Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1157

 

С.Чинсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02627 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Чинсанаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Бурмаад холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 105 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл

Хариуцагч Р.Бурмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

   Нэхэмжлэгч С.Чинсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Чинсанаа миний бие Р.Бурмаад 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсан тойруу 46В байрны 15 тоотод байрлах 156 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 421 200 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг байгуулж өмчлөх эрхээ шилжүүлсэн. Гэрээгээр  Р.Бурмаа нь 334 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 87 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үлдэгдэл төлбөрийг үл маргах журмаар төлөх баталгааг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд үлдэгдэл 87 000 000 төгрөгнөөс хоногийн 0.3 хувийн алдангийг нийт 70 хоногоор тооцон 18 270 000 төгрөг, нийт 105 270 000 төгрөгийг Р.Бурмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Бурмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэлээс 87 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Харин алданги 18 270 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.  Худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа алданги тооцох талаар тохиролцоогүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Бурмаагаас 87 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Чинсанаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 684 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Бурмаагаас улсын тэмдэгтийн хураамжид  592 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч Т.Урангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Р.Бурмаа нь гэрээгээр хүлээсэн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 87 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй 70 хоногоор хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнд 0.3 хувийн алданги буюу 1 өдрийн 261 000 төгрөг, 70 хоногийн 18 270 000 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Анхан шатны шүүх алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтад дутуу дүгнэлт хийж, нотлох баримтыг буруу үнэлж талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хуулийг буруу тайлбарласан. Талууд гэрээг нотариатч дээр очиж байгуулж гэрчлүүлсэн. Гэрээний загварыг нотариатч хийж өгсөн гэдэгтэй талууд маргаагүй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.155-д 0.3 хувийн алдангийг 87 000 000 төгрөгөөс тооцох талаар тусгасан. Харин алдангийг хоног тутамд тооцох гэсэн үг үсгийг нотариатч орхигдуулсаныг тухайн үед гэрээний талуудын хэн нь ч гэрээндээ гарын үсэг зурахдаа анзаараагүй байхыг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.155-д алдангитай холбоотой заалтыг тусгасан. Иймд алданги 18 270 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Чинсанаа нь хариуцагч Р.Бурмаад холбогдуулан орон сууц худалдах- худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 000 000 төгрөг, алданги 18 270 000 төгрөг, нийт 105 270 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “… гэрээ байгуулахдаа алдангийн  талаар тохиролцоогүй” гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч С.Чинсанаа нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсан тойруу 46В байрны  15 тоот 156 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Р.Бурмаагийн өмчлөлд шилжүүлэх, Р.Бурмаа нь орон сууцны үнэ 421 200 000 төгрөг төлөхөөр тохиролцсоныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.  /хх-3 дугаар тал/

 

Хариуцагч Р.Бурмаа нь дээрх гэрээгээр орон сууцны үнэд 334 000 000 төгрөг төлсөн, харин үлдэх  87 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримтад талууд  маргаагүй.  

 

Зохигчид  2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 3.155-д “… хэрвээ тогтоосон хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд 0.3 хувийн алданги тооцож худалдагч талд төлнө” гэж  заан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан анзын гэрээг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр хийсэн байна.  

 

Талууд  хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд  0.3 хувийн алданги тооцохоор бичгээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхтэй. Хариуцагч орон сууцны үнийн үлдэгдэл 87 000 000 төгрөгийг төлөөгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх “…талууд 0.3 хувийн алдангийг ямар дүнгээс тооцох, хоног тутам тооцох эсэх нь тодорхойгүй, хуулийн заалттай зөрчилдсөн” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч буюу худалдагч нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

 Талуудын гэрээний 3.155-д алданги төлөх тухай заахдаа “хоног тутамд” гэж бичээгүй байгаа боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний уг тохиролцоог тайлбарлахад талууд “алданги” төлөх талаар  хоёрдмол утгагүй тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын хоёр төрлийн нэг болох алдангийг хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоож болох талаар мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасан байдаг.  Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хэтэрсэн хоног тутамд гэрээнд заасан хувь хэмжээгээр алданги шаардах эрхтэй юм.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу  хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн, зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа үүрэг болох 87 000 000 төгрөгөөс хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 67 хоногт алдангийг 0.3 хувиар тооцож 17 487 00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Чинсанаад олгох нь зүйтэй болно.

 

Харин зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр баталгаа гэх тохиролцоог хийж 87 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой байсныг мөн сарын 27-ны өдөр төлөхөөр болгож үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлгүй юм. Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг  хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 87 000 000 төгрөг…” гэснийг “…104 487 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чинсанаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 783 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “…592 950 төгрөг…” гэснийг “… 680 385 төгрөг…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Чинсанаагийн төлсөн 249 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

          ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                Ш.ОЮУНХАНД