Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/116

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бид холбогдох эрүүгийн 1925001080105 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Х.Бийг 2019 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ДЦС-ийн байрны 5 тоотод Б.Пүрэв-Очирыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бийн мэдүүлсэн: ”Яллах дүгнэлтийг зөвшөөрнө. Гэм буруугаа хүлээж байна. Сайн санахгүй байна. Гэхдээ цохисоноо санаж байна. Аавыг маань доромжилсон тул тэгсэн байх гэж бодож байна. Ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хохирогч Б.Пүрэв-Очирын “.... Тэр байранд манай ажлын Энхтөр ах, Оюунаа эгч нар амьдардаг тул тэднийд шинэлэх гэж Энэрэл, Батзаяа, Бямбадорж нарын хамт очсон. Тэгээд Энхтөр ахынд 2 шил архи авч очиж уусан. Гэтэл Оюунаа эгч нь архи аваад ирье гээд дахиад 2 шил 0,75 грамын архи авчирсан. Тэгээд тэр архиа бүгдээрээ авч уугаад дуусаад

байж байтал Бямбадорж гараад явсан ахиад нэг шил архи авч орж ирээд уусан. Би архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Хэсэг унтчихаж нэг сэрээд утсаа харахад 12 цаг өнгөрч байсан.Тэгэхээр нь явах гэтэл надад таксины мөнгө байгаагүй. Би тэгээд Энэрэлээс 15000 төгрөг авах байсан хажуу өрөө рүү ороход Энэрэл Батзаяа 2 хэвтэж байсан. Бямбадорж тамхи татаад сууж байсан. Энэрэлээс найздаа нөгөө 15000 төгрөгөө өгчих найз нь такси бариад гэртээ харих гэсэн юм гэхэд Энэрэл юун мөнгө гээд өгөхгүй байсан...тэгэхээр нь би Батзаяа руу уурласан чинь Бямбадорж хажуунаас орж ирээд шууд миний нүүрэн тус газарт цохисон миний нүүрэнд оч манараад би газарт унасан. Газар хэвтэж байхад Бямбадорж ахиад миний дээрээс хөлөөрөө толгойн тус газарт хэд хэдэн удаа цохьсон. Гэтэл Энэрэл юм болов уу орилоод болиочээ гээд салгаад байсан. Бямбадорж яадаг юм би алчихъя л даа гээд дэвсээд байсан. ..гэртээ очсон. Гэртээ ухаан алдаж унаад нэг сэрэхэд эмнэлэгт байсан. Бямбадорж бид 2 маргалдаж муудалцаж байгаагүй тухайн үед Бямбадорж өмөөрөх шаардлага байхгүй зүйл дээр Батзаяаг өмөөрч намайг цохисон...Би Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн.Одоо гэмтлийн Энхбат эмчийн хяналтанд байгаа. Миний эмчилгээний төлбөр гэж эмнэлэгийн төлбөр болох 312,420 төгрөг нь эмнэлэгт хэвтэн эмчилүүлсэн ор хоногийн төлбөр, дүрс оношлогоонд харуулсаны төлбөр 155,520, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад гаднаас эм тариа авсан 86000 төгрөгийг төлсөн...Бямбадорж надад эмчилгээний зардалд нийт 700.000 төгрөг өгсөн учир хэргийн талаар ямар нэг гомдол байхгүй байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 04-07-р хуудас/

-Гэрч Г.Батзаяагийн ... “...Тэгтэл Бямбадорж Пүрэв-Очирын нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиод авахаар нь би босоод тэр хоёрыг болиулаад...Пүрэв-Очир над руу уурлаад юу ярихаа мэдэж байна гээд дайраад байсан...тэр үед Бямбадорж ахыг би боль гэж хэлтэл Бямбадорж ах болиод цаашаагаа явтал араас нь Пүрэв-Очир хэл амаар доромжлоод ясыг чинь цайруулна, өвдөг тохойгоор чинь мөлхүүлнэ гэж хэлээд байхаар нь ...намайг чамд хамаагүй гэхээр нь би за за өөрсдөө учраа олог гэж бодоод унтаад өгсөн...Бямбадорж Пүрэв- Очирын нүүрэн тус газар 2-3 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12- 15-р хуудас /

-Гэрч Ч.Чагцалын өгсөн ... “2019 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04 цагт Пүрэв-Очир зүүн шанаа нь хавдсан, зүүн чихний дэлбээ нь цус болоод хавдсан, зүүн нүд нь хөхөрсөн, уруул нь хавдсан архи согтууруулах ундаа үнэртүүлсэн байдалтай гэртээ ирсэн...Бямбадорж Энэрэлийг өмөөрөөд намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-21-р хуудас /

-Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаартай:.. “Б.Пүрэв-Очирын биед ...гавал  тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, 1-р зэрэг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу , зүүн чихний дэлбээнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн /хх-ийн 27-р хуудас/

-Хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн түүх,эмийн хуудасны хуулбар /хх-ийн39-52-р хуудас/

-Медипас эмнэлэгийн үзлэгийн хуудас болон хохирлын баримтууд /хх-ийн 62-69-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай,хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ.

Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн  мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Х.Б нь 2019 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ДЦС-ийн байрны 5 тоотод архидан согтуурсан үедээ хамт байсан Б.Пүрэв-Очирыг зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал 1-р зэрэг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу , зүүн чихний дэлбээнд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Х.Б нь хохирогчийн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд 700,000 төгрөг нөхөн төлсөн. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Гэм буруугаа хүлээж байна.Ялын саналыг зөвшөөрнө.100,000 төгрөгөөр цувуулж төлөх саналтай гэжээ.     гэжээ.

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ДЦС-ийн байрны 5 тоотод Б.Пүрэв-Очирыг зодож гавал  тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал 1-р зэрэг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу , зүүн чихний дэлбээнд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй,гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай,бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

         Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Пүрэврагчаа нь санал гомдол байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд шүүгдэгч эмчилгээний төлбөрт 700,000 төгрөг төлсөн байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Х.Бямбдоржид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