| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 306/2025/00241/И |
| Дугаар | 216/МА2026/00005 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 216/МА2026/00005
| 2026 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 216/МА2026/00005 |
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 306/ШШ2026/00030 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г аймаг дахь Ш ш г г- дугаар н х а холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136/19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, “Б ү” ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сонинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Юмжирмаа, нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.1. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь манай компанид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа дараах хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. Үүнд:
1/ Эсгийний үйлдвэрийн барилга дахин давтан битүүмжилсэн тухай. Тухайн үл хөдлөх хөрөнгийг (эсгийний үйлдвэрийн барилгыг) өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжилсэн байтал дахин давтан 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийг хураах, шилжүүлэх журмын үндсэн зарчим, дарааллыг зөрчиж болзошгүй байна. Хэрэв өмнөх тогтоол нь хууль болон процессын шаардлагыг зөрчсөн буюу хууль бус байсан бол бид тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл авч, өр төлбөрөө төлж барагдуулах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой байлаа. Энэ талаар манай компанийн зүгээс эсгийний үйлдвэрийн өмнөх тогтоолоос чөлөөлүүлэх хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч уг хүсэлтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Төрийн албаны удирдлагын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу тохирох хугацаанд албан ёсны бичгээр хариу өгөөгүй нь эрх бүхий байгууллага ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг зөрчиж, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
2/ “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн ч мэдэгдэл өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох талуудад заавал мэдэгдэх, шийдвэрийн хуулбарыг гардуулах үүрэгтэй байтал “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрх түдгэлзүүлсэн тухай бидэнд албан бичиг, мэдэгдэх хуудас огт ирүүлээгүй. Энэ нь Компанийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан сонирхогч этгээдэд шийдвэрээ танилцуулах, мэдээлэх үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Улсын бүртгэлийн эрх түдгэлзэх нь компанийн үйл ажиллагаа явуулах, гэрээ хийх, санхүүгийн харилцаанд орох боломжийг шууд хязгаарладаг ноцтой үр дагавартай шийдвэр тул хуульд заасан бүрэн бичиг баримт, үндэслэлийг танилцуулах шаардлагатай. Гэвч бидэнд холбогдох шийдвэр огт танилцуулагдаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны, ил тод байх зарчимтай нийцэхгүй байна. Мөн хууль зүйн үндэслэл, гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй байгаа.
3/ Манай эзэмшилд байхгүй 13000 мкв газрыг дахин битүүмжилсэн тухай.
Г-1901000078 дугаартай, 13000 мкв талбай бүхий газар нь өмнө нь Голомт банкны гүйцэтгэх ажиллагааны үр дүнд тус банкны өмчлөлд шилжсэн байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дахин уг газрыг манай нэр дээр байна хэмээн үзэж, битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан Шийдвэр гүйцэтгэхэд хамрагдах эд хөрөнгө нь өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц, харьяалал нь тодорхой, эзэмшигч нь тогтоогдсон байх шаардлагыг зөрчиж байгаа бөгөөд бидний эзэмшилд байхгүй хөрөнгийг үндэслэлгүйгээр битүүмжилж буй хууль бус үйл ажиллагаа юм. Дээр дурдсан нөхцөл байдал нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн өр төлбөрт дүйцэхүйц хэмжээний эд хөрөнгийг хуульд заасан журмаар битүүмжлэх, дуудлага худалдаагаар борлуулах зэргээр хэрэгжих ёстой гэсэн зарчмыг зөрчиж байна. Тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь сулруулж, үйлдвэрлэлийг боймлох зорилготой арга хэмжээ авагдаж байгаа мэт сөрөг үр дагавар үүсэж байна. Одоогийн арга хэмжээнүүд нь манай үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, өр төлбөр барагдуулах биш харин үйлдвэрлэлээ зогсооход хүргэх, улмаар санхүүгийн хүндрэл улам нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байна. Иймд, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах шаардлагыг гаргасан.
1.2. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/01 дугаар тогтоолоор өмнө гаргасан битүүмжлэх болон хураах тогтоолуудыг хүчингүй болгосон нь тухайн тогтоолууд хууль зөрчсөн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна. Гэсэн атлаа уг шийдвэрийн дараа дараах шинэ тогтоолуудыг гаргасан нь өмнөх хууль зөрчсөн үйлдлийг нэр өөрчлөн үргэлжлүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй алхам болсныг нотолж байна. Иймд, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
1.3. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан агуулахын түрээсийн гэрээтэй холбоотойгоор үүссэн 35,425,000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 186,000,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Энэ ажиллагааны хүрээнд “Б ү” ХХК-аар нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа барилга байгууламж, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг үл хөдлөх болон эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Барилга байгууламжийг 485,465,674 төгрөгөөр, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 16,598,400 төгрөгөөр тус тус үнэлсэн болно. Гэвч дээрх үнэлгээ дараах шалтгаануудын улмаас үндэслэлгүй, хууль ёсны шаардлага хангаагүй хэмээн бид үзэж, нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт Газрын үнэлгээ зөрүүтэй, бараг тусгагдаагүй. Барилга доорх газрын зах зээлийн үнэ цэнэ үнэлгээнд бараг тусгагдаагүй. Гэтэл уг газар нь үйлдвэрлэлийн зориулалттай, байршлын хувьд үнэ цэн бүхий газар юм. Бүх үзүүлэлтээрээ харьцуулахад дээрх үнэлгээ нь бодит зах зээлийн үнэлгээнээс хэт бага тогтоогдсон байна. Энэ нь эдийн засгийн ноцтой хохирол учруулах нөхцөлтэй. Хоёрдугаарт Хууль зүйн үндэслэлгүй болох нь цаг хугацааны зөрүүгээр нотолж байна. Үнэлгээний тайланд дурдсанаар үнэлгээ хийлгэх шийдвэр буюу тогтоол нь 2025 оны 06-р дугаар сарын 13-ны өдөр гарсан гэж тэмдэглэгдсэн байна. Гэтэл үнэлгээний үзлэг, актыг 2025 оны 05 дугаар сарын 21-нд буюу тогтоолоос өмнө хийсэн байх нь тогтоогдож байгаа нь цаг хугацааны хувьд зөрчилтэй, хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг илтгэж байна. Үнэлгээ хийх үндэслэл болох тогтоол гарахаас өмнө, хууль ёсны шийдвэргүйгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгдсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйл-д заасан хуульд нийцээгүй үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгох нөхцөлд хамаарна. Иймд, “Б ү” ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах гэжээ.
Г Г аймаг дахь Ш ш г г- дугаар н х а 27 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Юмжирмаа би тус газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00024 дугаартай захирамжаар “Ч” хувьцаат компаниас 146,220,674 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Ч х хувьцаат компани шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөр төлж барагдуулаагүй тул “Ч” хувьцаат компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1900100122 дугаартай Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Засаг даргын Тамгын газрын улаан грашийн зүүн талд байрлах 340 м2 талбайтай эсгийний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг нэхэмжлэл дээрээ 08-ны өдрийн 20060136/10 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Уг хөрөнгийг битүүмжилснээс хойш 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20060136/09 дугаартай битүүмжлэх, хураах, чөлөөлөх тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор чөлөөлсөн тул 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136/10 дугаартай хөрөнгийн эрх битүүмжлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасны дагуу хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан. Төлбөр төлөгч “Ч” хувьцаат компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 190100122 дугаартай Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Засаг даргын Тамгын газрын улаан грашийн зүүн талд байрлах 340.6 м2 талбайтай эсгийний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20060136/10 дугаартай битүүмжлэх тогтоолын нэг хувийг тухайн өдрөө баталгаат шуудангаар явуулсан. Төлбөр төлөгч “Ч” хувьцаат компанийн 25 хувийг эзэмшигч О-С газрыг түүхчилсэн лавлагаа, кадастрын зураг, мөн газрын хэмжээ өөрчлөгдсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дахь заалтыг үндэслээд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20060136/12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20060136/14 дугаартай тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20060136/16 дугаартай шинжээч томилох тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/01 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон. Төлбөр төлөгч “Ч” хувьцаат компанид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан хууль журмын дагуу ажиллагаагаа явуулж байна гэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, Б ү ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах шаардлагын тухайд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 306/ШЗ2025/00842 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О давж заалдах гомдлын агуулга:
Энэхүү маргаан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах битүүмжлэл, үнэлгээ, хураалт болон эдгээртэй уялдсан бүртгэлийн асуудлын хууль ёсны эсэхийг шүүхийн журмаар шалгуулах гэсэн нэгэн зорилготой. Гэтэл анхан шатны шүүх процессын хууль зүйн үндсэн зарчмуудыг буруу хэрэглэсэн, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны давж заалдах шатны магадлалыг биелүүлээгүй, хэргийн материалаа нарийн судалж бүрэн ойлгоогүй, өмнөх анхан шатны шүүгчийн алдааг давтаж бидний хууль ёсны эрхээ шүүхээр хамгаалуулах боломжийг үндэслэлгүйгээр хаасан тул хууль хэрэглээний алдааг зайлшгүй засуулах шаардлагатай болов. Үүнд:
1/ Анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны 306/ШШ2026/00030 шийдвэрт нэхэмжлэгч компанийн хууль ёсны төлөөлөгч (гүйцэтгэх захирал)-ийг “итгэмжлэгдсэн төлөөлөгч" гэж, мөн ургийн овгийг З байтал "Б” гэж буруу тэмдэглэсэн нь оролцогчийн мэдээлэл, төлөөлөх эрхийн байдлыг зөв тогтоосон эсэхэд эргэлзээ үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичгийн бүрдэлд доголдолтой гаргасан буюу хэргийн материалаа дутуу судалсан.
2/ Мөн шийдвэрт “Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00024 дугаартай захирамжаар “Ч” ХХК-аас 146,220,674 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 134/ГX2020/00073 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.” гэж албадлагын ажиллагааны зорилго, хүрээ, үндэслэлийг дутуу тодорхойлсон байна. Учир нь манай компани нь тус шийдвэрийн өр төлбөрөөс 58,000,000 төгрөг төлсөн. Энэхүү иргэний хэргийн маргаан нь гурван өөр гүйцэтгэх хуудасны дагуу өөр дүнгээр явагдаж байгаа тул “ганц шийдвэр"-ээр суурь нөхцөлийг тогтоосон нь хэрэгт хамаарах бүх суурь баримтыг бүрэн хамруулаагүй байна. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 216/МА2025/00006 магадлалд “...хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж тусгайлан дүгнэсэн байхад дээд шатны байгууллагын чиглэлийг биелүүлсэнгүй.
3/ ... үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн болон хураасан шийдвэрийг цуцалж чөлөөлсөн байна гэсэн байна гэж дүгнэсэн. Энэхүү дээд шатны байгууллагын цуцалсан шийдвэрийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагадаа оруулсан нь манай компанид гардуулж өгөхгүй удсантай холбоотой. Бид 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэж байхад нь бидний дээд шатны байгууллагад гаргасан гомдлын хариуг гардуулаагүй байж дараагийн ажиллагааг явуулах ёсгүй гэсэн шаардлага тавьсан боловч гомдлын хариуг өнөөдөр шууданд хийсэн гэх мэт өөрсдийн биеэр үйлдвэр дээр хүрэлцэн ирсэн бөгөөд илт доромжилсон хандлага гаргасан. Бид шууданд хийсэн эсэхийг мэдэх аргагүй тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн. Мөн “өөрөөр хэлбэл уг эд хөрөнгийг давхардуулан битүүмжилж, хураах ажиллагааг явуулаагүй байна” гэж дүгнэсэн нь хэргийн материалд байгаа 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлж давхардуулаагүй гэж буруу үнэлсэн. Манай компани энэхүү битүүмжлэх тогтоол үйлдсэн өдрөөс эхлэн өнөөг хүртэл үр дагавар нь үйлчилсэн хэвээр байна. Мөн бид НДШ өр төлбөрөөс 58,000,000 төгрөг, агуулахын түрээсийн төлбөрөөс 5 сая төгрөгийг барагдуулсан. Энэ битүүмжилсэн тогтоолыг чөлөөлж өгөхийг хүсэн албан бичиг удаа дараа гаргаж байсан, учир нь бид зээл авч богино хугацаанд өр төлбөрөө барагдуулах боломжтой болохыг дурдсан. Бид сайн дураараа өр төлбөрөө барагдуулах оролдлогыг хэрэгжүүлж байсан. Энэ талаар бүх шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байсан.
4/. ... Анхан шат “дээд шатанд гомдол гаргасан, тэндээс хуульд нийцнэ гэсэн хариу ирсэн” гэдгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн, улмаар улсын бүртгэл түдгэлзүүлэлт хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Гэтэл эрх бүхий байгууллагаас “ерөнхий хариу” ирсэн эсэх нь шүүхийн бие даасан хяналтыг орлохгүй бөгөөд шүүх маргааныг хууль хэрэглээ, нотлох баримтын үнэлгээгээр өөрөө бүрэн шалгах үүрэгтэй. Иймээс “гомдолд тийм хариу өгсөн” гэх ганц үндэслэлээр ажиллагааг хууль ёсны гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх зөвхөн “44.2.14-т төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна” гэж эшлээд, тухайн заалт хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд бодитоор бүрдсэн эсэх (өрийн бодит үлдэгдэл, төлбөр шаардах ажиллагаа, хугацаа, албадлагын арга хэмжээ, хэрэглэх шаардлага гэх мэт)-ийг нотлох баримтаар тогтоож дүгнээгүй. Өөрөөр хэлбэл өр төлбөртэй бол их, бага, ямар хэмжээтэй байхаас үл хамааран хуульд гэж заасан ишлэл аваад л хязгааргүй үйлчлэх ёстой мэтээр тайлбарлажээ.
5/ ... нэхэмжлэгч “Ч” ХХК нь дээрх хуулийн зохицуулалтаар 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолуудад зохих шатны албан тушаалтнуудад гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлээгүй байна.” гэж дүгнэсэн нь хэрэгт хамаарах бодит нөхцөл, хугацааны дарааллыг харгалзаагүй, үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 нь талуудад гомдлын эрх олгож, эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжийг хангах зорилготой. Гэтэл энэ хэргийн нөхцөлд шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 06 дугаар сарын 13-ны тогтоолын гомдлын хугацаа дуусаагүй байхад 2025 оны 06 дугаар сарын 19-нд үнэлгээ хийж, ажиллагааг үргэлжлүүлсэн тул нэхэмжлэгчийг "урьдчилан шийдвэрлүүлээгүй" гэж дүгнэх нь шалтгаан ба үр дагаврыг урвуулсан, бодит боломж олгогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчид хариуцлага үүрүүлсэн алдаа юм.
6/ ...үнэлгээний талаарх мэдэгдлийн ... 55.7-д заасан 7 хоног нь 55.3-ын дагуу “мэдэгдсэн өдөр”-өөс тоологдох бөгөөд 55.3 нь зөвхөн шуудангаар хүргүүлэх төдий бус, тайланг танилцуулах, талуудын санал хүсэлтийг авах, энэ талаар тэмдэглэл хөтлөх иж бүрэн ажиллагаа юм. Түүнчлэн шүүх “шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний тэмдэглэл”-ийг дурдсан атлаа тайланг 2025 оны 06 дугаар сарын 27-нд гардан авсан гэж тогтоосон нь огнооны хувьд логикийн зөрчилтэй (тайлан гардаж авахаас өмнө 55.3-ын “танилцуулж санал авах тэмдэглэл” бодитоор бүрдсэн гэж үзэх боломжгүй). Иймд 55.3-ын ажиллагаа бодитоор бүрэн хэрэгжсэн эсэх, “мэдэгдсэн өдөр” яг хэдийд болсон нь нотлох баримтаар тодорхой тогтоогдоогүй байхад хугацааг эхлүүлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
7/ ...хууль бус ажиллагааны улмаас хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах шаардлагыг байгууллагын удирдлагад гаргах дотоод гомдлын асуудал мэтээр буруу тайлбарлаж, "шүүхээс шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн тавьсан асуудал нь сахилгын дотоод хариуцлага тооцуулах тухай биш, харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль ёс, түүнээс үүдсэн эрх зөрчил, үр дагаврыг арилгуулах иргэний эрх зүйн хамгаалалт шаардаж буй маргаан тул шүүх маргааны шаардлагын агуулгыг зөв тодорхойлж, шаардлагын хүрээнд шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой байдлаар тодруулах боломжийг ханган хянан шийдвэрлэх ёстой байтал уг боломжийг эдлүүлэлгүйгээр шууд “шийдвэрлэх боломжгүй” гэж үзсэн нь нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах зарчимд нийцэхгүй юм.
8/ ... магадлалаар 306/ШШ2025/00263 шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж тодорхой чиглэл өгсөн байтал өмнөх анхан шатны шүүхийн шийдвэртэй ижил алдааг давтсан буюу дээд шатны шүүхийн чиглэлийг биелүүлээгүй шийдвэр боллоо.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 306/ШШ2026/00030 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сонинбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр, ангор түрээс буюу агуулахын түрээсийн төлбөртэй холбоотой 2 удаагийн шүүхээр эвлэрлийн гэрээгээр шийдэгдсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, ангор түрээс буюу агуулах түрээсийн төлбөр гэсэн 3 өр төлбөртэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ ажиллагаанууд явагдахдаа хугацааны хувьд өөр өөр байгаа. 3 өөр шийдвэр гүйцэтгэх хуудастай явж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодруулж хэлэх зүйл байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хэт замбараагүй, ойлгомжгүй, журам зөрчсөн, хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. 04 дүгээр сард үйлдсэн тогтоолууд дээр урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа буюу, удирдах байгууллагад нь гомдол гаргасан. Гомдлын хариуг бид нарт гардуулаагүй байж дараагийн буюу 06 дугаар сарын 13-ны өдрийн битүүмжлэх, хураах тогтоолуудыг үйлдсэн байгаа. Тийм учраас манай компанид байхгүй 1,3 га газрыг битүүмжилсэн хураасан энэ үйлдлүүдийг дээд шатны байгууллага нь цуцалсан. Нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа. Яагаад нэхэмжлэлдээ дурдсан бэ гэхээр бид нарт цуцалсан баримтаа гардуулж өгөөгүй, дараагийн ажиллагаа явуулсан. Өмнөх тогтоол нь хүчинтэй юм уу, энэ тогтоол нь хүчинтэй юм уу гэдэг ойлгомжгүй байдал хариуцагч талаас гаргасан. Манай гомдлын хариуг өгөөгүй байж яагаад энэ ажиллагааг явуулж байгаа юм бэ гэхэд гомдлын хариу гарчихсан гэж хэлсэн. Та нар авч ирэхгүй яасан юм бэ гэж шаардлага тавихад шууданд хийсэн гэсэн. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай компанид битүүмжлэх, хураах тогтоол үйлдсэн байгаа. Өмнөх шийдвэрээ танилцуулахгүй энэ ажиллагааг явуулж байгаа. Шаардахаар бид нарт өгдөггүй. Тийм учраас өмнөх хүчингүй болсон тогтоолуудыг нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байгаа. Хоёрдугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хугацаа заасан байгаа. Жишээлбэл 06 дугаар сарын 12, 13-ны өдрийн битүүмжлэх, хураах тогтоол үйлдээд манай компанид урьдчилсан шийдвэрлүүлэх боломж олгохгүй байгаа. Хуулиар олгогдсон хугацаандаа гомдлоо гаргах эрхийг авч хэлэлцэхгүй дараагийн ажиллагаа явуулсан. Ийм учраас шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тогтоол үйлдээд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээ нь гараад ирсэн. Энэ 6 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Өмнөх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж амжаагүй байхад үнэлгээ гаргахаар манай зүгээс үнэлгээнд давхар гомдол гаргахаас өөр аргагүй болж байгаа. Хуулийн хугацаа тоолоод байвал өөрт хуулиар олгогдсон эрхийг хамгаалах боломж олгохгүй байгаа учраас бид нар урьдчилан шийдвэрлэж чадахгүй байсан. Энэ үнэлгээ нь өмнөх тогтоолын үзлэг хэлбэрээр яваад байгаа. 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээ, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолууд дээр үндэслэж шийдвэр гаргаж байгаа. Гэтэл хүчингүй болсон тогтоолын үнэлгээ нь хүчинтэй хэвээрээ манай хөрөнгийг битүүмжилж байгаа. Шүүхээс хүсэж байгаа зүйл бол манай компанид тавигдаад байгаа тогтоол хууль ёсны тогтоол юм уу, үүнийг баримтаар нотлуулмаар байна. Ерөнхий хандлага бол манай компани өр төлбөртэй нь үнэн, өр төлбөрөө төлөхөөр хүсэлт тавьж, тодорхой хэмжээний төлөлт тавьж үүргээ биелүүлэх гэж ажилласан. Өр төлбөрийг төлөх тал дээр давхардуулсан тогтоолууд компанийн үйл ажиллагааг хязгаарлаад байна. Энэ давхардуулсан тогтоолуудаа больж өгнө үү гэдэг асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тавьж байсан. Ямар тогтоол вэ гэхээр эд хөрөнгө 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжлэгдсэн. Бид нар энэ хөрөнгөө эргэлтэд оруулаад зээлээ төлье гэх хүсэлт тавихаар хариуцагч хүлээж авдаггүй. Бизнес эрхлэгч нар цаанаасаа төсөв мөнгө гэж байдаггүй. Өөрсдөө орлого олж байж үйл ажиллагаагаа явуулдаг. Ихэнх компаниуд үл хөдлөх хөрөнгөө барьцаалж эргэлтийн хөрөнгө үүсгэж ашиг орлого олж, өр төлбөрөө төлдөг гэх хүсэлт удаа дараа тавьсан. Тэгэхээр давхардуулсан гэдэг асуудал хүчингүй болсон тогтоол дээр давхардсан гэсэн утгатай биш. Өмнө нь битүүмжлэгдсэн, дараа нь дахин битүүмжлэгдсэн. Энэ 4-5 жилийн хугацаанд хөрөнгөө эргэлтэд оруулах боломж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэгдээгүй байна гэдэг дээр өөрсдөө тогтоогоогүй байгаа. Хоёрдугаарт хуульд зааснаар улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлж болно гээд заасан байгаа. Гэхдээ ямар тохиолдолд хэрэгжүүлэх ёстой вэ, манай компанид энэ хуулийн заалтыг ашиглахаас аргагүй нөхцөл байдал үүссэн юм уу гэдгийг тодруулаагүй буюу баримтыг дутуу шинжлэн судалсан байна гэсэн гол үндэслэл байгаа. Өмнө нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн. Давж заалдах шатны шүүхээс даалгасан даалгаврыг огт биелүүлээгүй, дутуу биелүүлсэн зүйл ажиглагдаж байгаа. Өмнөх давж заалдах шатны шүүхийн даалгаврыг биелүүлээгүй, хэргийн материалыг дутуу шинжлэн судалж дүгнэлт гаргасан байна гэсэн үндэслэл байгаа гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Юмжирмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/24 дүгээр захирамжаар “Ч” ХХК-аас 146,220,674 төгрөгийг гаргаж нийгмийн даатгалын хэлтэс олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслээд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хууль ёсны дагуу шинжээч томилоод давхар бүртгэсэн гээд байгаа 13000 м2 газрыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон. Нотлох баримт нь байгаа. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/01 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай төлбөр төлөгч “Ч” ХХК нь төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул Улсын бүртгэлийн 1901001222 дугаартай Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1 дүгээр баг, Засаг даргын Тамгын газрын улаан гражийн зүүн талд байрлах 340,6м2 талбайтай эсгийний үйлдвэрийн зориулалттай хөрөнгийг газрын хамт битүүмжилсэн, хураасан хөрөнгийг хүчингүй болголоо гэж байна. “Б ү” 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 200601363/16 дугаартай шинжээч томилох тогтоолыг хүчингүй болгоод дараа нь зөвтгөж ажиллагаагаа явуулсан байгаа. Мэдэгдлийг үнэлгээний тайлан гарснаас хойш ажлын 3 хоногт хүргүүлэх ёстой байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчний тогтоосон болон үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж байгаа. 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Ч” ХХК-д хүргүүлсэн гээд шуудангийн тэмдэгтэй. Би өмнө нь нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Гарын үсгээ зураад авсан. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний талаар хуулийн хугацаандаа мэдэгдсэн байгаа. Харин “Ч” ХХК гомдлоо хуулийн хугацаа өнгөрснөөс хойш гаргасан. Үүнийг өөрсдөө ч гэсэн мэдэж байгаа. Анхан шатны шүүх болон давж заалдах шатын шүүх дээр гомдол гаргах хугацаа хэтэрсэн гээд шийдэж байгаа гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
1. Нэхэмжлэгч Г а Нийгмийн д х нэхэмжлэлтэй хариуцагч “Ч” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алданги нийт 214,300,494 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь алданги 68,079,817 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 146,220,674 төгрөгийг хариуцагч нь хугацаа тохирч төлж барагдуулахаар харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний 134/ШШ2020/00024 дугаар захирамжид төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон.
2. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Г Г аймаг дахь Ш ш г г- дугаар н х а холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20060136/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136/19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, “Б ү” ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг гаргасан байх ба хариуцагч нь “шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр маргаж, хүлээн зөвшөөрөөгүй.
3. Анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргажээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангалаа.
Учир нь, нэхэмжлэлийн шаардлагуудын заримыг шүүх шууд хүлээн авч шийдвэрлэхгүй, зарим нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчигдсөн, ингэснээр нэхэмжлэлийн шаардлага бүр нь өөр хоорондоо ялгаатай шийдвэр гарахаар байхад анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
4.1. Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг ЗДТГазрын улаан гражийн зүүн талд байрлах 340,6 мкв талбайтай эсгийний үйлдвэрийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20060136/10 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан журмын дагуу явуулсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.
Учир нь, төлбөр төлөгчийн гаргасан дээрх ажиллагаатай холбоотой гомдлыг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар урьдчилан шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн /1хх-10/, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20060136/09 дугаар “Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай” тогтоолоор өөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой битүүмжлэгдсэн байсан эсгийний үйлдвэрийг битүүмжлэлээс чөлөөлсний дараа /1хх-119/, ... 134/ШШ2020/00024 дугаар шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах зорилгоор дахин битүүмжилснийг нэг эд хөрөнгийг давхардуулан битүүмжилсэн гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс тухайн эд хөрөнгийг хураасан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20060136/14 дугаартай тогтоолтой холбоотой шаардлагыг шүүхэд гаргаагүй тул шүүх дүгнэлт хийхгүй.
4.2. Тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрыг битүүмжилсэн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20060136/12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч уг шаардлага нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136/17 тоот газар битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах /1хх-40/, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136/19 тоот газар хураах тогтоолыг хүчингүй болгуулах /1хх-43/ нэхэмжлэлийн шаардлага болж өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.
Учир нь, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/01 дугаар тогтоолоор /1хх-34/ ...20060136/12, ...тогтоолуудыг хүчингүй болгосны дараа 20060136/17 тоот газар битүүмжлэх, 20060136/19 тоот газар хураах тогтоолууд дахин гарч, нэхэмжлэгч 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан байна.
4.3. Мөн “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20060136/12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах /1хх-175/ шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо 2хх-ийн 76 дугаар талд авагдсан 01/784 дүгээр албан бичгийг үндэслэн уг шаардлагатай холбоотой асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн мэтээр дүгнэсэн нь буруу байна. Тухайлбал, уг албан бичгээр эсгийний үйлдвэрийг битүүмжилсэн болон 13000 мкв газар битүүмжилсэнтэй холбоотой ажиллагааны талаар дээд шатны албан тушаалтан дүгнээд, газар битүүмжилсэн тогтоолыг хүчингүй /1хх-34/ болгон шийдвэрлэсэн ба ...эрхийг түдгэлзүүлсэн тогтоолтой холбоотой асуудал хөндөгдөөгүй.
Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2016/МА2025/00006 дугаар магадлалд “...нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгө битүүмжлэх, хураах, улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах ...шаардлагуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэнд хамаарна” гэж дүгнэсээр байхад “...дахин нэхэмжлэл гаргах шаардлагын тухайд энэ шийдвэр саад болохгүй” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон, ингэснээр нэхэмжлэгч энэ үндэслэлээр шүүхэд дахин хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг шууд хаасан нөхцөл бүрдсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүх нэг маргааныг нэг удаа хэлэлцэж, таслан шийдвэрлэх зарчимтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол” гэснээр шүүгч иргэний хэрэг үүсгэлгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай.
Төлбөр төлөгчийн зүгээс газар битүүмжлэх, хураах, улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан журмын дагуу гомдол гаргаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иймд, дээрх шаардлагуудын талаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байхад дараагийн арга хэмжээнүүдийг авсан гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой” үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.4. Хууль бус шийдвэрийн улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь, энэ асуудлаар дээд шатны албан тушаалтанд хандаагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэгт энэхүү шаардлага хамаарахгүй.
4.5. “Б ү” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Т/2516 дугаартай /1хх-148-157/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэлт хийсэн.
Гэхдээ хариуцагч буюу шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийг томилох тогтоол гаргахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй болох нь тогтоогдож байна.
Тухайлбал, дээр дурдагдсан 20060136/17 тоот газар битүүмжлэх, 20060136/19 тоот газар хураах тогтоолуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэснээр төлбөр төлөгчөөс гомдол гаргах 7 хоногийн хугацаа дуусаагүй байхад, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55.2-т “Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж тус тус заасныг баримтлалгүй “Шинжээч томилох тухай 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20060136/20 дугаартай тогтоолыг /1хх-144/ гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулж, тогтоол нь хүчин төгөлдөр болсны дараа талуудад үнийн санал өгөх хугацаа олгож, харилцан тохиролцсон бол тухайн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох боломжтой. Харин талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож, улмаар хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаа явуулах нөхцөл бүрдэх юм.
4.6 Нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д зааснаар 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 306/ШЗ2025/00842 дугаартай шүүгчийн захирамжаар /1хх-95-96/ “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн” нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж, иргэний хэрэг үүсгэж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болсон. Учир нь, нэхэмжлэлд заасан уг асуудал нь бие даасан шаардлага бус, хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гаргасан гомдолтой холбоотойгоор эрх нь зөрчигдөхөөс сэргийлж гаргасан хүсэлт байна.
Иймд, хариуцагч хуульд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй, төлбөр төлөгчийн эрхийг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангаж, үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.
5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Л.О нь компанийн хууль ёсны төлөөлөгч байхад “итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэж, ургийн овгийг “З” гэдэг байхад “Б” гэж шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрт буруу бичсэн гэсэн гомдол гаргасан нь үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж байна.
6. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгон өөрчилж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас, анхан шатны шүүхэд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгнөөс 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7. Мөн нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөг төлснийг гомдлын зарим хэсэг хангагдсан үндэслэлээр орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 306/ШШ2026/00030 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г аймаг дахь Ш ш г г- дугаар н х а холбогдох 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20060136/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,
мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Т/2516 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136/17 дугаартай газар битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136/19 дугаартай газар хураах тогтоол 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20060136/12 дугаартай “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгнөөс 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж,
3 дахь заалтыг бүхэлд нь хасч, өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