| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2025/00063/И |
| Дугаар | 207/ма2026/00022 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 207/ма2026/00022
| 2026 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 207/МА2026/00022 |
2026 02 12 207/МА2026/00022
С.***********гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Г.***********, Э.*********** нарт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/02159 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : С.***********гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.***********, Э.*********** нарт холбогдох,
“2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 101.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч, С.***********, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, Р.Цэрэнханд нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Р.Цэрэнханд, хариуцагч Г.***********, Э.***********, хариуцагч Э.***********ын өмгөөлөгч Н.Мөнхнаран, Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Миний бие С.*********** нь өөрийн хүү Г.***********ыг өрх тусгаарлаж, өөрийн гэсэн орон байртай болох хүсэлтийг хүлээн авч, 101,000,000 төгрөг бэлэглэсэн. ***********, Эрх чөлөөний өргөн чөлөө гудамж ***********тоот орон сууцыг авахад нь эхлээд 10,000,000 төгрөгийг 2023.06.19-ний өдөр тэтгэврийн зээл авч өгсөн. Дараа нь өөрийн орон сууцаа зарж 80,000,000 төгрөгийг 2023.07.18-ны өдөр хүү Г.***********ы данс руу хийсэн. Ингээд хүү Г.***********, Э.*********** нар 2023.08.23-ны өдөр орон сууцтай болсон. Үүнээс өмнө хүү Г.***********ыг гэрлээгүй байхаас эхлэн орон байртай болгох санаатай Уурхайчин 2 хороололд 11,000,000 төгрөгийн урьдчилгааг мөн өгч байсан, байр баригдаагүй учраас мөнгийг буцаан Г.***********д хожим өгөхөд Г.***********, Э.*********** нар автомашин авсан. Г.***********, Э.*********** нар гэр бүлийн баталгаатай, амьдрал тогтвортой, үр хүүхдүүд нь элэг бүтэн сайхан амьдраг гэж өөрийн орон байраа зарж, өөрийн орон гэргүй болж, тэдэнд орон сууц бий болоход нь хувь нэмэр болж, мөнгийг бэлэглэсэн байтал, Э.*********** нь өдөр шөнөгүй шахуу намайг дарамталж, элдвээр хараан зүхэж, үхээч гэж хэлж, сүүлдээ нойргүйдэж, сэтгэл санаа тогтворгүй болж, ялихгүй зүйлээс хүртэл цочирдож, айдаг, байнгын зүрх өвдөж салгалдаг, байнга уйлж хямарсаар байгаад сүүлдээ сэтгэцийн эмгэгтэй болсон байна гэх оноштойгоор эмнэлэгт хэвтээд гарлаа. Учир нь Э.*********** нь байнга хүүхдийг чинь шоронд хатаана, амьдралыг нь там болгоно гэж хэлэхээс гадна байнга доромжилж элдэвлэх болсон ба хүүг маань цагдаад өгчихдөг. Шалтгаан нь хүү Г.*********** нь сайхан амьдруулахгүй, чөлөөтэй байлгахгүй, найз нөхөдтэй дураараа явах боломжгүй байлгаж байна, найз нөхөдтэйгээ шоудаад ирэхээр хэрүүл болгоод байна, хэрүүл хийхээр намайг зодож байна, хутга барьсан, надад гар хүрсэн, цагдаад өгч арга хэмжээ авхуулна гэх болсон. Олон удаа цагдаад дуудлага өгч бариулсан, тэр болгон нь худлаа байдаг. Тэдний бие биенээ чадах гэсэн янз бүрийн арга нь намайг огт тайван байлгахгүй болсон. Байнгын гөлгийг чинь цагдаад өгсөн, очиж авна биз, гэрээс хүүг чинь хөөгөөд явуулчихлаа ирж авна биз, ирж авахгүй бол цагдаад өглөө, шоронд явуулж байж санаа амарна, гөлгөөс чинь сална гэх зэргээр хэлдэг. Элдвээр намайг хэлэхдээ бузар авгай, балай авгай, чи ийм болохоор хүүхэд чинь ийм эргүү гөлөг, тэнэг мангар байгаа юм гэх зэргээр харааж зүхэхдээ шөнө дунд, өглөө үүрээр дуртай цагтаа утсаар залгаж, мессэж бичдэг. Шөнөөр утасдаад одоо хүүхдийг чинь шоронд явуулж байна гэх зэргээр орилж чарлаж, ярих тохиолдол байнга байх бөгөөд орой болгон шахуу мессеж бичиж дарамталдаг. Арга бараад хүүхэдтэйгээ ярихаар эхнэр шоудаад хоногоор шөнө дундуур, өглөөгүүр орж ирэх юм, хүүхдүүдийг эзэнгүй орхисон байх юм тэгээд хэлэхээр шууд цагдаад дуудаж өгөөд зодсон гээд гүтгэчих юм, би ингэж амьдарч чадахгүй, хадам ээж энэ бүгдийг мэдэж байгаа, хадам ээж охиндоо шаардлага тавихаар бид хоёрыг хоёуланг нь цагдаад өгчих юм арга бараад байна. Машин согтуу жолоодоод, эрэгтэй залуучуудтай наргиад явчих юм, боль гэхээр нөгөө залуучуудаараа хүртэл дарамтлуулах юм, тухайн залуучууд нь чи зайлчихвал би эхнэрийг чинь хайрлаад амьдарна гэх зэргээр элдвээр хэлж дарамтлаад байна гэдэг. Энэ байдлыг удаан хугацаанд би тэвчих боломжгүй миний эрүүл мэндэд асар их сөргөөр нөлөөлж, сүүлдээ эмнэлгийн тусламж авахад хүрч, байнгын нойрны эм хэрэглэдэг болсонд маш их гомдож байх тул хүү Г.***********тай байгуулсан 2023.07.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байранд зориулж өгсөн, нийт 101,000,000 төгрөгийг хүү Г.***********, Э.*********** нараас гаргуулах хүсэлтэй байна, “... хариуцагч Г.***********, Э.*********** хоёрыг айл гэр болоход нь сайхан амьдраарай гээд 101,000,000 төгрөг өгсөн. Гэвч сүүлийн үед байнга гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэж, нэгнийгээ цагдаад өгөх болсон. Г.***********ыг Э.***********тай суухаас өмнө Уурхайчин хороололд захиалга өгсөн боловч тухайн байр баригдаагүй буцаан олголт орж ирсэн. Буцаан олголтын 19,000,000 төгрөгийг хариуцагч Э.***********, Г.*********** нар машин авахдаа зарцуулсан. Э.***********, Г.*********** нар намайг маш их гомдоож байна. Сүүлдээ намайг нийлж цохиж, зодож байгаа. Шөнийн 3 цагт хүүхдээ хүлээж аваарай гээд л залгадаг. Г.*********** 2024 оны 04 дүгээр сараас эхлэн гэртээ амьдраагүй, гадуур дотуур тэнээд байгаа. Сүүлийн үед дандаа мөнгө нэхэж залгаж байгаа бөгөөд энэ асуудлаас болоод миний хувьд амар тайван байж чадахгүй байна. Сэтгэцийн эмнэлэгт хэвтээд эрүүл мэнд минь дээрдэж байсан ч буцаад л хэцүү байдалтай, нойрны асуудалтай болсон. Эмч биеийн байдал чинь хүндэрлээ эмнэлэгт хэвт гэсэн боловч шүүх хурлын дараа болъё гэж бодоод эм уугаад явж байна. Хүүхдүүдийг нь хараад сууж байх хооронд Э.*********** миний машиныг үзүүртэй зүйлээр зурсан байсан. Камерын бичлэгт Э.*********** харагдаж байгаа. Цагдаагаас залгаад Э.***********ыг яллагдагчаар татах гэж байна гэхэд Г.*********** яагаад цагдаагаар яваад байгаа юм, гомдолгүй гэж хэл гээд намайг дарамталсан. Э.***********, Г.*********** хоёр 7 хоногийн баривчилгаанд явсан. Үүний дараагаар Э.***********ын ээж залгаад Э.*********** танаас гуйгаад өгөөч гээд байна. Тухайн үед нь гомдолгүй гэж хэлээд, машинаа дахин үнэлүүлж үнэлгээг нь багасгуулж, засуулсан. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зүрхний эмч над руу залгаад оочиртой аппаратад 2 цагийн оочир авчихлаа. Та маргааш очоод үзүүлчхээд ир гэж хэлсэн. Хот руу явах гэсэн чинь хамт явах хүн олдохгүй. Г.***********ыг ажлаасаа бууж ирэхийг нь хүлээсээр байгаад 11 цаг болчихсон. 2 цагаас өмнө яагаад ч хотод очиж амжихгүй болчхоод байж байтал Г.*********** надад ээж Э.***********ыг аваад 2 хүүхэдтэйгээ хот явчихаад ирье. Хотод сайн үздэг лам байдаг гэнэ. Үзүүлж харуулбал ааш зан нь засарчих байх гэхээр нь хамт явсан. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ламд үзүүлчхээд Эрдэнэт рүү буцах гээд уулын замаар явж байхад Э.*********** цагдаа дуудъя гээд орилоод байсан. Г.*********** бид хоёр ганц ч үг дуугарах эрхгүй Э.***********ын эрхшээлд орчихсон явж байсан. Утсаа гаргаад янз бүрийн юм яриад бичлэг хийгээд байсан. Яагаад байгааг нь би сайн ойлгоогүй. Г.*********** маргааш өглөө нь ажилтай байсан тул чимээгүй аргадаад л явсан. 61-ийн гарам дээр ирсэн чинь цагдаа дууд, цагдаа дууд гээд замд яваа машиныг зогсоох гээд машины урдуур гүйж ороод байсан. Лайв хийгээд байхаар нь Г.*********** утсыг нь булааж авсан чинь нүүр нүдгүй өшиглөөд утас өг, намайг зодсон гээд орилоод байсан. Миний толгой руу алгадаад, хүн дуудах гэсэн чинь миний гарыг хазсан. Нотлох баримтуудаа хавсарган өгсөн. Намайг балай авгай чи үхээч, үхэх гэж байгаа гэсэн биз дээ, гэртээ хэвтэж байгаад үхээч гэж орилоод байсан. Сүүлийн үед Г.*********** надад маш муухай ааш гаргадаг болсон. Ээжийгээ гэж бодохгүй, хүний хүн шиг зан гаргаж байгаа. Өнөр хорооллын байранд байхад Э.***********, Г.*********** хоёр надтай хамт амьдардаг байсан. Том хүүгийн хүүхдийг гэртээ авч ирье гэхээр Э.***********аас зөвшөөрөл авах шаардлагатай болдог байсан. Наад хүүхдээ жижиг өрөөнөөс гаргаж болохгүй шүү гэж дарамталдаг байсан. Г.*********** ойрын үед байнга мөнгө нэхэж залгадаг болсон. Хоол хийх гээд буцалж буй халуун шөлийг Э.*********** аваад л цацаж байсан. Ийм л айдас дунд амьдардаг байсан. Миний хувьд түрээсийн байранд амьдарч байгаа тул өгсөн мөнгөө буцаан авч, орох оронтой болъё гэж бодож байна. Машинд нь оруулсан 11,000,000 төгрөг, байр авахад нь оруулсан 90,000,000 төгрөг нийт 101,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Г.*********** нь намайг гомдоосон, надтай муухай харьцдаг болсон, байнга мөнгө нэхдэг, эхнэртэйгээ таарамжгүй байдаг гэжээ.
Хариуцагч Э.*********** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Э.*********** миний бие хадам ээж С.***********гийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хадам ээж нөхөр бид хоёрыг гэр бүл болоод амьдрал эхлэхэд тус дэм болоод өөрийн байр орон сууцаа зарж хүүдээ мөнгө бэлэглэсэн нь үнэн. Тухайн үед хадам ээж өөрөө энэ шийдвэрээ гаргаж хүүдээ бэлэглэсэн. Үүний дараа *********** бид хоёр тусдаа гараад амьдарч байх хугацаанд хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж маргаж муудсан зүйлүүд болсон. Гэсэн хэдий ч бид бага насны хоёр хүүхэдтэй учир үр хүүхдээ бодоод ч тэр хоорондоо харилцан ярилцаж эвлэрэх талаар ярилцаж байгаа. Нөхөр *********** “би амьдралаа өөрөө мэднэ, намайг дагаад яваач" гэж надад хэлсэн тул би одоогоор гэр бүлээ элэг бүтэн авч үлдэе гэж бодож байгаа. Хадам ээж бид нарын хувьд үл ойлголцол үүсэн хэдий ч миний зүгээс байнга дарамтлах, заналхийлэх үйлдэл гаргаж байгаагүй. Гэтэл нэхэмжлэл дээр намайг өдөр шөнөгүй дарамталж, элдвээр хараан зүхэж, үхээч гэж хэлдэг гэж бичсэн байна, би сүүлд хадам ээжтэйгээ 2024 оны 08 сард л таарсан. Тэрнээс хойш уулзаагүй, холбоогүй байгаа бөгөөд дарамталж заналхийлсэн үйлдэл гаргаагүй. Хэрвээ намайг харааж зүхэж байнга дарамталдаг гэж байгаа бол Мобиком болон холбогдох газраас нь лавлагаа гаргаж шалгуулж болно, би татгалзах зүйлгүй. Мөн *********** руу шилжүүлсэн энэ 100 гаруй сая төгрөгийн талаар би сайн мэдэхгүй байна, яагаад гэвэл би тухайн үед бага хүүхдээ олоод эхэс ховхрох гээд цус алдаад байсан тул эмнэлэгт хүүхэд тоггоолгох эмчилгээ хийлгээд cap гаруй хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан. Тэр үед *********** өөрөө банкны асуудлыг хөөцөлдөж байсан. *********** надад хэлэхдээ 100 гаруй сая төгрөг биш, 74,000,000 төгрөгийг ээжээс авсан гэж хэлсэн. Хэрвээ тийм их хэмжээний мөнгө авсан бол нарийн ширийн асуудлыг би мэдэхгүй байна, надад энэ талаар ярьж хэлээгүй, өөрсдөө л хоорондоо өгөлцөж авалцаад байсан. Ийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хадам ээж С.*********** нь 101,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Бэлэглэлийн гэрээгээр 101,000,000 төгрөг биш 74,000,000 төгрөг өгсөн байсан. Хадам ээжийн Г.***********д өгсөн 80,000,000 төгрөгөөс Гранд гарден 10-5-705 тоот тухайн байрыг авахад 59,600,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгсөн. Хадам ээжийн яриад байгаа 80,000,000 төгрөгөөс Г.*********** 13,000,000 төгрөгөөр нь цалингийн зээлээ хаасан. Ямар учиртай цалингийн зээл вэ? гэвэл 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хадам ээж С.***********д Сувд хотхонд байрны урьдчилгаа төлбөр хийж өгсөн. Үүнээс харахад Г.***********аас авсан мөнгөө буцааж өгч байгаа хэр нь нэхэмжлэлийн шаардлагадаа дахин энэ мөнгийг нэмж оруулж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Г.*********** бид хоёрын хувьд айл гэр болоод 5 жил болж байна. Бид хоёрын хооронд муудаж сайндах асуудал зөндөө байдаг. Бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор хадам ээж С.***********г гомдоосон үйлдэл огт гаргаагүй гэж үзэж байна. Сэтгэл хөдлөлийн хувьд гомдоосон гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно гэж бодохгүй байна. Хэрэгт авагдсан Цагдаагийн газраас нотлох баримтаар гаргуулан авсан зөрчлийн хэргийн материалууд нь зөвхөн бид хоёрын гэр бүлийн хоорондын харилцаа. Бид хоёрт таагүй зүйл байсан ч сайн сайхан зүйлс бас байсан. Бэлэглэлийн гэрээг хүчинтэй хэвээр нь үлдээж нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Хадам ээжийн ярьж байгаагаар бидний маргаан 2 жилийн өмнөөс эхлэлтэй гэж ярьж байна. Угтаа энэ маргаан 2024 оны 08 дугаар сараас эхэлсэн бөгөөд Г.*********** гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Хадам ээжийг том хүү болон том бэр хоёр нь гомдоосон. Таныг хэн халамжилдаг байсан юм бэ? Г.*********** бид хоёр л халамжилдаг байсан. Хадам ээж 2 жилийн өмнөөс сэтгэл зүй нь тогтворгүй болсон байдлаа зөвхөн бид хоёртой хамааралтай мэтээр тайлбарлаж байна. Бидний энэ хэрүүл маргаан Г.***********ы архи дарс уудаг, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг байсан асуудлаас үүдэлтэй. Улаанбаатар хот руу ээжийг эмчлүүлэх гээд явсан тухайн үед хүүхэд маань зулбаад 2,3 хонож байсан. Доошоо цус алдаад, чихээр хатгаад машин барих ямар ч боломж байгаагүй тул буцах замдаа Г.***********ыг машин бариад өгөөч гэхэд барьж өгөөгүй. Урд суудалд суучихсан хүүхдээ ч авахгүй, хадам ээж хоёр хүүхдийг тэврээд сууж байсан. Яармагийн зам руу орох гэж байгаад түгжрэлтэй зам руу орчихсон чинь Г.*********** намайг ямар арчаагүй юм бэ? машинаа ч барьж чадахгүй гэж хэлсэн. Миний чих шуугиад, доошоо цус гараад машинаа бариад явж байхад намайг дарамтлаад байсан тул чи өөрөө машинаа барь, би нэг хүүхдээ аваад ээжийг амраая гээд Төв аймгийн зам руу зогссон чинь машинаа барихгүй байсан. Машин барьж явсан надад бичлэг хийх, лайв хийх боломж байгаагүй. Машинаа барь гээд зогссон чинь машинаа барьсангүй, өөдөөс олон юм ярилаа гээд замын хажуугийн жалга руу намайг чирч оруулсан. Хадам ээж тухайн үед хараад зогсож байсан хэр нь Г.***********ыг болиулаагүй. Хоёулаа нийлээд над руу дайраад байсан, намайг яаж зоддогийг хадам ээж маш сайн харсан. Бичлэг гаргаж өгөхдөө миний орилж байсан хэсгийг л таслаад өгчихсөн байсан. Намайг ингэж их гомдоож байхад нь салах байсан бол аль хэдийн салах өргөдлөө өгөөд салчих байсан. Г.***********д нэг сайн чанар байдаг нь надад хайргүй ч 2 охиноо хайрладаг. Би ч гэсэн 2 охиноо хайрладаг тул хүүхдүүдийнхээ төлөө энэ бүх зүйлийг тэвчиж байгаа тул салах бодолгүй байгаа. 2 охиноо бодоод эргээд нийлэхийг маш их хүсэж байгаа. Өчигдөр ажилтай байсан өнөөдөр өглөө бууж ирсэн. Найзындаа амьдарч байгаа гэдэг нь худлаа. Бид хоёр нэг гэрт хамт амьдарч байгаа. Өнөр хотхонд хамт амьдарч байхдаа дарамталсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй, бид маш эвтэй найртай амьдардаг байсан. Тийм учраас би хүүхдэд нь гомдоод харьцахгүй байхад 2024 оны 10 дугаар сард над руу би та гурвыг санаад байна, хүрээд ирээч, эсвэл би очъё гэж байсан. Нэхэмжлэлдээ үхээч гэж дарамталдаг, өдөр шөнөгүй хараадаг мэтээр бичсэн байсан боловч бүгд худлаа. Үхээч гэж харааж байсан бол бүх зүйлийг бичлэг хийж баримтжуулдаг хүмүүс аль хэдийн бичлэг хийгээд баримтжуулах байсан байх. Өнөөдөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хэлэлцэж байгаа. Нэхэмжлэлийг нь уншихаар зөвхөн надад гомдсон мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Г.*********** ээжийгээ яаж гомдоосон юм гэдэг нь тодорхойгүй байна. Г.***********ы хувьд ээжийгээ гомдоох нь битгий хэл ээждээ маш их хайртай. Харин ч чи ээжийг минь гомдоовол би чамайг ална шүү гэж хэлдэг. Ийм хүн ээжийгээ яг яаж гомдоосон нь ойлгомжгүй байна...” гэв.
Хариуцагч Г.*********** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Миний бие эхнэр болох Э.***********тай 2022 оноос гэр бүл болон амьдарч, 2 хүүхдийн ээж аав болсон. Анхны хүүхдээ төрсөн цагаас эхлэн бид гурав манай ээжийн гэрт амьдарч эхэлсэн ба 2024 оны 08 сараас 2а хороолол Grand garden хотхонд 53м.кв байр худалдан авч тусдаа гаран амьдарсан. Энэхүү байрыг худалдан авахад ээжийн Өнөр хотхоны байрыг зарж бэлэглэлийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөр өгсөн. Эхнэр Э.*********** болон миний хооронд хэрүүл маргаан байнга болж энэ бүхэндээ ээжийгээ дуудан оролцуулж цагдаа, шүүх болж их гомдоосондоо харамсаж байна. Тиймээс энэхүү гаргасан нэхэмжлэлийн дагуу байр, машинд оруулсан мөнгийг тухайн эд хөрөнгүүдээ худалдан борлуулж буцаан өгөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад хүлээн зөвшөөрч байгаа вэ? гэвэл ээжийн ярьж байгаа бүх зүйл үнэн. Шүүх танхимд ээжийгээ уйлуулаад сууж байгаадаа гэмшиж байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/02159 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 280 дугаар зүйлийн 280.1.-т зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.***********гийн хариуцагч Э.***********, Г.*********** нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, 101,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч С.***********гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.*********** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгч С.***********гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.***********, Э.*********** нарт холбогдох иргэний хэргийн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.30-ны өдрийн 312/ШШ2025/02159 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. А.Нэхэмжлэгч С.*********** би нэхэмжлэлдээ хариуцагч нарыг албан ёсны гэр бүлийн баталгаатай залуу гэр бүл хоорондоо таарамжгүй харилцаатай, уг таарамжгүй харилцаандаа шалтгаангүй нэхэмжпэгчийг дуудах ирүүлж, тэдний таарамжгүй бие биенээ цагдаад өгдөг асуудалдаа буруутай мэт байнга хандаж, эрүүл мэндэд удаа дараа халдаж, үүний улмаас эмнэлгийн анхан шатны тусламж авч, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч нар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас бие биенээ хүчирхийлж, бие биедээ хүндэтгэлгүй ханддаг, хүүхдүүдээ хайхрамжгүй ханддаг зэрэг нь хэрэгт нотлогдсон, энэхүү байдал нь удаа дараагийн зөрчлийн хэргээр арга хэмжээ авагдсан, эрүүгийн хэрэг үйлдсэн байж болзошгүй зэрэг үндэслэлээр шалгагдсан, хүүхдүүдээ хайхрамжгүй ханддаг үндэслэлээр нөхцөл байдлын үнэлгээ хийгдэж байсан, нэхэмжпэгч надтай зүй бусаар харьцдаг, биед халдаж зоддог зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан бөгөөд энэхүү нотлох баримтын бодит байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Гэр бүлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.3.-т Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ гэж заасан. Нэхэмжпэгч би тэдний гэр бүлийн гишүүн бөгөөд гэрлэгсэд болох Э.***********, Г.*********** нар нь бие биенээ халамжлах, хүндэтгэх, хэн нэгний эрхийг нь зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг үүргийг зөрчсөн баримт хэрэгт цугларсан. Үүнийг шүүх үнэлээгүй. Б.Мөн гэр бүлийн гишүүн болох нэхэмжпэгч миний мөнгөөр гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөл буюу 101,000,000 төгрөгийг оролцуулан байр болон автомашинтай болсон болох нь нотлогдсон. Энэ талаар хариуцагч нар маргадаггүй. Гэрлэгсэд бие биедээ үнэнч байх, хүнлэг бус хүндэтгэлтэй хандах, хүчирхийлэл үйлдэхгүй байх үүргээ зөрчиж, тус тусдаа амьдарч байгаа асуудалдаа намайг удаа дараа буруутгаж, хүндэтгэлгүй, зүй бусаар харьцах, доромжлох, бэр Э.*********** нь биед нь халдан зодох, шөнөөр зориуд дуудан сэрээж тарчлаан зовоох үйлдлийг гаргадаг, Г.*********** бие халдаж байгаа үйлдлийг зогсоодоггүй, Э.***********ын эд хөрөнгийг маань гэмтээсэн үйлдлийг хүртэл айлган сүрдүүлж гомдлыг буцаалгаж, эдийн засгийн болон сэтгэл санааны байнгын дарамт үзүүлэх, улмаар амьдралын эх үүсвэр болсон өндөр насны тэтгэвэр тэтгэмжээр их хэмжээний зээл авхуулах, үүнийгээ төлөхгүй байх, гэр бүлийнхээ эдийн засгийн хэрэгцээг удаа дараа байнга хангуулдаг атлаа намайг үндэслэлгүйгээр буруутгадаг. Э.*********** нь гэр оронд нь минь шөнө, орой үдэшээр хууль бусаар дайрч орж, гар утасны бичлэг хийх, цахим орчинд тавина гэж лайв хийж, элдэвлэх, биед халдаж зодох, хүү Г.***********ыг ял эдлүүлнэ гэж байнгын айлган сүрдүүлэх зэрэг байнгын хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргасны улмаас нойргүйдэх ,бэрээс байнга айх зэрэг нь хэрээс хэтэрч, сэтгэцэд нөлөөлж, сэтгэцийн эмгэгтэй болж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, одоо сэтгэцийн эмнэлгийн хяналтад байнгын эм хэрэглэх болсон зэрэг нэхэмжпэгчийн миний эрүүл мэнд хохироосон үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн Хариуцагч Э.*********** нь энэ бүгдэд би буруугүй, түүний хүү Г.***********ы бусармаг үйлдэл, өөр хүнтэй болсноос болсон гэх зэрэг тайлбар гаргах боловч, гэрлэгсдийн энэхүү таарамжгүй харилцаандаа шалтгаангүй намайг татан оролцуулж, хүү Г.***********ы үйлдэлд нэхэмжпэгч намайг буруутай мэт хандаж байсан нь тэдний тайлбараас хэрэгт нотлогдоно. Энэ нь нэхэмжпэгчийг гомдоох ноцтой үндэслэлд хамаарах эсэхэд анхан шатны шүүх хуульзүйн дүгнэлт хийгээгүй байна. В.Гэрлэгсэд нэхэмжлэгчийн бэлэглэсэн мөнгөөр гэр бүлийн дундын үл хөдлөх өмч хөрөнгөтэй болсон үйл баримт хэрэгт нотлогдсон. Харин нэхэмжлэгч өөрийн гэсэн орон гэргүй болсон, түрээсийн байранд амьдардаг, өндөр насны тэтгэвэр тэтгэмжийг өрөнд орж, амьдралын хүнд байдалд орсон. Гэрлэгсдийн дундын үл хөдлөх хөрөнгийг бий болгох зорилгоор өндөр хэмжээний зээл авхуулснаас болж амьдралын эх үүсвэр болсон өндөр настны тэтгэмжээ авч чадахгүй амьдарч байгаа болох нь хэрэгт нотлогдсон. Гэр бүлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.3-т гэрлэгсэд гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг өөрсдөө бүрдүүлэх үүргээ зөрчиж, эдийн засгийн нөхцлөө нэхэмжлэгчийн оролцоотой бүрдүүлсэн атлаа уг орон байртай болох асуудалд тусалсан нэхэмжлэгчийг дорд үздэг, зүй бусаар харьцдаг, биед нь халдаж зоддог, хүнд байдалтай удаан хугацаанд амьдруулж байгаа, гэрлэгсэд хоёулаа өөр хүнтэй холбогдсон нь энэ ил болж, тухайн асуудлаараа аль аль нь арга хэмжээ авагдсан. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.3-т заасан үүргээ зөрчсны улмаас хамтын амьдрал тогтворгүй, тус тусдаа амьдардаг болох нь хэрэгт нотлогдсон. Нэхэмжпэгч нь Гэрлэгсдийг “гэр бүл”-ийн хамтын амьдралыг бий болгох зорилгоор гэр бүлийн дундын өмчлөх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө авахад зориулж, мөнгө бэлэглэсэн болох нь тогтоогдсон. Энэхүү зорилго биелэгдээгүй, тус тусдаа амьдарч байгаа үйл баримт хэрэгт тогтоогдсон. Г.Нэхэмжпэгчийн тухайн гэр бүлд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөх үйлдлийг гаргаагүй мэт дүгнэлт шүүх хийсэн. Нэхэмжпэгч би нь гэрлэгсдийн хувьд “ээж” буюу Гэр бүлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.5.-Т заасан “төрлийн хүн” гэж гэрлэгчийн...эх... бөгөөд Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13-т халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.. Хэнд боловч... хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэж заасан бөгөөд “ ээж” -надад хүнлэг бус хандаж, эх хүний нэр төд халдаж,олон ниймийн цахимаар лайв хийж нэрд халддаг, биед хууль бусаар халдаж зоддог, хүнлэг бус харьцах, доромжпох нь гомдоох ноцтой үндэслэл болно. Ээжийгээ хүндэтгэх ёсыг гэрлэгсэд алдагдуулсан нь гэр бүлийн хүрээнд эзлэх түүний байр суурьт сөргөөр нөлөөлөх үйлдэл бөгөөд энэхүү байдал ээжийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, эмнэлгийн болон хүүхэд гэр бүлийг хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллага, Оюут багийн нийгмийн ажилтан зэрэг бусдаас тусламж дэмжлэг авч, одоо байнгын сэтгэцийн эмчийн хяналтад байгаа, эдгэрэх боломжгүй болгосон зэрэг үйл баримт нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл эсэхэд бодит дүгнэлт хийгээгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.30-ны өдрийн 312/ШШ2025/02159 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Жич: Анхан шатны шүүх хуралдаан болсон өдрийн маргааш өдөр Э.*********** нь мөн л намайг “хүүхэд зодсон” гэж худал мэдээлэл өгч, хуурамч дуудлага цагдаад өгч гүтгэсэн ба цагдаагийн байгууллагын зүгээс худал мэдээлэл болохыг танилцуулсан. Ийм байдлаар намайг болон өөрийн төрсөн ээж Эрдэнэбулган нарын нэр төр, амгалан тайван байдалд Э.*********** нь удаа дараа халдаж, миний даралтыг ихэсгэх, сэтгэл санааг байнгын түгшүүртэй байлгах болсон гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Х.Оюунбат нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгч С.***********гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.***********, Э.*********** нарт холбогдох иргэний хэргийн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.30-ны өдрийн 312/ШШ2025/02159 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. 1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2.-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13.2. дэх заалтад бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэхээргүй байна гээд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэснийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хавтас хэргийн 74хх Эргэн хяналтын тухай, 82хх Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, 89 хх Ярилцлагын тэмдэглэл, 95 хх Э.***********ын талаарх дүгнэлт зэрэг нотлох баримтаар ...Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдүүдээ хайхрамжгүй хандах, гэр бүлийн гадуурх харилцаа, гэр бүлийн гишүүнээ асарн халамжпах хүндэтгэх үүргээ гэрлэгсэд зөрчсөн нь тогтоогдсон баримт байх ба энэхүү үйл баримтууд нь нэхэмжпэгчийг гомдох ноцтой үйлдэл мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Гэрлэгсэд гэр бүлийн таарамжгүй харилцаатай болохыг нотлох дээрх баримтаас гадна хавтас хэргийн 99 хх, 134 хх , 135 хх, 136 хх 142 хх, 147 хх, 149 хх, 150 хх , 173-174 хх, 225 хх, 240 хх, эхнэр нөхөр гэр бүлийн маргаан ихтэй , 242 хх ...гадуур гарч уудаг, 248 хх...хүүхдэдээ хайхрамжгүй ханддаг, Э.***********ын төрсөн ээж Эрдэнэбулганы өргөдөлд ... нөхрөө зоддог,.. өөрөө зодож нүддэг, үхнэ гэж бөөн юм болдог зэрэг баримтаар Э.***********, Г.*********** нар удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн хэрэг үйлддэг болох нь нотлогдох ба гэр бүлийн таарамжгүй харилцаандаа нэхэмжлэгчийг татан оролцуулж, буруутгаж, эрүүл мэндийг нь хохироож, сэтгэцийн өвчнөөр өвдсөн, эмнэлгийн байнгын хяналтад орсон эмнэлгийн тусламж авч байсныг нотлох баримтыг шүүх анхаараагүй. Хавтас хэргийн 111 хх Сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлсэн ..Сэтгэл түгших, түгмэл эмгэг оношоор хэвтэн эмчлүүлсэн, 112 хх өвчтний түүх, 114 хх-2 жилийн өмнөөс хүүхдүүдийнхээ гэр бүлийн асуудлаас болж, амархан хямардаг, ...бэр гэрт ирж бичлэг хийснээс болоод их цочирдсон, 115 хх ..бэрээс айна гэх өгүүлэмжтэй сэтгэцэд өөрчлөлт орсон оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, сэтгэцийн эмчийн байнгын хяналтад орж, эм байнга хэрэглэж байгаа буюу нэхэмжлэгч эрүүл мэндээр хохирсон баримтыг судлаагүй, энэхүү баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Хавтаст хэргийн 73 хх хадам ээж болон нөхөртөө Э.*********** хүнлэг бус хандаж байгаа бичлэг зэрэг нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтаар судалж, дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, эрүүл мэндээр хохирсон, эх хүний нэр төр, биед халдаж, түүний гэр бүлд эзлэх байр суурь алдагдсан, эрүүл мэндээрээ хохирсон,гэрлэгсдийг гэр бүлийн хамтын амьдралтай байх зорилгоор мөнгө өгсөн зорилго биелэгдээгүй зэрэг баримтад хуульзүйн дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.30-ны өдрийн 312/ШШ2025/02159 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.*********** давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Өмгөөлөгч Н.Мөнхнаран би С.***********гийн нэхэмжлэлтэй Э.***********, Б.*********** нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Э.***********ын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.*********** нь гомдолдоо “гэрлэгсэд болох Э.***********, Г.*********** нар нь бие биенээ халамжлах, хүндэтгэх хэн нэгний эрхийг нь зөрчихгүй байх, бие биеээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг үүргийг зөрчсөн баримт хэрэгт цугларсан. Үүнийг шүүх үнэлээгүй” гэсэн байх ба Г.*********** Э.*********** нарын гэрлэлтийн харилцаа нь уг маргаанд хамааралгүй бөгөөд шүүх уг харилцааг үнэлж дүгнэх шаарддагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.*********** болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн давж заалдах гомдолдоо Э.*********** нэхэмжлэгчийг хэрхэн гомдоосон болон өөрт нь хэрхэн ханддаг талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг боловч эсрэгээрээ гэрээ оролцогч болох хүү Г.*********** нь түүнд яаж харьцсан хэрхэн гомдоосон, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1. дэх хэсэгт заасан яг ямар үйлдэл хийж түүнийг ноцтой гомдоосон талаар нэхэмжлэл болон шүүх хуралд гаргасан тайлбартаа яриагүй буюу энэ талаархи өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байдаг. Тухайн маргаан бүхий бэлэглэлийн гэрээ нь Г.*********** болон С.***********гийн хооронд байгуулагдсан байхад гэрээний бус этгээд болох Э.***********ад хамааруулан хариуцагчаар татаж нэхэмжлэлийн үндэслэл болон гомдлоо тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд тусгасан сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлсэн нь *********** *********** нарын гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болсон эсэх нь эргэлзээтэй, үндэслэл бүхий биш байна. Мөн нэхэмжлэгч нь гомдолдоо гэр бүлийн маргаандаа өөрийг нь удаа дараа буруутгадаг мэтээр бичсэн байх бөгөөд *********** *********** нарын гэр бүлийн маргаантай харилцаа ээжээс нь биш *********** өөр эмэгтэйтэй гэртээ байснаас болж үүссэн эхлэлтэй гэдгийг хариуцагч нар хэн аль нъ тайлбарлаж хүлээн зөвшөөрсөн, гэтэл эсрэгээрээ тайлбарлаж бичсэн нь үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***********ыг хүүхдүүддээ хүчирхийлэл үйлддэг мэтээр гомдол бичиж өгсөн талаарх баримтыг нэхмжлэгчийн зүгээс өгсөн бөгөөд энэхүү баримттай холбоотойгоор энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг эрх бүхий Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст хандаж шүүхийн журмаар гаргуулахад нотлогдон тогтоогдоогүй, зөрчлийн шинжгүй гэж хаагдсан байсан, мөн ***********ыг нэхэмжлэгчийн машиныг нь эвдсэн мэтээр цагдаад гомдол өгч шалгуулж байгаа гэх тайлбарыг гаргасан гэтэл энэхүү асуудал хаагдсан талаар холбогдох баримтыг сүүлийн хурал дээр өгч нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнээс үзвэл ***********ыг бусдын эд хөрөнгийг утсгасан буруутай үйлдэл хийсэн гэдгийг цагдаагийн байгууллага шалгаагүй, нотлон тогтоогоогүй, буруутай гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Энэ мэт байдлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын баримт нотлох баримт хэрэгт байхад хариуцагч Э.***********ыг удаа дараа буруутган тайлбарлаж байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Үүнийг мөн ноцтой гомдоосон үйлдэлд тооцох байсан гэж давж заалдах гомдолдоо үндэслэл болгож бичсэн байна, гэвч ийм ноцтой үйлдэл гараагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна. Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2159 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.*********** нь хариуцагч Г.***********, Э.*********** нарт холбогдуулан “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 101.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 280 дугаар зүйлийн 280.1.-т зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.***********гийн хариуцагч Э.***********, Г.*********** нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, 101,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч С.*********** нь хариуцагч Г.***********г орон сууцтай болгох зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ***********10,271,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч орон сууцны урьдчилгаа төлбөрт 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тухайн орон сууц баригдаагүй учраас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 19,972,349 төгрөгийг хариуцагч Г.***********д буцаан өгчээ.
Нэхэмжлэгч С.*********** нь өөрийн өмчлөлийн ***********багийн ***********тоот 47.7 м2 орон сууцыг 103,000,000 төгрөгөөр худалдаж, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 80,000,000 төгрөг нийт 101,000,000 төгрөгийг хариуцагч Г.***********д шилжүүлжээ.
Хариуцагч Г.*********** нь ***********ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж, ***********тоот 53 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг 169,600,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр Г.***********, Э.*********** нар бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.
Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад нэхэмжлэгч С.***********гээс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаанд 10,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 80,000,000 төгрөг шилжүүлснээс 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 59,600,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4,500,000 төгрөг, Г.***********аас 500,000 төгрөг, хариуцагч Г.*********** нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, үлдэгдэл 95,000,000 төгрөгийг жилийн 6% хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж төлбөрийг тус тус төлжээ.
Нэхэмжлэгч С.*********** хариуцагч Г.*********** нар нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээг байгуулжээ. Тус гэрээнд “...бэлэглэх болсон үндэслэл: С.*********** нь өөрийн сайн дурын хүсэлтээр, өөрийн төрсөн хүү Г.***********г өрх тусгаарлаж, банкны зээлд хамрагдаж орон сууц худалдан авахад нь буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж банкны орон сууцны зээлийн болон орон сууцны урьдчилгаа бүрдүүлэхэд нь зориулж гэж, гэрээний зүйл: 74,000,000 төгрөг гэж, гэрээний 4.2.-т ...бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсхүл бэлэглэгч, түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж, гэрээний 4.3.-т бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэг хүлээн авагч тал гэрээний зүйлийг бэлэглэгчид эсхүл түүний өвлөгчид буцаан олгох үүрэгтэй гэж, мөн гэрээний 4.4.-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэгч гэрээг хүчингүй болгохыг шаардах эрхгүй... гэжээ.
Хариуцагч Г.*********** нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгний зээл авч, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19,754,100 төгрөгийг ээж болох нэхэмжлэгч С.***********д байр захиалахад нь урьдчилгаа болгож *********** ХХК-д шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч С.***********гээс шилжүүлсэн 80,000,000 төгрөгнөөс 13,000,000 төгрөгийг зээлийн төлөлт хийсэн ба байрны төлбөрт 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 59,600,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4,500,000 төгрөг нийт 64,100,000 төгрөгийг төлсөн байна. Зохигчид уг 64,100,000 төгрөг дээр 2023 оны 06 сарын 19-ний өдөр ***********ХХК-нд байрны урьчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг нэмж нийт 74,000,000 төгрөг нь дээр бэлэглэлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д “...Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ...”, 276.2.-т “...Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч С.***********, өмгөөлөгч Р.Цэрэнханд, Х.Оюунбат нар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.30-ны өдрийн 312/ШШ2025/02159 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.***********, Э.*********** нар нь 2022 онд танилцаж, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан, тэдний дундаас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин Б.Энхлэн, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Энгүүн нар төржээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон зохигчдийн шүүхэд гаргасан тайлбараар 2024 оны 08 сараас хариуцагч Г.***********, Э.*********** нарын хооронд таарамжгүй харилцаа бий болж, байнгын хэрүүл маргаантай байх болсон, тэд хэрүүл маргаан хийхээрээ бие биенийгээ цагдаагийн байгууллагад мэдээлэх, зөрчлийн хэргээр арга хэмжээ авахуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хүүхдүүддээ хайхрамжгүй ханддаг, гэр бүлээс гадуурх харилцаатай, гэр бүлийн гишүүндээ асран халамжлах хүндэтгэх үүргээ гэрлэгсэд зөрчсөн гэр бүлийн таарамжгүй харилцаандаа нэхэмжлэгчийг татан оролцуулж, буруутгаж, эрүүл мэндийг нь хохироож, сэтгэцийн өвчнөөр өвдсөн, эмнэлгийн байнгын хяналтад орж эмнэлгийн тусламж авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч С.*********** нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага шүүхэд гаргасан байх ба энэ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3.-т зааснаар “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж заажээ.
Хариуцагч Г.***********, Э.*********** нарын гаргасан дээрх үйлдлүүд нь нэхэмжлэгч С.***********г гомдоосон байх тул нэхэмжлэгч С.*********** хариуцагч Г.*********** нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагч Э.***********, Г.*********** нараас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 74,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.***********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч С.***********, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, Х.Оюунбат нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 662.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/02159 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 280 дугаар зүйлийн 280.1-т зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.***********гийн хариуцагч Э.***********, Г.*********** нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, 101,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 280 дугаар зүйлийн 280.1., 280.1.1., 280.2.-т зааснаар нэхэмжлэгч С.***********, хариуцагч Г.*********** нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагч Э.***********, Г.*********** нараас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 74,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.***********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.***********гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч С.***********гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.***********, Г.*********** нараас 527,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.***********д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР