Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/141

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа  

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Батдулам, Ж.Түвшинжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хулан, Р.Цэрэнханд, Д.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Б.Ч, М.Ө, З.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Б.Ч, М.Ө, З.Т нарт холбогдох эрүүгийн 1725003480255 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Ө

Шүүгдэгч:, Монгол Улсын иргэн, З.Т

Шүүгдэгч: Б.Ч/

Шүүгдэгч: Б.Д

           Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч З.Т, М.Ө, Б.Ч нарыг бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Янжмаагийн “Оргилох” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж нийт 369,000 төгрөгний хохирол учруулсан,2017 оны 10 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Мядагмаагийн “Баянхангай” нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж нийт 427,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-гийн мэдүүлсэн: Мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-өсвөр насны шүүгдэгч Б.Ч-ий мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Тухайн үеэ санахгүй байна. Мэдүүлэг өгөхгүй. гэх мэдүүлэг,

-өсвөр насны шүүгдэгч З.Тгийн мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа гэх мэдүүлэг,   

-өсвөр насны шүүгдэгч М.Ө-ы мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байгаа. Мэдүүлэг өгөхгүй  гэх мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 7-10-р хуудас/

-Өсвөр насны шүүгдэгч Б.Ч, З.Т, М.Ө нарын нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хх-ийн 15-18-р хуудас/

-Хохирогч Д.Мядагмаагийн “... Миний бие нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн  6-9 дүгээр байрны ард талд хувиараа “Баянхангай” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр нөхрийн хамт ажиллуулдаг. Манай хүнсний дэлгүүрт 2017 оны 10 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хулгай орж бэлэн мөнгө, чихэр болон архи согтууруулах ундааны зүйл алдагдсан байсан...Дэлгүүр дотроос 50 000 - 60 000 орчим бутархайгаар бэлэн мөнгө, 1 литр 700 граммын Соёрхол нэртэй 1 шил архи,  Evok нэртэй 750 граммын 1 шил архи,  Соёмбо нэртэй 750 граммын 1 шил архи, Хар сувд нэртэй 750 граммын 1 шил архи, Велвет нэртэй 750 граммын 1 шил архи, Болор нэртэй 750 граммын 1 шил архи, едека нэртэй шоколад-2 ширхэг, nestie nesguilk -10 ширхэг, чук гек-2 кг чихэр, товчлууртай самсунг маркийн хар өнгийн хуучин гар утас зэрэг эд зүйл алдсан. Хулгай ордог тэр өдөр манай хүнсний дэлгүүрийн урд талын гэрэлтүүлгийн утсыг нь тасалсан байсан. Тэр өдөр гудамжны гэрэл тасалж байгаад л манай дэлгүүрт орсон юм шиг байна лээ. Би бараа бүтээгдэхүүний үнэ 367,800 төгрөг, бэлэн мөнгө 60,000 төгрөгийг нэмээд 427,800 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34-36-р хуудас/

-Хохирогч Т.Янжмаагийн ... 2017 оны 10 сарын 30-ны өдөр манай дэлгүүрт суудаг худалдагч над руу яриад дэлгүүрт хулгай орсон байна гэхээр нь цагдаа дуудаарай гээд би гэрээс гараад яваад очтол манай дэлгүүрийн цонхны хамгаалалтыг эвдээд цонхоор ороод бэлэн 300,000 төгрөг, нэгж зардаг гар утас, архи зэрэг эд зүйл алдагдсан байсан. Надад учирсан хохирол 369,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-40-р хуудас/

-“БАН ХАС” ХХК-ний 2017 оны  сарын 1-ний өдрийн 277 дугаартай: “Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Янжмаагийн “Оргилох” 8 нэрийн хүнсний дэлгүүрээс алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээ 69,000 төгрөг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 41-р хуудас /,

            -“БАН ХАС” ХХК-ий 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 321 дугаартай: “Согоот баг 6-9 дүгээр байр Баянхангай хүнсний дэлгүүрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ 367 800 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт.  /хх-ийн 62-64-р хуудас/

            -Шүүгдэгч Б.Дашдондогийн хохирогч Мядагмаад хохирол төлсөн тухай баримт /1-р хх-ийн 215-216-р хуудас/

            -Өсвөр насны шүүгдэгч Б.Чулуун-Эрдэнэ хохирогч Т.Янжмаад учруулсан хохирлыг хүнсний картаар барагдуулахаар тохиролцсон тухай баримт /1-р хх-ийн 235-р хуудас/

            -Өсвөр насны шүүгдэгч М.Өлзийсайханы хохирогч Т.Янжмаад учруулсан хохирлыг төлсөн тухай баримт /1-р хх-ийн 236-237-р хуудас/

            -Өсвөр насны шүүгдэгч З.Тэмүүжин, Б.Чулуун-Эрдэнэ нар хохирогч Т.Янжмаа, Д.Мядагмаа  нарт  хохирол төлсөн тухай баримт /2-р хх-ийн 78-80-р хуудас/

         -Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар хэргээ хүлээн мэүүлсэн мэдүүлгүүд /1-р хавтаст хэргийн 157-181/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дашдондог, өсвөр насны шүүгдэгч З.Тэмүүжин, М.Өлзийсайхан, Б.Чулуун-Эрдэнэ нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Янжмаагийн “Оргилох” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүнийг авсан ба нийт 369,000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Мядагмаагийн “Баянхангай” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүн авч нийт 427,800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Янжмаад 369,000 төгрөгийн хохирогч Д.Мядагмаад 427,800 төгрөгийн бодит хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн, маргахгүй байна.

