Бауиржаны давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдолтой танилцсан. Бидний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа. Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч тайлбараа гаргана. Юуны түрүүнд та бүхнийг хэрэгт авагдсан хэд хэдэн баримтад анхаарлаа хандуулна уу гэж хүсмээр байна. Сая нэхэмжлэгч талаас Г гуай хэллээ. Энэ хэргийн материалд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн орон сууц захиалах гэрээ, хариуцагч талаас гаргаж өгсөн орон сууц захиалах гэрээ, мөн улсын бүртгэлийн хэлтсээс шүүхийн журмаар авсан орон сууц захиалах гэрээ гэсэн 3 баримт байгаа. Эдгээр баримтууд хооронд ямар нэгэн байдлаар зөрүү байхгүй байгаа. Нэмэлт нэг юм нь юу гэхээр Д.Б, Г.Х нараас гаргаж өгсөн орон сууц захиалгаар худалдах, худалдан авах 105 тоот гэрээнд, сая нэхэмжлэгч тал хэлж байна. Энэ гэрээнд энэ хүмүүс мөнгө төлсөн үедээ тэмдэглэл хийгээд явдаг юм. Яг энэ агуулгаар нь бид анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талаас асуулт асуусан. Өөрөөр хэлэх юм бол 105 тоот байрны гэрээнд 2013.09.25-ны өдөр 17.000.000 төгрөг төлсөн байна. 2014.01.15-нд 40.000.000 төгрөг төлсөн гээд ард талд нь Ц.М гээд гарын үсэг зурсан байна. Энэ үнэн үү гэсэн, үнэн гэсэн. 2021.12.29-нд 4.500.000 төгрөг, 2 сарын 25-нд 3.000.000 төгрөг,  4 сарын 28-нд 3.770.000 төгрөг, 11.270.000 төгрөг төлсөн байна. Мөн 2022.09.28-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022.11.02-нд 2.500.000 төгрөг төлсөн байна. Энэ үнэн үү гэхэд үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хурлын тэмдэглэлд байж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа, өөрсдийн төрсөн дүү Ч гэж хүний гаргасан тодорхойлолт, Чдансанд шилжүүлсэн 2.500.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл 106 тоот байрны төлбөр төлөгдөөгүй гэдэг нь үүгээр нотлогдож байна гэж тайлбарласан. Гэтэл миний сая дурдсан 105 тоот, 3 өрөө байрны гэрээнд гараар бичсэн тэмдэглэл байгаа. Үүнийг өөрсдөө 105 тоот байрны төлбөр төлөгдөж байсан юм гэж хүлээн зөвшөөрөөд байгаа. Гэтэл Чгийн гаргаж өгсөн тодорхойлолт, 106 тоот байрны төлбөрт 2.500.000 төгрөг төлсөн юм гэж Чдансны хуулгыг гаргаж өгөөд, 105 тоот байрны төлбөр гэж яриад байгаа. Тэгэхээр тэр дансны гүйлгээ, Чбичиж өгсөн тодорхойлолтод 2022.11.20-ны өдөр 2.500.000 төгрөг гэсэн ийм баримт байгаа. Энд юу хэлэх гээд байна гэхээр 105 тоот байрны төлбөр байсан юм. Ер нь бол Г.Х гэдэг хүн Ц.М, Г нартай орон сууц захиалгын 2 гэрээ байгуулсан. 105, 106 тоот бүхий 2 орон сууцны гэрээ байгуулсан. 106 тоот байрны төлбөр нь тухайн үедээ хэсэгчлээд 2013.12.28-ны өдөр 30.000.000 төгрөг, 2014.02.06-ны өдөр 30.720.000 төгрөгөөр төлбөрүүд төлөгдсөн байгаа. Төлөгдсөн гэдгээ гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад, доор нь 100% төлөв гээд тамга дарсан байгаа. Тэгээд үргэлжлүүлээд хамгийн сүүлд төлбөр төлөгдсөн буюу 2014.02.06-ны өдөр Г өөрийн компаниар гаргаад Улсын бүртгэлийн хэлтэст төлбөр бүрэн төлөгдсөн тул Г.Хт үл хөдлөхийн гэрчилгээ гаргахад тусална уу гээд хувийн тамгыг дараад өгсөн. Үүний дагуу Г.Хт үл хөдлөхийн гэрчилгээ гарсан гэдэг нөхцөл байдал байгаа. Энэ хэргийн материалд 2 гэрээ байгаа. Г.Хын зүгээс 2 орон сууцны худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэгнийх нь төлбөр тухайн үедээ бүрэн төлөгдөж дууссан. Нөгөөх нь төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байсан. Өөрөөр хэлбэл 28.770.000 төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаад, 2022.11.20-нийг хүртэлх хугацаанд мөнгийг хэсэгчилж төлөөд дуусгасан ийм нөхцөл байдал байж байгаа. Нэхэмжлэгч тал үүнийг өөртөө ашигтай байдлаар тайлбарлаад, баримт байхгүй гэдгээр шалтаглаад, нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 106 тоот байрны гэрээнээс татгалзана. Татгалзаж байгаа шалтгаан нь төлбөрөө гүйцэт төлөөгүй. Төлөөгүй гэдэг үндэслэл нь хамгийн сүүлд Чдансанд 2.500.000 төгрөг төлсөн гэдэг ийм нөхцөл байдал байна. Үүнийг үндэслээд бид мессеж бичсэн гэдэг байдлаар татгалзлаа илэрхийлсэн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Хэргийн материалд 105, 106 тоот байр гэж 2 гэрээ байгаа. 2-уулаа тухайн үед үл хөдлөхөөр ороод, үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан байгаа. Тэгж гарахдаа 105 тоот байрны төлбөр дутуу байна гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Нөгөө талдаа 106 тоот байрны төлбөр 100% төлөгдсөн гэсэн тамгатай, тодорхойлолт бүхий байдлаар үл хөдлөхийн гэрээгээр шилжсэн байгаа. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзах гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Тэгэхээр ямар тохиолдолд татгалздаг юм бэ. Нэгдүгээр хүчин төгөлдөр гэрээний тухай асуудал ярина. Миний ойлгож  байгаагаар, нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаагаар талуудын хооронд байгуулсан. Г.Хтай байгуулсан 106 тоотын буюу 2014.12.28-ний өдрийн орон сууц захиалсан гэрээг өөрсдөө хүчин төгөлдөр гэж үзэж байгаа учраас гэрээнээс татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байгаа тохиолдолд яах ёстой вэ гэхээр хуульд заасан үндэслэлүүд бий. Иргэний хуульд заасан 204 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах шаардлага гаргах гэж байгаа бол мэдэгдэл хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл гэрээний оролцогч Г.Хт мэдэгдэх шаардлага хүргүүлээд, нэмэлт хугацаа тогтоогоод, тэр шаардлага биелүүлээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломж нь хуулиар олгогддог юм. Гэтэл Г.Х гэх хүнд нэг ч удаа мэдэгдэл, шаардлага хүргүүлж байгаагүй. Энэ талаар өөрсдөө ч гэсэн хэлэх байх. Хурлын тэмдэглэлд өгсөн тайлбар, мэдүүлгүүд нь байж байгаа. Тэгэхээр миний хэлж байгаа агуулга бол хүчин төгөлдөр гэрээний татгалзлын асуудал, хэрвээ татгалзаж байгаа бол гэрээний оролцогч Г.Хт мэдэгдэх шаардлагыг хүргүүлэх ёстой байсан. Энэ талаар мэдэгдсэн ийм баримт хэрэгт байхгүй гэдгийг хэлмээр байна. Талуудын хооронд байгуулагдсан энэ гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гэдэгтээ аль, аль тал нь маргаагүй. Бид нар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа, ялангуяа Г.Хын зүгээс үзэж байгаа. Нөгөө талаас нэхэмжлэгч хүчин төгөлдөр гэрээний татгалзлын асуудал яригдаж байгаа учраас хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрөөд явж байгаа юм. Хэрвээ хүчин төгөлдөр гэрээ гэж байгаа бол гэрээнээс татгалзах юм уу, гэрээтэй холбоотой татгалзах шаардлага гаргаж байгаа бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байвал 5 жил байна гэж тодорхойлсон байгаа. Тэгвэл 2013 онд байгуулагдсан гэрээ байгаа. Энэ гэрээнээс гэрээний үүргээ биелүүлэх хугацааг 2014 оны 2 сар гэж тодорхойлоод, үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэх юм бол 9 жилийн хугацаа өнгөрсний дараа Д.Б буюу гэрээний оролцогч бус этгээдэд мэдүүлэг өгөх асуудал яригдаж байгаа. Энэ гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг байдлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнөх хуралд тайлбарлаж  байсан. Бидний хувьд ингэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ийм шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй байна гэж тодорхойлж байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эцэст нь нэхэмжлэгчээс удаа дараалан юу гэж тайлбарладаг гэхээр Д.Б гэдэг хүн тухайн үед аймгийн Засаг дарга байсан. Албан  тушаалын байдлаа урвуулан ашигласан. Биднийг хууран мэхэлсэн, бид итгэсэн. Өөрийнхөө малчны нэр дээр гэрээг байгуулсан гэж удаа дараалан тайлбарлаж байгаа. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд ингэж ярьж байгаа бол ярьсан зүйлээ бүгдийг нотлох баримтаар нотолж, шүүхэд хүргүүлэх ёстой, ийм үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд саяны ярьсан зүйлтэй холбоотой нэг ч үйл баримтыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэдгийг тэмдэглүүлмээр байна. Дараагийн нэг зүйл, хэргийн материалд авагдсан улсын бүртгэлээс орж ирсэн, нэхэмжлэгч, хариуцагч аль, аль талаас гаргаж өгсөн гэрээнүүд дээр, тодруулж хэлбэл 106 тоот байрны захиалгын 2013.12.28-ны өдрийн гэрээ байгаа. Энэ гэрээний 2.4-т төлбөр төлсөн баримтууд дээр нэхэмжлэгч тал буюу Г гэрээ байгуулаад, төлбөр хүлээж авсан Ц.М гарын үсэг зураад явсан үйл баримт байгаа. Мөн гарын үсэг зурсан баримт дээрээ тамгалсан, 100% төлбөр тооцоо хийгдэв. Тэгтэл миний үйлчлүүлэгчийг нэхэмжлэгч талаас юу гэж ярьдаг гэхээр та нар төлбөрөө төлсөн юм бол баримтаа гаргаж өгөх ёстой гэж ярьдаг. Бид тухайн үед бэлнээр төлөөд, төлсөн гэдэг дээр гарын үсэг зурсан. Хэдийгээр төлбөр төлсөн гэсэн баримт байхгүй ч гэрээнд гарын үсэг зураад, 100% тооцоо хийгдэв гээд тамга дарсан байхад өөр ямар байдлаар нотлох ёстой юм бэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Нөгөө баримтыг та бүхэн харьцуулж хараачээ. 2 гэрээ 2-уулаа улсын бүртгэлд бүртгэгдсэн. Бүртгэгдэхдээ нэг нь 100% төлбөр төлөгдсөн гэж байгаа бол нөгөө нь 28.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гээд улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Хэрвээ тухайн үедээ нэхэмжлэгч нарын зүгээс одоо ярьж байгаа шиг Д.Б гэдэг хүн гуйгаад, албан тушаалын байдлаа ашиглахад нь энэ хүмүүс итгээд 100% төлбөр төлсөн гэж байгаа юм бол 105 тоот байрны гэрээн дээр ч гэсэн төлбөр тооцоо дуусан гээд бичих ёстой байсан. Тэгтэл бичээгүй байна. Тухайн нөхцөл байдалд 105 тоот байрны төлбөр гүйцэт төлөгдөөгүй байсан учраас төлбөр төлөгдөөгүй гэдэг дээр гарын үсэг зуралгүй орхиод улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Тэгээд явцын дунд төлбөрийг хэсэгчлээд төлөөд, гэрээнд гараар тэмдэглээд, гарын үсэг зураад, хамгийн сүүлд 2022.11.20-нд 2.500.000 төгрөг гээд биччихсэн. Нэхэмжлэгч сая өөрөө төлөөд явж байсан юм гээд яриад байна. Наад хүмүүс чинь ингэж төлөөд явж байсан юм 105 тоот дээр гээд. Гэтэл энэ 105 тоотын төлбөрийг 106 тооттой хольж хутгаад, ингэж шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нараас Д.Б,Г.Х нарт холбогдуулан “2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, А аймгийн Э сум, Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60.720.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлтэй Г.Х, Д.Б нарт холбогдох 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, А аймгийн Э суманд байршилтай Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 106 тоот, 60.720.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... Тухайн үед манай талаас Улсын бүртгэлийн газарт хандан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэдэг бичиг өгөөд байрны гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулсан. Учир нь Д.Б нь тухайн үед аймгийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан тул өндөр албан тушаалтан гэдэг утгаар нь итгээд байрны төлбөрийг 100 хувь төлсөн гээд бичиг хийж өгсөн. Байраа буцааж авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай нам ялагдчихсан. Түр хүлээгээч гэдэг байсан. Бид нар Г.Х гэдэг хүнийг танихгүй. Тэрээр Д.Бн малыг малладаг хүн бололтой байсан. ...Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнд засвар оруулж, Д.Бн 0000000000 гэсэн дугаарыг арилгасан байна. ... хэрэгт Д.Бэс 1 өрөө орон сууцны мөнгийг шаардахад Д.Б 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байрны үнэ гэх утгаар 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000000 тоот данснаас Ц.Мгийн төрсөн эгч Чгийн данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Энэ нь орон сууцны үнийг төлөөгүй болохыг нотолж байгаа. Хариуцагч талаас орон сууцны үнийг бүрэн төлчихсөн юм бол төлсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан ч гаргаж өгөөгүй ... гэсэн тайлбарыг гаргасан.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Хариуцагч Г.Х нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талын төлөөлөгч Ц.Мтэй “Орон сууцны барилгыг захиалгаар барих” гэрээ байгуулан “Г” цогцолбор 34 айлын орон сууцны 44  мкв талбайтай 106 тоот орон сууцыг 60.720.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан. Одоо тус байртай холбоотой үлдэгдэл төлбөрийн асуудал байхгүй тул байрыг буцаан өгөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн маргааны зүйл болсон уг орон сууцыг нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Хтай гэрээ байгуулан худалдан борлуулсан бөгөөд энэхүү асуудал хариуцагч Л.Бд хамааралгүй... нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа 2,500,000 төгрөгийг Д.Бэс 106 дугаар байрны үнэнд шилжүүлсэн гэж байгаа. Гэтэл хэрвээ 2,500,000 төгрөгийг 106 дугаар байрны үнэнд шилжүүлсэн юм бол 60,720,000 төгрөгөөс хасагдах ёстой. Хасаагүй байхыг харахад магадгүй энэ 2,500,000 төгрөгийг 105 дугаар байрны үнэнд шилжүүлсэн гэдэг нөхцөл байдал харагдаад байгаа юм. Яагаад гэхээр талуудын бичсэн зурвас чат болон Д.Бн тайлбараас харахад 105 дугаар байрны үнэ дутуу бөгөөд үлдэгдэл мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл уг зурвас чатаас харахад 105 дугаар байртай холбоотой эд хөрөнгийн маргаан байна гэдэг нөхцөл байдал харагддаг. Түүнээс биш хэрэгт авагдсан баримтаар 106 дугаар байртай холбоотой ямар нэгэн баримт байхгүй ... гэх тайлбарыг гаргаж байжээ.

