| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0114/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/22 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тд холбогдох эрүүгийн 1925002500158 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Т-г
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.Тыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-21-15 тоотод 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр М.Удвалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ты мэдүүлсэн: Удвал бид нар архи уусан. Ухаанаа алдсан байсан. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. Миний буруу. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хохирогчид 495,000 төгрөг өгсөн. Цэрэгт явмаар байна” гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Хохирогч Хохирогч М.Удвалын “...Би Улаанбаатар хотод амьдардаг, 2016 оны 04 сарын 05-ны өдөр Орхон аймагт ирсэн. Тэгээд танил Түшээт-Орхон гэх залуу намайг ирсэнээс хойш байнга яриад байхаар нь би мобигийн дугаараа салгачихсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн үед би Түшээт-Орхоны төрсөн ах Ганбаатар руу утсаар ярьтал Ганбаатар ах ажил дээрээ байна гэж хэлсэн. Тэр үед Ганбаатар ахын
төрсөн дүү Түшээт-Орхон над руу яриад 1-21 дүгээр байранд хүрээд ир гэж хэлэхээр нь би явж очтол Ганбаатар ахын гэрт Түшээт-Орхон 3 эмэгтэй 5 эрэгтэй хүний хамт байж байсан. Би өөрийн найз Мөнхжинтэй хамт очсон юм. Бид хоёрыг очиход 2 найз нь эхнэрүүдээ аваад гарсан. Араас нь бас 1 эмэгтэй хүн гараад явсан. Ингээд гэрээс 5 хүн гарч яваад гэрт Түшээт-Орхон, Мөнхжин, Улаанаа бид нар үлдсэн. Тэгтэл танихгүй 1 залуу нь маргааш өглөө ажилтай гээд гэрээс нь гартал Түшээт-Орхон тэр залууг гэрээсээ гаргаж өгөөд буцаж орж ирэхдээ гэрийнхээ хаалгыг цоожилсон. Гэрт нь Мөнхжин, Улаанаа Түшээт-Орхон бид нар үлдсэн. Тэгээд би явах гэтэл Түшээт-Орхон надад хандаж Чи намайг хаяад явах гэж байгаа юм уу гэж асуухаар нь би үгүй яалаа гэж чамайг хаяж явах юм бэ бүгдээрээ эндээ унтаж амарчихаад явъя гэж хэлсэн. Тэгтэл гэрийнх нь хаалгыг хэн нэгэн хүн нүдсэн чинь Түшээт-Орхон хэн бэ гээд босож ирээд хаалгаа онгойлгох гэсэн боловч хаалга нь онгойлгож болохгүй болохоор нь хутга аваад хаалгаа онгойлгох гэж байгаад гэнэт над руу хутгатай гараараа дайртал хажуу талаас Мөнхжин хутгыг нь аваад нуусан. Тэгээд Түшээт- Орхон надруу хүрч ирээд шууд цохиж аваад ханатай хавсарч унагаагаад дээрээс гуталтай хөлөөрөө толгой тархи руу нилээн олон удаа цохиод байхаар нь би толгойгоо гараараа дартал зүүн талын гарын ар хэсэгт бас хөлөөр өшиглөж цохисон. Тэрнээс хойш яг юу болсныг сайн санахгүй байна. Ухаан орж гараад байсан.Тэр үед манай ээж над руу утсаар залгаж таарсан. Тухайн үед Мөнхжин Түшээт-Орхоны гэрээс түлхүүрийг нь хайж байгаад олоод гэрийнх нь хаалгыг онгойлгож гарсан. Би тэгээд гадаа гараад ээжрүүгээ залгаж ээж цагдаа дуудсан удалгүй 2 цагдаа болон манай ээж ирэхээр нь би тэд нартай хамт Түшээт-Орхоны гэр лүү нь буцаж очоод хаалгыг нь нүдсэн чинь Түшээт-Орхон хэн бэ гэхээр нь би Удвал байна гэж хэлтэл Түшээт-Орхон шууд хаалгаа онгойлгоод миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон тэгээд 2 цагдаа Түшээт-Орхоны бариад аваад гарсан....Түшээт-Орхон миний эмэгтэй гэдгийг мэдэхгүй намайг эрэгтэй хүн гэж боддог. Зодсоныхоо дараа эмэгтэй хүн гэж мэдсэн. Эдгээр гэмтлийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой миний биед Түшээт-Орхон эдгээр гэмтлийг учруулсан. Түшээт-Орхон 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 195,000 төгрөг толгойн томографын зураг авхуулчих гээд өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 20-нд Талын булаг эмнэлэгт хэвтүүлнэ гээд цаг авчихсан байгаа. Эмнэлэгт хэвтээрэй гээд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орчим 300 000 төгрөг өгсөн байгаа. Тэгэхээр би өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Ачит” хувтийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
-Гэрч М.Мөнхжингийн ...Удвал бид хоёр такси бариад 1-21-т байдаг Түшээт-Орхоныг цонхоор нь дуудсан. Түшээт-Орхоны гэрт олон хүн байсан. Гэрт ороход хүмүүс зөрөөд гараад явсан. Түшээт-Орхон Удвалыг нэг шил архи аваад өгчих гэж хэлсэн. Удвал тэгье гээд дэлгүүр гараад нэг шил архи нэг том савтай пиво авч орж ирсэн. Тэгээд Удвал, Түшээт-Орхон, Улаанаа гурав архи пивийг хувааж уусан. Улаанаа согтоод унтчихсан. Тэгээд Увдал Түшээт-Орхоныг манай гэрт очиж хоол ид, хоол ундгүй өлсөж байгаа биз дээ гэсэн чинь Түшээт- Орхон тэгье гэж хэлээд явах гэтэл хаалга нь цоожтой түлхүүр нь байхгүй байхаар нь түлхүүрийг нь хайгаад Түшээт-Орхоны халаасанд үзэхэд жижиг хутга байхаар нь би тэрийг нь аваад нуусан. Түшээт-Орхон түлхүүрээ олохгүй байж байснаа Удвалын нүүрэн тус газар нь гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохьсон.Тэгээд гуталтай хөлөөрөө толгойн тус газар нь хэд хэдэн удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
-Гэрч У.Мягмаржавын...” тэгээд Түшээт-Орхон би Удвал бид 3 хувааж уусан. Би тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Согтоод унтчихсан байсан. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн. ”..гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 287 дугаартай: М.Удвалын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихий дэлбээ нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний дээд, доод, зовхи, зүүн чихний дэлбээ, нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алддалтанд нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/
-2019.04.11-ний өдрийн толгойн компьютер томографикийн шинжилгээнээс үзэхэд хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал оношлогдсон ба энэ нь хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/.
-Шидэт номин эмийн сангийн зарлагын баримт, Медипас эмнэлэгийн баримт /хх-ийн 40-42-р хуудас/
-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 04 дүгэрэ сарын 5-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-46-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны байх бөгөөд дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-21-15 тоотод гэртээ М.Удвалыг шалтгаангүйгээр зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихий дэлбээ нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч О.Ты энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зэст багийн нутагт 1-21-15 тоот өөрийн гэртээ М.Удвалыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихий дэлбээ нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа : Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирогч М.Удвал шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, өмнө шийтгүүлсэн ял биелэгдээгүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 44-46-р хуудас/ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба ял биелэгдээгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр өмнөх 2019 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар О.Ты эдлэх 1,100,000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 366,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