| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 129/2023/00535/и |
| Дугаар | 211/МА2026/00007 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 211/МА2026/00007
211/МА2026/00007
Ш.Ргийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 301/ШШ2026/00028 дугаартай шийдвэртэй,
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, 0 дугаар хороо, Тн 0-0 тоотод оршин суух Чингис овогт Шаравжамцын Ргийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Э сумын 0 дүгээр багт оршин суух, З овогт Гийн Т /ИБД:000000000000000/-т холбогдох
Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Г.Т эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:Ш.Р \ цахим \
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Цэндсүрэн \цахим \
Хариуцагч: Г.Т \ цахим \
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Нарийн бичгийн дарга : Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Ргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга
... Ш.Р би 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г.Энхтунгалагтай гэр бүл болж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Энхтунгалагийн Х төрсөн. Архангай аймагт эхнэр ажиллаж, би Улаанбаатар хотод барилга угсралтын ажил хийж байсан учир гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй бөгөөд гэрлэлтийн баталгаагүй байсан учир охиноо ээж Энхтунгалагаар овоглож төрсний гэрчилгээ авсан. Бид Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 5-99 тоотод айлын байр түрээслэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Ботаник хотхоны 106 дугаар байрны 18 тоот хаягт байрлах, 57 мкв 2 өрөө орон сууц худалдан авсан, энэ хаягтаа оршин сууж байна. Хамт амьдрах хугацаанд 2021 оны 02 дугаар сард бүх нийтийн бэлэн байдал зарлаж, орон нутгийн орох гарах хөдөлгөөнийг хаана гэсэн Засгийн газрын шийдвэр гарах болж эхнэр Г.Энхтунгалаг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу охин Э.Х руу явж, би энд ажлаа зохицуулаад очихоор тохиролцсон боловч эхнэр Г.Энхтунгалаг нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэнэт нас барсан. Эхнэрээ өнгөрсний дараа охин Э.Хыг эцэг би авах гэсэн боловч эхнэрийн эгч Г.Т нь надад миний охиныг өгөхгүй, тэр ч бүү хэл хүүхдийн төрсний гэрчилгээ, миний эхнэрийн нас барсны гэрчилгээ зэргийг надад өгөөгүй, охинтой минь уулзуулахгүй байсан учир охин Э.Хын төрсөн эцэг Ш.Р би мөн болохыг тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай шийдвэрээр охин Э.Хын эцэг мөн болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/93 дугаартай захирамжаар миний охин Э.Хыг бүтэн өнчин хүүхэд гэх үндэслэлээр Г.Тыг охины асран хамгаалагчаар тогтоосныг олж мэдлээ. Г.Т нь хуурч баримт бичиг, худлаа хүсэлт гаргаж эцэг нь Ш.Р би гэдгийг мэдсээр байж бүтэн өнчин хүүхэд болгон асран хамгаалагчаар өөрийгөө тогтоолгосон нь Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан асран хамгаалалтад байх хүн гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно” гэж заасныг зөрчсөн байна. Иймд эцэг би Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасны дагуу охиноо өөрийн асрамждаа авч, өсгөн хүмүүжүүлэх тул 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Энхтунгалагийн Хын төрсөн эцэг Ш.Р миний асрамжид үлдээж өгнө үү ... гэжээ.
2. Хариуцагч Г.Тийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга ...
Р нь миний дүүтэй хамтын амьдралтай байсан нь үнэн бөгөөд Хын эцэг гэдэгтэй маргахгүй. Харин Х нь төрсөн цагаасаа эхлэн ээжийгээ амьд байх үед ч ээж аавтайгаа хамт амьдарч байгаагүй. Ер нь Р хүүхдээ хайхардаггүй, манайд байхад хүүхдээ яаж байна гэж асуудаггүй байсан. Охиныхоо ээжийг нас барахад ажил явдалд нь ч ирээгүй. 49 хоног болоход нь ч ирээгүй. Нас барснаас нь хойш 2 сар гарангийн дараа ирээд хүүхэдтэйгээ ганц ч хонохгүй өдөртөө буцаад явсан. Ер нь талийгаачийг өнгөрснөөс хойш хүүхдээ яаж байна гэж огт асууж сураглаж байгаагүй ямар ч хэл чимээгүй байсан. Бидэнтэй хүүхдээ авах тухай нэг ч удаа яриагүй хэр нь 2 жилийн дараа огт үндэслэлгүй зүйл гаргаж ирээд шүүхэд ханджээ. Аав нь ямар ч чимээ сураггүй болчихоор бид асрамж тогтоолгосон. Р нь Хыг би авъя гэсэн чинь миний охиныг надад өгөөгүй, тэр ч бүү хэл хүүхдийн төрсний гэрчилгээ, миний эхнэрийн нас барсны гэрчилгээ зэргийг надад өгөөгүй гэж огт үндэслэлгүй зүйл бичсэн байгаа бөгөөд хүүхдээ авах, бусад бичиг баримтыг авах талаар огт яриагүй. Мөн охинтойгоо уулзах гэж очиход уулзуулаагүй мэтээр ор үндэслэлгүй зүйл бичсэн байна. Манайд ганцхан удаа ирээд хүүхэдтэйгээ уулзаад тэр ч бүү хэл бид хорхог хийж өгөөд түүнийг идчихээд явсан. Ахиж огт ирээгүй. Ирсэн тохиолдолд хүүхэдтэй нь уулзуулахгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Ганц удаа ирэхдээ охиныхоо зургийг 2 удаа дараад явсан байна. Энэ өөр зорилготой ирснээс биш хүүхдээ гэх сэтгэлээр ирээгүй байна гэж ойлгож байна. Хын эцэг мөн гэдэгтэй маргахгүй. Харин асрамждаа авна гэдэгтэй нь маргаж байна. Ргийн асрамжид охин Хыг өгөхгүй. Р нь аавын үүргийг маш муу гүйцэтгэж байсан. Өөрийн гэсэн амьдрах орон гэргүй. Тогтсон цалин орлогогүй, амьдрах ямар ч идэвхгүй бэлэн амласан л хүн байдаг байсан. Р нь хүүхдээ өөрөө авч өсгөх зорилготой хүн биш. Үнэхээр хүүхдээ авах гэсэн сэтгэлтэй байсан бол хар нялхаараа өнчирч үлдэхэд нь анхаарал халамж тавьж хүүхдээ авах талаар ярих байсан. Огт ярьж байгаагүй хүн шүү. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай шийдвэр нь Хын төрсөн эцгийг Р мөн болохыг тогтоосон шийдвэр. Миний бие Рг Хын эцэг мөн гэдэгтэй маргадаггүй тул энэ шийдвэрт гомдол гаргах шаардлага байгаагүй. Иймд миний бие Ргийн охин Хыг өөрийн асрамждаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул охин Хыг миний асрамжид үлдээж өгнө үү ... гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Чингис овогт Ргийн Хыг эцэг Ш.Ргийн асрамжид үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Таас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Рд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Г.Тын давж заалдах гомдлын агуулга:
