Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 211/МА2026/00006

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                     211/МА2026/00006

 

                                        

                            

“Д ББСБ” ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 301/ШШ2026/00127 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 0 дүгээр хороо, Ж 0 давхарт үйл ажиллагаа явуулдаг ДХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Ж сум, 0 дугаар баг, Б тоотод оршин суух Б.Н /РД:000000000000/-т холбогдох

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 6.836.606.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д /цахимаар/

Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ДХХК-ны нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга ... Зээлдэгч Б.Н нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр ЗГ2221318Х дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 2.849.900 төгрөгийг жилийн 39.60%  хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр хийж байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч Б.Н нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2022 оны 05 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 15-ны өдөр дууссан. Зээлдэгч Б.Н нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.6 дахь заалтад “... нэмэгдүүлсэн хүү 20% байна ... гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 7.172.606.72 төгрөг болж, энэхүү мөнгөн дүнгээс хариуцагч нь 348.000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөр 6.824.606.72 төгрөг, энэхүү дүн дээр зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол зардал буюу нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 6.836.606.72 төгрөгийг Б.Нээс гаргуулж өгнө үү  ... гэжээ.

   2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Нээс үндсэн зээл 2,703,962.96 төгрөг, үндсэн зээлийн хүү 266,957.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,391.52 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 3,036,312.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,800,294.88 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нээс 63,531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ДХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 3. Давж заалдах гомдлын агуулга:

           3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Догийн давж заалдах гомдлын агуулга ... Тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 301/ШШ2025/00127 дугаартай шүүхийн шийдвэф нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан “... Шийдвэр хууль есны бөгөөд үндэслэл бүхий байх ... хуулийн шаардлагыг хангаагүй байх тул гомдлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Нэхэмжлэгч “ББСБ” ХХК нь Зээлийн үйл ажиллагаа чиглэл, мөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон 2017 оны 03 сарын 10-ны өдрийн ТЗ101/610 дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий этгээд билээ. Энэ нь хэрэгт авагдан баримтаар нотлогддог. Талууд 2020 оны 04 сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Хариуцагч Б.Н нь Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралт № 1-т заасан графикийн дагуу төлөлт хийх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Иргэний хуулийн 224.2, 224.2.3-т заасан заалтад хамааралтай гэж үзэж, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл энэхүү заалт нь алданги тооцох зохицуулалттай харилцаа буюу Ажил гүйцэтгэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ гэх мэт харилцаанд хамаарч зохицуулагдцаг. Мөн энэ үндэслэлээр ИХ 224.2.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү хассан нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 452.2-т зааснаар “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй ... билээ. Энэхүү заалт нь Зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй бөгөөд манай компанийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаанд багтаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Зээл олгосон цаг үеэс манай ББСБ ХХК-н тусгай активын газраас хариуцагч Б.Нээс удаа дараа утсан хэлбэрээр шаардсаны үндсэн дээр 348.000 төгрөгийг авсан ба хариуцагч нь амьдарлын ээдрээ төвөгтэй асуудал бүрт манай компанийн зүгээс хариуцагчид боломжит хугацаа олгосоор ирсэн. Иргэний хуулийн 452.2-т“...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...гэж зааснаар талууд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохирсон..., гэж Иргэний хуулийн 453.1-т “....Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй..., гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1 -т “...Иргэний хуулийн 451.1 -д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ..., гэж Мөн хуулийн 20.3 дахь заалтад”... Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй..., гэж Мөн хуулийн 21.2-т “...Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү ТӨЛНӨ....ГЭЖ тус тус хуулиар тогтоож өгсөн.

Дээрх хуулиар тогтоож өгсөн зохицуулалтын хүрээнд манай компанийн нэхэмжилсэн дүнгээс хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал зэрэг нийт 3,800,294,88 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 301/1111442025/00127 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдлаар шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа ... Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас гэрээний үлдэгдэл нийт 6.836.606.72 мөнгийг гаргуулах шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3.829.488 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэл, мөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон 2017.03.10-ны өдрийн 610 дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн талуудын хооронд 2022.04.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Зээл олгосон цаг хугацаанд “Д” ББСБ нь үйл ажиллагааны чиглэл болон тусгай зөвшөөрөлтэй байсан. Тэгэхээр манай компани зүгээс хүү болон нэмэгдүүлсэн хүү авах хууль зүйн эрхтэй этгээд байгаа. Мөн төлбөр тооцоо, Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээнд зааснаар зээлийг бүрэн төлөөгүй бол зээлийг төлөх хугацаанд зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгч зээлийг эгүүлэн төлөх хүртэлх хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүүг авах эрхтэй хуулийн этгээд байгаа. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 127 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учраас өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 

ХЯНАВАЛ:    

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 6. Нэхэмжлэгч ДХХК-н зээлдэгч Б.Н нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.6 дахь заалтад нэмэгдүүлсэн хүү 20% байна гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 7.172.606.72 төгрөг болж, энэхүү мөнгөн дүнгээс хариуцагч нь 348.000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөр 6.824.606.72 төгрөг, энэхүү дүн дээр зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол зардал буюу нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 6.836.606.72 төгрөгийг Б.Нээс гаргуулж өгнө үү  гэсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар тус тус гаргажээ.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2 дугаар зүйлд ... энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754..4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ ...гэж хуульчилсан.

 Анхан шатны шүүх 2026 оны 01 сарын 13-ны өдөр 00000000000 гэсэн хаягт нөлөөллийн мэдүүлэг, эрх, үүрэг танилцуулсан баримт, нэхэмжлэлийн хувь зэргийг илгээсэн боловч хариуцагч Б.Н хүлээн авсан нь тодорхойгүй, уг хаяг нь хариуцагчийн хаяг мөн эсэх нь эргэлзээтэй байхад шүүх хуралдааныг товлосон нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийг дээрх баримтуудыг хүлээн авсанд тооцох боломжгүй.

 8.  ДХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Нт холбогдох хэргийн шүүх хуралдааныг анхан шатны шүүх 2026 оны 02 сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутад явуулахаар товлосон шүүгчийн захирамж гарч, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүргийг шүүгчийн туслахад даалгасан байна.

Гэтэл хариуцагч Б.Нт шүүх хуралдаан хэзээ, хаана, хэдэн цаг, минутад болох талаарх товыг огт мэдэгдээгүй, хүргүүлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хариуцагчийн эрхийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах гэсэн хуулийн шаардлагуудыг тус тус зөрчжээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3-т ... шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна ... гэж заасан.

 Анхан шатны шүүх хариуцагч Б.Нт шүүхийн шийдвэрийг гардуулсан эсэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр гардуулсан баримтанд цахимаар гэж бичсэн боловч ямар хаягаар гардуулсан талаар тэмдэглэл үйлдээгүй нь анхан шатны шүүх хариуцагчид шүүхийн шийдвэр гардуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй.

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 75.775 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад буцаан олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 301/ШШ2026/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75.775 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА