| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2017/0234/З |
| Дугаар | 510 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 510
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Н
Хариуцагч: Улсын Ерөнхий прокурор, Прокурорын мэргэжлийн зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Нд холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулж, Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын ерөнхий пркоурорт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч Ж.Н 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаанд мөн хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь миний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн бөгөөд түүнийгээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах,
Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалд эгүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэхийг даалгах мөн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл хугацаагаар олгохгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус нэмэгдлийг олгохыг Улсын Ерөнхий прокурорт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа.
Миний бие 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 16 жил 4 сарын хугацаанд прокурорын байгууллагад ажилласан. Төрийн албаны нэмэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс Б аймгийн прокурорын газарт “хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих” хяналтын прокуророор томидогдон ажиллах хуацаандаа төрийн албаны нэмэгдэл аваагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох тухай 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол байдаг. Улсын Ерөнхий прокурорын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор надад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10%-иар тооцож олгох тухай шийдвэр гарсан боловч уг тушаалын дагуу олгоогүй. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрүүдэд Улсын ерөнхий прокурорын газарт гомдол, саналыг холбогдох албан тушаалтанд хандаж байсан. Гэтэл Улсын ерөнхий прокуророос надад ямар нэг хариу өгөөгүй. Иргэдийн төрийн байгууллаг албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасан хугацаанд шийдвэрлэх, эсвэл хугацаа сунгасан талаар хариу өгөх ёстой боловч хариу өгөөгүй.
Прокурорын байгууллагын тухай хуулийн 35.5-д “Прокурор төрийн албаны талаархи хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана” гэж заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар тушаалаар надад төрийн алба хаасан хугацааны 10%-ийн нэмэгдлийг өгөх ёстой байсан боловч Б аймгийн прокуророор томилогдсон өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэл олгоогүй. Нийт 19427700 төгрөгийг нэмэгдэл гэж авах ёстой байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т зааснаар “эс үйлдэхүй гэдгийг Иргэн хуулийн этгээдээс хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байдаг. Тэгэхээр өнөөдрийг хүртэл би Улсын Ерөнхий прокурорын холбогдох албан тушаалтанд хандаж гаргасан гомдол, саналд ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй учраас Улсын Ерөнхий прокуророос тухайн нэмэгдлийг гаргуулахаар шаардлага гаргасан.
Улсын Ерөнхий прокуророос ажлаас чөлөөлөх тухай 2016 оны Б/47 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг баримтлаагүй, зөвхөн Прокурорын байгууллагын тухай хуулийн баримталж ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хууль болон, Төрийн албаны тухай хуулийн зарчимд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 8.1.1-т прокурорыг Төрийн тусгай албан хаагч гэдгийг зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 11.2, 27.1, 27.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах учиртай. Тэгэхээр хариуцагч нарын зүгээс энэ захиргааны хэрэгт Төрийн албаны тухай хууль хамааралгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагчийн зүгээс 11 хэрэг сэргээгдэж, 4 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэж байгаа. Энэ асуудлаар 3 удаа надад сахилгын арга хэмжээ авагдаагүй бөгөөд эдгээр баримтуудаар тайлбар хийж байгаа нь энэ захиргааны хэрэгт авагдаагүй нотлох баримтаар авагдаагүй учир үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна.
2014 оны 36 дугаартай н.Жын асуудал дээр сануулах арга хэмжээ авагдсан, 2014 оны 191 дугаартай н.Эт холбогдох хэрэг дээр аймгийн прокурор нь яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлэхдээ өөрөө танилцсан байсан. 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр анхны сахилгын арга хэмжээ авагдсан, түүний дараа 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр авагдсан. Тэгэхээр нэг зөрчил дээр аймгийн прокурорын саналаар дахин арга хэмжээ авсан” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа маргааны үйл баримтыг ойлгохгүй хольж яриад байна. Мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй зүйлүүд ярьдаг. Нэхэмжлэгч нь прокурорын мэргэжлийн түвшинг шалгахаар хийгдэж байгаа ажиллагааг хийгдсэн нь буруу гэж маргадаггүй. Мөн шалгалт хийж дүгнэхдээ нэхэмжлэгчийг буруу дүгнэсэн гэж маргадаггүй.
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б аймгийн прокурор н.Эаас нэхэмжлэгчийг прокурорыг ажлыг хийж гүйцэтгэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалуулах тухай саналыг хүргүүлсэн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай 40 гаруй хуудас н.Б прокурорын нэхэмжлэгч Ж.Нгийн 2014 оноос 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажлыг шалгасан тухай дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэхүү дүгнэлтэд “нэхэмжлэгчийг мөрдөн байцаах ажиллагааны хяналтын шаардлагыг бодитой хэрэгжүүлээгүй, зарим хэрэгт чанаргүй даалгавар өгсөн, байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг хяналтаар илрүүлж тухай бүрд нь засаж залруулж, арилгах арга хэмжээ авч ажилуулгүйгээс хэргүүд нь буцсан байна” гэсэн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг үндэслээд Ж.Нгаас мэргэжлийн түвшин тогтоох шалгалтад оруулах тухай саналыг хүргүүлсэн байдаг.
Үүний дараа Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 тоот Ж.Нгаас түвшин тогтоох шалгалт авах ажлын хэсэг байгуулж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шалгалтаа авдаг. Энэхүү шалгалтынхаа дүнг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зөвлөлийн хуралдаанд оруулж, 2 дугаар сарын 19-ний өдөр Прокурорын мэргэжлийн зөвлөл хуралдаж 01 тоот маргаан бүхий акт буюу дүгнэлтийг гаргадаг. Энэ бүх ажиллагаа нь Монгол Улсын ерөнхийлөгч болон Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан дүрэм журмын дагуу явагдаагүй.
Иймд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн н.Б прокурорын нэхэмжлэгчийг шалгаж бүрдүүүлсэн 40 хуудас танилцуулга нь холбогдох журмын дагуу явагдах үйл ажиллагааны нэг хэсэг огт биш юм. Энэхүү 40 хуудас дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгчийг шалгалтад оруулсан. Гэтэл 02 дугаар сарын 19-ний өдрийн маргаан бүхий дүгнэлтэд “прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгах дүгнэлт журмын 3.1-т 5 үзүүлэлтээр шалгана” гэж заасан байдаг. Үүний 5 дах үзүүлэлт нь хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлт, ажил байдлын тодорхойлолтыг үндэслэн ажилтай нь биечлэн шалган танилцах ажиллагаа нь 100-аас 30 оноо байдаг. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс гэмт хэргийн зүйчлэлтэй холбоотой бодлого бодуулж, хууль тогтоомж, прокурорын байгууллагын удирдамжийн баримт бичгийн талаархи ажлын үр дүнгийн талаар ярилцлага хийж, эрх зүйн баримт бичгүүдийн төсөл боловсруулж, үндэсний монгол бичгийн шалгалт зэргийг тухайн өдрөө авсан.
Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төрийг төлөөлөх ажлаа гүйцэтгэж, байцаан шийтгэх ажиллагаанд хяналтаа тавиад ажиллаж ирсэн. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн байгуулагдсан ажлын хэсгийг үйл ажиллагаатай хамааралгүй, н.Эын саналын дагуу бус 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн н.Б прокурорын нэхэмжлэгчийг шалгаж бүрдүүүлсэн 40 хуудас танилцуулгыг үндэслэж 30 онооноос 20 оноог нь өгсөн нь маргааны гол үндэс юм. Гэтэл тухайн журмаар нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс шалгалтад орж эхэлж байгаа. Ажлын үзүүлэлт гэдэг бол хугацаагаар хэмжигддэг бөгөөд хугацаанаас хамаарч өсч, буурч болдог зүйл. Тэгэхээр тухайн шалгалтын комисс нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчийн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадвар ямар байгааг шалгах хэрэгтэй.
Гэтэл шалгалтын эцсийн үр дүнд нөлөөлөхүйц 30 оноотой үзүүлэлтийг энэ журамтай хамааралгүй, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн н.Б прокурорын танилцуулгаас үндэслэж 30 онооноос 20 өнөө өгсөн. Хэрвээ 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар дахин шалгасан бол нэхэмжлэгчийн шалгалтын оноо өсөх боломжтой байсан.
Хариуцагчийн зүгээс төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг учир Төрийн албаны хуулийг хэрэглэдэггүй гэж тайлбарлаж байна. Хэрвээ 2 хууль нэг зүйл дээр давхцаад зөрчигдөх юм бол сүүлд батлагдсан хуулийг барьдаг боловч нийтлэг зохицуулсан хэм хэмжээ, тусгайлсан зохицуулсан хэм хэмжээг харьцуулахад Прокурорын байгууллагын тухай зорилт нь “прокрорын хяналтын ажлын чиг үүрэг, үйл ажиллагаа тогтолцооруу чиглэсэн байдаг.” Прокурор гэж хэн болох хэрхэн томилох чөлөөлөх тухай энэ хуулийн 35.5-д заасан байдаг. Тус хуулийн 35.5-д “Прокурор нь хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин, хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана” гэсэн байдаг. Прокурорын байгууллага нь Төрийн албаны тухай хуулийг хэрэглэснээр Үндсэн хуульд заасан прокурорын яллах болон хяналт тавих чиг үүрэгт халдаж байгаа зүйл биш. Прокурорын байгууллага захиргааны байгууллага гэдэг утгаараа Төрийн албаны тухай хууль шууд үйлчилдэг.
Төрийн албаны тухай хуульд “хуульд өөрөөр заагаагүй бол” гэсэн байдаг. Тэгэхээр Прокурорын тухай хууль нь Төрийн албаны тухай хууль дээр суурилж, нарийвчилсан зохицуулалтыг оруулж ирсэн. Үйл ажиллагааны мэргэжлийн түвшинг үнэлэх, дүгнэхэд Төрийн албаны тухай хуулийн 40.1 дэх заалт гарцаагүй үйлчилнэ. Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөгдөж байга хүчин төгөлдөр хуулийг манайд хамааралгүй гэж ярьж байгаа хариуцагчийн буруу гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.” гэсэн байдаг. Тэгэхээр прокуророос мэргэжлийн шалгалт авах журмыг хууль болон эрх бүхий байгууллагаас нарийн тогтоосон боловч зөрчигдөж байгаа нь төрийн албан хаагчийн баталгаа алдагдаад байна.
Өмнө нь шүүх хуралдаанууд дээр нэхэмжлэлийн шаардлагаас болж мэтгэлцсэн бөгөөд бичсэн үгнээс болж маргааад байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох гэж өөрчилсөн. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбогдох хариуцагчийг тодорхойлох эрхтэй. Тэгэхээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн 3 дах шаардлагатай нь холбогдуулаад хариуцагчаа буруу тодорхойлсон гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс асууж байгаа асуулт буруу байна гэж тайлбарлаж байна. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд шүүхээс ямар нэг асуулт тавиагүй, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүнийг яаж дүгнэх нь шүүхийн асуудал. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М: Прокурорын байгууллагын хуулийн 43 дугаар зүйлд прокурорыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг заасан байдаг. 43.1.5-д “мэргэжлийн болон ажил хэргийн ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан” гэж заасан байдаг бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн. Халах болсон үндэслэл нь Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу шалгалт авч тухайн шалгалтанд нэхэмжлэгч нь тэнцээгүй учир мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу хуульд заасны дагуу Улсын Ерөнхий прокуророос тушаал гарч ажлаас чөлөөлсөн.
Өмнө нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүдэд нэхэмжлэгчийн Төрийн албаны хуулийн дагуу ажлаас чөлөөлөх ёстой байсан гэж яригдаж байсан. Төрийн албаны тухай хууль нь прокурорын үйл ажиллагаа, чиг үүргийг гүйцэтгэхэд чиглэсэн хууль хэдий ч прокурорын байгууллагын боловсон хүчинтэй холбоотой асуудлыг энэ хуулиар бие даан шийдвэрлэх эрхийг Улсын Ерөнхий прокурорт олгосон. Монгол Улсын нутаг дэвсгэрт 5 гаруй прокурор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улсын Ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд томилж чөлөөлдөг. Түүнээс биш тэр болгон Төрийн албаны тухай хуулийг хэрэглэдэггүй.
Прокурорын байгууллагын тухай хууль 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжсэн байдаг. Төрийн албаны тухай хууль нь 2002 онд шинэчилсэн найруулга батлагдсан хэдий ч цаг хугацааны хувьд сүүлд батлагдсан гэдэг утгаар нь Прокурорын байгууллагын тухай хуулийг барьж ажилладаг.
Нэхэмжлэгчийн гаргаад байгаа “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаартай илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугааг зүйлд илт хууль бус актын шинжийг тодорхойлж өгсөн. Энэ илт хууль бус болохын тогтоолгох гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө алдаатай байна.
Нэхэмжлэгч нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохыг Улсын Ерөнхий прокурорт даалгах шаардлага гаргасан байна. Улсын Ерөнхий прокуророос 2010 онд буюу хуульд заасан хугацаанд хүрмэгц нэхэмжлэгчид төрийн алба хаасан хугацааны 10%-ийн нэмэгдлийг олгох тухай тушаал гарсан. Үүнийг тушаалын дагуу олгоогүй асуудал нь Б аймгийн Прокурорын газартай холбоотой асуудал гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Нгааг ажлаас нь халаагүй, чөлөөлсөн. Хэрвээ тухайн албан тушаалаас халсан тохиолдолд төрийн өөр ямар нэг албанд ажиллах эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг. Иймд нэхэмжлэгч Ж.Н нь өөр ямар нэг төрийн албанд ажиллах эрх нь байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Прокурорын мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү 2017 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгаж, дүгнэх Улсын ерөнхий прокурорын орлогч толгойлсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана”, 42.2-д “Нийт прокурорын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ”, 42.3-д “Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхийлөгч батална” гэж тогтоож өгсний дагуу Монгол улсын ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дугаартай зарлигийн 1 дүгээр хавсралтаар "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ыг, 2 дугаар хавсралтаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Мөн дээрх зарлигийн хавсралтаар батлагдсан журамд нийцүүлэн Улсын ерөнхий прокурорын 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/65 дугаартай тушаалын хавсралтаар “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журам”-ыг батлан гаргасан.
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дугаартай зарлигийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ын 3 дугаар зүйлд Зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлж өгсөн. Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслахууд, аймаг, нийслэл, тээврийн прокурорын саналын дагуу тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх” гэсэн чиг үүргийн хүрээнд Б аймгийн прокурор Б.Эаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1/428 дугаартай албан бичгээр гаргасан саналын дагуу тус прокурорын газрын хяналтын прокурор Ж.Нгийн прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн болно. Тодруулбал: Улсын ерөнхий прокурорын орлогч, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Э дээрх саналыг хүлээн авч, холбогдох шалгалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын орлогч, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Бд даалгасны дагуу хяналтын прокурор Ж.Нгийн ажлыг 2014 он, 2015-оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар газар дээр нь очиж биечлэн шалгаж, 2015 лны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 дугаартай танилцуулгаар “Мэргэшлийн түвшин тогтоох шалгалтад хамруулах” санал гаргасан.
Дээрх саналын дагуу Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авч, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шалгалтын дүнг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, түүнийг “Прокурорын албан тушаалд тэнцэхгүй” гэсэн 01 дугаартай дүгнэлт гаргасан болно. Ж.Н нэхэмжлэлдээ “2014 оноос урьд нь удаа дараа “онц" үнэлгээтэй дүгнүүлж ирсэн билээ” гэжээ. Улсын ерөнхий прокурорын газрын архивд хадгалагдаж буй материалуудтай танилцахад У аймгийн прокурор Ц.Нын гаргасан 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/48 дугаартай саналын дагуу тэрээр Прокурорын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэж байжээ.
Мөн 3 жил тутам зохион байгуулагддаг шалгалтанд ямар үнэлгээ авч байсантай танилцахад 2007, 2011 онд “Онц”, 2013 онд 63,4 оноо буюу “Дундаж” үнэлгээ авч байсан байна. “Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс миний асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргахдаа журмын 5.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. Журмын 5 дугаар зүйлийн 5.6-д гүйцэтгэсэн ажлынхаа үнэн зөвийг Мэргэжлийн Зөвлөлийн гишүүн Зөвлөлийн өмнө хариуцах ба хэрэв түүний өгсөн үнэлгээ нь бодитой биш хийгдсэн, эсвэл зөрүүтэй байдал илэрвэл шаардлагатай хэрэг материал, холбогдох баримт бичиг, мэдээ, тайланг нарийвчлан шалгаж, дүгнэлтийг өөрчлүүлнэ” гэж заасан бөгөөд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүний өгсөн үнэлгээ бодитой биш хийгдсэн, зөрүүтэй байдал илэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэрхэн яаж зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. “Түүнчлэн журмын 4.9-ийн “Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгаж дүгнэх, үнэлгээ өгөх үйл ажиллагаа нь Улсын ерөнхий прокурорын тушаалаар тусгайлан баталсан журам заавраар зохицуулагдана" гэж заасныг анхаарахгүйгээр Прокурорын мэргэжлийн зөвлөл нь 2015 онд мөрдөн байцаалтад буцсан 5 эрүүгийн хэргийн талаарх үзүүлэлтийг хамааруулж дүгнэлт хийсэн нь зааварт заасанд нийцээгүй болно" гэжээ Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс Ж.Нг прокурорын албан тушаалд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргахдаа зөвхөн “Мөрдөн байцаалтад буцсан 5 эрүүгийн хэргийн талаарх үзүүлэлтийг хамааруулж дүгнэлт хийсэн” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
Улсын ерөнхий прокурорын 2013 оны А/65 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 01- ний өдөр дараах чиглэлээр мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авч, шалгалтанд авсан үнэлгээг үндэслэн, Прокурорын мэргэжпийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргасан болно. Үүнд: 1/ Гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бодлого бодох шалгалтанд 6 оноо, 2/ Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрүүд, бусад бичиг баримтын төсөл боловсруулахад 4 оноо, 3/ Үндэсний монгол бичгийн шалгалтанд 10 оноо, 4/ Ярилцлаганд 14 оноо, '0 5/ Хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлт, ажил байдлын тодорхойлолтыг үндэслэн ажлыг нь биечлэн шалгасан шалгалтанд 20 оноо, нийт 54 оноо авч, “Хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан. “Улсын ерөнхий прокурорын 2013 оны 09 дүгээр сарын А/65 тоот тушаалаар баталсан “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журам”-ын 4.4-т “Шалгалтын дүнг зөвшөөрөхгүй бол танилцуулснаас хойш 10 хоногийн дотор Ажлын хэсгийн ахлагч буюу Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргад гомдол гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргаж дахин шалгалт авч өгөх тухай хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн дарга Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эд хандаж гаргасан боловч хүсэлтэд минь албан ёсоор хариу өгөөгүй.
Уг журмын 4.11-т “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаас ажлын хэсгийн үнэлгээ, дүнг өөрчлөх, дахин шалгалт авахаар шийдвэр гаргаж болно" гэж заасны дагуу дахин шалгалт авах бүрэн боломжтой атал аваагүй” гэжээ. ф Ж.Н нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын ерөнхий прокурорын орлогч, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Эад хандан гаргасан хүсэлтэндээ “...2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин тогтоох шалгалтанд орж, хангалтгүй дүн авсандаа би маш ихээр гэмшиж байна. Миний хувьд өөрийн эцэг 72 настай Д.Ж нь 3 удаа цус харвалт өгч эмнэлэгт хэвтэж хүнд хагалгаанд орсон бөгөөд би аавыгаа эмнэлэгт асрах зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан шалгалтандаа бэлдээгүйдээ бусдаас ичиж, сэтгэл санааны хувьд хүнд байгаа ба дахин шалгалтад орох хүсэлтэй байна” гэж дурдсан бөгөөд шалгалтын дүнг эс зөвшөөрсөн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Өөрөөл хэлбэл шалгалтын үнэлгээ буруу дүгнэгдсэн, өгвөл зохих оноог өгөөгүй гэх мэтээр шалгалтын дүнтэй холбогдуулан гомдол гаргаагүй. Мөн Ерөнхийлөгчийн 264 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан журамд дахин шалгалт авах зохицуулалт байхгүй тул дахин шалгалт авах талаар түүнд ******* дугаарын утсаар холбогдон мэдэгдсэн болно. Түүний нэхэмжлэлд дурдсан Улсын ерөнхий прокурорын А/65 дугаарт тушаалын хавсралтаар батлагдсан журмын 4.11 дэх хэсэгт заасан заалтын тухай тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын үйл ажиллагааг шалгасан дүнг хэлэлцэх зохицуулалт биш бөгөөд харин нийт прокурорын үйл ажиллагаа мэргэшлийн түвшин гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэсэн дүнг хэлэлцэхтэй холбоотой зохицуулалт юм. 1 “Мөн журмын 3.6-т “Ажлын хэсгийн гишүүн тухайн прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлттэй урьдчилан танилцах ба шаардлагатай* тохиолдолд бүртгэл, судалгаатай нь тулгах, тайлбар тодорхойлолт авах зэргээр дүгнэнэ” гэж зааснаар хяналтын прокурор миний шүүхэд мөрдөн байцаалтад буцсан хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулж тайлбар, тодорхойлолт аваагүй зэрэг нь намайг ажлаас халах зорилготой байсныг харуулж байна” гэжээ. Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б нь хяналтын прокурор Ж.Нгийн хяналтын ажлын чанар, үр дүнг 2014, 2015 оны 11 дүгээр сарын 09- ний байдпаар газар дээр нь биечлэн очиж шалгасан бөгөөд энэ талаар түүний 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай танилцуулгад тодорхой дурдагдсан байгаа.
Хэрэв прокурор хуралдаанд биечлэн оролцож байгаа бол түүнээс асуулт асуух, тайлбар авах, санал бодлыг нь сонсох зэргээр хуралдааныг явуулна” гэж заасныг тус тус зөрчиж надаас асуулт асуугаагүй, шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад буцах болсон шалтгаан нөхцөл байдлыг тодруулаагүй, тайлбар гаргах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангаагүй” гэжээ. Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дугаартай зарлигийн 1 дүгээр хавсралтаар "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"- ын 5 дугаар зүйлийн 5.1-д Зөвлөл нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгасан дүнг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд хуралдаанд нийт гишүүдийн 50-иас доошгүй хувь оролцсоноор ирц бүрдсэнд тооцно” гэж заасны дагуу шалгалтын дүнг хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргасан бөгөөд уг журмын 5.4-т заасны дагуу хуралдааныг явуулж, тэмдэглэл хөтөлсөн. Хуралдаанд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Э Ж.Нгаас “Мэргэжлийн зөвлөлийн гишүүний дүгнэлттэй холбогдуулан санал тайлбар байна уу?” гэж асуухад Ж.Н “Санал тайлбар, гомдол байхгүй. Шударга шалгагдсан. Харин би өөрөө хангалтгүй дүн авсандаа гэмшиж байгаа” гэж тайлбар өгч байсан. “Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Баянжаргал прокурор нь миний 2014, 2015 онд хэчнээн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хянагдах ёстой гэх үзүүлэлтүүдийг 2014, 2015 оны жилийн эцсийн байдлаар шалгаж нягтлаагүй, 2016.02.01-нд хяналтын ажлын үзүүлэлтэд надаар нөхөж гарын үсэг зуруулсан, түүнчлэн шалгалтад заавал аргачилсан дэс дарааллаар цээжилсэн байхыг шаардаж тухайлбал; эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлийг заавал дэс дарааллаар нь хэлүүлэх, 1 үндэслэл хэлээгүй байхад оноо хасах зэр шалгасан зэрэг нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй байна” гэжээ. Зөвлөл нь үйл ажиллагаандаа шударга ёс.хууль дээдлэх зарчмыг сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, энэ журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын тушаал, журмыг баримтлан ажилласан бөгөөд ямарваа нэгэн хууль, заавар, журам зөрчсөн үйлдэл гаргаагүй.
Мэргэжлийн зөвлөлийн гишүүд шалгалт авахдаа журам зөрчөөгүй болох нь Ж.Нгаас авсан шалгалтын материалаас тодорхой харагдана. Миний бие Д.Ү Прокурорын мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн хувьд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан шалгалтад байлцаж тэмдэглэл хөтөлсөн бөгөөд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б түүнээс шалгалт авахдаа заавал дэс дарааллаар нь хэлэхийг шаардсан зүйл „байхгүй, харин бүрэн гүйцэд хариулаагүй байдлыг харгалзан үнэлгээ өгсөн болно. Ж.Н нь Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг илт хууль бус гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхой бус байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул Ж.Нгийн гаргасан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Н надад холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Нд холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулж, Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын ерөнхий пркоурорт даалгах” гэж тодорхойлжээ.
1. “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Нд холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ж.Н нь 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс прокуророор томилогдож, 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс Б аймгийн прокуророор томилогдон ажиллаж байгаад Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж дүгнэгдсэн” гэсэн үндэслэлээр Б аймгийн прокурор Ж.Нг үүрэгт ажлаас нь чөлөөлөгджээ.
Нэхэмжлэгч Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улсын ерөнхий прокурор М.Эд гомдол гаргажээ. Улсын ерөнхий прокурор 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/434 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 264 дүгээр зарилгаар батлагдсан Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд зааснаар дээрх зөвлөлийн гаргасан дүгнэлт нь эцсийн байдаг бөгөөд дүгнэлтийн өөрчлөх эрх прокурорын байгууллагын аль нэг албан тушаалтанд байдаггүй” гэсэн утга бүхий хариуг хүргүүлжээ.
Нэхэмжлэгч Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргахдаа Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүний өгсөн үнэлгээ бодитой биш, 2015 онд мөрдөн байцаалтад буцсан 5 эрүүгийн хэргийн талаарх үзүүлэлтийг хамруулан дүгнэлт хийж, мөрдөн байцаалтад буцсан хэргийн талаар тайлбар тодорхойлолт аваагүй бүртгэл судалгаатай нь тулгаж үзээгүй, шалгалтын дүнг зөвшөөрөөгүй тохиолдолд 10 хоногийн дотор мэргэжлийн зөвлөлийн даргад гомдол гаргаж болохоор тус журамд заасан байхад хүсэлтийг албан ёсоор шийдвэрлээгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хянагдах ёстой гэх үзүүлэлтийг 2014, 2015 оны жилийн эцсийн байдлаар шалгаж нягтлаагүй, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хяналтын ажлын үзүүлэлтэнд нөхөж гарын үсэг зуруулж “Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журам”-ыг зөрчсөн гэж хариуцагч Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүний өгсөн үнэлгээ бодитой бус хийгдсэн, зөрүүтэй байдал илэрсэн гэсэн үндэслэл байхгүй, тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргахдаа зөвхөн мөрдөн байцаалтад буцсан 5 эрүүгийн хэргийн талаарх үзүүлэлтийг хамруулж дүгнэлт хийгээгүй, шалгалтын дүнг эс зөвшөөрсөн талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй гэж маргажээ.
Ж.Н нь 2006 онд прокурорын мэргэжлийн зөвлөлийн түвшин тогтоох шалгалтанд орж прокурорын ажилд тэнцэхгүй гэсэн үнэлгээ авч байсан байх бөгөөд нэхэмжлэгчийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд амлалт өгч, эцсийн хүсэлтийг нь харгалзаж алдаагаа засах боломж олгохыг хүссэн хүсэлтийн дагуу “тэнцэв” гэсэн дүгнэлт гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан У аймгийн прокурорын газраас Ж.Нг прокурорын ажил албан тушаалд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг, 2006 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн танилцуулга, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2006 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн 2007, 2011, 2013 онуудад болсон мэргэжлийн зөвлөлийн шалгалтаар “тэнцэж” байсан нь мэргэжлийн зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт, 2011, 2013 оны мэргэжлийн шалгалтын дүнгийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б аймгийн прокурор Б.Э 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/428 дугаар албан бичгээр “прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс 2013 онд 4 хэрэг, 2014 онд 3 хэрэг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар 5 хэрэг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаж прокурорын ажлын гологдол тооцогдсон” Ж.Н нь 3 удаа сахилгын шийтгэл хүлээсэн, удаа дараа ноцтой алдаа гаргаж байгаа тул мэргэшлийн түвшинг болон эрхэлсэн ажилдаа тэнцэх эсэхийг шалгуулах саналыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд гаргажээ.
Дээрх саналыг үндэслэн Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргаас өгсөн үүргийн дагуу мэргэжлийн зөвлөлийн гишүүн Нийслэлийн прокурорын орлогч /тухайн үеийн/ Д.Б Б аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Ж.Нгийн хяналтын ажлын чанар, үр дүнг 2014, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний байдлаар шалгаж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналтыг шаардлагын хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй, хууль хэрэглэх ур чадвар дутмаг, мэргэжлийн онолын мэдлэг тааруу, эрхэлсэн ажилдаа хайнга, хариуцлаггүй хандсан тохиолдолдууд байгаа тул мэргэшлийн түвшин тогтоох шалгалтанд оруулах саналыг гаргасан байна.
2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргын 01 дүгээр тушаалаар прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилжээ.
Мэргэжлийн түвшин тогтоох шалгалт авсан тухай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлд: Ж.Н мөрдөн шалгах аргачлал хэрэглэсэн байдлаар 6 оноо, хэргийн зүйчлэлд 0 оноо, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуултанд 0 оноо, бичиг баримтын төсөл боловсруулах 4 оноо, монгол бичгийн шалгалт 5 оноо, уншихад 5 оноо, ярилцалгын үнэлгээ 14 оноо, хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлт, ажил байдлын тодорхойлолтыг үндэслэн ажилтай нь биечлэн шалгаж танилцаад 20 оноо авч, нийт 54 оноогоор “хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан болохыг тусгасан байна.
Мөн Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэлийг үзэхэд тус хуралдаанаар прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгасан дүнг хэлэлцсэн байх бөгөөд нэхэмжлэгч тус хуралдаанд оролцож, шалгалттай холбогдуулж асуух зүйлгүй, санал тайлбар байхгүй, шударга шалгасан гээд алдаа дутагдалаа засаж ажиллах боломж олгоно уу гэж байжээ. Нэхэмжлэгч “шалгалтын хяналтын ажлын үр дүнгийн үнэлгээг өгөхдөө 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн прокурорын орлогч Д.Бын 2014, 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэлх хугацааг хамруулан хийсэн шалгалтыг үнэлсэн” гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах болсон үндэслэл нь Б аймгийн прокурор Б.Эаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/458 дугаартай албан бичгээр Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргад хандаж гаргасан санал юм. Үүнийг үндэслэн мэргэжлийн зөвлөлийн даргаас өгсөн үүргийн даалгаварын дагуу Ж.Нгийн 2014-2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрий хүртэлх ажилд шалгалтын ажиллагааг биечлэн хийсэн мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Быг Мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот шийдвэрээр Ж.Н нарын прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгах дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнээр томилжээ.
Хяналтын ажлын үр дүнгийн үнэлгээ 0-30 оноо байхаас Ж.Нд 20 оноог өгсөн зэргээс дүгнэхэд Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 1 дүгээр зүйлийн 1.6 –д “... шалгалт авах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хариуцана”,3 дугаар зүйлийн 3.6-д “ажлын хэсгийн гишүүн тухайн прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлттэй урьдчилан танилцах ба шаардлагатай тохиолдолд бүртгэл судалгаатай нь тулгах, тайлбар тодорхойлолт авах зэргээр дүгнэн”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “ нийт үнэлгээ 59 буюу түүнээс доогуур оноо авбал хангалтгүй ...гэж дүгнэнэ”, 4.9-д “хангалтгүй үнэлгээ авсан нь прокурорыг ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэснийг зөрчөөгүй байна.
Прокурорын мэргэжлийн зөвлөл нь Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслахууд, аймаг, нийслэл, тээврийн прокурорын саналын дагуу тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх” эрхтэй төдийгүй, 5 дугаар зүйлийн 5.12-д “прокурорын албанд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан нь тухайн прокурорыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д зааснар албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болох бөгөөд Мэргэжлийн зөвлөл энэ талаарх дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлэх”-ээр заасныг зөрчөөгүй байна.
2. “Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх өдөр хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын ерөнхий пркоурорт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Улсын ерөнхий прокурорын 2016 оны Б/47 тушаал нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4,43 дугаар зүйлийн 43.1.5, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах дүрмийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсэгт заасныг үндэслэн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа “тэнцэхгүй” гэж дүгнэгдсэн тул Б аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Нг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, “хууль цаазын зөвлөх” зэрэг дэвийг хүчингүйд тооцож, прокурорын үнэмлэх, энгэрийн тэмдэг болон холбогдох бусад тооцоог хийхийг Б аймгийн прокурор Б. *******т үүрэг болгожээ. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа төрийн албан хаагч мөн хэдий ч тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаас үзвэл Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль журмаар зохицуулагдахаар ойлгогдож байна.
Иймд Улсын ерөнхий прокурор Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002оны/ 18 дугаар зүйлийн 18.1.4-д “харьяа прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д “мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт”-ээр прокурорыг албан тушаалаас чөлөөлжээ. Ж.Нг Монгол Улсын Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх, Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан хууль журмыг баримтлан албан тушаалаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” тохиолдолд Ажил олгогч тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т зааснаар ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй юм. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох үндэслэл тогтоогоогүй бол урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгож, нийгмийн датгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
3. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай: Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорт, болон Улсын ерөнхий прокурорын туслахад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нөхөн авахаар хүсэлт гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна Б аймгийн прокурорын газрын тулах прокурор П.Шгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2/558 дугаар албан бичигт Ж.Н нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувиар авч байсан гэж тодорхойлжээ.
Улсын ерөнхий прокурорын зүгээс Ж.Нд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоос татгалзсан үйлдэл эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд харин ч Улсын ерөнхий прокурорын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Прокурорын байгууллагын тухай хуульд заасан прокурорын байгууллагын дотоод асуудлаар тушаал гаргах бүрэн эрхийнхээ хүрээнд 172 дугаар тушаалын хавсралтын 6 дахь хэсэгт зааснаар У аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Нд төрийн алба хаасан хугацааны 10 хувийн нэмэгдэлийг 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн олгохоор тушаал гаргаж байсан болох нь тогтоогдож байна. Улсын их хурлын 2000 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 35 дугаар тогтоолын 1.3-т “Хууль цаазын зөвлөх"-ийн зэрэг дэвтэй прокурорт сахилгын шийтгэлтэй байгаа хугацаанд нь зэрэг дэвийн нэмэгдэл олгохгүй” гэж заажээ. Нэхэмжлэгч энэ талаар Улсын ерөнхий прокурорын туслахад 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улсын их хурлын дээрх тогтоол холбогдох дүрэм журмыг зөрчсөн тул харъяа байгууллагад санал хүргүүлж хүчингүй болгуулах арга хэмжээг яаралтай авч өгнө үү гэж санал хүргүүлж байжээ.
Эндээс дүгнэхэд “Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг Улсын ерөнхий прокурор гаргаагүй бөгөөд түүний эрх хэмжээний асуудал биш байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.1.6, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.5 дахь заалтад заасныг баримтлан Ж.Нгийн нэхэмжлэлээр Улсын ерөнхий прокурор, Прокурорын мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргаснаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Нд холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулж, Улсын ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын ерөнхий прокурорт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М. ЦЭЦЭГМАА