Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 207/ма2026/00024

 

 

 

2026 02 26 207/МА2026/00024

 

 

 

 

 

 

 

  2026       02         26                                           207/МА2026/00024

 

 

Б.***********ын нэхэмжлэлтэй,

  хариуцагч О.***********ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг , Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 312/ШШ2025/02383 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.***********ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.***********ад холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 127,192,050 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч О.***********ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч О.*********** нь нэхэмжлэгч Б.***********тай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай зээлэх, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн 0.15 хувийн алданги төлөхөөр тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, мөнгө хүлээн авсан баримтыг үйлдсэн. Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус зээл дээр 16,000,000 төгрөгийг нэмж зээлж, мөнгийг бэлнээр хүлээж авснаар нийт зээлийн хэмжээ 26,000,000 төгрөг болсон. Үүнээс 3,000,000 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл 23,000,000 төгрөг болсон. Үүнд *********** тоот орон сууцыг худалдаж авах урьдчилгаанд нь нэмж 32,997,000 төгрөгийг өгч нийт зээлийн хэмжээ 55,997,000 төгрөг болсон. О.*********** нь дээрх 55,997,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бөөнөөр нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн сар тутамд 5 хувийн хүү төлөх тухай хүсэлтийг Б.***********д бичгээр гаргаж өгч, үүнээс хойш 2021.11.14-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2021.12.22-нд 2,500,000 төгрөгийг, 2022.01.31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, нийт 8,000,000 төгрөгийг төлж, үлдэх 47,997,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Б.*********** нь О.***********тай түүний ***********гэх фэйсбүүк мессэнжер хаягаар холбогдож зээлсэн мөнгийг өгөхийг шаардахад 2021 оны 11 сараас эхлээд сар бүр 5,000,000 төгрөгөөр төлнө гэж байсан боловч төлөөгүй байна. Иймд хариуцагч О.***********аас бичгээр гаргасан хүсэлтийн дагуу сарын 5 хувийн хүүг дээрх дүнгээс 2022 оны 02 сараас эхэлж тооцоход 1 сарын 2,399,850 төгрөгийн хүү, нийт 33 сарын хүү 79,195,050 төгрөг болж байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 47,997,000 төгрөг, зээлийн хүү 79,195,050 төгрөг, нийт 127,192,050 төгрөгийг хариуцагч О.***********аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.*********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.***********ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 47,997,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие О.*********** нь ***********ХХК-ийн Технологийн Их сургуульд (хуучин нэрээр) програм зохиогчоор ажиллаж байх үедээ өөрийн найз Ц.***********оор дамжуулан Б.***********тай танилцаж, түр хугацаанд зайнаас хамтран ажиллах болсон. Түр ажил дууссаны дараа Б.*********** нь 2015 оны өвөл шинээр байгуулах гэж байгаа програм хангамжийн компанид хамтран ажиллах саналыг надад тавихдаа ***********ХХК-тай (хуучин нэрээр) хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгоод надтай хамтарч ажиллавал байрны урьдчилгаа өгнө, мөн шинэ байгуулагдах компанийн хувьцааг үнэгүй эзэмшүүлнэ гэж ятгасан. Миний бие залуу хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараа ашиглаж, хувийн салбарт амжилт бүтээл гаргая гэсэн хүсэл мөрөөдлөөр Б.***********ын гаргасан саналыг хүлээн авч, ***********ХХК-аас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Б.***********тай хамтран ажилласан. 2015-2019 оны хооронд 4 жилийн хугацаанд ***********ХХК-д өглөө 9 цагаас орой 21 цаг хүртэл амжилт, бүтээл гаргахын тулд ажиллаж, тус компанийн нэвтрүүлдэг ERP системийн техникийн бүх судалгаа, шийдэл, хөгжүүлэлтийг удирдаж ажилласнаар Odoo 10 ERP платформ дээр 100 гаруй дэд програмууд болон Odoo 12 ERP платформ дээр 40 гаруй дэд програмуудын кодыг бичиж серверийн иж бүрдэл, найдвартай ажиллагаа болон аюулгүй байдлын бүх архитектурыг гаргасан. Одоог хүртэл миний гүйцэтгэсэн архитектурын дагуу бүх серверүүд нь ажиллаж байгаа. 2015 оны 11 дүгээр сараас Б.*********** захирал анх хэлэлцэж тохирсноосоо буцаж, О.*********** миний бие болон Ц.***********, ***********, У.*********** бид 4-ийг компанид санхүүгийн хөрөнгө оруулалт хийх шаардлага тавьсан бөгөөд тэрээр хэлэхдээ надаас мөнгө зээлээд компанид хөрөнгө оруулчих, компанийн ашгаас мөнгөө буцааж авч болно. Энэ бол илүү сайн ажиллах хөшүүрэг гэж тайлбарлаж, бид нарт уг шаардлагаа хүчээр тулгасан. Энэ нь хожим зээлийн асуудал үүсэж, дарамтлуулах хэрэгсэл болно гэдгийг бид тухайн үед огт мэдээгүй. Б.***********ын нэхэмжлэлд дурдсан болон нэхэмжлэлд хавсаргасан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бэлэн мөнгө хүлээн авсан баримт, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16,000,000 төгрөг нь тухайн компанийн хөрөнгө оруулалт гэх шалтгаанаар компанид зориулагддаг байсан бөгөөд миний бие үүнээс нэг төгрөг ч аваагүй болно. Энэ талаар Ц.***********, ***********, У.*********** нар гэрчлэх бөгөөд эдгээр хүмүүс Б.***********аас мөн адил нэг төгрөг ч аваагүй боловч түүний гаргасан шаардлагаар надтай ижил баримт үйлдсэн. Байрны урьдчилгааны 32,997,000 төгрөгийг Б.*********** нь анх хамтарч ажиллах санал гаргасны дагуу амлалтаа биелүүлж өгсөн бөгөөд миний бие зээлээр тохиролцож аваагүй, өөрийн ажил үүргийг ***********ХХК-д гүйцэтгэсэн учраас зээлийн үүрэг хүлээхгүй болно. Байрны урьдчилгаа өгөхдөө Б.*********** нь компанид тогтвор суурьшилтай ажиллах шаардлага тавьсан тул Б.*********** нь уг агуулгаар баримт үйлдэн өөртөө авсан. Уг баримтыг Б.***********аас гаргуулах хүсэлтэй байна. Миний бие Б.***********ын гаргасан санал болон түүнтэй хэлэлцэж, тохиролцсондоо ихээхэн итгэж, найдаж өөрийгөө бүрэн дайчилж, хүчин чармайлт гарган ажиллаж байсан боловч энэ 4 жилийн хугацаанд хамтарч ажиллахад маш бэрх, хэлэлцэж ярьснаасаа байнга буцдаг, маш их дарамттай, үргэлж өр зээлэнд оруулж байсан тул 2019 онд ажлаасаа гарсан. Ингээд Б.*********** нь тус компанид үргэлжлүүлэн ажиллахгүй бол бүх мөнгийг буцааж өг гэж дарамталсан тул Ковидын цар тахлын хүнд хэцүү үед Б.***********ын дарамтаас айж, түүнтэй маргахгүйгээр хэлсэн үгээр нь бичиж өгдөг байсан. Түүний хэлснээр миний бие Б.***********д нийтдээ 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Б.***********ын өгсөн гэх 10,000,000 төгрөг болон 16,000,000 төгрөгийг О.*********** миний бие өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, нэг төгрөг ч хэрэглэсэн удаа байхгүй тул уг төлбөрүүдийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Байрны урьдчилгаа төлбөрт 32,997,000 төгрөгийг Б.*********** нь зээлийн гэрээгээр шилжүүлээгүй бөгөөд ***********ХХК-д үр бүтээл гарган ажиллуулах, тогтвортой ажиллуулах зорилготой байсан тул бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болно. Иймд нэхэмжлэгч Б.***********ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 47,997,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцэхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн хүү 79,195,050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Дээр дурдсанаар О.*********** миний бие нэхэмжлэгч Б.***********аас компанийн хөрөнгө оруулалт гэх 26,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаагүй, 32,997,000 төгрөгийг зээлээр өгөөгүй тул бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Тиймээс дээрх хуулийн зохицуулалтын дагуу зээлийн хүү төлөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.***********ын шүүхэд ирүүлсэн миний гараар бичсэн гэх зарим баримтуудад алданги төлөх тухай заалтыг миний бие бичиж байгаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж, уг асуудлыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.***********ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 312/ШШ2025/02383 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2., 279 дүгээр зүйлийн 279.1.-т зааснаар хариуцагч О.***********аас 47,993,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,198,950 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.***********аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.***********аас 397,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***********д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.*********** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж зааснаар шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг цуглуулж, хэргийг хуульд үндэслэж, шударгаар шийдвэрлэх шаардлагатай билээ. 1.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дүгнэхдээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.-д “...хариуцагч талаас 26,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй... гэж маргаж байгаа боловч дээрх нотлох баримтуудаар О.*********** нь 26,000,000 төгрөгийг зээлсэн болох нь тогтоогдсон, зээлж авсан мөнгөө юунд зарцуулах нь түүний эрх бөгөөд хариуцагч О.*********** нь зээлийн гэрээний дагуу хугацаандаа 26,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж зээлийн гэрээний харилцаа үүссэн, 13.-т нэхэмжлэгч Б.*********** нь хариуцагч О.***********ыг ***********ХХК-ийг амжилттай удирдан зохион байгуулж, *********** ХХК-тай 20 жилийн турш тогтвор суурьшилтай хамтран ажиллах нөхцөлтэйгээр 32,993,100 төгрөгийг бэлэглэсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж, хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо нэхэмжлэлийн үндэслэл буюу үйл баримтыг өөрт ашигтайгаар хэт гуйвуулан тайлбарлаж нэхэмжлэл гаргасан байсан тул хариуцагч О.*********** миний бие эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 27-ны едөр шүүхэд анх хариу тайлбар гаргахдаа “Б.*********** захирал компанид хөрөнгө оруулаад, компаниас ашигаа буцааж авж болно гэх шаардлагыг удаа дараа тавьж, нэхэмжлэгч өөрийн санаачилгаар 10,000,000 төгрөг болон 16,000,000 төгрөгийг компанийн хөрөнгө оруулалт гэх шалтгаанаар компанид оруулсан гэж тайлбарлаж баримт үйлддэг байсан бөгөөд миний бие нэг төгрөг ч аваагүй” гэж тайлбарлаж, уг харилцаа нь хувь иргэн хоорондын зээлийн харилцаа биш, компанийн хөрөнгө оруулалт, хувьцаатай холбоотой буюу хамтран ажиллах гэрээний асуудал болохыг шүүхэд тайлбарласан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар зээлийн гэрээний гол шинжид “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх” гэж заасан тул зээлийн гэрээ байгуулагдсан эсэхийг дүгнэхийн тулд энэ шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай юм. Нэхэмжлэгч зээлүүлсэн гэх мөнгөнүүдийг тухайн үед буюу 2015, 2016 онд “***********” ХХК-д хөрөнгө оруулж байгаа гэж тайлбарлаж, эдгээр баримтыг үйлдэж байсан бөгөөд миний бие нэхэмжлэгчид итгэж, компанийг хамтран ашигтай ажиллуулах итгэл найдвараар дансны баримтыг нэхэн шалгаж байгаагүй, энэ талаар анхан шатны шүүхэд тайлбарласан, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ тайлбарыг үгүйсгээгүй. Гэтэл нэхэмжлэгч надад хувьд нь мөнгө зээлүүлж, шилжүүлсэн мэтээр нэхэмжлэлдээ тайлбарласан энэ мөнгөнүүдийг “***********” ХХК-д орсон эсэх баримтыг миний бие өөрөө гаргаж өгөх, цуглуулах боломжгүй тул шүүхэд хандан “***********” ХХК- ийн 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг хүртэл хугацааны дансны хуулгыг гаргуулах хүсэлт, мөн уг үйл баримтыг гэрчлэх гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүгч “тийм асуудал байвал дараа нъ нэхчихгүй юу” гэх агуулгаар үндэслэлгүй тайлбарыг гаргаж, хэргийг шийдвэрлэсэн. Зүй нь нэхэмжлэгчийн зээлүүлсэн гэх мөнгийг миний бие өөрийн өмчлөлдөө авсан эсэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгч уг шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй эсэхийг тогтоох үндэслэл бүрдэх билээ. Зээлдүүлэгчээс ззэлдэгчид мөнгө, болон бусад хөрөнгө шилжүүлээгүй бол зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Миний бие зээлсэн мөнгөө компанид зарцуулсан тул өгөхгүй гэж маргаагүй, харин анхнаасаа энэ мөнгийг өмчлөлдөө авч, захиран зарцуулж байгаагүй бөгөөд энэ мөнгийг нэхэмжлэгч өөрөө санал болгож, өөрөө компанидаа оруулсан гэж тайлбарлаж, хамтран ажиллах зорилгоор баримтуудыг үйлддэг байсан тул надад анхнаасаа шилжүүлэгдээгүй хөрөнгүүд гэх тайлбарыг гаргасан боловч шүүх огт анхаараагүй. Хэрэв нэхэмжлэгч хариуцагчид үнэхээр мөнгө зээлүүлсэн бол нэхэмжлэгч ямар үндэслэл, зорилгоор 2015 оны 10 сая төгрөгийг хариуцагч төлөөгүй байхад 2016 онд дахин 16 сая төгрөг зээлүүлсэн талаар тайлбар гаргадаггүй, уг мөнгийг хариуцагчид бэлнээр эсхүл дансаар өгсөн талаар баримт байхгүй, энэ асуултад хариулдаггүйгээс харахад нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад нотлогдоогүй, шүүх тогтоогоогүй. Мөнгийг шилжүүлнэ гэх бичгийн баримтуудаас шууд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нь өрөөсгөл бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хамтын ажиллагааны үндсэн дээр уг баримтуудыг үйлддэг байсан болохыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй. Тиймээс шүүгч хариуцагчийн тайлбарыг харгалзан үзэлгүй, дээрх баримтуудаар зээлсэн болох нь тогтоогдсон, хариуцагч зээлсэн мөнгөө юунд зарцуулах нь хамаагүй гэж нэхэмжлэгчийн тайлбараар хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хариуцагч мөнгийг өөрийн өмчлөлд аваагүй тул өөрөө захиран зарцуулаагүй байх, эсхүл өөрийн өмчлөлдөө аваад захиран зарцуулахдаа компанид шилжүүлсэн эсэх ялгаатай эрх зүйн үр дагавар бүхий үйл баримтуудын аль нь үүссэн болохыг шүүх тогтоогоогүй. Үүний улмаас нэхэмжлэгчээс хариуцагчид зээл олгосон эсэх, хариуцагч өөрөө захиран зарцуулсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарласнаар Б.***********аас Б.***********д буюу өөрөө гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр нь ажиллуулдаг. “***********” ХХК-д орсон мөнгийг энэ шүүхийн шийдвэрээр хариуцагч би нэхэмжлэгчид дахин төлөх үр дагаврыг үүсгэж, намайг хохироож байна. 1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “...Б.*********** нь “***********” ХХК- ийн захирал байх бөгөөд хариуцагч О.***********ыг ***********ХХК-ийг удирдан зохион байгуулж, *********** ХХК-тай 20 жилийн турш тогтвор суурьшилтай хамтран ажиллах нөхцөлтэйгээр түүнийг дэмжих зорилгоор орон сууц худалдан авахад нь орон сууцны 30 хувийн урьдчилгааг буцалтгүй тусламжаар олгохоор тохиролцож, ...тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна”, 16-д “... тэдний хоорондын чат мессэжээр О.*********** нь Б.***********аас мөнгийг авсан, түүнд өгөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн, Ц.*********** нь О.***********аас шаардаж байгаагүй, Б.*********** шаардаж байсан тул Б.*********** О.***********аас нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв” гэж дүгнэжээ. Хэргийн 36-р хуудсанд авагдсан Б.***********, У.*********** нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад “***********”-ийн үйл ажиллагааны зардал, санхүүжилт 38,000,000 төгрөг байршуулсан байгаагаас “О.*********** уръдчилгаа ***********-ээс” гэх гүйлгээний утгатайгаар 32,993,100 төгрөгийг шилжүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ”, 65 дугаар зүйлийн 65.1.5.-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэлд “***********” ХХК, “***********” ХХК-д тогтвортой суурьшилтай ажиллах зорилгоор хариуцагч О.***********ад байрны урьдчилгаа шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл болгосон хэрнээ “***********” ХХК, “***********” ХХК-аас олгосон уу эсхүл Б.*********** өөрийн хөрөнгөөс бэлэг олгосон эсэхийг шүүх дүгнээгүй. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж зааснаар хүн, хуулийн этгээд эрх зүйн хувьд тус тусдаа этгээд юм. “***********” ХХК, “***********” ХХК-аас эсхүл Б.***********, Ц.*********** нарын өөрийн хөрөнгөөс шилжүүлсэн төлбөрийг Б.***********ын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, түүнд олгуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх энэ талаарх баримт цуглуулах зорилгоор Ц.***********ийг гэрчээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй хэрнээ энэ хөрөнгө нь Б.***********ын хөрөнгө байна гэж шууд дүгнэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. О.*********** миний бие нэхэмжлэгчтэй хамтран “***********” ХХК-г амжилттай ажиллуулах зорилготой байсан бөгөөд уг зорилгоор миний бие “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хөдөлмөрийн гэрээгээ өөрийн хүсэлтээр цуцалж, хамтран ажиллаж буй миний хичээл зүтгэлийг үнэлж компаниас байрны урьдчилгаа олгосон үйл баримттай маргадаггүй. Миний бие хичээл зүтгэл гарган ажиллаж байсан бөгөөд байрны урьдчилгаа аваад ажлаас гарсан зүйл байхгүй, харин ч миний зохион бүтээсэн программаар өдийг хүртэл компани амжилттай ажилласан. Харин Б.*********** хувиасаа өгч байсан мэтээр нэхэмжлэл гаргаж, шүүгч шийдвэртээ “***********” ХХК, “***********” ХХК-аас олгосон гэж дүгнэсэн хэрнээ Б.***********д олгуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. 2.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байгаа талаар: Дээрх үйл баримтуудыг буруу дүгнэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх” гэх шинжийг зөв дүгнээгүй, 279 дүгээр зүйлийн 279.1.-т “Ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно” гэж заасны талуудын тохиролцоо болох компанид үр бүтээлтэй ажиллах, улмаар компаниас олгох бэлэглэлийн тохиролцоог зөв дүгнээгүй, энэ талаар баримтуудыг хангалттай цуглуулаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл компанитай холбоотой эсэхийг дүгнээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрүүд нь бүгд “***********” ХХК-тай холбоотой бөгөөд тус компанийн хувьцаатай холбоотой тул анхан шатны шүүх үйл баримтуудыг хэт нэг талын тайлбараар шийдвэрлэж, хариуцагчийг хохироож байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.7.-т зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.*********** нь хариуцагч О.***********аас зээлийн гэрээний үүрэгт 127,192,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2., 279 дүгээр зүйлийн 279.1.-т зааснаар хариуцагч О.***********аас 47,993,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,198,950 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.***********, хариуцагч О.*********** нар нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөрөөс  2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд   10,000,000 төгрөг зээлэхээр 1.5 хувийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан, тухайн өдрөө 10,000,000 төгрөг хүлээн авсан баримтаар 10,000,000 төгрөгийг О.*********** хүлээн авсан үнэн болно гэсэн баримт үйлджээ.

Хариуцагч О.*********** нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Б.***********д өгсөн өргөдөлдөө “...10,000,000 төгрөгийг 2015 оны 12 сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зээлээр авсан, зээлийн барьцаа хөрөнгө болох Эрдэнэт хотод байрлах хашаа байшинг худалдан борлуулах замаар зээлээ төлөх бодолтой байсан боловч гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж тохиролцсоны эцэст төрсөн ээж Ж.Отгонтуяагийн нэр дээр бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар зээлээ төлөхөөр шийдвэрлэв. Ж.Отгонтуяа нь одоогоор Япон улсад байгаа 2017.01.18-нд ирнэ, ирсний дараагаар барьцаа хөрөнгийг 2 өрөө орон сууцаар солиод нэмж 16,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байна. Ингээд нийт 26,000,000 төгрөгийн зээлийг 2017.02.25-ны дотор барагдуулана...” гэжээ. Зохигч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр кассын зарлагын ордер гэсэн баримтанд Б.*********** О.***********ад зээл нэмж авав 16,000,000 төгрөг гэсэн баримтыг үйлдсэн байна.

Хариуцагч О.*********** нь “...манай гэр бүлийг дэмжих зорилгоор орон сууцны 30 хувийн урьдчилгааг буцалтгүй тусламжаар олгож байна. Групийн зүгээс надад маш их итгэл хүлээлгэн хамтран ажиллаж байгаа тул...өөрийн зүгээс мэдлэг, чадвар, арга туршлагыг дайчлан ***********ХХК-г удирдан зохион байгуулж хөл дээр нь босгох цаашлаад *********** ХХК-тай 20 жилийн турш тогтвор суурьшилтай хамтран ажиллахаа хариуцлагатайгаар амлаж байна...орон сууцны 30%-ийн урьдчилгааг барилгын захиалагч Б.Нүрзэдийн Төрийн банкны *********** тоот дансанд тушааж өгнө үү” гэсэн өргөдлийг “***********” ХХК-нд гаргасан байна. Нэхэмжлэгч Б.*********** нь Хаан банкны хугацаагүй хадгаламжийн данснаасаа “О.*********** 55-А-56 тоот урьдчилгаа ***********с” гэсэн утгатайгаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 32.993.100 төгрөгийн зарлагыг гаргажээ.

 Хариуцагч О.*********** нь нэхэмжлэгч Б.***********д “...***********ХХК-нд хөрөнгө оруулах зорилгоор зээлсэн 23.000.000 төгрөг болон надад байрны урьдчилгаанд өгсөн 32.997.000 нийлээд 55.997.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор бөөнөөр нь төлж барагдуулахаа амлаж байна. Хугацаа хоцорсон сар тутамд 5 хувь алданги төлнө... ” гэсэн бичгийг үйлдэж  нэхэмжлэгч Б.***********д өгсөн байна.

Хариуцагч О.*********** нь бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбар гаргадаг боловч тэрээр зээлийг буцаан төлөх талаар тайлбараа бичгээр гарган өгч байсан,  нэхэмжлэгч Б.***********д 3.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг нийт 11.000.000 төгрөгийг буцааж төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна.

 Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3.-т “төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан  тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зааснаар талуудын хооронд зээлийн болон тусгай зориулалтын бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Харин хариуцагч О.*********** нь нэхэмжлэгч Б.***********ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, татгалзлалаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ   биелүүлээгүй байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж зохичдын хооронд зээлийн болон тусгай бэлэглэлийн харилцаа үүссэн гэсэн үндэслэлээр  хариуцагч О.***********аас 47,993,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.***********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,198,950 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч О.*********** нь “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.7.-т зааснаар хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй харин хариуцагч  уг  компанийг хамтран үүсгэн байгуулсан, одоо ч уг компанийн хувьцаа эзэмшигч болох нь зохигчдын гаргасан тайлбараар нотлогдож байх тул анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэтэрхий нэг талыг барьж, хуульд нийцээгүй дүгнэлт хийж  үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн хариуцагч О.*********** нь “...***********” ХХК, “***********” ХХК-иас олгосон гэж шүүх дүгнэсэн хирнээ ***********д олгохоор шийдвэрлэсэн” гэж гомдож  байгаа  боловч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг солих эсхүл хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй, уг асуудлаар талууд мэтгэлцээгүй, Б.*********** нь  нэхэмжлэлийг өөрийн нэрээр тодорхойлж гаргасан  байх тул  шүүх өөрийн санаачлагаар дээрх комп анийг хэргийн оролцогчоор татан оролцуулах  хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс  хэргийн оролцогчийн эрх зүйн байдлын талаар дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч О.*********** давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 397,920 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 312/ШШ2025/02383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.***********ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч О.*********** давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 397,920 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА

 

 

                                                         ШҮҮГЧ                                Б.ОЮУНЦЭЦЭГ

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР