Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2016/00399

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2016/00399

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,

            Зөрчил гаргагч: 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага-Гүний 11 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, Чоно долоо овогт Цогтсайханы Банзрагчид холбогдох архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Одгэрэл, хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийг төлөөлж хэсгийн байцаагч Цагдаагийн ахмад Н.Гүлбану, зөрчил гаргагч Ц.Банзрагч, гэрч Я.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

            Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Банзрагч нь удаа дараа архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан орчин тойрондоо түгшүүр түрүүлдэг. Иймд Ц.Банзрагчийг архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ахмад Н.Гүлбану шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зөрчил гаргагч Банзрагчийн ээж Бадамцэцэгийн гомдлоор 2016 оны 08 сарын 29 ний өдөр саатуулсан. Банзрагч нь 2011 ,2012, 2013 онуудад тус бүр 1 удаа, 2014 онд 3 удаа, 2015 онд 5 удаа, 2016 онд 3 удаа архи ууж зөрчил гаргасан үндэслэлээр саатуулагдсан. Эмч нарын дүгнэлтээр архинд донтох өвчний 2 дугаар зэрэг гэж тогтоосон. Эмчийн дүгнэлт, ар гэрийн гомдлыг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.

            Зөрчил гаргагч Ц.Банзрагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй, сайн дураараа эмчлүүлэх хүсэлтэй байна. Би тийм архинд донтсон хүн биш, хааяа л ганц нэг уудаг, архи уусныхаа маргааш нь дахин архи уудаггүй, намайг ганц л эмч үзсэн, үзээд минийхийг надтай цуг явсан хүний оноштой солиод биччихсэн. Би дахин архи уухгүй, эмчилгээ хийлгэнэ гэв.

          Гэрч Бадамцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хүүгээ Мааньт руу явуулмааргүй байна. Манай хүүхэд хааяа л нэг архи уудаг, голдуу хөдөө байдаг, архи уухаараа янз бүрийн юм яриад сонин сонин болоод байдаг, тэр өдөр намайг хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа цагдаа дуудаад өргөдөл бичээд өгсөн. Би хүүтэйгээ ярилцаад өөрсдөө эмчилгээ хийлгэхээр болсон.Манай хүү найз охинтой болж байгаа. Шар хаданд Сэтгэц мэдрэлийн эмнэлэгт архинаас гаргадаг эмчилгээ хийдэг гэсэн, тэнд л хэвтүүлж өгөөч гэж цагдаад өргөдөл гаргасан, одоо өөрсдөө эмчлүүлнэ, эмчтэй уулзаж зөвөлгөө авсан, эндээс 13 дугаар маягт аваад явж болно гэсэн гэв.

          Шүүхээс согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, 2011-2016 онуудад эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл, Бадамцэцэгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол зэргийг шинжлэн судалж хэлэлцүүлэв.

 ҮНДЭСЛЭХ нь :

            Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

 Ц.Банзрагч нь архи уун согтуурч 2016 оны 08 сарын 29 ний өдөр өөрийн ээж Бадамцэцэгийг хэл амаар доромжлон, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг  алдагдуулсан, түүний ээж Бадамцэцэг нь Цагдаагийн байгууллагад гомдол гарган саатуулагдсан болох нь хүсэлт гаргагч, зөрчил гаргагч, гэрч нарын  шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Банзрагч нь 2011-2016 онуудад саатуулагдаж байсан талаарх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Зөрчил гаргагчийг эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр архинд донтох өвчний 2 дугаар зэрэгт хамааруулсан байх ба зөрчил гаргагчийн “Би урд нь архины асуудлаар эмнэлэгт үзүүлж байгаагүй, тэр өдөр намайг нэг л эмч чагнаж үзсэн өөр эмч үзээгүй, архины талаар болон архинд донтсон талаар надад хэлээгүй, надтай хамт явсан Алтангэрэл гэж хүний оношийг минийх дээр сольж бичсэн” гэсэн тайлбар, гэрч Бадамцэцэгийн “ Манай хүү архинд донтсон хүн биш, хаа ганц нэг архи уудаг, зүрх муутай болохоор архи уухаараа сонин сонин юм яриад байдаг, хөдөө голдуу байдаг, би Мааньт дахь архины эмчилгээнд явуулмааргүй байна, сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлнэ гэж бодож байгаа” гэсэн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 2016 онд 3 удаа архи ууж саатуулагдсан зэргээс дүгнэлт хийхэд архинд донтох өвчний 2 дугаар зэрэгт хамааруулсан нь эргэлзээтэй байна.

 Зөрчил гаргагч Банзрагчийг архинд донтох өвчтэй болсон, өвчнөө сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол  Улсын  Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг   тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1 4.2 дахь  хэсэгт заасныг журамлан Чоно долоо овогт Цогтсайханы Банзрагчийг архины албадан эмчилгээнд явуулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хүсэлт гаргагч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

    3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              П.ЦЭЦЭГДУЛАМ