| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0105/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/99 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1925001850123 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Бариахааныг 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 9-ний өдөр шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 28 дугаар гудамжид Д.Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы мэдүүлсэн:2019 оны 3 дугаар сарын 8-9нд шилжих шөнө гэртээ харих замд 2 согтуу хүүхэн шууд хаалга онгойлгоод такси юу гэсэн.Бишээ гэхэд нэг нь уйлж хүргээд өгөөч гээд шууд орж суусан. Шанд багийн 28 тоот хашаа руу орчих гэсэн. Ортол байшингаас Мөнх-Эрдэнэ согтуу гарч ирээд “хэн бэ новш минь” гээд намайг цохиж авсан. Заамдаж буулгасан. Би айсан
тул нэг цохитол газар унасан. Цохисон нь үнэн тул яалтчгүй хэргээ хүлээж байна. Би хамгаалалтаа хэтрүүлсэн гэж үздэг. Тэр өөрөө зодооныг эхлүүлсэн. Гэмтэл учруулснаа хүлээж байна. Хохирлыг төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Хохирогч Д.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтад мэдүүлсэн... Гэтэл хэсэг хугацааны дараа манай найз Сэлэнгэ Хүрэлбаатарынд орж ирээд эхнэр чинь явах гээд байна гэхээр нь би гартал Хүрэлбаатарын хашаанд такситай хамт орж ирсэн байсан. Би тухайн үед бага зэрэг согтуу байсан болохоор таксины жолоочтой маргалдаж бид хоёр заамдалцчихсан байж байтал гэрээс Бат-Эрдэнэ гарч ирээд таксины жолооч бид хоёрыг салгаад намайг гэр рүү ор гэтэл таксины жолооч намайг хөмсөг рүү цохисон.”... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
-Гэрч Ц.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн ...Би удалгүй араас нь гартал Мөнх-Эрдэнэ таксины жолоочтой заамдалцчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би боль гээд салгаад таксины жолоочид хандаж чи эрүүл байж согтуу хүнтэй битгий юм ярь гэж хэлчихээд машинаас нь Энх-Уянгыг буулгаж байтал таксины жолооч залуу Мөнх-Эрдэнийг цохиод унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
-Гэрч Г.Энх-Уянгын мөрдөн байцаалтад өгсөн... Ингээд би нилээд согтуу Сэлэнгэ гэх эгчтэй хамт явж байгаад Хүрэлээгийн хашаанаас гарч яваад такси барьж байснаа санаж байна. Өөр юу болсон талаар санахгүй байгаа юм. Дараа нь Сэлэнгэ эгчээс сонсоход Мөнх-Эрдэнэ согтуу гарч ирээд чамайг явуулахгүй гээд улмаар таксины жолоочтой маргалдсан чинь таксины жолооч Мөнх-Эрдэнийг цохисон гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Гэрч О.Эрдэнэсэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:.. Хүрэлээгийнд орсон чинь Мөнх-Эрдэнэ эхнэр Энх-Уянгыг асуугаад хаана байна гэхээр нь гадаа такси дотор байгаа гэтэл оруулаад ирье гээд гарсан. Ингээд би гутлаа өмсчихөөд гарсан чинь таксины жолооч Мөнх-Эрдэний хөмсөг рүү цохисон бололтой хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Гэтэл таксины жолооч залуу цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
-Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 219 дугаартай ...Д.Мөнх-Эрдэнийн биед баруун хөмсөгний урд булан, цохонд шарх, нүүрэнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэнбайхаар байна. Баруун хөмсөгний урд булан, цохонд шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/
-Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 237 дугаартай... Д.Бы биед гэмтэл тогтоогдсонгүй. Сургуулийн эмчийн үзлэгээр гэмтэл тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 9-ний өдөр шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 28 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан Д.Мөнх-Эрдэнэтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж биед нь баруун хөмсөгний урд булан, цохонд шарх бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг хөнгөн гэмтэлд хамаарна гэж шинжээч дүгнэсэн, шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 9-ний өдөр шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 28 дугаар гудамжид Д.Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хашаанд ороод зогсож байхад нь хохирогч Мөнх-Эрдэнэ гарч ирж маргалдсан, согтуу байсан. Хохирогч Бариахааныг цохиогүй гэдэг. Гэмтэл тогтоогдоогүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. 450,000 төгрөгний торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хохирогч Д.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.
Шүүгдэгч Д.Бы энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 90,000 төгрөгөөр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