Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1174

 

 

“Гео-Инфо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/03944 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гео-Инфо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “МТ Майнинг” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 233 430 413 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

 

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Гео-инфо” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гео-Инфо” ХХК нь “МТ майнинг” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 01/03 тоот болон 02/04 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, мөн өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11044Х дугаартай Билх Овоо нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд болон мөн сумын нутагт орших 11043Х дугаартай Урт нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд тус тус геологи-геофизик, геологи-өрөмдлөг, нөөц бодолт, тайлан хамгаалалт гэсэн ажлыг 3 үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06 болон 06/07 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр мөн өдрөөс эхлэн 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд орших 10711X дугаартай “Байшинт-1” нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, хил залгаа буюу ойролцоо байгаа талбайд тандалт, ажиглалт хийх, Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт орших 11552Х дугаартай Хошуу худаг нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, шаардлагатай гэж үзвэл газрын соронзон зураглал хийхээр харилцан тохиролцож, гэрээний дагуу нийт 25 236.7 гектор талбайд геологийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн. ШУТИС –ийн доктор, профессор Г.Ухнааг 2011-2012 оны хээрийн судалгааны ажилд зөвлөхөөр хөлслөн авч 7-10 хоног тутам хээрийн ажлыг биечлэн шалгаж, зөвөлгөө өгч ажиллаж, тухай бүрт “МТ Майнинг” ХХК-д ажлын үр дүнгээр нь англи хэл дээр тайлан бичиж хүлээлгэн өгч, мөн 2012 оны жилийн эцэст ажлын тайланг Ашигт малтмалын газарт хүргүүлэн Геологи, Санхүү, Мэргэжлийн хяналтын албадуудаар тус тус хянуулан батлуулсан.

Энэ хугацаанд “МТ Майнинг” ХХК-иас ямар нэг санал гомдол ирээгүй.

 01/03 тоот гэрээгээр 188 545 500 төгрөгийн ажлын хөлснөөс захиалагч нь 178 288 900 төгрөг төлсөн. Харин манай тайлангаар хийсэн ажил нь 353 093 195 төгрөг бөгөөд НӨАТ-10 хувиар тооцож 388 402 510 төгрөг болох тул төлсөн төлбөрийг хасаж үлдэгдэл нь 200 275 215 төгрөг болно.

02/04 тоот гэрээний 24 596 000 төгрөгөөс 9 838 400 төгрөг авсан. Тайлангаар НӨАТ ороод 30 707 567 төгрөг болох ба төлөөгүй үлдэгдэл нь 20 869 167 төгрөг болно.

  05/06 болон 06/07 тоот гэрээгээр тус бүр ажлын хөлс 3 500 000 төгрөг төлөөгүй тухай хариуцагч тал маргаагүй тул эдгээр нийт 7 000 000 төгрөг болно. Тохиролцсон гэдэг нь тайлангаар тодорхойлогдоно. Ажлын гүйцэтгэлээр тайланг хийж өгсөн. Үүнээс хөлс тооцохоор хэлэлцэн тохирсон. Манайх 01/03 тоот гэрээгээр 913 782 532 төгрөгийн ажлыг, 02/04 тоот гэрээнд 28 734 040 төгрөгийн ажил тайлагнасан. Ажлын хөлс нийт 431 396 113 төгрөг төлөхөөс 197 965 700 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 233 430 413 төгрөг төлөгдөөгүй, 2014 оны 06 дугаар сарын 06, 2015 оны 6 дугаар сарын 30, мөн оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд “МТ Майнинг” ХХК-ийн захирал Г.Дашням, “Магнай Трэйд” группийн захирал Р.Ганзориг нарт хүсэлт тавьсан боловч шийдвэрлээгүй байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу алданги 116 715 206 төгрөгийг нэмж тооцоход нийт 350 145 619 төгрөгийг нэхэмжлэх ёстой боловч хариуцагчаас алдангийг хасвал төлбөрийг төлнө гэсэн тул түүний саналаар алданги 116 715 206 төгрөгийг хасаж, хариуцагчаас нийт 233 430 413 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МТ Майнинг” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Манайх “Гео-Инфо” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 01/03 тоот гэрээгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11044Х дугаартай Билх гэх газарт ашигт малтмалын хайгуулын талбайд Геологийн хайгуулын ажлын геологи-геофизик, геологи өрөмдлөг, нөөц бодолт тайлан хамгаалах гэсэн ажлыг хийлгэх зорилгоор гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээний үнийн дүн нь нийт 188 545 500 төгрөг.  Мөн энэ өдөр Урт нэртэй хайгуулын талбайд дээрх ажлыг хийлгэхээр 24 596 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан.

Дээрх ажлын чанар гүйцэтгэл муу хийсэн ч бид гэрээгээр тохирсон санхүүжилтийг бүрэн өгч ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгосон.  01/03 тоот ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 188 545 500 төгрөгийг 3 үе шаттай хийхээр тохиролцсон. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Билх овоо ашигт малтмалын хайгуулын талбайд геологийн хайгуулын ажлын геологи геофизик, өрөмдлөг, нөөц бодолт, тайлан хамгаалалт зэрэг ажлыг хийхээс гүйцэтгэгч нь тодорхой хэмжээгээр хийж гүйцэтгэсэн боловч олон улсын стандартад хүрээгүй. Хэрэв ажил хийх явцад нэмэлт зардал болон нэмж ажил хийсэн тохиолдолд гэрээний 1.1-д зааснаар талууд хоорондоо гэрээг байгуулж, урьдчилан тохиролцох ёстой юм.

Уг гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн гэдгийг нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн ба энэ тухайд маргаагүй болно.

2 дахь гэрээ буюу 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/04 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсийг 24 596 000 төгрөгөөр тохиролцсон. Үүнээс 9 836 400 төгрөг төлсөн. Уг гэрээний 1.1-т ажлын хөлсний хэмжээ нэмэгдэхэд гэрээ байгуулахаар зохицуулсан.

3 дахь гэрээ буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06 тоот Захиалгат ажил гүйцэтгэх гэрээгээр “Байшин-1” нэртэй ашигт малтмалын талбайд геологийн хайгуулын ажлын жилийн эцсийн тайлан бичих, хил залгаа болон ойролцоох талбайд тандалт, ажиглалт хийлгэх, уг ажлыг 3 500 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирсон. Үүнийг манайх төлөөгүй нь үнэн.

4 дэх гэрээ буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-нйи өдрийн 06/07 тоот гэрээгээр Хошуу худаг нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны ажлын тайлан бичих, шаардлагатай бол соронзон зураглал хийлгэхээр тохирч, ажлын хөлсийг 3 500 000 төгрөгөөр тохирсон боловч төлөөгүй.

Манайх нийт 21 759 600 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МТ майнинг” ХХК-иас нийт 33 263 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Гео-инфо” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 200 166 713 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 325 102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МТ майнинг” ХХК-иас 324 269 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Гео-инфо” ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манайх “Гео-Инфо” ХХК-тай Билх овоо нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд геологийн хайгуулын ажлын геологи-геофизик, геолог өрөмдлөг, нөөц бодолт, тайлан хамгаалалт гэсэн ажлыг хийлгэхээр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний үнэ нийт 188 545 500 төгрөг. Мөн Урт нэртэй хайгуулын талбайд дээрх ажлыг хийлгэхээр 24 596 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан. Дээрх ажлын чанар гүйцэтгэл муу байсан ч гэрээгээр тохиролцсон санхүүжилтээс 22 175 800 төгрөгийг дутуу төлсөн гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн хуралдааны үед алданги нэхэмжлэхээс татгалзсан байхад шүүх 11 087 900 төгрөгийг алданги гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 01/03 тоот ажил гүйцэтгэх гэрээний тухайд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Гео-Инфо” ХХК-ийн тайлангаар дээрх 211 125 613 төгрөгийн ажлыг гэрээнд заасан үнийн дүнгээс илүү хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 01/03 тоот гэрээний 1.1-т “Гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11044Х дугаартай “Билх овоо” нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд геологийн хайгуулын ажлыг 3 үе шаттайгаар хийж гүйцэтгэх бөгөөд гүйцэтгэх ажлын хэмжээ, өртгөөс хамаарч тухай бүрт нь гэрээ байгуулж ажиллана” гэж заасныг ажлын хэмжээ нэмэгдэхэд гэрээ байгуулж ажиллана гэж заасан мэтээр тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Уг гэрээний 1.2-т “Энэхүү гэрээгээр нэгдүгээр үе шатны геологи-геофизикийн ажлыг зохицуулна” гэж заасны дагуу 2, 3 дугаар үе шатнуудын ажлын хэмжээ, өртөг мэдээжээр өөр байх учраас тухай бүр гэрээ байгуулахаар тохиролцсон юм. Дээрх гэрээний хавсралтаар зөвхөн төлөвлөгөөг урьдчилан баталсан бөгөөд гэрээний 3.3-т “гэрээний төлбөрийн эцсийн дүнг гүйцэтгэлээр хоёр тал дүгнэнэ” гэж заасан. Гэрээний дагуу ажлаа гүйцэтгэх явцад ажлын хэмжээ өөрчлөгдөж зардлын хэмжээ нэмэгдэж байсан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй болно. Хэрэв тухайн үед зардал нэмэгдэж байгааг зөвшөөрөхгүй бол ажлаа зогсоох, гэрээг цуцлах байсан. “МТ Майнинг” ХХК хүлээн зөвшөөрсөн учраас гэрээний дагуу төлөвлөсөн ажлыг гүйцэтгэж дуусгаад гэрээний дагуу хайгуулын ажлын тайланг бичиж, уг тайланд ажлын хэмжээ, зардлыг гүйцэтгэсэн байдлаар тайлагнаж “МТ Майнинг” ХХК-д хүлээлгэн өгсөн. Уг тайланг хүлээн зөвшөөрч захирал Г.Дашням гарын үсэг зурсан. Хариуцагч нь шүүх хуралдаанд өөрийн тайлан гэдгийг зөвшөөрсөн бөгөөд нийт 913 782 532 төгрөгийн зардал тайлагнасан, гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон зардал дээр маргаагүй зөвшөөрсөн байхад шүүх буруу ойлгож нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн.

