Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 32

 

 

 

Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа  нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2017/0016/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,

Ялтны өмгөөлөгч: Д.Баттөмөр нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Д.Баттөмөрийн давж заалдах гомдлоор ялтан Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нарт холбогдох эрүүгийн 201623000317 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Бор-Өндөр сумын 2 дугаар баг  45-р байрны 112 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй гэх Боржигин овогт Доржготовын Энх-Эрдэнэ /РД:СЩ83021511/,

2. Монгол улсын иргэн, Сүхбаатар аймагт 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 47-р байрны 44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй гэх Хэрээт овогт Балдан-Осорын Шинэцогт /РД:ЛЮ62051275/,

3. Монгол улсын иргэн, Дорнод аймагт 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Холбоогийн 7-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй гэх Ашавгад овогт Загдхорлоогийн Цэнгэлмаа /РД:ЖВ67040408/

Д.Энх-Эрдэнэ нь Б.Шинэцогттой бүлэглэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр З.Цэнгэлмаагийн захиргааны журмаар хураалгасан 108 кг байгалийн өнгөт чулууг Монгол улсын Засгийн газрын 131 тоот тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ын 2.5-2.7, 4.1-4.2 дугаар заалтуудыг тус тус зөрчин сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн шийдвэргүйгээр устгах чиглэл өгч, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хураагдсан чулуунуудыг устгалгүйгээр буцаан өгөх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр Ч.Хасбаатараар дамжуулан З.Цэнгэлмаагаас 3.900.000 төгрөгийн хээл хахууль авсан,

Б.Шинэцогт нь Д.Энх-Эрдэнэтэй бүлэглэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр З.Цэнгэлмаагийн захиргааны журмаар хураалгасан 108 кг байгалийн өнгөт чулууг Монгол улсын Засгийн газрын 131 тоот тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ын 2.5-2.7, 4.1-4.2 дугаар заалтуудыг тус тус зөрчин сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн шийдвэргүйгээр устгахаар 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын 95 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гаргаж, өөрөө эд зүйл устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байхгүй мөртлөө устгалын ажилд биечлэн оролцож, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хураагдсан чулуунуудыг устгалгүйгээр буцаан өгөх ажлыг гардан үйлдсэн буюу Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл болон Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлын байрны болон тодорхойлолтонд заагаагүй, өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж, өөрийн хувийн автомашиндаа 100.000 төгрөгийн шатахуун хийлгэж, хээл хахууль авсан,

З.Цэнгэлмаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллага түүнээс захиргааны журмаар хураан авсан 108 кг байгалийн өнгөт чулууг буцаан авах зорилгоор бусдаар зуучлуулан Д.Энх-Эрдэнэд 3.900.000 төгрөгийг бэлнээр, Б.Шинэцогтод 100.000 төгрөгийн шатахуун хийж өгч, хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,  З.Цэнгэлмаагийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 269  дүгээр зүйлийн 269.1-д зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-нй өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор: Шинэцогт нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан, хахууль өгөгч З.Цэнгэлмаагийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж, хээл хахууль авсан,  Ашавгад овогт Загдхорлоогийн Цэнгэлмаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Д.Энх-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хорих ялаар,  шүүгдэгч Хэрээт овогт Балдан-Осорын Шинэцогтыг эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 268.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ашавгад овогт Загдхорлоогийн Цэнгэлмааг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнэд оногдуулсан 3  /гурав/ жилийн, Б.Шинэцогтод оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хорих ялыг, шүүгдэгч З.Цэнгэлмаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.Цэнгэлмаа нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Энх-Эрдэнэд оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Шинэцогтод оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Цэнгэлмаад оногдуулсан  1 /нэг/  жилийн хорих ялыг  1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж, Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнээс 3900000 төгрөгийг,шүүгдэгч Б.Шинэцогтоос 100000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнийн өмчлөлийн Тошиба маркийн 32 инчийн телевизор, марк тодорхойгүй 320 литрийн багтаамжтай 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, уг эд  хөрөнгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Д.Энх-Эрдэнийн хураагдаж ирсэн Е-0564373 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нарын  бичиг  баримт  шүүхэд  ирээгүй болохыг дурдаж, Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээснийг тус тус  дурдаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Баттөмөр нь давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны  болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Гэрчийн мэдүүлэг, тайлбар авах, нотлох баримт цуглуулахдаа Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримтлаагүй, зөрчсөн байна.

Д.Энх-Эрдэнэ тайлбар, мэдүүлэг өгөх үедээ хэргийн ямар оролцогч байсан. Эрүүгийн төлөөлөгч Ванчиндорж орон нутгийн сонгуульт ажлын үеэр нагац эгчийг нь дарамтлах үед Хасбаатарын үгэнд орж өөрийнхөө эсрэг тайлбар, баталгаа өгсөн нь тухайн төлөөлөгчийн айлган сүрдүүлж, хууль зөрчиж авсан тайлбар нь хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт болох эсэх,

Авлигатай тэмцэх газрын ажилтан Бархасбадийн илтгэх хуудас Энх-Эрдэнийн мөнгө авсныг гэрчилсэн, ямар байдлыг тодруулж байгаа, /хх-51х/

Гэрч Отгонцэцэг, Зоригтбаатар нар нь яллагдагч Хасбаатар, Цэнгэлмаа нарыг мөнгөтэй байсныг гэрчлэхээс Энх-Эрдэнэд мөнгө өгч байхыг харж гэрчилсэн мэдүүлэг огт байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргасан боловч шүүхэд хэргийг шилжүүлсний дараа хариу өгч дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээр хангаагүй. Иймд Д.Энх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Энх-Эрдэнэ нь Б.Шинэцогттой бүлэглэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр З.Цэнгэлмаагийн захиргааны журмаар хураалгасан 108 кг байгалийн өнгөт чулууг Монгол улсын Засгийн газрын 131 тоот тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ын 2.5-2.7, 4.1-4.2 дугаар заалтуудыг тус тус зөрчин сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн шийдвэргүйгээр устгах чиглэл өгч, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хураагдсан чулуунуудыг устгалгүйгээр буцаан өгөх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр Ч.Хасбаатараар дамжуулан З.Цэнгэлмаагаас 3.900.000 төгрөгийн хээл хахууль авсан,

Б.Шинэцогт нь Д.Энх-Эрдэнэтэй бүлэглэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр З.Цэнгэлмаагийн захиргааны журмаар хураалгасан 108 кг байгалийн өнгөт чулууг Монгол улсын Засгийн газрын 131 тоот тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ын 2.5-2.7, 4.1-4.2 дугаар заалтуудыг тус тус зөрчин сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн шийдвэргүйгээр устгахаар 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын 95 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гаргаж, өөрөө эд зүйл устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байхгүй мөртлөө устгалын ажилд биечлэн оролцож, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хураагдсан чулуунуудыг устгалгүйгээр буцаан өгөх ажлыг гардан үйлдсэн буюу Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл болон Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлын байрны болон тодорхойлолтонд заагаагүй, өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж, өөрийн хувийн автомашиндаа 100.000 төгрөгийн шатахуун хийлгэж, хээл хахууль авсан,

З.Цэнгэлмаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллага түүнээс захиргааны журмаар хураан авсан 108 кг байгалийн өнгөт чулууг буцаан авах зорилгоор бусдаар зуучлуулан Д.Энх-Эрдэнэд 3.900.000 төгрөгийг бэлнээр, Б.Шинэцогтод 100.000 төгрөгийн шатахуун хийж өгч, хээл хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Гэрч Ц.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...  Бид чулуу ачсан хар өнгийн машиныг дагаад сумаас холгүйхэн байдаг Ховостын нууранд очсон. Удалгүй чулуунуудыг Цэнгэлмаагийн машинд ачаад Хасаа, Цэнгэлмаа бид гурав буцаад сумын төв рүү явсан. Хасбаатар  Энх-Эрдэнийн гэрт орохдоо 4.000.000 төгрөг өгөх гэж байгаа гэж хэлсэн бөгөөд түүний үүрдэг хүрэн өнгийн цүнхэнд бэлэн мөнгө байгааг би харсан. Гэрээс нь гарч ирэхдээ мөнгөгүй гарч ирсэн ...  гэх  /хх-61-62 х/

Гэрч Э.Отгонтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Цэнгэлмаагийн чулууг устгахаар явахад Цэнгэлмаа нь эрэгтэй, эмэгтэй үл таних хоёр хүнтэй цуг ирсэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мөнхцэцэг, Түвшинбаяр, Б.Шинэцогт бид дөрөв Шинэцогтын машинд чулууг ачаад явсан. Засаг даргын тамгын газрын дарга Шинэцогт чулуу устгах үеэр ажил дээр байхдаа надад чулуунуудыг устгана. Гэхдээ иргэдэд нь буцааж өгнө. Устгаж байгаа байдлаар акт үйлдэнэ шүү гэж хэлсэн. Би түүнд болохгүй гэдгийг хэлэхэд “би өөрөө мэдэж байна” гэж хэлсэн. Тэгээд миний бие түүний хэлсний дагуу хуурамч акт үйлдсэн ... гэх /хх-63-64 х/

Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Цэнгэлмаагийн хураалгасан 8 хайрцаг чулууг нь өөрт нь буцаагаад өгч явуулсан. Цэнгэлмаагийн чулууг устгахаар явахад Цэнгэлмаа бензин хийж өгч байсан. Засаг даргын тамгын газрын дарга Б.Шинэцогт чулуунуудыг иргэдэд нь буцаан олгоно гэхэд нь болох юм уу гэхээр “би мэдэж байна” гэж хэлж байсан. Хуурамч актыг Шинэцогт даргын хэлснээр Отгонтунгалаг үйлдэж, бид гарын үсэг зурсан ... гэх /хх-65-66 х/

Гэрч Л.Зоригтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Миний эхнэр Цэнгэлмаа  чулуугаа цагдаад хураалгачихлаа гээд надад утсаар хэлж байсан. Дараа нь  чулуугаа буцааж авахдаа Засаг даргын тамгын газрын хүмүүст мөнгө, төгрөг өгч авлаа гэж тухайн үед хэлж байсан ... гэх /хх-75 х/

Ч.Хасбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Шинэцогт Цэнгэлмаад “манай машинд бензин хийгээд өгчих” гэхээр нь Цэнгэлмаа түүний автомашинд 100.000 төгрөгийн А-92 бензин хийж өгсөн. “Ховост” гэх уурхайн хаягдал ус хаядаг нууранд хүрч очсон. Тэнд очоод хэдэн чулуу нуур руу цацаж байгаа мэтээр зураг авахуулаад хайрцагтай чулуунуудаа Цэнгэлмаагийн машинд зөөж ачсан. Тэндээс хөдлөөд явахад Цэнгэлмаа надад 3.900.000 төгрөгийг тоолж өгөхөөр нь Энх-Эрдэнийн утас руу залгаад “одоо мөнгөө авах уу гэж”  асуутал “орой өөр рүү чинь залгая” гэж хэлсэн. Орой нь Энх-эрдэнэ над  руу залгаж гэртээ дуудахад нь би Энх-Эрдэнэд 3.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн ... гэх /хх-124-125 х/

Шүүгдэгч Б.Шинэцогтын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Д.Энх-Эрдэнэ намайг удаа дараа  дуудаж Цэнгэлмаагийн чулууг өгчих л дөө. Та юун сүртэй юм бэ гээд уурласан. Ийм байдалд орсон учраас аргагүй байдалд орж чулууг нь хэрхэн өгөх юм бэ. Хуулийн байгууллагын төлөөлөл оролцуулъя гэж хэлэхэд Засаг дарга Д.Энх-Эрдэнэ надад “ Та өөрөө устгах комисс томилж, Ховостын хиймэл нууранд устгаж байгаа хэдэн зураг авахуулж байгаад буцаагаад Цэнгэлмаад чулууг нь өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин тэрэг байхгүй, хэрхэн чулууг устгах болж байна гэж хэлэхэд тэрээр “та өөрийнхөө машинд чулууг нь ачаад яваарай. Иргэдийн машинд чулууг ачиж болохгүй. Мөн чулууг нь буцааж өгөх хүнээс машиндаа бензин хийлгэчих” гэж хэлсэн юм. Цэнгэлмаа миний машинд хэдэн төгрөгийн бензин хийж өгснийг би анзаараагүй бөгөөд банкийг нь дүүртэл бензин хийсэн. Бид ШТС-аас хөдлөөд Ховост хэмээх хиймэл нууран дээр ирж, Цэнгэлмаа нь өөрөө авч ирсэн чулууг устгаж байгаа байдлаар хэд хэдэн зураг авахуулсан. Ингээд Цэнгэлмаад 7-8 хайрцаг чулууг би буцааж өгөөд явуулсан ... гэх /хх-113-114 х/

Шүүгдэгч З.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би гэрээсээ тэр өдөр 4000000 төгрөг авч гарсан бөгөөд 3900000 төгрөгийг Хасбаатарт, 100000 төгрөгийг Шинэцогтын машинд бензин хийж өгсөн. Тухайн үед би тэр мөнгийг хүмүүсээс зээлж цуглуулсан байсан юм. Тэгээд чулуугаа авч зараад хүнээс авсан мөнгө төгрөгөө өгч дууссан ... гэх мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй  бөгөөд шүүх шүүгдэгч нарт  хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул өмгөөлөгч Д.Баттөмөрийн “Д.Энх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар  гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ

                                                                                                      Б.СҮХГОМБО