Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 0220

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: 0000 онд Булган аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, Булган аймгийн Баян-Агт сумын 2 дугаар баг, хөдөө оршин суух Гаа овогт Баавгайн Отгонбаяр/РД:ГА-/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсайханы нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: 1981 онд Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 17 тоотод оршин суух Урайхад овогт Бат-Эрдэнийн Мандах /РД: ГЖ81020837/-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.283.798 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оюунсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа /0-2000/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш /0-1897/, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд, дэг сахиулагч П.Отгонбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай хүргэн ******* нь *******тай 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлах 7 дугаар байрны 11 тоот, 2 өрөө орон сууцаа 6 сарын хугацаагаар хөлслүүлсэн. Ингэхдээ сард 180.000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцож 6 сарын төлбөр 1.080.000 төгрөг болсоноос орон сууцанд засвар хийсэн 332.000 төгрөгийг хасаад үлдсэн 748.000 төгрөгийг *******т хүлээлгэж өгсөн байдаг. 2013 оны 09 дүгээр сард орон сууц хөлслөх хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн сууна гээд аман гэрээгээр сунгаж, 2014 оны 06 дугаар сарын 10  хүртэл орон сууцыг хөлслөн суусан. Энэ хугацааны хөлсөлсөн төлбөрөө дутуу өгсөн учир нэхэмжлэл гаргасан юм. Миний дүү Д.Оюунцэцэг 2010 онд нас барсан, хүргэн ******* нь ажил төрөл эрхэлдэггүй, архи дарс уугаад байдаг байсан учир хариуцагч *******ыг 2013 оны 09 дүгээр сард орон сууц хөлслөх хугацааг сунгаснаас хойш төлбөрийг хүргэн *******т битгий өгөөрэй, том хүү О.Дашдэлэгийн сургалтын төлбөрт хэрэгтэй тул дүү О.Дашдэлэг болон надад өгөөрэй гэж *******тай тохиролцсон байсан. 2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 06 дугаар сар хүртэл 9 сарын хугацааны төлбөр 1.620.000 төгрөг өгөх ёстойгоос О.Дашдэлэгт 360.000 төгрөгийг бэлнээр, 120.000 төгрөгийг дансаар, надад 350.000 төгрөгийг дансаар гээд нийт 830.000 төгрөгийг авсан. Ингээд орон сууц хөлсөлсний төлбөрийн үлдэгдэл 790.000 төгрөг, хөлсөлсөн хугацааны ус сувгийн төлбөр 399.798 төгрөг, кабелийн төлбөр 64000 төгрөг, хот тохижилтын төлбөр 30000, нийт 1.283.798 төгрөгийг хариуцагч *******аас нэхэмжилж байна. Ерөнхийдөө энэ мөнгийг *******ын хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрт өгөх гээд байгаа юм. Би *******аас 200.000 төгрөг аваагүй. Харин тэр надад өгсөн 90000 төгрөгийн тухайд хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд би өөрөө мөнгөгүй байж таарсан. *******аас хөлсөө нэхтэл боломжгүй байна гэхээр нь хүнээс болтугай зээлээд өг гэхэд та зээлээд өг гэхээр нь хүнээс 400000 төгрөг олж  өгсөн. Тэгээд тэр мөнгөний хүү гээд надад 90000 төгрөг өгсөн. Надад дансаар шилжүүлсэн 350000 төгрөг чинь ийм учиртай. *******ын эхнэр н.Шүрэнцэцэгээс шилжүүлсэн 30000 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэв.

            Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Д.Оюунсайханы нэхэмжилж байгаа 1.283.798 төгрөгийг үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******тай 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлах 7 дугаар байрны 11 тоот, 2 өрөө орон сууцанд нь орж суусан. ******* бид хоёрыг холбож өгсөн хүн нь Б.Батзаяа байсан. Анх ороход тоггүй байсан учир өр 30000 төгрөгийг нь өгөөд залгуулсан. Түрээсийн төлбөр 150000 төгрөг гэж байгаад ус сувагт сард 30000 орчим төлдөг төлбөрөө өөрөө төлнө гээд сард 180.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож 6 сарын төлбөр 1.080.000 төгрөгийг өгсөн. Үүнээс ороход засвар хийхгүй бол болохгүй байсан учир гэрээ байгуулахаасаа өмнө засвар хийж, 332.000 төгрөгийн засвар хийсэн зардлаа хасаж үлдсэнийг нь *******т өгсөн. Ингээд 6 сарын хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн хөлслөн суусан. Тэр үед Д.Оюунсайхан эгч ирээд манай хүргэн архи уугаад яваад байдаг учир мөнгөө надад өг гэхээр нь түүнд өгөх болсон. ******* нь янз бүрийн байдлаар согтуу орж ирээд мөнгө авдаг байсан. Хүний байранд орж суусан болохоороо хоосон гаргадаггүй байсан.  2014 оны 06 дугаар сард уг орон сууцыг *******т хүлээлгэж өгсөн бөгөөд тэр үед түрээсийн төлбөрийн ямар ч тооцоо байхгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Оюунсайхан эгчид мэдэгдэлгүйгээр О.Дашдэлэг хүртэл надаас мөнгө аваад явдаг байсан. Баримт байхгүй, бэлэн мөнгө өгсөн болохоороо би ингээд яваад байгаа. Би хүү О.Дашдэлэгт нь бэлнээр 360.000 төгрөг, дансаар 420.000 төгрөг, Д.Оюунсайхан эгчид дансаар 350.000 төгрөг, бэлнээр 90000 төгрөг, 200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Уг орон сууцанд кабельгүй байсан учир ддиш үзэж байсан учир кабелийн төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Мөн ус сувгийн төлбөр нь орон сууц хөлслөх төлбөртөө багтсан учир ус сувгийн төлбөр төлөх үндэслэлгүй. Харин хот тохижилтын төлбөр гэж төлж байгаагүй. О.Дашдэлэг явах гээд Д.Оюунсайхан эгч хэвтэрт орчихсон байхад нь би 200000 төгрөгийг оруулж өгч байсныг яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Мөн Д.Оюунсайхан эгч О.Дашдэлэгийн сургалтын төлбөр төлөх хэрэгтэй байна гээд мөнгөө нэхээд байхаар нь Д.Оюунсайхан  эгчээр дамжуулан хүнээс мөнгө зээлдүүлэн төлбөрийг өгүүлээд сүүлд 350.000 төгрөгийг Д.Оюунсайхан эгчийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 90000 төгрөгийг оруулж өгсөн гэв.

         Шүүх хуралдаанд зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оюунсайхан нь хариуцагч *******аас орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.283.798 төгрөгийг шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 854.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

           Зохигчдын хооронд 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “иргэд хоорондын тохиролцоо” нэртэй гэрээ байгуулагдаж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлах 7 дугаар байрны 11 тоот, 2 өрөө орон сууцыг сарын 180.000 төгрөгийн хөлстэй, 6 сарын хугацаатай хөлслөхөөр тохиролцжээ. /хх-5-6/

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн орон сууцаа *******ын эзэмшилд шилжүүлэн өгч, ******* орон сууцны засварт зарцуулсан 332.000 төгрөгийг хасаад үлдсэн 748.000 төгрөгийг нэхэмжлэгч *******т шилжүүлэн өгсөнөөр талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байна.

            Гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дууссан байх ба талууд дахин бичгээр гэрээ байгуулалгүйгээр аман хэлбэрээр тохиролцож, гэрээг тодорхой бус хугацаагаар сунган, нэг сарын хөлсийг өмнөхтэй ижил 180.000 төгрөгөөр тохирч орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хөлсөлсөн үйл баримт тодорхой, талууд уг асуудлаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг үргэлжлүүлэн сунгасан хугацааны төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 790.000 төгрөг, хөлсөлсөн хугацааны ус сувгийн төлбөр 399.798 төгрөг, кабелийн төлбөр 64000 төгрөг, хот тохижилтын төлбөр 30000, нийт 1.283.798 төгрөгийг шаардаж байх ба хариуцагч тал орон сууцыг хөлсөлсөн хугацааны төлбөрийг төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэв.

            Учир нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлсөө төлөх үүрэгтэй.

            Хариуцагч  Ц.Мандах нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу орон сууцыг үргэлжлүүлэн хөлсөлсөн 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 9 сарын төлбөрт 1.620.000 төгрөг төлөх ёстойгоос 860.000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.  /хх-19-20, 26/

            Хариуцагч ******* орон сууц хөлслөх гэрээг үргэлжлүүлэн сунгаснаас хойш нэхэмжлэгч *******ын хүү О.Дашдэлэгт 360.000 төгрөгийг бэлнээр, дансаар 420.000 төгрөг, нэхэмжлэгчийн төлөлөөгч Д.Оюунсайханд 350.000 төгрөгийг дансаар, 290.000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн бөгөөд нэхэмжлэгч *******, түүний хүү О.Дашдэлэг нарт баримтгүйгээр өгсөн мөнгийг оруулан тооцоход орон сууц хөлсөлсний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргаж байвч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

            Хариуцагч талаас гаргаж өгсөн нэхэмжлэгч *******ын хүү О.Дашдэлэгийн  ХААН банкны дансны хуулгыг шүүн үзэхэд 2013.10.30-ны өдөр 700000 төгрөг, 2013.11.29-ний өдөр 50000 төгрөгийг хариуцагч *******аас, 2013.11.20-ны өдөр 30000 төгрөгийг хариуцагчийн эхнэр н.Шүрэнцэцэгээс тус тус шилжүүлсэнийг орон сууц хөлсөлсөн төлбөрт оруулан тооцох нь зүйтэй байх бөгөөд нэхэмжлэгч *******аас хүү О.Дашдэлэгт 2013.07.03-ны өдөр 50000 төгрөг, 2013.10.17- ны өдөр 70000  төгрөг, 2013.11.07-ны өдөр 80000 төгрөг, 2013.11.22-ны өдөр 70000 төгрөг тус тус шилжүүлснийг хариуцагч *******аас төлсөн орон сууц хөлсөлсний төлбөр гэж үзэн хасч тооцох үндэслэлгүй байна.

            Учир ХААН банкны дансны хуулгад гүйлгээний утгыг Отгонбаяраас гэсэн байх бөгөөд уг шилжүүлсэн мөнгийг эцэг *******ын нэрээр *******аас шилжүүлснийг орон сууц хөлсөлсний төлбөрт тооцон авсан гэж О.Дашдэлэг гэрчлээгүй, тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн О.Дашдэлэгийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Батзаяа  “...хүүхэд нь тухайн үед оюутан байсан учир сургалтын төлбөр нэхэгдээд байна гээд хэд хэдэн удаа бид хоёр гэрт нь согтуу очиж *******ыг дагуулж банк орж мөнгө хийлгэж байсан. Хугацааг нь сайн санахгүй байна, тийм тохиолдолууд хэд хэдэн удаа болсон. Мөнгийг ******* өөрөө шилжүүлж байсан. ******* ах бид хоёр дэргэд нь байж байсан. Өөрөө шилжүүлж байсан болохоор өөрөөс нь л байх… ” гэж мэдүүлсэн нь *******, ******* нарын хамт банкин дээр хэд хэдэн удаа очиж мөнгө шилжүүлж байсныг л нотолж байгаагаас хариуцагч *******аас О.Дашдэлэгт бэлэн бусаар 420.000 төгрөг шилжүүлсэн гэх хариуцагчийн татгалзлыг шууд нотолж чадахгүй байна. /хх-42/

            Мөн хариуцагч *******аас нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оюунсайханд  200000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

            Нэхэмжлэгчийн төлөлөөгч Д.Оюунсайхан 200.000 төгрөг хүлээлгэн өгсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн О.Дашдэлэгийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Батзаяагийн “...70000-80000 төгрөг гээд авч л байсан. Байр түрээслэхээс өмнө хүртэл мөнгө авч байсан. Дараа нь манай дүүтэй цуг очиж 200000 төгрөг аваад манайд ирээд архи ууж байсан...” гэж мэдүүлсэн нь хариуцагч *******ын “...200000 төгрөгийг О.Дашдэлэгийг явах гэж байхад, Д.Оюунсайхан эгчийг өвчтэй хэвтэж байхад нь гэрт нь оруулж өгсөн” гэсэн тайлбараас зөрсөн, мөнгийг гэрт нь оруулж өгсөн гэсэн үйл баримтаас зөрүүтэйгээр мэдүүлсэн байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох үндэслэлгүй юм. /хх-42/

            Нэхэмжлэгчийн төлөлөөгч Д.Оюунсайхан хариуцагч *******аас 90000 төгрөг хүлээн авсаныг хүлээн зөвшөөрч байгаа боловч хариуцагч ******* нь Д.Оюунсайханаар дамжуулан гуравдагч этгээдээс мөнгө зээлдүүлж орон сууц хөлсөлсний төлбөрт өгсөнийг хүлээн зөвшөөрч байх тул уг 90000 төгрөг бол хүнээс зээлсэн мөнгөний хүү гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг үнэн зөвд тооцож, орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасч тооцоогүй болно.

            Иймд хөлслүүлэгч ******* нь орон сууц хөлсөлсөн хугацааны төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 760.000 төгрөгийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

            Мөн орон сууц хөлслөгч нь орон сууцны ашиглалтын зардал болох дулаан, усны төлбөр, кабелийн телевиз, хуурай хог хаягдлын төлбөр зэргийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул орон сууцыг хөлсөлсөн 2013 оны 03 дугаар сараас 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны  кабелийн телевизийн төлбөр 64000 төгрөг, хуурай хог хаягдлын төлбөр 30000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.

            Учир нь уг төлбөрийг хариуцагч төлөөгүй бөгөөд нэхэмжилж байгаа хугацаа нь хариуцагчийн орон сууц хөлслөн амьдарч байсан үетэй тохирч байна.

            Хариуцагч ******* нь хөлсөлсөн орон сууцанд “дидиш” тавьж үзсэн учир кабелийн телевизийн төлбөр 64000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч “дидиш” тавьж үзэж байсан нь нотлогдохгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байх тул  “Эрдэнэ” кабелийн телевизээс 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 6 дугаар сар хүртэл кабель ашиглаж телевизор үзэж байсан гэж нэхэмжилсэн 64000 төгрөгийн төлбөрийг тухайн хугацаанд хөлслөн сууж байсан хариуцагч ******* төлж барагдуулах үндэслэлтэй.

            Мөн хариуцагч ******* нь хөлслөн суусан орон сууцны хуурай хог хаягдлын хураамжийг төлдөггүй байсан гэж шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хот тохижилтын газраас нэхэмжилсэн 30000 төгрөгийг  төлөх үүрэгтэй.

            Харин “Гавшгай-Ус”ХХК-нд төлөөгүй гэх дулаан, усны 399.798 төгрөгийг хариуцагч ******* нь төлөх үүрэггүй гэж үзлээ.

            Учир нь хөлслүүлэгч ******* нь анх орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулахдаа сард 180000 төгрөгийн хөлс авахаар тохиролцсон байх бөгөөд энэхүү хөлсөнд  халаалт, цэвэр, бохир, халуун усны сарын төлбөр 30000 төгрөгийг багтаан тооцож, халаалт, цэвэр, бохир, халуун усны төлбөрийг хөлслүүлэгч өөрөө төлж барагдуулж байх үүрэг хүлээсэн нь тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн О.Дашдэлэгийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Батзаяагийн “…гэрээний талаар бол мэдэхгүй. ******* ахыг байраа түрээслүүлнэ гэдгийг *******ад уламжилж байсан юм. Тухайн үед байрны түрээсийг сарын 150000 төгрөгөөр түрээслэнэ гэж ярьж байсан.  Амаар хоорондоо ярилцахдаа 150.000 төгрөгөөр түрээслэнэ гэж байсан байрыг 180000 төгрөгөөр түрээслье, та хэрэглээний мөнгөө төлөөд яваарай гэж ярьж байсан…”гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. /хх-42/

          Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******аас орон сууцны хөлсний  үлдэгдэл төлбөр 760.000 төгрөг, ашиглалтын зардал болох кабелийн телевизийн төлбөр 64000 төгрөг, хуурай хог хаягдлын төлбөр 30000 төгрөг, нийт 854.000 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцэх ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35361 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж буй хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25046 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох  үндэслэлтэй.

            Хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш нэхэмжлэгч *******аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсайханд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр олгосон итгэмжлэлийн төлөөлүүлэгч гэх хэсгийн дор түүний регистерийн дугаарыг буруу бичсэн нь хууль зүйн шаардлага хангахгүй гэж тайлбарлаж байгаа боловч шүүх үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн бөгөөд итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч нар гарын үсэг зурсаныг нотариат гэрчилж баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 854.000 /найман зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 429.798 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35361 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 25046 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс  зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

                   

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР