Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 33

 

Б.Оюунбатад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2017/0022

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,

Прокурор:П.Эрдэнэбаатар /онлайнаар/,

Шүүгдэгч: Б.Оюунбат нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор П.Эрдэнэбаатарын эсэргүүцлээр Б.Оюунбатад холбогдох эрүүгийн 201623010067 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, агрономич, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн уулын цехэд нэвтрэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 45-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 5 сар 17 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх Хөхөл боржигон овогт Баттуяагийн Оюунбат

Б.Оюунбат нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Энхтүвшингийн толгойн тус газар нь гараараа 1 удаа цохиж, доод эрүүний далд хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газраас Б.Оюунбатын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98  дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Б.Оюунбатад холбогдох 201623010067  дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газарт буцааж, Б.Оюунбатад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Эрдэнэбаатар нь эсэргүүцэлдээ: Хохирогч Энхтүвшин, гэрч Г.Энхцолмон, А.Батхуяг, М.Мөнхбат, Б.Ганболд, Г.Ялалтбаатар нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Оюунбат уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хохирогч Г.Энхтүвшин хэний хууль бус үйлдлийн улмаас гэмтэл авсан нь гэрч О.Сүхбаатарыг асуух болон гэрч Г.Ялалтбаатар, О.Сүхбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаах шаардлагагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ганбадрах нь гэрч Т.Баярхүүг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан байтал шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэтэл Т.Баярхүүг дахин байцаах шаардлагатай гэж үзэн хэргийг буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх эмнэлгийн шинжээч эмч нь хэнд, хэзээ, ямар хүчин зүйлийн үйчлэлээр гэмтэл учирсан болохыг тогтоохоос хохирогчийн биед учирсан гэмтэл нь аль гарын цохилтоос учруулсан байж болохыг тогтоох шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Б.Оюунбатад холбогдох эрүүгийн хэргийг гэрч, хохирогч нарыг оролцуулан шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Оюунбатад холбогдох эрүүгийн 201623010067 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Оюунбатад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.ДЭНСМАА