Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 110/2019/0051/з |
Дугаар | 221/МА2020/0331 |
Огноо | 2020-05-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2020/0331
Г.С-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.С-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комиссын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Г.С-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох”-ыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох “2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, энэ хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл хариуцагч болох З.А-ыг гэрчээр асууж хуулийг зөрчсөн. З.Айсымбат нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөрийн магадлах комиссын нарийн бичгийн ажилтай бөгөөд комиссын гишүүн мөн. З.А болон бусад комиссын гишүүдийг томилсон Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын тушаалын хуулбарыг хэрэгт гаргаж өгсөн байхад хариуцагчид Эрүүгийн хуулийг сануулсаар байгаад гэрчийн мэдүүлэг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг даалгаж шийдвэрлэхдээ зөвхөн нэг талыг баримтлан хариуцагч талын нотлох баримт шалгуулах хүсэлтүүдийг хангахгүйгээр, мөн хэрэгт гаргаж өгсөн үгүйсгэх талын нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхгүйгээр буруу шийдвэр гаргасан юм. “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцоогүй, комиссын болон эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, эмнэлгийн хяналтад ороогүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгахаас татгалзах, цуцлах шийдвэр гаргах” гэсний дагуу нэг ч удаа эмнэлгийн болон эмчийн хяналтад ороогүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн ороод ирсэн Г.С-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох боломжгүй байсан тул холбогдох шинжилгээг хийсний эцэст хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох боломжтой гэдгийг хэлж буцаасан. Гэтэл Г.С нь өөрийнхөө оношоо тодруулах шинжилгээ хийлгэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын чиг үүргийг албадан гүйцэтгүүлэхээр санаархаж байгаад гомдолтой байна. Мөн шүүх даалгасан шийдвэр гаргахдаа тодорхойгүй, эргэлзээтэй, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан. Г.С-ыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохыг даалгасан байна. Уг шийдвэрт ямар хугацаагаар, хэдэн хувиар тогтоохыг зааж өгөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохыг үүрэг болгон даалгаж шийдвэрлэснийг биелүүлэх боломжгүйд хүрч байна. Магадлах комисс нь өнгөрсөн хугацаагаар хэн нэгний хөдөлмөр чадвар алдалтыг тогтоох боломжгүй. Шүүх нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын эрх хэмжээнд халдаж хууль бус шийдвэр гаргалаа. Г.С нь өөрөө “би эмчийн хяналтад байгаагүй, УБ хотод байсан, Өлгий суманд хаяа ирдэг гэх мэдүүлэг”, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.С-ы тодорхойлолтоор Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлд бүртгүүлж, амбулаториор эмчлүүлж байгаагүй талаарх лавлагаа, шүүхээс хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа юм. Гэрчийн мэдүүлэг хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байх ёстой атлаа шүүх гэрч Д.А-ийн ямар ч үндэслэлгүй мэдүүлгээр нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Д.А-ийн шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэх асуудлаар аймгийн прокурорын газарт гомдол гарган шалгуулж байгаа юм. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.С-ы албан бичгээр Г.С нь сүүлийн 2 жилийн хугацаанд чихрийн шижин өвчнөөр эмнэлэгт хандаж байгаагүй, хэвтэн эмчлүүлээгүй, эмчийн хяналтад ороогүй болох нь тогтоогдсон. Мөн эмнэлгийн цахим бүртгэл, өвчний түүх нээлгээгүй зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа юм. Д.А эмч бол сүүлийн 15 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж байсан мөртлөө Улаанбаатар хотод байдаг Г.Сыг байнгын хяналтандаа авдаг байсан гэж худал мэдүүлснээс болж манай байгууллага хохирч байна. Г.С ч гэсэн шүүхэд гаргасан мэдүүлэгтээ Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлд бүртгүүлж, амбулаториор эмчлүүлж байгаагүй гэж тайлбарлаж, мэдүүлэг өгч байсан. Үүнээс гадна эмч Д.А нь Г.С-ыг хяналтандаа авсан талаар хяналтын картаа гаргаж өгч чадаагүй. Хэрэв хяналтанд байсан бол Эрүүл мэндийн сайдын 2014 оны 450 дугаартай тушаалын дагуу эмнэлгийн анхан шатны маягт хөтөлсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл анхан шатны баримт бичиг хөтлөхгүйгээр хэн нэгнийг эмч хяналтанд авна гэсэн ойлголт байхгүй юм. ...Г.С нь удаа дараа согтуугаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирж, агсам тавьж, дайсан гэж дуудан та нар харж байгаарай надад шүүхэд танил тал их бий, би та нараар бүх хугацааны тэтгэврийг төлүүлнэ гэж дарамталдаг байсан. Г.С-ын маргаж буй оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгохоор хандаж байгаа хүн гурван цагаан хорын нэг болох архийг уухгүй байх байсан. Гэтэл Г.С нь архидан агсам тавьж, шүүхийн журмаар хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгохоор шийдвэр гаргуулж байгаад маш их гомдолтой байна. Хэрэв Г.С нь үнэхээр өвчтэй байсан бол архи уухгүй байх байсан. Мөн шүүхэд хандах шаардлага байхгүй. Зүгээр л журмаараа холбогдох шинжилгээгээ хийлгэсний эцэст хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгон авах байсан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.С нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисст холбогдуулан “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.С нь анх 2006 оноос чихрийн шижин, төрөл II /сахарный диабет типа II/ гэж оношлогдон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2007, 2008 онуудад 60 хувь, 2010, 2011, 2012 онуудад 70 хувиар тогтоолгож байсан байх ба 2012 оноос 2016 оныг хүртэл өөрийн хүсэлтээр цуцлуулж, дахин 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоолгохоор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд ороход түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох шаардлагагүй гэх үндэслэлээр татгалзсан, улмаар нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссд хандсанаар тус комиссын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаар албан бичгээр иргэн Г.С-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох үндэслэл болон чихрийн шижингийн хүндрэл байгаа эсэх талаар Эрүүл мэндийн яамны Дотрын өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу зөвлөлийн гишүүн Анагаах ухааны доктор, профессор Т.А, Анагаах ухааны доктор, дэд профессор А.Т, Анагаах ухааны доктор Н.А нар нь “Ds: Чихрийн шижин, хэв шинж II. Диабетийн нефропати, Артерийн даралт ихсэх өвчин II, эрсдэл өндөр. Диабетийн нефропати оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг зохих журмын дагуу тогтоох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт ирүүлсэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 61 дүгээр албан бичгээр “...Г.С-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг дахин магадлан шийдвэрлэх нь зүйтэй” гэж хариуцагчид мэдэгдсэн, нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр орон нутгийн комиссын хуралд ороход “зүрхний титэм судасны нарийсал илрүүлэх зорилгоор зүрхний ачаалалтай бичлэг, титэм судасны дотуурх оношилгоо /ангиография/ хийлгэх шаардлагатай” гэх үндэслэлээр хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос дахин татгалзсан үйл баримтууд тогтоогдож байна.
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-г баталсан байх ба уг жагсаалтын 3.39 “Чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлтэй” а/ Жижиг судасны хүндрэлтэй /ретинопати, нефропати, невропатийн аль нэг шинж илэрсэн бол/ өвчний онош тогтоогдсон тохиолдолд хөдөлмөр чадвар алдалтыг 50-69 хувиар, хяналтын хугацааг 1 жилээр тогтоохоор заасан байх бөгөөд нэхэмжлэгч Г.С дээрх өвчний оноштой нь тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Түүнчлэн, Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1.7-д “Төв комисс нь энэ дүрмийн 1.1-д заасан зорилгын хүрээнд эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн болон салбар комиссыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ...үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 5.1.2-т “эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой маргааныг Төв комиссын хурлаар шийдвэрлэхдээ шинжээч эмч болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэх” гэж заасан чиг үүргээ Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос хэрэгжүүлж иргэн Г.С-аас гаргасан гомдлын үндсэн дээр Дотрын өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтийг үндэслээд иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг дахин магадлан шийдвэрлэхийг удаа дараа мэдэгдсээр атал дахин татгалзаж байгаа нь дүрмийн 6.1.5-д заасан “Төв комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай биелүүлэх” гэснийг хариуцагч орон нутгийн комисс зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.С нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос зохих ажиллагаа хийн, маргааныг шийдвэрлэж иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг дахин хянах үүрэг өгсөөр байхад 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “зүрхний титэм судасны нарийсал илрүүлэх зорилгоор зүрхний ачаалалтай бичлэг, титэм судасны дотуурх оношилгоо /ангиография/ хийлгэх шаардлагатай” гэх үндэслэлээр дахин татгалзаж байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ тохиолдолд “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 6.1.10-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцоогүй, комиссын болон эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, эмнэлгийн хяналтад ороогүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгахаас татгалзах, цуцлах шийдвэр гаргах” гэж заасныг хэрэглэх боломжгүй гэж үзнэ.
Иймд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Г.С-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох боломжгүй байсан тул холбогдох шинжилгээг хийсний эцэст хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох боломжтой гэдгийг хэлж буцаасан, өөрийнхөө оношоо тодруулах шинжилгээ хийлгэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын чиг үүргийг албадан гүйцэтгүүлэхээр санаархаж байна” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин шүүх захиргааны байгууллагын татгалзсан шийдвэртэй маргаж байхад нэхэмжлэлийн шаардлагыг эс үйлдэхүйтэй холбоотойгоор тодорхойлсон, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг нөхөн тогтоохыг даалгасан нь буруу болжээ.
Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д зааснаар хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу /хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн/ алдсан/ болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа гэж ойлгох бөгөөд ийнхүү тогтоосноор нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсгэдэг, хяналтын хугацаагаар тогтоогддог, цаашид сунгах шийдвэр гаргах захиргааны үйл ажиллагаа нь тусдаа байх тул 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг нөхөн тогтоох боломжгүй, мөн ийнхүү нөхөн тогтоосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх болон шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүрэхээр байна.
Иймд шүүхийн шийдвэрт хугацаа заасан хэсгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба энэ талаар гаргасан “магадлах комисс нь өнгөрсөн хугацаагаар хэн нэгний хөдөлмөр чадвар алдалтыг тогтоох боломжгүй” гэх гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гараагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй болохыг, мөн хариуцагч нь ердийн өвчний жагсаалтын 3.39 “Чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлтэй” а/ Жижиг судасны хүндрэлтэй /ретинопати, нефропати, невропатийн аль нэг шинж илэрсэн бол/ гэх өвчний оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн өвчинд хамаарах хувь хэмжээ /50-69%/, хугацааны /1жил/ дотор хэрхэн тогтоох нь тухайн байгууллагын эрх хэмжээнд хамааралтайг тус тус дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комиссын Г.С-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоон, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ердийн өвчний жагсаалтын 3.39/а/-д заасан өвчний оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг зохих журмаар тогтоохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.Баатархүү
ШҮҮГЧ О.НОМУУЛИН