Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/285

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,                     

              Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

              Хохирогч Ч.Б-,

              Иргэний хариуцагч Г.Амарцэцэг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 1938003730279 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Д-, 

              Шүүгдэгч С.Д- нь 2019 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрийг шилжих шөнө ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ багийн нутагт иргэн Ч.Б-ийн цээжин тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д- нь 2019 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрийг шилжих шөнө ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ багийн нутагт хохирогч Ч.Б-ийн цээжин тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938003730279 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:  ... Би 2019 оны 5 дугаар сарын 18-ны орой хүргэн Тогтохбаярынхаа хүүхдийг хараад гэрт нь байсан ба тухайн оройдоо хүүхдийнх нь хамтаар унтаж амарсан. Маргааш өглөө буюу үүрийн 05 цагийн үед намайг амарч байхад гаднаас хүргэн Тогтохбаяр, түүний эхнэр Баттуяа, хүргэн С.Д-, түүний эхнэр Амарцэцэг, Мягмардорж нарын хамтаар согтуу орж ирсэн. Тэд нар орж ирээд өөрсдийнхөө авчирсан пиво, архиа уусан. Архи ууж байхад С.Д- эхнэр Амарцэцэг рүүгээ агсам тавиад мотоциклийнхоо түлхүүрийг бие бие рүүгээ шидэлцэж байсан. Би тухайн үед орон дээрээ сууж байснаа С.Д-д хандаж “чи хаашаа хүн бэ, эхнэр хүүхдээ дарамтлаад байдаг, энд чинь хүн амьтан амарч байна, чамаас хүүхэд айгаад уйлаад байна, чи одоо гар даа” гээд гараас нь барьж авахад гараа сэгсэрч намайг тавиулсан. Тэр үед Мягмардорж С.Д-г цааш нь татахад С.Д- хөлөөрөө миний цээжин тус газарт өшиглөсөн. Би тухайн үед С.Д-д өшиглүүлээд гутал хувцсаа өмсөөд хажууд байдаг төрсөн хүү Батзаяагийнхаа гэр лүү орсон. Тэдний гэрт ороход 3 хүн унтаж байсан. Тэгээд би цай уугаад сууж байтал гаднаас С.Д- гүйсэн чигээрээ орж ирээд миний цээжин тус газарт өшиглөж унагаагаад дээр минь мордон суугаад заамдаж дарахаар нь би “ахынх нь хавирга хугарчихлаа, одоо болил доо” гээд байж байтал С.Д-гийн намайг заамдаж байсан гар нь гэнэт сулраад над дээр уначихаар нь... “хэн ингээд цохьчихвоо” гэж асуухад Амарцэцэг “Батзаяа цохьчихлоо” гээд хэлэхээр нь харахад хүү Батзаяа маань гэрээс гарч яваа харагдсан. Тухайн үед ийм л зүйл болсон...С.Д- бид хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй...Хүргэн С.Д- маань эрүүл үедээ миний үгнээс гараад байдаггүй. Тийм болохоор нэлээд согтолттой байсан болохоороо л намайг араас хөөн зодсон байх...Одоо хугарсан хавирга маань байнгын хөндүүртэй байгаа. Үүнээс болоод хэвтэж унтахад, ханилгахад зовиур ихтэй байгаа...Миний хувьд гомдол санал гэх зүйл алга байна. Хүргэн С.Д-, хүү Батзаяа хоёр маань л “гайгүй өнгөрөөсэй” гэж бодож байна. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга байна.... гэх мэдүүлэг /хх-ийн  13-14-р тал/,

              Гэрч Б.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би тэдний ороод мэндлэхэд...С.Д- “танай тээхнийхэн намайг хэзээ ч амжихгүй” гэж агсарч байсан. Мөн удалгүй гэрт зодоон болоод гэрийн унь унаж байгаа бололтой чимээ гарсан, том эгч Баттуяа маань уйлаад “аавыг минь аллаа, чи хөгшин хүн зодож яадаг юм” гэж хэлж байсан. Би болсон зүйлийг гэрийнхээ гаднаас сонсоод сууж л байсан...С.Д- буцаж ороод дахиад аав Ч.Б- болон эгч Баттуяаг маань зодож байгаа бололтой “ёооё” гэж дуугарах чимээ, хүүхдүүд нь уйлах чимээ сонсогдоод байсан. Би тухайн үөд “намайг ирээд зодчих вий дээ” гэж бодоод нилээн сандарч тэвдсэн байдалтай байсан...Баттуяа эгч С.Д-д хандаж “чи хөгшин хүнийг ямар аймар зоддог юм бэ” гэхэд Баттуяа эгчийг С.Д- барьж аваад эрэггэй хүн цохиж байгаа юм шиг зүүн талынх нь мөрөн тус газарт цохисон...Гэр дотор хүн зодолдож, юм эвдэж байгаа дуу чимээ гарч байсан Үүнээс хойш юу болсоныг сайн санахгүй байгаа. Би нэг мэдсэн чинь эхнэр Батцэцэгийнхээ хамтаар мод руу гүйж явсан. Тухайн үед эхнэр маань “чи яагаад сүхээр цохиж байгаа юм бэ” гэж асуухаар нь “би цохьчихсон юм уу. юу ч санахгүй байна, одоо яанаа” гэж хэлсэн, Тухайн үед би маш их айж балмагдсан байсан болохоор өөрийгөө ямар үйлдэл гаргасныг мэдээгүй, ...Намайг гэртээ харихад аав Ч.Б-. эгч Баттуяа. дүү Оюунбаяр нар байсан Тухайн үед аав Ч.Б- маань хавирга эвгүй болчихлоо гэж байсан...С.Д- их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

              Гэрч Б.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... С.Д- 2019 оны  5 дугаар сарын 18 ны өдөр өглөө үүрээр манайд ирээд удганы өгсөн 0.5 тай архи уусан. Тэгээд эхнэртээ агсаад эхнэр лүүгээ түлхүүр шидээд, аягаар бас шидээд байсан. Тэгж байтал манай аав унтаж байгаад босч ирээд “чи одоо хүүхэд багачуул айлгалаа, эхнэр хүүхдээ яагаад байгаа юм” гэсэн. Тэгтэл “хүүхэдгүй хүн гэж хэн байдаг юм” гээд аавыг цохиод авсан...Тэгээд тэр айлд араас нь орж очоод аавыг шууд цохиод эргэнэгийн тэнд дарж унагаагаад авсан. Тэгтэл Батзаяа ороод С.Д-г цохисон ...С.Д- өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй болтлоо согтсон байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

              Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би тухайн үед С.Д-д “хүмүүс амарч байна шүү дээ, чи тайвшираач” гэж хэлэхэд намайг цохиж түлхээд гэр лүү маань дайраад орчихсон. Би түүнийг гэрлүү гүйгээд орчихоор нь араас нь дагаад ороход С.Д-: Хадам аавыг маань гараараа цохиод, Тогтохбаяр ахыг заамдсан. Тэгж маргалдаж байхдаа гэрийн маань баганыг хугалаад хаячихсан. Би тухайн үед маш их айгаад гэрийнхээ хойморт уйлаад чихээ дараад суусан. Үүнээс хойш юу болсоныг сайн санахгүй байгаа...С.Д- тухайн үед нэлээд согтолттой байсан. Ерөөсөө хүний үгийг тоохгүй, салгах гээд очиж байгаа хүн болгон руу л дайрч байсан... Энэ үеэс эхлээд би маш их айж балагмагдсан байсан учраас юу болсоныг мэдэхгүй байна...Тухайн үед С.Д- нь Батзаяагийн аав болох Ч.Б-, төрсөн эгч Баттуяа нарыг Тогтохбаяр ахын гэрт зодсон гэсэн. Мөн манай гэрт хадам аав Ч.Б-ийг бас зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

              Гэрч Б.Оюунбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны                 5 дугаар сарын 18-ны орой... С.Д- ах согтуу агсам тавиад эхнэр Амарцэцэг рүүгээ аяга авч шидээд хоорондоо маргалдахаар нь Ч.Б- ах “хүүхэд унтаж байна” гэхэд С.Д- ах “хүүхэдгүй хэн байдаг юм” гээд Ч.Б- ахтай маргалдаж байснаа босч ирээд Ч.Б- ахын цээжин тус газар нь нэг удаа өшиглөөд гараараа толгой руу нь цохихоор нь Нямбага ах салгаад гэрээс авч гарсан...Тэгээд зугтаагаад Батзаяа ахын гэр лүү гүйж орсон...Ч.Б- ахыг сууж байхад нь хөл рүү нь өшиглөөд С.Д- Ч.Б- ахын дээр нь мордож суугаад хүзүүгээр нь боож дарж байсан...Тухайн үед С.Д- их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/

              Гэрч Б.Тогтохбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг Батзаяагийнд ороод зуухных нь урд зогсож байтал С.Д- гэнэт гүйж гэрт орж ирээд хадам аав Ч.Б-ийг өшиглөж унагаагаад дээр нь дараад сууж байсан. Би тэр үед салгах гээд очих гэж байтал Батзаяа гэнэт араас гүйж орж ирээд барьж явсан зүйлээрээ С.Д-г цохиод буцаад гараад явсан...Тухайн үед Батзаяа архи уугаагүй. Харин С.Д- өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй болтлоо соггсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р тал/

              Гэрч С.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тэгээд С.Д-г авч явах гэсэн боловч миний үгэнд орохгүй явахгүй гээд бид хоёр ноцолдож байхад С.Д- “би шээмээр байна” гэхээр нь тавиад шээж зогстол С.Д- гүйгээд Батзаяагийнх руу явчихсан. Би шээгээд араас нь очиж явтал Амарцэцэг орилоод эхлэхээр нь Батзаяагийнд ороход С.Д-гийн толгойноос нь цус гарчихсан газар уначихсан байхаар айгаад болсон зүйлийг ажиглахад Амарцэцэг “алчихлаа” гээд орилоод байсан...Би тэгээд эмнэлгийн тусламж үзүүлээд буцаад гэр лүү гээ явсан...Тухайн үед Батзаяа тэр хоёр маргалдаагүй. Аавыг нь С.Д- зодохоор нь л Батзаяа цохиж гэмтээсэн юм шиг байна лээ...Тухайн үед С.Д- бол их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р тал/ 

              Гэрч Г.Амарцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тэгэхээр нь “одоо тайвширчих байх” гэж бодоод бие засчихаад эргээд хартал нөхөр С.Д- маань Батзаяагийн гэр лүүгээ гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би араас нь гүйгээд ороход үөд миний өөдөөс Батзаяа. Батцэцэг нар зөрөөд гарсан, Тухайн үед Батцэцэг гартаа сүх барьчихсан байсан. Намайг гэрт ороход нөхөр С.Д- маань эрэгнэгний урд талд толгойноос нь цус гарчихсан ухаангуй байдалтай хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

              Шүүгдэгч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...Тэгээд би Тогтохбаяр, Баттогтох нартай хамт гадаа гараад байж байхад Ч.Б- ах араас гарч ирээд “чамайг алнаа” гэсэн. Тэгээд барилцаж байхад л Батзаяа намайг сүхээр толгой руу маань цохисон. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна...Би тухайн үед нэг согтоогүй байсан, ухаантайгаа, өөрийгөө аваад явчих чадвартай байсан...Би Ч.Б- ахыг ор болон эрэгнэгний эавсар луу түлхэж унагаасан. Ч.Б- ах унахдаа хүчтэй унасан. Унахдаа тухайн хавирганыхаа хугарал бүхий гэмтлийг авсан байж магадгүй...Би гомдолтой. Намайг эдгээр хүмүүс гүтгэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        5 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаартай: Ч Ч.Б-ийн биөд баруун талын 4,5-р хавирганы зөрүүтэй хугарал, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэг, нурууны зүүн доод хажуу хэсэг, өвчүүний зүүн дээд хэсэгт дотор хэсэгт цус хуралт, зүүн шууны гадна дунд хэсэг, нурууны зүүн хажуу хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлалээр үүссэн гэмтэл байх боломжтой.Ч.Б-ийн биед үүссэн 4,5-р хавирганы зөрүүтэй хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хэсгийн цус хуралт болон зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ч.Б-ийн биед үүссэн гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 42-р тал/,

              Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай: С.Д- нь тархины хүнд гэмтлийн улмаас тархины эмгэгшил, доод мөчдийн саа саажилт баруун талын сонсгол бүрэн алдагдсан. С.Д- нь энэ евчний улмаас хөдөлмөрийн чадвар алдагдсан байна. С.Д- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, гэмтлийн улмаас зарим зүйлийг сайн санахгүй, зарим болсон зүйлийг буруу ярина. С С.Д- нь урд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй ба энэ өвчин гэмтлийн улмаас үүссэн сэтгэц мэдрэлийн эмгэг юм. С,С.Д- хэрэг хариуцах чадваргүй. С.Д-д эмнэлэгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай. Уг арга хэмжээг энгийн эмнэлгийн орчинд 10-21 хоногийн хугацаатай хэрэглэн цаашид биеийн байдпаас хамааран ар гэр болон эмнэлгийн хяналтад байх шаардалгатай...гэх дүгнэлт /хх-ийн 46-р тал/

              Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/

              Хохирогч Ч.Б-ийын шүүгдэгч С.Д-тай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 64-65-р тал/,

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-63-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.          

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч С.Д- нь 2019 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрийг шилжих шөнө ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ багийн нутагт согтуурсан үедээ хохирогч Ч.Б-ийн цээжин тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Ч.Б-, гэрч Б.Батзаяа, Б.Баттуяа, Б.Батцэцэг, Б.Тогтохбаяр, С.Мягмардорж, Г.Амарцэцэг, нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх шинжээч, эмчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                                           Шүүгдэгч С.Д- нь хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой харилцан тохиролцсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх ба хохирогч Ч.Б- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хохирлын тооцоог хийх болмжгүй байна. Иймд хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч С.Д- нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэц, эрүүл мэндийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болсон байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

              Тодруулбал: Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай: “...С,С.Д- хэрэг хариуцах чадваргүй. С.Д-д эмнэлэгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай. Уг арга хэмжээг энгийн эмнэлгийн орчинд 10-21 хоногийн хугацаатай хэрэглэн цаашид биеийн байдпаас хамааран ар гэр болон эмнэлгийн хяналтад байх шаардалгатай...гэх дүгнэлт /хх-ийн 46-р тал/, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...С.Д- нь тархины хүнд гэмтлийн улмаас тархины эмгэгшил, доод мөчдийн саа саажилт, баруун талын сонсгол бүрэн алдсан учир хэрэг хариуцах чадваргүй. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг энгийн эмнэлгийн орчинд 10-21 хоногийн хугацаатай хэрэглэх шаардлагатай...” гэх санал зэргийг үндэслэн  С.Д-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц, наркологийн ердийн тасагт 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар эмчлүүлэх шийдвэр  гаргав.

Эрүүгийн 1938003730279 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4.2, 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Д-г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүйд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 4, 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц, наркологийн ердийн тасагт 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар авсугай.

4. С.Д-г Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц, наркологийн ердийн тасагт хүргэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Прокурорын газарт даалгаж, шүүгдэгчийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн 1938003730279 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ЭРДЭНЭ-ОЧИР