...Учир нь миний төрсөн дүүгийн охин болох Э.Х нь ээжтэйгээ хамт бидэнтэй амьдарч байх хугацаанд ээж Энхтунгалаг нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Тэр цагаас эхлэн одоог хүртэл охин Х бидэнтэй хамт амьдарч байна. Р нь Энхтунгалагийг нас барах үед ирээгүй шалтгаанаа короно вирус тархснаас үүдэлтэй хөл хорионоос болсон гэж тайлбарласан. Дараа нь охиныхоо ээжийг нас барснаас хойш 2 сар гарангийн дараа ирээд явсан. Ингэж ирэхдээ охиноо авах талаар огт дурьдаагүй. Үүнээс хойш охинтойгоо ойр ойрхон ирээд уулзаад байх боломжтой байсан. Гэтэл 2 жилийн дараа огт үндэслэлгүй худал зүйл бичэн шүүхэд хандсан байсан. Миний зүгээс Рг Хын эцэг гэдэгтэй огт маргаагүй, харин энэ хугацаанд охинтойгоо ойр дотно байж үзээгүй, хоорондоо ямар ч дасан зохицсон зүйл байхгүй учир охин Хыг дассан газраас нь гэнэт аваад явна гэдэг нь охины сэтгэл зүйд маш хүнд тусна. Бидний зүгээс охин Хд аавынх нь талаар сөрөг муу зүйл ярьж ятгаж байгаагүй. Харин Хыг аавыгаа мэдэж байг гэдэг үүднээс аав нь Р гээд энэ хүн гэдэг талаас нь хэлж тайлбарлаж өгдөг. Ш.Р нь үнэхээр охиноо өөр дээрээ авах сэтгэлтэй байсан бол өдийг хүртэл хугацаанд охинтойгоо ойр ойрхон ирж уулзаж өөрийгөө аав нь шүү гэдгээ таниулж охинтойгоо ойр байх байсан. Гэтэл Р нь хааяа нэг ирхээрээ охинтойгоо тухтай уулзахгүй гэрийн гадаа машин дотроо байж байгаад л явчихдаг. Бидний зүгээс уг нь тухтай уулзах боломжоор хангадаг. Харин охин Х нь надад ч тэр манай нөхөрт ч тэр намайг явуулахгүй биздээ гэж асууж бухимддаг болсон учир гэнэт огт хамт амьдарч үзээгүй аавтайгаа амьдрана гэхээр сэтгэл зүйн маш их дарамтанд орно. Би Хын сэтгэл зүйд хүнд тусна гэдэг үүднээс охиноо жаахан томроод дунд ангид орох үед нь өгье тэр болтол охинтойгоо илүү дотносоод ав гэдэг талаас нь эвлэрэх санал Рд тавьж байсан. Гэтэл энэ хүн охиныхоо сэтгэл зүйг огт бодохгүй зөвхөн өөрийгөө бодсон шийдвэр гаргаад байна. Бидний хувьд нэн тэргүүнд хүүхдийн эрх ашиг, сэтгэл зүйг бодох ёстой. Иймд Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 301/ШШ2026/00028 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга ... Хариуцагч 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Энэ 4 үндэслэлд нь ерөөсөө охинтойгоо нэг ч уулздаггүй, охиноо хайхардаггүй. Гэнэт ирээд дассан газраас нь аваад явна. Охинтойгоо ойр, ойрхон ирж уулздаггүй гэсэн агуулгаар, мөн аавтайгаа амьдарч үзээгүй, сэтгэл зүйн дарамтад орно гэсэн ийм 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Төгсгөлд нь шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гээд шийдвэрийг хүчингүй болгоод яах юм бэ. Дахин хэлэлцүүлэхээр буцаах юм уу, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох юм уу. Гомдлын төгсгөлийн хэсэг ойлгомжгүй байгаа. Ш.Р, Г.Т гэх 2 хүний хоорондын гэр бүлийн, хамтын амьдралаас төрсөн хүүхэд шиг тайлбар өгдөг. Ерөөсөө маш их гомдолтой байна. Манайд ирдэггүй, ирэхээрээ манай бурханд мөргөдөггүй гээд, энэ хүүхдийн эцэг, эх 2 биш, гэтэл охиныг эцгээс нь салгаад өөр дээрээ хүчээр байлгаад эх нь мэт тайлбар, гомдол гаргаад байгаа нь ерөөсөө үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар ийм үйл баримт тогтоогдоогүй. Сая гомдлоо хэлэхдээ ирээд уулздаг гэж байна. Ерөөсөө ирдэггүй, уулздаггүй, хайхардаггүй л гээд байсан. Ш.Ргийн хувьд сар болгон охин дээрээ очдог. Улаанбаатар хотоос өглөө гардаг. Өглөө гараад Эрдэнэмандал суманд орой очихоор хөөж, туугаад охинтой нь уулзуулдаггүй. Охины саналыг асуусан тэмдэглэл байгаа. Энэ танихгүй ах намайг ирж авах гээд байна гэж ээж надад хэлсэн гэсэн байгаа. Тэгэхээр охиныг танихгүй хүн ирж авах гээд байна гэж сэтгэл зүйг нь айлгаад, ичээсэн. Сар болгон очдог. Очоод уулзах гэхээр нь ерөөсөө уулзуулдаггүй. Анх нөхцөл байдал ямар байдаг байсан гэхээр хохин шүү гээд хөөгөөд явуулдаг байсан. Сүүлдээ гэртээ оруулдаг болсон. Ингээд болохгүй болохоор нь уулзуулахгүй байя гэсэн захирамж гаргуулсан. Ингээд арай гэж 69 захирамж гаргуулж байж охинтойгоо уулзсан. Гэр бүлийн тухай хуульд хүүхдийг тэжээн тэтгэх үүрэг хэнд байх вэ, эцэг, эхэд л байна. Гэрлэгчид гэрлэлтээ батлуулаагүй байхад гарсан хүүхэд, ээж нь 2021 онд нас барсан. 2021 оноос хойшоо өнөөдөр 4 жил Ш.Р охиныхоо хойноос Баянгол дүүргийн шүүхэд хандаж, эцэг нь мөн гэдгээ тогтоолгосон. Гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Т орсон. Давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Эцэг тогтоолгоход ямар нотлох баримт цугларсан юм бэ гэхээр хүүхдийг бүтэн өнчин гээд өөрийн асрамжийг тогтоолгосон байсан. Хараа хяналтгүй хүүхэд үлдчихлээ гээд. Ингээд явцын дунд Захиргааны хэргийн шүүхээр ороод, захиргааны акт илт хууль бус байсан болох нь тогтоогдсон. Эцэг, охин 2-ыг яагаад салгаад байдаг юм. Яагаад уулзуулаад байдаггүй юм. Харшлах шалтгаан юу байдаг юм. Энэ талаар хариуцагч нотлох баримтаар нотлоогүй. Хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн шийдвэрт тусгасан байсан. Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг баримтлаад хүүхдийг эцгийн асрамжид байх ёстой юм байна. Г.Тыг эцэг, эхийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Ер нь эцэг байх эрхийг хасаагүй, хязгаарлаагүй тохиолдолд эцэг, эхтэйгээ хамт байх ёстой. Энэ охины эрх ашгийг хэн хамгаалах вэ, төрсөн эцэг нь хамгаална. Хуулийн өмнө төрсөн эцэг нь үүрэг хүлээнэ. Харин нагац эгч нь юм уу, авга эгч нь гэсэн агуулгаар төрсөн эцэг нь байсаар байхад хамаатны эгчид асран хамгаалах эрхийг олгох ямар ч боломжгүй. Хүүхэд хамгааллын тухай хуулиар, Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай хууль, мөн иргэний эрх зүйн хамгаалалт ч яригдах байх. Тэгэхээр гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэжээ.
6. Нэхэмжлэгч Ш.Ргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга ... Надад шүүхээс хүүхдээ сайн дассаны дараа аваад яваарай гэж тайлбарлаж өгсөн. Энэ хүмүүсийн яриад байгаа шиг би өнөөдөр очоод хүүхдээ булааж авах гээд сэтгэл зүйг нь гэмтээгээд, янз бүр болоод байгаа юм байхгүй. Би Г.Т гэдэг хүнтэй маргахыг хүсэхгүй байгаа. Би энэ хүнийг маш их хүндэлж явдаг. Тэгээд би энэ хүний яриад байгаа шиг очоод хүүхдээ уйлуулаад, татаж чангаагаад аваад явсан удаа байхгүй. Би очих болгоно доо хүүхдээ хардаг. Хүүхэдтэйгээ ярилцахыг хүсдэг. Г.