Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 211/МА2026/00004

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2026/00004

 

                                        

                             

О.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 301/ШШ2025/00661 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын 2 дугаар баг 8-36 дугаар байр 505  тоотод оршин суух Угалз овгийн Ойдоврэнчингийн Уртнасан /РД:АЮ62030761/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Х сумын Өгөөмөр баг, Хүннү байрны 402 тоотод оршин суух Зээрэмбэ овгийн Лхамхүүгийн Чойжжанцан /РД:АК82022412/-д холбогдох,

26,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч О.Угийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ

Хариуцагч Л.Ч

Хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал

Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 26,180,000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: “Хариуцагч Л.Ч нь 2024 оны 09 сарын 28-ны өдрөөс 2025 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл 28,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлж авсан. Үүнээс 1,820,000 төгрөгийг өгсөн. Удахгүй банкны зээл аваад үлдэгдэл 26,180,000 төгрөгийг өгнө гэсээр өдий хүрлээ. Иймд хариуцагч Л.Чгаас 26,180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Чгаас 26,180,000 төгрөг гаргуулах тухай О.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Хариуцагч Л.Ч бидний хооронд хамгийн анх зээлийн харилцаа 2019 онд үүссэн. Үүний дагуу миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн шийдвэрээр 60 сая төгрөгийг Л.Чгаас гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр 2023.01.30-ны өдрийн 438 дугаар шүүгчийн захирамжаар албажиж холбогдох материал нь А аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжин шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэн ажиллагаа явагдаж 28.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Гэтэл 2024 оны 9 сард хариуцагч Л.Ч нь өөрийн оршин суугаа газрын буюу Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгүүлэх гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өр төлбөртэй учир хуулийн шаардлага хангахгүй болоод байна. Та шийдвэр гүйцэтгэлд өгсөн хүсэлтээ татаад авчих би үлдэгдэл төлбөр дээр таньтай зээлийн гэрээ байгуулаад хугацаандаа яг төлж барагдуулна гээд гуйгаад байхаар /гэрээ байгуулах санал/ нь би зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлд төлбөр дууссан гэсэн бичиг хийж өгч /гэрээг хүлээн авсан мэдэгдэл гэж үзнэ/, хэрэгт авагдсан гэрээг бичгээр байгуулж, бид харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Түүнээс хойш хариуцагч нь тухайн гэрээнд заасан төлбөрөөс 2024.10.31-нд 820.000 төгрөг, 12 сарын 30-нд 1.000.000 төгрөг тус тус өгсөн. Одоо үлдэгдэл 26.120.000 төгрөгийг өгөөгүй. Бид өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ нь “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох” Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцнэ. Гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдал нь талуудын хоорондох зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй, дээрх байдлаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулагдсан учир нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх үүссэн. Хариуцагчийн “...Мөнгийг бодитоор шилжүүлээгүй ...