 

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбарыг нотлох баримтаар үгүйсгэж, няцааж чадаагүй, хэрэгт цугларсан баримтуудаар А аймгийн Э суманд байршилтай Г цогцолбор 34 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 106 тоот, 60.720.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэгч Я.Г, Ц.М хариуцагч Д.Бат–Эрдэнэ нарын хооронд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь Д.Б нь тухайн үед манай барьж байсан Г цогцолбор 34 айлын орон сууцны 106 тоот 44 мкв 1 өрөө болон 105 тоот 77.98 мкв 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ байгуулж, үл хөдлөхийн гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулахыг гуйсан, гэрээнд гарын үсэг зурсан гэх Г.Хыг бид хоёр харж, уулзаж байгаагүй, тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Б туслахаа явуулж Г.Хын нэрийн өмнөөс гэрээнд шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, гарын үсэг зурсан. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас бидний зүгээс 100 хувь төлбөр төлөгдсөн гэж тодорхойлж үл хөдлөхийн гэрчилгээг Г.Хын нэр дээр гаргуулсан Гэрээнд заасан төлбөр 60.720.000 төгрөгийг хариуцагч Г.Х төлөөгүй, төлбөр төлсөн талаарх тодорхойлолтыг хариуцагч Д.Бн гуйснаар бичиж өгсөн гэдэг тайлбараа нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй, мөн хариуцагч Г.Хын “төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нар нотлох баримтаар няцаагаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй болжээ.

 

7. Нэхэмжлэгч талаас гэрээг Д.Б хийсэн болох нь түүнтэй харилцаж байсан цахим зурвасууд, Д.Б нь 0000000000 дугаарын эзэмшдэг тухай тодорхойлолт, гэрээнд түүний утасны дугаар бичигдсэн байсан, Д.Бэс 1 өрөө орон сууцны мөнгийг шаардахад Д.Б 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байрны үнэ гэх утгаар 2,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000000 тоот данснаас Ц.Мгийн төрсөн эгч Чгийн данс руу шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байгаа гэж тайлбарлаж байна.

 

Бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд тухайн хэргийн онцлогоос шалтгаалан хэрэгт авагдсан бичмэл баримтын хуулбарыг үнэлэх эсэхийг шүүх шийднэ.

 Бичмэл баримтыг шүүхэд эх хувиар өгөх нь тухайн нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэх боломжийг бүрдүүлдэг. Бичмэл баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй тохиолдолд хуулбарыг нь өгөх ёстой. Хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна. Хуулиар тогтоосон эдгээр шаардлага нь хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэн хэн алинд нэгэн адил хамаарах юм. Нотариатч нь тухайн баримтын үнэн зөвийг биш харин тухайн баримтын хуулбар нь эх хувьтай нийцэж байгаа байдлыг гэрчлэн баталж байгаа хэрэг.

Цахилгаан бичиг, факс, и-мэйл, мессеж, мессенжерт бичигдсэн зүйл, компьютерийн мэдээлэл бичмэл баримтад тооцогдох боловч эдгээр баримтуудыг хэзээ, хаанаас, ямар эх сурвалжаас / гар утас, комьпютр г.м/ авсан нь тодорхой байх ёстой.

Хуулийн эдгээр зохицуулалт нь шүүхэд үнэн зөв бичмэл нотлох баримт гаргахад чиглэгдсэн шаардлага юм. 

 

Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  “Орон сууцны барилгыг захиалгаар барих” гэрээний хуулбарууд хэрэгт 5 удаа /1 дүгээр хавтаст хэргийн 7-9, 69-73, 159-161, 2 дугаар хавтаст хэргийн 12-16, 29-31 дүгээр хуудас/ авагдсанаас 1 дүгээр хавтаст хэргийн 7-9 /Д.Бн утасны дугаар бичигдсэн гэх/, 2 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудсанд байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Д.Бтэй харилцаж байсан гэх цахим зурвасуудыг хэзээ, хаанаас, ямар эх сурвалжаас хуулбарлаж авсан нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Мөн Д.Б 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байрны үнэ гэх утгаар 2.500.000 төгрөгийг Хаан банкны 0000000000000 тоот данснаас Ц.Мгийн төрсөн эгч Чгийн данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан хэдий ч энэ нь маргаан бүхий 106 тоот байрны төлбөр гэдгийг шууд нотлохгүй. 

 

8. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан гэж тайлбарласан боловч хариуцагч Г.Х нь гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй. 

 

9. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Мөнх-Очирийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 461.550 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 301/ШШ2025/00571 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очирийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 461.550 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

 

                                                                                       Л.НЯМДОРЖ