Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 211/МА2026/00003

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                     211/МА2026/00003

 

                                        

                            

С.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 301/ШШ2026/00004 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А аймаг Ж сум Х багт оршин суух С.Гын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймаг Ж сум Б багт оршин суух В.Д, Л.О нарт холбогдох

 

13,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар /цахимаар/

Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:  “...С.Г би А аймгийн Ж суманд олон үеэрээ амьдарсан тус сумын өндөр настны нэг юм.  Нутгийн танил гэр бүлийн хоёр болох Л.О, В.Д нар нь бидэнд гэр бүлийн хэрэгцээ болон бусад зүйлд хэрэглэх яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та хэсэгчлэн мөнгө зээлж тус болооч танаас өөр туслах хүнгүй байна гэхээр нь нутгийн дүү нар, нуруутай хүмүүс гэж ойлгоод 2023 оны 04 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн сарын 4 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн. Ингэхдээ өөрийн хаан банкны 5137005134 тоот данснаас зээлдэгч Л.Огийн 5137043986 тоот данс руу шилжүүлсэн. Уг зээлийн мөнгөн дүнгээс зарим үндсэн зээл, хүүг нь төлсөн бөгөөд одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 7.250.000 төгрөг, хүү нэг сарын 290.000 төгрөг, нийт 21 сараар тооцвол 6.090.000 төгрөг байгаа бөгөөд нийт мөнгө 13,340,000 төгрөг нэхэмжилж байгаа болно...” гэжээ.

 

2. Хариуцагч Л.Огийн тайлбар, татгалзлын агуулга: “... С.Гын нэхэмжлэлтэй В.Д, Л.О нарт холбогдох иргэний хэрэгт, хариуцагч Л.О миний бие нэхэмжлэлийн хувийг 2025.11.11-ний өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. С.Гын нэхэмжилсэн 13,340,000 төгрөгийн миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.Г ахаас нийтдээ ийм их хэмжээний мөнгө зээлээгүй. Манай нутгийн эмэгтэй болох А.Б нь мөнгө зээлээч гээд над руу өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь л би зээлж өгсөн. Ингэж зээлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй. Би зээлсэн мөнгөнөөсөө 2023 оны 04.17-ны өдөр 442,000, 4 сарын 25-нд 4 сарын 29-нд 1,600,000, 05 сарын 15-нд 530,000, 6 сарын 10-нд 150,000, 6 сарын 20-нд 215,000, 7 сарын 02-нд 520,000, 7 сарын 9-нд 160,000, 8 сарын 04-нд 300,000, 9 сарын 7-нд 300,000, 9 сарын 14-нд 370.00, 9 сарын 26-нд 620,000, 10 сарын 4-нд 300,000, 10 сарын 7-нд 1,140,000, 10 сарын 11 -нд 420,000, 11 сарын 01-нд 300,000, 2024 оны 3 сарын 19-нд 230,000, 5 сарын 10-нь 500,000 төгрөг тус тус өгсөн, одоо С.Г ахад өгөх өргүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

3. Хариуцагч В.Дын тайлбар, татгалзлын агуулга: “... С.Гын нэхэмжлэлтэй В.Д, Л.О нарт холбогдох иргэний хэрэгт, хариуцагч Д.Доржбалбар миний бие нэхэмжлэлийн хувийг 2025.11.11- ний өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. С.Гын нэхэмжилсэн 13,340,000 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүнээс мөнгө зээлэх талаар огт холбогдож, уулзаж байгаагүй, нэг ч төгрөг аваагүй. 2025 оны хавар манай гэрт ирээд зээлсэн мөнгөө өгөөч гэхэд нь л эхнэр Л.Ог нутгийн эмэгтэй болох А.Бд С.Г ахаас мөнгө зээлээд өгчихсөн байсан талаар мэдсэн. Эхнэр энэ талаараа надад хэлээгүй байсан. Миний хувьд нэхэмжлэгчтэй хүүтэй мөнгө зээлэх талаар ямар нэгэн харилцаа огт үүсгээгүй учир хариуцах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас В.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Л.Огаас 3,625,000 /гурван сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гт олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,715,000 /есөн сая долоон зуун арван таван мянга/ төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 224,650 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж орон нутгийн орлогод оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус зааснаар хариуцагч Л.Огаас 72,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гт олгож, Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 

5. Давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын давж заалдах гомдлын агуулга: С.Гын нэхэмжлэлтэй Л.О, В.Д нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 13,340,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хариуцагч Л.Огаас 3,625,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 9,715,000 төгрөг гаргуулах, В.Дт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс 3,625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... С.Г нь 12,200,000 төгрөгийг хариуцагч Л.Огийн дансанд шилжүүлсэн байх тул хариуцагчийн төлсөн 8.575,000 төгрөгийг уг мөнгөнөөс хасаж хариуцагч Л.Огаас 3,625,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэж үзсэн. Ийнхүү дүгнэхдээ нэхэмжлэгчийн хаан банкны депозит данснаас 2023.04.03 - 2023.07.17, 2023.09.01 - 2023.11.13 өдрийн хооронд хийгдсэн гүйлгээ, мөн хариуцагч Л.Огийн хаан банкны депозит данснаас 2022.01.01 - 2022.01.17, 2023.04.12 - 2023.05.05, 2023.06.10, 2023.07.25, 2023.08.02 - 2023.08.19, 2023.09.04 - 2023.11.03, 2024.03.11 - 2024.01.10, 2024.04.23 - 2024.05.25 өдрийн хооронд хийгдсэн гүйлгээг үндэслэжээ. Нэхэмжлэгч 2023.04-2023.11 сар хүртлэх хугацаанд шилжүүлсэн мөнгөнөөс зээлийн төлбөр шаардаж нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд олгосон зээлээс хариуцагч нар 7,250,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөр нь хэзээ, хэзээ хийгдсэн гүйлгээ болохыг тодорхой хэлдэг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээл олгосон гэх 2023.04-2023.11 сараас өмнөх болон хойно хийгдсэн гүйлгээтэй холбоотой хариуцагчаас гаргаж өгсөн дансны хуулгыг үндэслэж, тодорхойгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, өмнөх болон хойно хийгдсэн гүйлгээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм. Хариуцагч нар нь 2024.04 - 2023.11 сархүртлэх хугацаанд нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлж аваад хүүгийн хамт төлж байсан бөгөөд үүнийн үндсэн зээлийн үлдэгдэл одоо 7,250,000 төгрөг байгаа. Үүнээс анхан шатны шүүх 3,625,000 төгрөгийг хангасан ба үлдэх нь мөн 3,625,000 төгрөг болж байна. Хэрэгсэхгүй болгосон үлдэх 3,625,000 төгрөгийг хариуцагч нарын төлөх ёстой төлбөр юм.

Иймд анхан шатны шүүхийн үндсэн зээлийн үлдэгдлээс 3,625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасны дагуу А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 22 өдрийн 301/ШШ2026/00004 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 7,250,000 төгрөгийг хангаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав гэжээ. 

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Яригдаж байгаа зээлийн хугацаанд нэхэмжлэгч 12,000,000-13,000,000 орчим төгрөг шилжүүлсэн. Хариуцагч талаас нийтдээ 7,000,000 орчим төгрөг буцаан шилжүүлсэн харагдаж байгаа бөгөөд үүнээс 5,000.000 орчим төгрөг үндсэн хүүд өгч одоо 7,250,000 төгрөг буцааж авахаар дансны хуулгаас харагдаж байгаа. Хариуцагч авсан мөнгөө бага, багаар төлөөд байсан. Анх хүү тохирсон бөгөөд хариуцагч үүнийгээ хүлээн зөвшөөрч төлж байсан. Нэхэмжлэгч өмнө нь хүү нэхэмжилсэн боловч гэрээ байгуулаагүй учраас хангагдаагүй. Иймд одоо үндсэн зээлийн үлдэгдэлийг гаргуулахаар гомдол гаргасан гэв. 

