Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/139

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Хохирогч Д.Отгонцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүгдэгч Д.Баярсайхан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баярсайханд холбогдох эрүүгийн 1925001890119 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Б-г 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр Уртцагааны гудамжинд Д.Отгонцэцэгийн нүүрэн тус газарт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-гийн мэдүүлсэн: 3 дугаар сарын 7-нд хамт олонтойгоо караокед сууж байгаад харих замдаа АТМ орсон. Пин кодоо утаснаасаа харах гээд утсаа ухаж байхад Отгонцэцэг “хурдлаач” гээд орилсон. Тэгэхээр нь “байж бай” гэсэн чинь миний картыг авч шидээд өөрийн картаа хийхээр нь гарахдаа би гараараа савсан. Картыг нь хугалснаа мэдээгүй. Гэм буруугаа хүлээж байна. Эмчилгээний зардлыг нь өгье гэтэл 2,500,000 төгрөг нэхсэн. Дараа нь 1,500,000 төгрөг нэхсэн тул шүүхээр шийдвэрлүүлье гэж бодсон гэх мэдүүлэг,

- Хохирогч Д.Отгонцэцэгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Энэ хүн кодоо хийхгүй удаад утсаа оролдоод байсан. Би авч байх уу гэхэд хүлээж бай гэсэн. Тэгэхээр нь би хажуугаар нь орж картаа хийсэн.Тэгсэн чинь миний картыг авч хаяад намайг татаж гаргаад гараараа савж цохиод гарч явахаар нь араас нь зуурч цагдаа дуудсан. Миний шүд хугарсан. Имплант суулгуулая гээд асуухад энд 2,500,000 төгрөг гэсэн боловч баримт өгөхгүй гэсэн тул хот явсан. Хотод Смарт кроун гэх эмнэлэг 1,150,000 төгрөгөөр эмчилнэ гэж баримт хийж өгсөн тул энэ мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 215 тоот дүгнэлт”...Д.Отгонцэцэгийн биед нэг шүдний цөгцний хугарал, нэг шүдний холбогч эдийн үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн /хх-ийн 16-р хуудас/

-Гэрч М.Ганбатын ...”Би хараад сууж байтал АТМ-ын самбарны араас манай эхнэр нэг эрэгтэй хүнтэй барьцалдаад гараад ирсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад гараад яваад очиход надтай хамт ажилладаг Баярсайхан ах байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад манай эхнэр Отгонцэцэг миний шүдийг хугалчихлаа намайг цохиод гэж хэлсэн. Баярсайхан ах нилээд согтуу байсан. Гэхдээ намайг таниад байсан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудаад Баярсайхан ахыг эрүүлжүүлэх рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас /

-“Смарт кроун” ХХК-ний эмчийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/

-“Шигтгэмэл” шүдний эмнэлэгийн үнийн тариф гаргах тухай тодорхойлолт /ххийн 54-р хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ. Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө шүүгдэгч Д.Баярсайхан нь согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг Уртцагааны гудамжинд байх АТМ-ээс мөнгө авах гэж байхдаа Отгонцэцэгтэй үл ойлголцон улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед нь нэг шүдний цөгцний хугарал, нэг шүдний холбогч эдийн үрэвсэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон,

шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч Д.Баярсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Отгонцэцэгийг нүүрэн тус газарт цохиж нэг шүдний цөгцний хугарал, нэг шүдний холбогч эдийн үрэвсэл бүхий хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Б-ыг нь согтуугаар хохирогчийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрнө гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Отгонцэцэг “Смарт кроун” ХХК-ний эмчийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/гэх баримтыг үндэслэн 1,150,000 төгрөг нэхэмжилсэн байх боловч энэ баримт нь уг компаний шүдний эмчилгээ эрхлэх зөвшөөрлийг нотлохгүй байхын дээр, хохирогчийн шүдний дугаарыг зөрүүтэй бичсэн зэрэг шүүхийн шийдвэрт үндэслэх боломжгүй, нотолгооны шаардлага хангахгүй баримт байна.

Харин хэргийн 54-р хуудаст авагдсан Орхон аймгийн “Шигтгэмэл” ХХК-ний гаргасан тодорхойлолтыг үндэслэн 600,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Орхон аймагт Шигтгэмэл шүдний эмнэлэгт ажилладаг болох нь нийтэд илэрхий баримт тул шүүх шийдвэртээ үндэслэв. Хохирогч эмчилгээний илүү зардал гарвал шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй. Шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчид 600,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд бүрэн хэмжээгээр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж, хохирогч эмчилгээний нэмэлт зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ               ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд бүрэн хэмжээгээр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж, хохирогч эмчилгээний нэмэлт зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

                                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ               ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