Шүүгдэгч нар бүлэглэн бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч бэлэн мөнгө, бараа авч нийт 796,800 хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, санаатай, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдон тогтоогджээ.      

   Шүүгдэгч Б.Дашдондог, өсвөр насны шүүгдэгч З.Тэмүүжин, М.Өлзийсайхан, Б.Чулуун-Эрдэнэ нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэдний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй байх тул шүүгдэгч нарыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах саналтай гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Ялын хурал эхлэхэд шүүгдэгч Дашдондог нэгэнт 21 нас хүрээгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу өсвөр насны шүүгдэгчид тооцох хүсэлтийг гаргасан. 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж болно гэсэн заалт байгаа. 21 нас хүрээгүй учраас өсвөр насны шүүгдэгчид тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байна. Хоёр тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хууль зүйн ямар ч боломж үндэслэл байхгүй гэж үзэж байна...гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хулан дүгнэлтдээ: Өлзийсайханы хувьд гэм буруугийн маргаангүй. Хулгайн хэрэгт дэмжлэг үзүүлсэн буюу гадаа нь хүн харж зогсож байсан байдаг. Оногдуулсан ялыг хойшлуулна уу гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ дүгнэлтдээ: Өсвөр насны шүүгдэгч З.Тэмүүжингийн өмгөөлөгчөөр оролцож байна... Шүүгдэгч өөрөө гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Учруулсан хохирлоо төлсөн. Энэ гэмт хэргийг үйлдсэнээс хойш ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй, оногдуулсан ялыг хойшлуулна уу, хохирол төлбөрөө нөхөн төлсөн гэжээ.

 

           Шүүгдэгч нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ,шүүгдэгч нарын хувийн байдал болон учруулсан хохирлыг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмаар хуульд заасан хорих ял оногдуулж, ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Дашдондог, З.Тэмүүжин, М.Өлзийсайхан нар Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны 3-10 дугаар сарын үйлдлүүдэд ял шийтгүүлсэн ба Б.Дашдондогийг  2 зүйл хэсгээр оногдуулсан ялыг нэгтгэж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж 1 жилийн хугацаагаар тэнссэн, М.Өлзийсайханыг  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, З.Тэмүүжинг 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч засарч хүмүүжихийг даалгаж шийдвэрлэжээ.

        Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 475 дугаартай тогтоолоор уг тогтоолыг шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгосон байх тул дээрхи 389 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж шүүгдэгч Б.Дашдондогийн 1 жилийн тэнссэн хугацаа, М.Өлзийсайханы тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаа, З.Тэмүүжинд оногдуулсан 6 сарын хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хяналтын хугацаа тус тус дууссан байна. Дээрхи хугацаанд шүүгдэгч нар хэрэг зөрчилд холбогдсон талаар хэрэгт баримт авагдаагүй.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоол гарахаас өмнөх үйлдэл илэрсэн тохиолдолд нэгтэн шийдвэрлэх зохицуулалт тусаагүй тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хуулийн зарчимыг баримтлан шүүгдэгч нарт өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг хөндөхгүйгээр ял оногдуулах нь Эрүүгийн хуулийг зөрчихгүй, хэргийн оролцогч нарын эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэсэн болно.

       Шүүгдэгч Б.Дашдондогийн хувьд 1999 оны 4 дүгээр сарын 10-нд төрсөн,20 настай боловч үргэлжилсэн шинжтэй хулгайлах болон авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан үйлдлүүдийн эхний үйлдлийг 2017 оны 3 дугаар сард 17 нас 11 сартай байхдаа үйлдсэн болох нь шүүхийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл,журмаар ял оногдуулж...шийдвэрлэж болно” гэсний дагуу Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт /Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах/ заасан журмаар ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

         Хохирол төлбөрийн тухайд:Хохирогч Т.Янжмаа, Д.Мядагмаа нар шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гомдлоо барагдуулсан гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирол төлсөн талаархи баримтууд 1-р хх-ийн 215-216-р хуудас, 235-р хуудас, 236-237-р хуудас, 2-р хх-ийн 78-80-р хуудаст тус тус авагдсан байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,шүүгдэгч нар тус бүр 237 хоног цагдан хоригдсоныг дурьдлаа

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч  М.Ө, З.Т, Б.Ч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Т,  М.Ө, Б.Ч нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдондогийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Т, М.Ө, Б.Ч нарын эдлэх ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад, шүүгдэгч Б.Д эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, З.Т, М.Ө, Б.Ч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг  тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах сургалтанд /цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, зорилгоо тодорхойлох /хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан үүргийг биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ялыг эдлүүлэхээр шийдвэрлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч З.Т, М.Ө, Б.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,шүүгдэгч нар тус бүр 237 хоног цагдан хоригдсон, төлөх төлбөргүйг дурьдсугай.

   9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