 

7. Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 7,250,000 төгрөг, 1 сарын хүү 290,000 төгрөгийг нийт 21 сараар тооцоод 6,090,000 төгрөг, нийт 13,340,00 төгрөг нэхэмжилж, 2023 оны 4 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн 4%-ийн хүүтэй харилцан тохиролцсон гэдэг байдлаар  тайлбарладаг. Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, ямар нэгэн байдлаар хугацаа тохироогүй, хүү тохироогүй. Тухайн үед нэхэмжлэгч С.Гын данснаас хариуцагч Л.Огийн дансанд мөнгө орж ирсэн үйл явдалтай маргадаггүй. Тухайн мөнгийг иргэд хоорондын, нэг нутгийн хүмүүсийн тухайд таньдаг, мэддэгийн хувьд хэрэгцээтэй үед нь зээлээд буцаагаад өгч байсан гэсэн үйл баримтыг хэлдэг. Тэр ч утгаараа хүүг огт хүлээн зөвшөөрдөггүй. Хариуцагч 9,017,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж шилжүүлсэн байдаг. 2023 оны 07 сарын 11-ны өдөр шилжүүлсэн 90,000 төгрөг, 2023 оны 05 сарын 15-ны өдөр шилжүүлсэн 530,000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч өгсөн нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогддог боловч анхан шатны шүүх энэ мөнгийг хасаагүй.  Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас нэхэмжлэгчид төлөх мөнгөнөөс дээрх тооцоог хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                                                 

ХЯНАВАЛ:

 

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

9. Нэхэмжлэгч С.Г “зээлийн үлдэгдэл 7,250,000 төгрөг, 21 сарын хугацаанд төлөх хүү 6,090,000 төгрөг нийт 13,340,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тэрээр нэхэмжлэл болон тайлбартаа “хариуцагч В.Д, Л.О нар зээлийн мөнгөн дүнгээс зарим зээл, хүүг төлсөн” гэж тайлбарласантай 

хариуцагч Л.О “С.Гоос их хэмжээний мөнгө зээлээгүй...би мөнгөө төлсөн тул С.Г ахад өгөх өргүй” гэж, хариуцагч В.Д “би хүүтэй мөнгө зээлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ хариуцагчийг зээлийн үлдэгдэл мөнгийг нэхэмжилсэн буюу зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэсэн, хариуцагч Л.О “нэхэмжлэгчээс их хэмжээний мөнгө зээлж аваагүй, авсан мөнгөө төлж дуусгасан” гэсэн агуулгаар маргаж зээлээр шилжүүлсэн мөнгөний тоо хэмжээ, түүнийг төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Гэтэл нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Л.О, В.Д нарт хэдэн төгрөг шилжүүлсэн,  хариуцагч нар нэхэмжлэгчээс хэдэн төгрөг шилжүүлэн авсан, хэдэн төгрөг буцааж төлсөн талаарх маргаан бүхий үйл баримтыг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулаагүй буюу нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдэл 7,250,000 төгрөг, хүү 6,090,000 төгрөг нийт 13,340,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэжээ.  

            Анхан шатны шүүхэд дээрх үйл баримтын талаар зохигч мэтгэлцээгүй учир давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч В.Дт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт “Дашбалбарт” холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 117 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна. Тодруулбал:

            Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар тус тус зохицуулсан болно. 

 

12.  Мөн нэхэмжлэгч С.Г нь хариуцагч В.Дыг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан байхад шүүх В.Дт холбогдуулан иргэний хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,715,000 төгрөг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт заасан,  улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэхдээ шүүхээс эрх зүйн маргааны шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг зохицуулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохих зүйл, хэсгийг баримтлаагүй байна.

 

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

 

            14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Гын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,950 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 301/ШШ2026/00004 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,950 /далан хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

 

                                            ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                                  Ч.ЭНХТӨР