Т гэх хүн орчныг бүрдүүлсэн гэж яриад байна. Энэ дээр эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл энэ хүн өмнөх шүүх хуралд орсны дараа охин бид 2-ыг нэг л удаа хамт үлдээсэн. Тэрнээс өмнө энэ хүн бид 2-ыг үлдээгээд тухтай таатай орчинд уулзуулж байсан гэж яриад байгаа тийм юм байгаагүй. Өмнө нь байнга хажууд нь байж байдаг. Бид 2 юм ярих гэхээр хүүхдийг байнга уурлуулдаг. Намайг чи ингэсэнгүй, тэгсэнгүй яах гэж ирсэн юм гэсэн иймэрхүү өнгө аясаар, хүүхдийн дэргэд надтай харьцдаг. Би охиныхоо дэргэд хэрүүл уруул хийх, маргалдахыг хүсдэггүй. Тийм учраас би гараад явчихдаг. Би шинийн 2-нд орой, шөнө очсон. Намайг гэнэт, гэнэт очсон гэж яриад байна. Энэ хүн намайг залгахад утсаа авдаггүй. Би залгаад гарч байна гээд хэлэх боломж байсан. Тэгээд яваад очихоор өнөөдөр шүүхийн өмнө гэнэт ирж намайг шалгалт хийлээ гэж ингэж худлаа ярьж болохгүй. Намайг аймар доромжилсон. Тэгээд би гадаа гараад машиндаа сууж байгаад, нилээн нойр хүрсэн, ядарсан явсан учраас унтаад өгсөн байсан. Би өнөөдөр шүүх шийдчихлээ гээд шууд очоод охиныгоо авна гэсэн үг биш шүү дээ. Намайг охиныгоо бодохгүй байна. Сэтгэл зүйг нь бодохгүй байна гээд байна. Үгүй шүү дээ, би ойлгохгүй тэнэг хүн байсан бол өнөөдөр хүүхдээ уйлуулаад, татаж, чангаагаад аваад ирсэн л байгаа шүү дээ. Би эцэг хүний хувьд хүүхдийнхээ сэтгэл зүйг тайван байлгахыг хүсээд, энэ хүмүүст хэлдэг. Дараа нь том болоод манай ээжийн эгчийн хүүхэд шүү гэж мэддэг байгаасай гэсний үндсэн дээр эвлэрье. Намайг байхад битгий уурлаач, битгий бухимдаач, надтай битгий ийм өнгө аясаар харьцаач ээ, хүүхэд тэрийг дундаас нь харж ойлгоод, намайг аймар хүн юм байна гэж ойлгоод байх шиг байгаа юм ... гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга ... Г.Т нь н.Х охиныг төрсөн цагаас хойш өнөөдрийг хүртэл, ээжийг нь амьд байхад ээжтэй хамжиж хамт өсгөж, ээжийг нь өнгөрснөөс хойш гэр бүлийнхэнтэйгээ өнөөдрийг хүртэл хамт өсгөж байгаа ийм хүн. Ш.Ргийн тухайд хааяа нэг хүүхэдтэйгээ уулздаг. Хааяа уулзахдаа ганцаарчилж уулзах идэвх санаачилга гаргадаггүй. Тэрийг нь Г.Т юу гэж ойлгож байгаа гэхээр ер нь дүр эсгээд байна. Үнэхээр боломжит бүх арга хэмжээ байна. Яваад очиход нь Г.Тын зүгээс, гэр бүлийнх зүгээс хүүхэдтэй ганцаарчилан уулзуулахгүй гэсэн хориг саад тавьж байгаа зүйл юу ч байхгүй байхад, хүүхэдтэйгээ дасан зохицох асуудлыг огт хийхгүй. Сая цагаан сараар очоод, очихдоо айлд шөнийн цагаар гэнэтхэн, гэнэтхэн очоод байгаа нь хүүхдийн эрх ашгаас гадна хүний эрхийг зөрчөөд байгаа асуудал шүү дээ. Ер нь айлд хэл үггүй гэнэт очно гэдэг зүйл монгол заншилд баймгүй зүйл байхгүй юу. Хүүхдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой. Г.Тыг ээжээ гээд, нөхрийг ааваа гээд, яг л ах, дүү нартай амьдарч байгаа юм шиг ийм итгэл үнэмшил төрсөн байгаад байгаа. Ш.Ргийн хүүхэд гэдэгтэй эхнээсээ маргаагүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд манай талаас саад болох ямар ч юм хийгээгүй. Хүүхдийг хаана өсгөх вэ, хүүхэд хаана байвал сэтгэл зүй нь хэвийн байх вэ. Эрүүл аюулгүй, тавтай тухтай орчин нь хаана байх вэ гэдэг талыг харах ёстой гэж бодож байна. Хүүхэд одоогийн дассан зохицсон газар мэдээж өссөн газрын аав, ээждээ илүү зохицолтой байна. Шинжээчийн дүгнэлтээр хүүхдийн дасан зохицолтын асуудлыг тодорхойлоход, хүүхдэд анхаарал тавих, хүмүүжүүлэх арга барил, ээнэгших, эерэг нөлөөтэй нь Г.Т байна. Сөрөг тал Ш.Рд байна. Архины хамааралтай байна. Мөн хүүхдийн хүмүүжүүлэх тал дээр ямар ч дадал олоогүй байна. Ийм ийм нөхцөл байдлууд нь хүүхдийг хүмүүжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлэх болзошгүй нөхцөл байдал байна. Ш.Ргийн талаас юу гэж ярьдаг гэхээр одоо би орон сууцанд амьдардаг, сургууль, цэцэрлэг гээд хамаг юмтайгаа ойр орчинд байна. Миний хүүхэд Улаанбаатар хотод эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд өсөх боломжтой гэж тайлбарладаг. Тэгвэл хөдөө орон нутагт яагаад боломжгүй гэж, хамгийн боломжтой нь хөдөө орон нутаг, эрүүл аюулгүй байна гэвэл хөдөө орон нутагт байна. Мөн сургууль, цэцэрлэг нь байна. Одоо цэцэрлэгээрээ хүмүүжсэн, одоо сургуульд сурч байна. Тэгээд яг өөртэйгөө чацуу хүүхэдтэй хамт өсөж байна. Тэгэхээр Г.Т чамд би ерөөсөө хүүхдээ өгөхгүй гэж маргахгүй байна. Хамгийн гол маргаад байгаа юм нь юу гэхээр дунд ангид ороод, 4 дүгээр ангиа төгсөөд 5 дугаар ангид ороход нь бүх орчин солигдоно. Багш нар нь солигдоно. Яг ингээд солигдохоор нь зэрэгцүүлээд орчныг солиод өгье. Тэгвэл энэ хүүхэд чинь арай дээр байна. Тэгэхгүй бол одоо хүүхэд би энэ хүн дээр очихгүй шүү, та 2 намайг өгөхгүй биз дээ гээд аав, ээж 2-тоо хэлдэг байгаа юм. Би Г.Тыг ямар хүнтэй амьдраад байгаа юм. Нөхрөө дагуулаад ир, уулзъя гэсэн. Эднийг олуулаа айл, нөхөр нь үнэхээр эцэг хүн юм билээ. Г.Таас илүү тэр хүүхдийн сэтгэл зүйг мэдээд байгаа тийм хүн байсан. Тэгэхээр би тэнд байх нь аюулгүй юм байна гэж харсан. Дүгнэлтээр ч гэсэн эдний орчинг аюулгүй байна гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр Ш.Рд Г.Тын гаргаж байгаа санааг хүлээн зөвшөөрөхгүй байх ямар шаардлага байгаа юм бэ. Үнэхээр н.Хыг бодоод байгаа юм бол, хүүхдийн эрх ашиг нэг номер гэж бодоод байгаа юм бол 4 дүгээр ангийг нь төсгөөд 5 дугаар ангид орох жил аваа гэдэг саналыг Г.Т тавиад байгаа. Энэ бол бас болохгүй зүйл биш байгаад байгаа. Энэ нөхцөл байдлыг тал бүрээс харгалзаж үзээд, эвлэрэх боломжтой байгаад байгаа. Эвлэрүүлэх гэж 2 талын өмгөөлөгч боломж, боломжоороо үзээд байгаа. Тэгэхээр зэрэг үгүй гээд тас зөрөөд байдаг. Гэхдээ эцэг нь мөн гэдэгтэй маргахгүй байгаа. Гэхдээ хүүхдийг аавтайгаа байх нь зөв гээд шууд орчныг нь өөрчлөөд, дассан зохицсон орчноос гаргах юм бол хүүхдийн сэтгэл зүй ихээр гэмтдэг гэж сэтгэл зүйчид үздэг юм билээ. Орчин солиход хүүхдийн сэтгэл зүйд заавал өөрчлөлт орж байдаг. Г.Тын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна ... гэжээ.
8. Хариуцагч Г.Тын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агаалга ... Хамгийн гол хүүхдийн эрх гэсэн мөртлөө өөрийнхөө эрх ашгийг бодоод байгаа. Энэ хүүхдийг нээрээ миний хүүхэд сэтгэл зүйн доголдоод янз бүрийн юм суучих вий дээ гэж бодсон бол Ш.Р гэх хүн миний саналыг хүлээж авах ёстой байсан. Тэгээд хүрч ирэхээрээ гэнэт, гэнэт шалгалтын хүн шиг ирнэ. Хүүхдэд ч сэтгэл зүйд дарамттай, цаана нь манайд хичнээн нялх хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ гомдлыг гаргасан байгаа. Р.Х гэх хүүхдийн эрх ашиг, сэтгэл зүйг нь бодохгүй. Ш.Р гэх хүнд өрх толгойлсон аав гэдэг нэрийг зүүх нь ашигтай байгаа учраас тэгж байгаа юм уу гэж ойлгосон. Би энэ хүүхдийг ор чамтай уулзуулахгүй, чамд өгөхгүй гэж хэлж байгаагүй. Манайд орж ирдэг. Би гэртээ орж ирэхээр нь хөөж гаргадаггүй. Цагаан сараар айл хэсээд, шөнийн 23.00 цаг өнгөрсөн байхад манайд ирсэн. Тэгээд би цайгаа өгөөд, бууз жигнэж өгсөн. Би ер нь энэ хүнийг ингэж хардаж байна. Ер нь надаас үг авах гэж, тандах гэж, энэ хүүхэд ямар байгааг нь үзэх гэж биш зүгээр л өөрийнхөө эрх ашгийг бодоод байгаа юм болов уу гэж би ойлгож байна. Түүнээс биш энэ хүүхдийн эрх ашгийг ерөөсөө бодохгүй байгаад байна. Энэ хүүхдийн сэтгэл зүй, сэтгэл санаа ямар байгааг ойлгохгүй байх шиг байна ... гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч Ш.Р “Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасны дагуу охиноо өөрийн асрамждаа авч, өсгөн хүмүүжүүлэх тул 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Энхтунгалагийн Хыг төрсөн эцэг Ш.Р миний асрамжид үлдээж өгнө үү ‘ ... гэж тодорхойлсон
хариуцагч Г.Т ‘миний бие Ргийн охин Хыг өөрийн асрамждаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тодорхой хугацааны дараа өгнө. Иймээс охин Хыг миний асрамжид үлдээж өгнө үү ‘ ... гэж маргасан.
11. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1081 дугаартай шүүхийн шийдвэрээр 2018 оны 06 сарын 27-ны өдөр төрсөн охин Хын эцэг Ш.Р болохыг тогтоож шийдвэрлэсэн, энэ талаар талууд маргаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн, охин Хд асрамж тогтоосон шийдвэр хүчингүй болсон зэрэг үйл баримт тогтоогдсон байна.
12. Хариуцагч Г.Т 2018 оны 06 сарын 27-ны өдөр төрсөн охин Хыг эцэг Ш.Ргийн асрамжинд 6 дугаар ангид орох үед буюу тодорхой цаг хугацааны дараа өгнө гэж тайлбарласан нь маргааны зүйл болжээ.
13. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
14. Гэр бүлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардах эрхтэй гэж заасан.
Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ш.Р охин Р.Хыг хууль бусаар асрамждаа авсан гэж үзэж байгаа этгээдэд холбогдуулж хүүхдээ асрамждаа авах талаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
15. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ... хэлнэ гэж, 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ... хэлнэ гэж тус тус хуульчилсан бөгөөд охин Хын хувьд нэхэмжлэгч Ш.Рг түүний гэр бүлийн гишүүн гэж, охин Хын хууль ёсны төлөөлөгч түүний эцэг буюу нэхэмжлэгч Ш.Р тул хууль ёсны төлөөлөгчийн хувьд түүний эрх ашгийг хамгаалах үүргийг Ш.Р хүлээх нь тус тус хуульд нийцнэ.
16. Охин Х нь хариуцагч Г.Т болон түүний гэр бүлд ээнэгшин дассан нөхцөл байдал тогтоогдож байгаа, хариуцагч тал хүүхдийн ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчилж болохгүй гэж мэтгэлцээний байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ” гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих” гэсэн зарчмын үүднээс хүүхэд өөрийн гэр бүлийн гишүүнтэйгээ хамт байх, төрсөн гэр бүлдээ амьдрах нь хүүхдийн дээд эрх ашигт илүү нийцнэ. Нэхэмжлэгч Ш.Ргийн эцэг байх эрхийг хассан, хязгаарласан баримт хэрэгт авагдаагүй, охин Хыг асарч хүмүүжүүлэхийг хориглох үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүн, Иргэний хуульд заасан хууль ёсны төлөөлөгчийн хувьд охин Хыг нэхэмжлэгч Ш.Ргийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
17. Иймд Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 301/ШШ2026/00028 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Тын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
18. Шүүх хариуцагч Г.Тын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 301/ШШ2026/00028 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Тын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ч.БАЯРЦЭНГЭЛ