гэх" тайлбар үндэслэлгүй. Гэтэл хариуцагчийн бодит байдалд нийцэхгүй тайлбарыг шүүх хүлээн авч, анхан шатны шүүхээс бидний хооронд үүссэн маргааны зүйлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй, хэт нэг талыг баримтлан иргэн намайг хохирсон дээр нь хохироож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл нь хэргийн оролцогчийн эрх, үүрэг бөгөөд дан ганц нэхэмжлэгчийн эдлэх эрх, хүлээх үүрэг биш. Хариуцагч нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, үнийн дүн, агуулга, гэрээг баталгаажуулсан гарын үсгээ үгүйсгээгүй, нотлох баримтаар няцаагаагүй. Мөн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан А аймаг дахь сумдын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.10-ны өдрийн 389 дугаар шийдвэр болон түүнд хавсаргасан нотлох баримтыг бүрдүүлэхдээ нэхэмжлэгч миний эрхийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 02-ны өдрийн 129/ШШ2025/00661 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарын агуулга: Ер нь бол хэрэгт нотлох баримтуудаар авагдсан байгаа. Манай талаас хууль аргаар цуглуулсан, бүрдэгдсэн нотлох баримт гэж үзээд байгаа ч гэсэн хэрэгт авагдсан байгаа 2022 оны 389 дугаар шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг хэргийн аль оролцогч гэсэн дахин нотлох үүрэг байхгүй. Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэн ч дахин нотлох, тогтоох үүрэг байхгүй. Тэр ч утгаараа нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тухайн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үлдэгдэл төлбөрийг хариуцагчийн буюу төлбөр төлөгчийн хүсэлтийн дагуу, өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу, би орон нутгийн сонгууль нэр дэвших эрх зүйн шаардлага үүсээд, намайг нэр дэвшихэд шүүхийн шийдвэрт өр төлбөртэй гэсэн нөхцөл байдлаас шалтгаалаад нэр дэвшигчээр бүртгүүлэх эрх зүйн үндэслэлгүй болоод байгаа учраас энэ нөхцөл байдлыг та харгалзаж үзээд төлбөрөө авах хүсэлтээсээ татгалзаад өгөөчээ. Үүний хариу төлбөр болгож би тантай 28.000.000 төгрөгийг бэлнээр байгуулсан гэдэг байдлаар харилцан тохиролцож, гэрээнийхээ агуулгыг тодорхойлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримт болон өнөөдрийн талуудын мэтгэлцээнээр тогтоогдож байна гэж үзэж байна. Мэдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагч нь төлбөрөөсөө татгалзсан тохиолдолд энэ асуудлаар дахиж, өөр хэлэх юм бол үлдэгдэл 28.000.000 төгрөг авах асуудлаар дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт үүсэхгүй. Өмнөх 389 дугаартай шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа хаагдсанаар бүрэн биелэгдсэнд тооцогдож байгаа. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн үлдэгдэл, иргэд хоорондын өгөх, авах харилцаа хуулийн 189 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Шинээр байгуулагдсан зээлийн гэрээгээр агуулгаа тодорхойлсон, үнийн дүнгээ тодорхойлсон, хугацаа тодорхойлсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурцгаасан. Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцогдох үүрэг хангагдсан. Энэ нөхцөл байдлуудыг шүүх анхааралдаа авч үзэх байх. Нэгэнт төлбөр төлөгч, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг урдын харилцаанаас олсон итгэлийг урвуулан ашиглаж, энэ хүний эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөрийн эзэмшилд аваад байгаа хууль бус үйлдэл гаргаад байгаа нь харагдаж байгаа. Энэ тусдаа шалгагдах асуудал байх. Тийм учраас шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн маргааны хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ. Ингэж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үндсэн эрх, эрх чөлөө нь зөрчигдөөд байгааг эрхийг сэргээн тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хариуцагчийн татгалзаад байгаа үндэслэл нь Иргэний хуульд заасан үүргийн биелэлтийг хангасан, хууль заасан шаардлагыг хангасан татгалзал биш байна. Тийм учраас шүүх нэхэмжлэгч О.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах байдлаар А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.02-ны өдрийн 661 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг шүүх хуралдааны шатанд эсвэл зайлшгүй ноцтой зөрчил биш гэж үзэж байгаа тохиолдолд шийдвэрийг хүчингүй болохгүйгээр өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэж өгнө үү. Энэ маргаан нь олон шатны шүүхээр явсан байгаа учраас нэгтгэсэн байдлаар эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэсэн санал, тайлбартай байна гэжээ.