Шүүх “зохигчдын хооронд байгуулсан 4 гэрээний нийлбэр дүнгээр нийт 220 м 141 500 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч гүйцэтгэх ёстой байх ба гэрээнд зааснаар нэмэлтээр 431 396 113 төгрөгийн буюу 211 125 613 төгрөгийн ажил илүү хийсэн гэсэн нэхэмжлэгчийн шаардлага нотлогдохгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин ч “Билх овоо” талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлангийн 130 дугаар талд гүйцэтгэсэн хайгуулын ажлын төлөвлөгөөний биелэлтээр ажлын хэмжээ өөрчлөгдсөн, зардал өгсөн гэдэг нь батлагдана. Энэхүү төлөвлөгөөний биелэлтээр манай “Гео-Инфо” ХХК нь бэлтгэл ажил 6 000 000 төгрөг, эрлийн маршрут 4 620 000 төгрөг, өрмийн геологийн ажил 166 546 800 төгрөг, аншлиф, шлиф бэлдэх 20 011 төгрөг, петрографи болон минерграфийн бичиглэл 10 011 төгрөг, суурин боловсруулалтын ажлын гүйцэтгэл 175 896 373 төгрөг зэрэг төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 353 093 195 төгрөгийн зардал гарсан. НӨАТ-ын 35 309 320 төгрөг нэмэгдэж 388 402 515 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс хариуцагч “МТ Майнинг” ХХК нь 188 127 300 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 200 275 215 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл шүүх 4 гэрээний нийлбэр дүнгээр нотлох баримтыг дутуу үнэлж үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Гео-инфо” ХХК нь хариуцагч “МТ майнинг” ХХК-тай 2012 онд 01/03,02/04, 05/06, 06/07 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулж, геологи-геофизик, геологи-өрөмдлөг, нөөц бодолт, тайлан хамгаалалт, тайлан бичих, тандалт ажиглалт хийх, газрын соронзон зураглал хийх гэх мэт нэр төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэн үр дүнг хүлээлгэж өгсөн. Гагцхүү ажил гүйцэтгэх явцад ажлын хэмжээ, төсөв нэмэгдсэн тул гэрээнд бичсэн үнийн дүнгээс илүү хийсэн ажлын хөлс 233 430 413 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн Ашигт малтмалын газарт тушаасан ажлын тайланд үндэслэсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…01/03 тоот гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 188 545 500 төгрөг байснаас хөлсийг бүрэн төлсөн, Урт нэртэй хайгуулын талбайд хийх ажлын гэрээгээр тохиролцсон хөлс 24 596 000 төгрөг бөгөөд үүнээс 9 836 400 төгрөгийг төлсөн, 05/06 тоот гэрээний ажлын хөлс 3 500 000 төгрөг, 06/07 тоот гэрээний ажлын хөлс 3 500 000 төгрөг бөгөөд дээрх гэрээнүүдийн дагуу 7 000 000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Төсвийн хэмжээ нэмэгдсэн бол захиалагчид нэн даруй мэдэгдэж  тухай бүрийд гэрээ байгуулах ёстой байсан. Манай Ашигт малтмалын газарт тушаасан тайланд тусгагдсан ажлууд нь дан ганц нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил биш” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор иш татсан ажлын тайлан гэх бичмэл баримтад тайлагнасан 913 782 532 төгрөгийн ажлыг “МТ майнинг” ХХК, “Гео-инфо” ХХК, “МТ дриллинг” ХХК, Хийн цохилтот ба эргэлтэт өрөмдлөгийн баг, Археологийн баг, Палентологийн баг зэрэг олон этгээд оролцож гүйцэтгэсэн байх бөгөөд уг үйл баримтыг зохигчид үгүйсгэж маргаагүй. Уг тайланд тусгагдсан ажлуудаас хэний гүйцэтгэсэн ажил хэдэн төгрөг болсон талаар зааглан ялгасан баримтгүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах ёстой бөгөөд талуудын мэтгэлцээн өрнөөгүй, тодорхой бус, эргэлзээтэй баримтыг давж заалдах шатны шүүхээс дүгнэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.Тодруулвал анхан шатны шүүхээс дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй юм.

 

Мөн хэргийн 66 дугаар талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тооцоо нийлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаж 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ 2016/07506 дугаар шүүгчийн захирамж гарчээ. Уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/03944 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Гео-инфо” ХХК-ийн төлсөн 1 158 784 төгрөг, хариуцагч “МТ Майнинг” ХХК-ийн 192 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                   ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД