Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 207/ма2026/00023

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2026/00023

 

 

 

 

 

 

2026       02          12                                          207/МА2026/00023

 

 

О.***********ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.***********д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 312/ШШ2025/02464 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : О.***********ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.***********д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүний шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэ-Ундрах, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганзориг нар цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч О.***********ын нэхэмжлэлийн агуулга:

Нэхэмжлэгч О.*********** нь хариуцагчтай танил бөгөөд 2023 онд 32,100,000 төгрөг зээлүүлээд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буцаан авч байсан харилцаатай билээ. Энэ зээлээс хойш Э.*********** нь 2023 оны 10 дугаар сард О.***********аас дахин 22,500,00 төгрөгийг бэлнээр, 2,500,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дансаар, нийт 25,000,000 төгрөг зээлэн авч, барьцаанд нь *********** УНН улсын дугаартай ***********маркийн автомашиныг нэхэмжлэгч О.***********ын нэр дээр шилжүүлж, автомашиныг Э.*********** өөрөө унаж, эзэмшиж байгаа болно. Дээрх зээлийн дагуу 25,000,000 төгрөгөө нэхэхэд хариуцагч нь 25,000,000 төгрөгийг ... удахгүй өгнө, ГОК-оос мөнгө орж ирэхээр өгнө, ирэх 7 хоногт өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт огт хийгээгүй байна. Иймд хариуцагч Э.***********гээс 25,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Э.***********гийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч талаас Э.*********** надад 25,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үүний 2,500,000 төгрөгийг дансаар, 22,500,000 төгрөгийг 1ХВеt нэртэй бооцоот сайтын данс руу шилжүүлсэн гэж дурдсан байна. Бодит байдалд 2,500,000 төгрөгийн миний бие дансаар хүлээн авсан нь үнэн, харин 22,500,000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн аваагүй, мөн уг гүйлгээтэй холбоотой аливаа гэрээ, хэлцэл, тохиролцоо хийгдээгүй болно. Нэхэмжлэгчийн уг гүйлгээ нь өөрийн санаачилгаар, өөрийн нэр дээр нээсэн бооцоот (мөрийтэй тоглоомын) сайтын акаунтад 22,500,000 төгрөг хийсэн атлаа надаас нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

Миний хувьд бол дансаар хүлээн авсан 2,500,000 төгрөгийг төлөхийг бол хүлээн зөвшөөрч байна, харин 22,500,000 төгрөгийг бол хүлээн зөвшөөрөхгүй би хүлээн аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 22,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Хавтаст хэргийн 8 дугаар тал, хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар Э.***********, О.*********** нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, тэрийгээ буцааж төлсөн асуудал харагддаг. Эдгээр асуудал нь дандаа дансаар явдаг. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг авсан, гэтэл 22,500,000 төгрөгийг авсан, өгсөн талаар ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Хаанаас энэ мөнгийг гаргаж ирээд нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Гэтэл 22,500,000 төгрөгийг өгсөн баримт байхгүй. Хаанаас ийм мөнгө гаргаж ирээд нэхэмжлээд байгаа асуудлыг тодруулахаар дансны хуулгыг гаргуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан, шүүхийн зүгээс хангахаас татгалзсан. Үзлэг хийх явцад 2.5 сая төгрөг өгөөд машинаа авна дүү гэж байгаа. 2.5 хийгээд 2.5 шагнал гэсэн утгатай зүйл байгаа боловч 22,500,000 төгрөгийн асуудал яригдахгүй байна. Өнөөдөр 22,500,000 төгрөг гэдэг нь төрийн албан хаагчийн жилийн цалин байна. Тэгэхээр хэзээ ч энэ мөнгийг бэлнээр өгөхгүй, нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайхаас 2,500,000 төгрөгийг төлсөн байгаа гэв.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.***********ын хариуцагч Э.***********д холбогдуулан гаргасан 22,500,000 /хорин хоёр сая таван зуу мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар харицагч Э.*********** нэхэмжлэгч О.***********ын 2,500,000 /хоёр сая таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.***********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.***********гээс улсын тэмдэгтийн хураамжид 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.***********т олгож шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О.3аяабаярын нэхэмжлэлтэй Э.***********д холбогдох 25,000,000 төгрөг гаргуулах тухай Иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/02464 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь талын 9 дүгээрт: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл хариуцагчид зээлсэн гэх 22,500,000 төгрөгтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн татгалзлыг баримтаар няцаагаагүй, талуудын хоорондоо харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэлээр 22,500,000 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлснийг нотлохгүй байна” гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нотолсон. Үүнд: 1.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр 2025.11.27-ны өдөр нэхэмжлэгч О.***********, хариуцагч Э.*********** нарын фэйсбүүкээр харилцсан чатад үзлэг хийсэн.

Үзлэгээр илэрсэн нь; “25-аа өгөөд машинаа авъя ш дээ дүү ” гэх чат нь 25,000,000 төгрөгийн өглөг байгаа болох, энэ мөнгөө өгөөд машинаа авах, “ах нь тэгээд удчихлаа бас тэгээд 4 нэмээд өгье за”, “30 өгөөд машинаа шилжүүлээд авъя” гэх чат нь нэмж 4 сая төгрөг зээлж аваад 30,000,000 төгрөг болгож өгөөд машинаа авахаа хэлсэн чатыг үзлэгээр баталгаажуулж, нотлох баримтын шаардлага хангасан байхад анхан шатны шүүхээс энэ баримтыг ямар үндэслэлээр үнэлэхгүй талаар дүгнэлт огт хийгээгүй байна. 2.Нэхэмжлэгч нь 2023.09.15-ны өдөр хариуцагчийн автомашиныг барьцаалан, нэр дээрээ шилжүүлэн авч 32,100,000 төгрөг зээлдүүлж, зээлээ буцаан авч байсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн.

Үүний дараа хариуцагч Э.*********** нь автомашинаа өөрийн нэр дээрээ буцаан шилжүүлж авалгүйгээр бэлнээр 22,500,000 төгрөг, дансаар 2,500,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг зээлэн авч, автомашинаа барьцаанд үргэлжлүүлэн үлдээсэн учир автомашиныг буцаан нэр дээрээ шилжүүлж авах талаар 2 жил гаруй хугацаанд нэхэмжлэгч О.***********аас огт нэхэж шаардаж байгаагүй. Энэ талаараа ч фэйсбүүк чатдаа “25,000,000 төгрөгөө өгөөд машинаа авна шүү дээ” гэдэг байдлаар тодорхой бичсэн байна. 3.Нэхэмжлэгч О.***********аас эхэлж 2023.09.15-ны өдөр зээлдүүлсэн 32,100,000 төгрөгийг хариуцагч Э.*********** нь 2023.10.10-ны өдөр нэг удаагийн гүйлгээрээр бүрэн төлж дууссан. /хавтаст хэргийн 1 дугаар тал/. Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2023.10.13-ны өдөр 22,500,000 төгрөгийг О.***********аас бэлнээр зээлж авсан. Энэ тухайгаа 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12:50 цагт “25-аа өгөөд машинаа авъя ш дээ дүү” гэж харилцсан чатыг огноог харахад өмнөх 2023.09.15-ны зээлж аваад 2023.10.10-ны өдөр өгсөн зээлээс гадна дахин дээрх бэлнээр зээлдүүлсэн 22,500,000 төгрөг, дансаар зээлдүүлсэн 2,500,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийн зээлийн асуудал байгааг илтгэж байна. Дээрх баримтаар хариуцагч нь автомашинаа барьцаалж нэхэмжлэгчээс 32,100,000 төгрөг зээлж аваад, эргүүлэн төлсөн, дахин 25,000,000 төгрөг зээлж аваад, энэ мөнгөө төлсний дараа автомашинаа чөлөөлж авах талаар харилцсан чат, дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотлох баримтаар гарган өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-т заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан хэлбэрээр бүрдүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх өөр хоорондоо хамаарал бүхий үйл баримтыг гэрчилсэн дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй, “мөнгөө өгч байж автомашинаа авна” гээд машинаа аваагүй байгаа логик холбоотой нотлох баримтуудад оюун дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг ямар үндэслэлээр, яагаад үнэлэхгүй гэж дүгнэж байгаа үндэслэлээ шийдвэрт тусгалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 22,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3.-т заасны дагуу шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/02464 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүний шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч О.*********** хариуцагч Э.***********д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...Э.*********** нь 2023 оны 10 дугаар сард О.***********аас 22,500,00 төгрөгийг бэлнээр, 2,500,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дансаар, нийт 25,000,000 төгрөг зээлэн авч, барьцаанд нь ***********-УНН улсын дугаартай ***********маркийн автомашиныг нэхэмжлэгч О.***********ын нэр дээр шилжүүлж авсан.  Уг мөнгөө төлөөгүй тул 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон. /хх1х/

 

Хариуцагч Э.*********** “...дансаар 2,500,000 төгрөгийг зээлж авсан тул уг мөнгийг О.***********ын данс руу шилжүүлсэн, үлдэх 22,500,000 төгрөгийг бэлнээр аваагүй тул зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх54х/

 

3. 2023 оны 09 дүгээр сард хариуцагч Э.*********** нэхэмжлэгч О.***********аас 32,100,000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд 35-77 УНН улсын дугаартай ***********маркийн автомашиныг О.***********ын нэр дээр шилжүүлж, автомашиныг Э.*********** өөрөө унаж, эзэмшиж байсан, уг зээлээ 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буцаан төлсөн, /хх5-7х/

 

Хариуцагч Э.*********** нэхэмжлэгч О.***********аас 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч зээлсэн болох нь нэхэмжлэгчийн Хас банкны дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дансаар шилжүүлэн авсан 2,500,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасантай нийцэж байна.

 

6.Зохигчид 22,500,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч “...бэлнээр зээлсэн”, хариуцагч “...би 22,500,000 төгрөгийг зээлж аваагүй” гэж маргасан.

 

6.1 Нэхэмжлэгч хариуцагч “...25aa ugud mashina aviish de duu”, “ahna tgd udchahla bas tgd 4nemed ugii za”, “30m ugud mashinaa shiljuuleed avchii” гэсэн агуулгатай зурвас бичсэн, энэ нь тэрээр 25,000,000 төгрөгийг өглөг байгааг, энэ мөнгөө төлөөд машинаа авна гэдгээ илэрхийлсэн зурвас гэж,

 

Хариуцагч “...зээлсэн 2,500,000 төгрөгөө буцааж өгөөгүй байсан болохоор мэссэж бичсэн, мөн автомашинаа буцааж шилжүүлж авч чадаагүй байсан” гэж тус тус тайлбар гаргасан.

 

6.2 Анхан шатны шүүхийн “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл хариуцагчид зээлсэн гэх 22,500,000 төгрөгтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн татгалзлыг баримтаар няцаагаагүй, талуудын хоорондоо харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэлээр 22,500,000 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлснийг нотлохгүй байна” гэсэн дүгнэлт үндэстэй.

 

6.3 Тодруулбал нэхэмжлэгч О.*********** өөрт нь 22,500,000 төгрөг байсан гэдгээ баримтаар нотлоогүй, хариуцагчийн бичсэн гэх дээрхи зурвас нь 22,500,000 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлснийг нотлохгүй, зурвасыг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

 

7.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...харилцсан чатыг огноог харахад өмнөх 2023.09.15-ны зээлж аваад 2023.10.10-ны өдөр өгсөн зээлээс гадна дахин дээрх бэлнээр зээлдүүлсэн 22,500,000 төгрөг, дансаар зээлдүүлсэн 2,500,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийн зээлийн асуудал байгааг илтгэж байна... шүүх өөр хоорондоо хамаарал бүхий үйл баримтыг гэрчилсэн дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй, “мөнгөө өгч байж автомашинаа авна” гээд машинаа аваагүй байгаа логик холбоотой нотлох баримтуудад оюун дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг ямар үндэслэлээр, яагаад үнэлэхгүй гэж дүгнэж байгаа үндэслэлээ шийдвэрт тусгалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 22,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэсгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр  сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/02464 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүний шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 270,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугац ааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.БАТТӨР

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ                       

                                                                     ШҮҮГЧ                         Р.ҮҮРИЙНТУЯА