Нэхэмжлэгч О.У давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарын агуулга: Бид хоёр 60.000.000 төгрөгийн үлдэгдэл дээр гэрээ хийсэн байсан. 3 шатны шүүхээр яваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж явсан. Тэгтэл дахиад би сонгуульд нэр дэвших гэж байна. Сонгуулийн штаб дээр намайг өр төлбөртэй гээд бүртгэхгүй байна. Та энийг хаагаад өгчих гэсэн, би хаахгүй, чи төлбөрөө дуусгачих гэсэн. Гэтэл манайд ороод ирсэн, хүний нүүр халуун юм билээ. Зовлон жаргалаа яриад, би дахиад сумандаа үргэлжлүүлэн Засаг дарга хийх боломж надад байгаа. Эгчээ би залуу хүн байна та энэ дээр хаасан гэсэн бичиг хийгээд өгчих гэсэн, би хаасан гэсэн бичиг хийж өгөхдөө одоо би юу гэж бичих юм бэ гэхэд, өөрөө надад зааж өгсөн, бэлэн мөнгө зээлсэн гээд 2-уулаа гэрээ хийчихье гэсэн. Чи надад мөнгөө өгөхгүй байгаад би шүүхэд очиж нэхэмжлэл гаргахдаа юу гэж гаргах юм бэ гэхэд, та надад бэлэн мөнгө зээлүүлсэн гэж хэл, би бэлэн мөнгө аваагүй гэж хэлэхгүй гэсэн. Би энэ хэлснээр нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад миний нэхэмжлэл бурууд юм шиг байна лээ. 2024 онд надад 20.000.000 төгрөг, 1.800.000 төгрөг, 1.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 26.180.000 төгрөгийг нэхэмжилсэн, анхан шатны хурал дээр хариуцагч зээлийн гэрээ, үнийн дүн, гарын үсгээ үгүйсгээгүй, нотлох баримтаар няцаагаагүй. Зээлийн гэрээний он, сар биш өдрийг зассан байна гэсэн. Бид 2 гэрээ нь дээрээ сууж байхдаа чамаас би хүү авахгүй гэхдээ 2% гээд биччихье гээд бичсэн. Өнөөдөр чи энэ зээлийг хаасан байхад би чамд мөнгө өгсөн байж таарахгүй гээд өөрчилсөн, өөр өөрчилсөн асуудал байхгүй. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2022.06.10-ны өдрийн 389 шийдвэр, түүнд хавсаргасан нотлох баримтад талууд санал гаргаагүй. Хурал эхлээд би тайлбараа тавьчхаад, хариуцагч Л.Ч тайлбараа тавьж байхад, шүүгч чи наад яриад байгаа зүйлийнхээ нотлох баримтыг өгөхгүй яасан юм бэ гэхэд хариуцагч би мэдээгүй гэхэд ажилтай албатай хүн байж яасан сонин юм бэ нааш ир гээд хурлыг 20 минут завсарлуулж, шүүхийн архиваас эдгээр нотлох баримтыг бүрдүүлсэн тул би шүүгчийг ёс зүйгүй байна гэсэн гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй тул анхан шатны шүүхийн 2025.12.12-ны өдрийн 129 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн 2025.12.02-ны өдрийн 661 дугаартай шийдвэр үндэслэл бүхий гарчээ гэж харж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал өөрсдөө эс зөвшөөрч гомдол  гаргасан байдаг. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргаж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага гээд бүх зүйлээ тодорхойлоод, хариуцагчаа томъёлоод анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргахдаа, нэхэмжлэл хэрэгт авагдсан байна, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой дурдагдсан байна. Би энэ мөнгийг зээлүүлсэн юм. 2024.02.28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 28.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр юм гэдэг агуулгаар үндэслэлээ тодорхойлоод, зээлийн гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлж шаардсан байдаг. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, талуудын гаргаж өгсөн нотлох баримтын үндсэн дээр шүүхийн шийдвэрийг гаргасан байна. Анхан шатны шүүх хурлаар хэлэлцэгдэх үед зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулсан. Энэ зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 26.000.000 төгрөгийг авъя гэж тодорхойлсон. Тэгээд Л.Ч бодит байдлыг үнэнээр нь шүүхэд мэдүүлсэн байгаа. Талууд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Үүний дагуу тайлбараа хийсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр өмнө гарсан 2022.06.10-ны өдрийн 389 дугаартай шийдвэрийн дагуу 60.000.000 төгрөг төлөхөөс, төлөөд, сонгуульд нэр дэвшихэд үлдсэн 28.000.000 төгрөг байсан. Тэгээд би зээлийн гэсэн зүйл дээр гарын үсэг зурсан юм гэдэг тайлбарыг хэлдэг. Ингээд давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлоо гаргахдаа Л.Чы гаргаж байгаа хариу тайлбарыг, үнэн бодит байдал ийм байсан юм. Тухайн үед зээлийн гэрээг хийгээгүй. 60.000.000 төгрөгийн үлдэгдэл байсан. Харин үүнийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээ чөлөөтэй тохиролцоно гэсний дагуу тохиролцоод зээлийн гэрээ болгосон юм гэдэг агуулгаар давж заалдах гомдол явж байгаа гэж ойлгож байна. Тэгээд одоо талуудын хүсэл, зориг чөлөөтэй байх ёстой, зээлийн гэрээ байдлаар тусгагдсан, энэ мөнгийг гаргуулъя гэж байгаа нь хуульд нийцэхгүй гомдол байна. Яагаад нийцэхгүй гэхээр өмнө нь гарсан 2022.06.10-ны өдрийн 389 дугаартай шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа юм байна. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас үлдсэн 28.000.000 төгрөгийн асуудал яригдаж байна. Нэгэнт шийдсэн шүүхийн шийдвэрээр 60.000.000 төгрөгийг Л.Чаас нэхэмжлэгч О.Уд гаргахаар шийдсэн шийдвэр байхад тэрний үлдэгдэл төлбөрийг дахиад шүүхийн шийдвэрээр шийднэ гэсэн ойлголт байхгүй. Хуульд хориглосон нөхцөл байдал байгаа. Энэ тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ийм л зохицуулалттай. Тэгэхээр энэ дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Давж заалдах гомдлыг ийм байдлаар үгүйсгэж байгаа. Мэдээж гэрээ гэдэг нь талуудын хүсэл, сонирхол, чөлөөт байдалд үндэслэж хийж байгаа. Зээлийн гэрээг төлбөр тооцоо, гол агуулга нь ингэж яригдаж байна. 10 жилийн өмнө гэдэг нь зөв байхгүй юу. 2015 оноос авхуулаад 180.000.000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн. Энэ хугацаандаа эргэн төлөгдөх тооцоо нийлээгүй явсан нөхцөл байдал үүссэн юм. Шүүх хуралдаанд ирээгүй, тайлбараа өгөөгүй гээд өөрөө 60.000.000 төгрөгийн шүүхийн шийдвэр гарсан юм гэж Л.Чы тайлбарлаад байгаа нь нэхэмжлэгч үүн дээр өөрөө ч тайлбараа хэлж байна. Энэ байдал харагдаж байна, нотлогдож байна. Ийм байгаа тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр 2022 онд гарсан байна. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон юм нь дээр дахиад шүүх шийдвэр гаргана гэсэн хууль зүйн ойлголт байхгүй. Харин сэргээх эсэх асуудал үр дагаврын дараагийн асуудал. Тэгэхээр энэ нь хуулийн 189 дүгээр зүйлийн 1-т заасанд нийцэж байна гэж шийдэх боломжгүй юм. Харин зээлийн гэрээний асуудал ч юм уу, төлбөр тооцооны асуудал яригдаад, ер нь бол өмнөх харилцаа нь дээр дараагийн харилцаа үүссэн асуудал яригдаад байгаа асуудал харагдаж байгаа. Энэ нь зээлийн гэрээний тооцоо үлдээд, тооцоо нийлээд, үлдэгдэл дээр нь зээлийн гэрээ ч юм уу, хүү тооцоод хийж байгаа энэ хүсэл зоригийн асуудал биш байхгүй юу. Энэ 9 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, шүүхийн шийдвэрийн төлбөрийн үлдэгдлийн асуудал дээр зээлийн гэрээ хийж болох юм уу, үгүй юу. Тэгэхээр нэгэнт үнэн шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй юм байна. Дээрээс нь зээлийн гэрээ бодиттой байгуулагдаагүй. Анхан шатны шүүх шийдвэр гаргах үед хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, талуудын гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүх шийдвэрээ гаргана. Тэр нь үндэслэлтэй юу, үгүй юу гэдэг асуудлыг давж заалдах шатны шүүх хянана гэж ойлгож байгаа. Бодит байдал дээр нэхэмжлэгч зээлийн гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр зээлийн гэрээ байгуулаагүй юм байна гэдэг нь тодорхой болоод явчихлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийн асуудал байна гэдгийг давж заалдах шатны шүүх хуралд талууд өөрсдөө хүлээн зөвшөөрснөөр, давж заалдах гомдол дурдаж орж ирснээс харагдаж байна. Тэгэхээр анхан шатны шүүх зээлийн гэрээг байгуулаагүй юм байна. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль нийцсэн, үнэн зөв, бодитой шийдвэр болжээ гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой юм байна. Бодит нөхцөл байдал дээр зээлийн гэрээний харилцаагаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэх юм бол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн боломж давж заалдах шатны шүүхэд байгаа юм байна гэж харж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Ч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбар, мэдээллүүд бүрдээд, түүнийг үндэслэж шийдвэр гаргасан. Миний хувьд үнэн зөв шийдсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч ярьж байна. 10 хэдэн жилийн өмнөхтэй холбоотой асуудал гэж байна. Тэр нь үнэн. 2019 онд 60.000.000 төгрөг авсан асуудлаар шүүхэд өгсөн байгаа. 2019 онд бид 2-ын хооронд 60.000.000 төгрөг зээлсэн, зээлүүлсэн юм байхгүй. Тийм учраас 60.000.000 төгрөг дээр гарсан шүүхийн шийдвэрийг, баримтуудыг авч ирж танилцуулсан юм. Тэр нь яагаад тэгж байгаа юм бэ гэхээр тухайн үед ямар нэгэн гэрээ байхгүй, ямар нэгэн мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Зүгээр бичгийн цаасны тасархай дээр бичиж өгсөн өргөдлийг шүүх шийдсэн. Би тухайн үед шүүхэд тийм асуудлаар шийдвэр гаргадаггүй байх гэж бодож байсан. Засаг дарга хийж байсан, зав муутай ирж амжаагүй, шүүх хурал хойшлуулах юу өгч байсан. Тэгээд давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаад, дээд шатны шүүх хүсэлтийг хүлээж аваагүй буцаасан байсан. Гэхдээ одоо яваад байгаа асуудлууд тэр асуудлуудтай холбоотой юм. Одоо энэ 28.000.000 төгрөг гээд яваад байгаа нь тэр 60.000.000 төгрөг зээлсэнтэй холбоотой шүүхийн шийдвэр байгаа. Тэр үргэлжлээд яваад байгаа. 2019 онд 60.000.000 төгрөг О.У эгчээс зээлж авсан юм байхгүй. 2015 онд мөнгө зээлсэн баримтуудыг, буцаагаад хийсэн баримтуудыг хавсаргасан байгаа. Тэр асуудлуудыг би бүх шүүх хурлууд дээр хэлж байгаа. Тодорхой хэмжээгээр зээлсэн мөнгөө таныг хохироосон байвал би өгөхөд бэлэн байна. Хэрвээ илүү төлсөн байвал тооцоо нийлж үзээд буцааж авна гэдэг зүйлийг өмнө шүүх хуралд ч хэлж байсан. Өмнө тайлбарууд дээрээ ч бичсэн байгаа. Бүх юм өөрөө үнэн бодитой байх ёстой. Шүүхийн өмнө бид тангараг өргөөд, бодиттой, баримттай үнэн юм ярих ёстой гэж ойлгодог. 2022 онд шүүхэд материал гаргаж өгөхдөө О.У эгч худлаа баримт бүрдүүлж өгсөн гэдгийг би тодорхой хэмжээнд бүх зүйл дээр тайлбарлаж хэлж байгаа. Бид 2-ын хооронд ямар нэгэн хэмжээнд 60.000.000 төгрөгийн асуудал яригдаагүй. Тийм баримтууд байхгүй, гэрээ ч байхгүй, шилжүүлсэн баримт байхгүй. Хэрвээ тэр 60.000.000 төгрөг шилжүүлсэн баримтаа гаргаад өгвөл, би шүүх хуралгүйгээр мөнгийг чинь буцаагаад өгье гэдгийг өөрт ч хэлж байгаа, шүүх дээр ч хэлж байгаа. Тэгээд би анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарсан. Бидний хэлж байгаа тайлбар, баримт нотолгоонд үндэслээд үнэн зөв гарсан гэж ойлгож байгаа гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрялөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч О.У нь Л.Ч холбогдуулан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 26,180,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч Л.Ч нь зээлийн гэрээний дагуу О.Уаас 26,180,000 төгрөгийг бодитоор аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4.  А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Л.Чгаас 60 сая төгрөгийг гаргуулж О.Уд олгох тухай шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 28.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байхад нэхэмжлэгч хариуцагч нар уг төлбөрийг хариуцагч төлж барагдуулсан талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тайлбар, хүсэлт өгч 26,180,000 төгрөгийг Л.Ч нь О.Угаас зээлж авсан талаар тусгасан гэрээг бичгээр байгуулсан байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад энэ үйл баримтыг зохигч хүлээн зөвшөөрсөн энэ талаар маргаагүй, харин 26,180,000 төгрөгийг уг зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид төлж барагдуулах үүрэгтэй эсэх нь зохигчийн маргааны  зүйл болсон байна.

6. Гэрээний дагуу үүссэн үүргийн гүйцэтгэлийг шаардахад уг гэрээ нь хүчин төгөлдөр байх шаардлага тавигдана.

7. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан.

8. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн үлдэгдлийг зээлийн гэрээний үүргээр солих тухай зохигчийн тохиролцоог хуулийн хүрээнд хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүйн дээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдол нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохоор заасан.

10. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу 26,180,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлж барагдуулах үүрэгтэй болох нь урьд нь нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан.

12. Анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй, өөр хуулийг хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй нь үндэслэл бүхий шийдвэр гаргахад нь нөлөөлсөн, анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхгүйгээр давж заалдах шатны шүүх шийдвэрийг зөвтгөн өөрчлөх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

13. Хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй.

 

Ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь дэх хэсэгт зааснаар А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 661 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Угийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ч холбогдох зээлийн гэрээний үүрэг 26,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Угийн нэхэмжлэл, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 288,850  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.