Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0358

 

“Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Ч т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамап болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан.  Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалгүй, газар ашиглах эрхгүй этгээд болох “Ч т” ХХК-д 2004 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн газрын дарга эрх мэдлээ хэтрүүлэн гэрээ байгуулан, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 2 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12,5, 12.11, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг тус тус зөрчин аялал жуулчлалын зориулалтаар “Ч т” ХХК-д ашиглах гэрчилгээ олгосон байдаг. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэн 17 дугаар зүйлийн 17.3 дахь буюу Байгалийн цогцолборт газрын дэглэмд холбогдох зориулалтыг дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин, анх олгосон 2004 оны хууль бус гэрчилгээг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр хуулийг зөрчиж, буруу хэрэглэн аялал жуулчлалын зориулалтаар олгосноор нийтэд илэрхий тодорхой харагдах Тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулийн бүсэд 9-15 давхар, түүнээс дээш өндөртэй орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж дархан цаазат байгалийн унаган төрх байдал, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж, нийслэлийн бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дэмжсэн шийдвэр юм. Энэ хууль бус гажуудлыг хуульд нийцүүлэхээр Засгийн гаэрын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч захиргааны акт гаргахад, анхан шатны шүүх нь дээрх хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон гэрчилгээ хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиа зөрчөөд яваад ирсэн үндэслэлээр, мөн газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусч дуусгавар болсон байна гэж зөв дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд Үндсэн хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн, буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүгч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, зөвхөн хуулийг үндэслэж, захирагдах үндсэн зарчмаасаа ухарсан шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

         Нэхэмжлэгч “Ч т” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон” гэх үндэслэлээр 46 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор “Ч т” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газар, Чандманийн аманд байрлах 2 га газар багтжээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нар нь Байгаль орчны сайдын 2001 оны “Журам батлах тухай” 218 дугаар тушаал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг газар ашиглах үндэслэн болгон 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Ч т” ХХК-тай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулж Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманийн аманд 2 га газрыг аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглуулахаар тохиролцож 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгосон, улмаар 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5 жилийн хугацаагаар дахин гэрчилгээ олгосон, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5 жилийн хугацаагаар сунгасан, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/033 дугаар гурвалсан гэрээ байгуулж 5 жилийн хугацаатай, аялал жуулчлалын бааз барих зориулалтаар газар ашиглуулахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хуваан авч үздэг бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах боломжтой ч энэ эрхийг хэрэгжүүлэхдээ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан хязгаарлалтыг баримталж, хуулийн 12 дугаар зүйл “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” гэж  хориглосон зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Гэтэл аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, баар болон тэдгээрийг дагалдсан үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 60-80 ортой зочид буудал, 10 гэр буудал, 60 хүний суудалтай зоогийн газар, 20-30 хүний суудалтай баар, билъярд, саун, боловсон ариун цэврийн өрөөгөөр үйлчлэхээр төсөлдөө тусгасан “Чандмань” аялал жуулчлалын төв барих зориулалтаар газар ашиглах эрх олгосныг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байр”-ны зориулалтаар олгосон гэж үзэхээргүй байх бөгөөд дээр дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Маргаан бүхий газар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа талаар талууд хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй.

Түүнчлэн, Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай” 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно...” гэж заасан байхад Байгаль орчны сайдаас газар ашиглуулах тухай тушаал шийдвэр гаргаагүй байхад гэрээ байгуулж гэрчилгээ олгосныг дээрх журамд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2004 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэж гэрээ байгуулсан, гэрээний дагуу газрын төлбөрөө төлж байсан, ажлаа цаг тухайд нь тайлагнаж байсан, нөгөөтэйгүүр Байгаль орчны яамнаас /хуучин нэрээр/ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргасан, гэрчилгээнд заагдсан зориулалтаар үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй болохоо албан бичгээр илэрхийлсэн, удаа дараа гэрчилгээ олгосон, гэрчилгээний хугацааг сунгасан зэргээр тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосноо хүлээн зөвшөөрч байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байгаа ч хууль зөрчсөн зөрчлөө залруулж  Дархан цаазат газар хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ хүчингүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан байх ба нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон захиргааны акт анхнаасаа гараагүй тул  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалаар “хууль бусаар газар ашиглах эрх олгосон гэрчилгээ”-г хүчингүй болгосон гэж ойлгох бөгөөд маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр байсан гэрчилгээний хугацаа болох 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс тооцон үзэхэд дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, хариуцагч нь эерэг нөлөөлөл бүхий хууль бус актаа хүчингүй болгох эрх хэмжээтэй гэж үзлээ.

Мөн бодит байдалд аялал жуулчлалын төв баригдаагүй,  үйл ажиллагаа явагдаагүй, үйл ажиллагаа явуулснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих эрсдэл бүхий “Ч т” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны улмаас уг газрыг ашиглахтай холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон гэрчилгээ хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Харин анхнаасаа хууль бус шийдвэр гаргаж, газар ашиглуулсны улмаас хохирол учирсан гэж үзвэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 5, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ч т” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Ч т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Н.Хонинхүү

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН