Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 230

 

Д.Гансүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чагсал,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаар магадлалтай, 201511000464 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Гансүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чагсал нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1957 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Дондогийн Гансүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Гансүхийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 /арав/ жил 06 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Гансүх нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан 37,403,705 төгрөгийн хохирлоос 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийг оршуулахтай холбогдсон болон унааны зардалд 1,961,880 /нэг сая есөн зуун жаран нэгэн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Ц.Чагсалд олгож, нэхэмжлэлээс 1,544,625 /нэг сая таван зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхин иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, 31,897,200 /гучин нэгэн сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гансүх, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан, М.Энхтуяа, хохирогчийн төлөөлөгч Ц.Чагсал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч М.Энхтуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Гансүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулахгүй, хэнийг ч хилсээр шийтгэхгүй гэсэн заалтыг зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн.

Би маш их согтуу байсан. Өглөө сэрэхэд л хөдөө хохирогчийг тэврээд даарчихсан унтаж байсан. Хохирогчийг сэрээх гэхэд нил цус болсон, толгой нь хагарсан, хөдөлж өгөхгүй байхад нь нэг л биш болсныг мэдээд сумын захад байдаг гэрт нь очиж эхнэрт нь хэлээд, эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. Цуг байсан олон хүнийг шалгаагүй, цустай цаас, тамхины ишнүүд алга болж, шинжилгээ хийгээгүй. Хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцоогүй хүний нэрийг бичиж, гарын үсэг зурсан Т.Наранбаатар талийгаачийн хүү юм. Талийгаачийн дээл, хувцас яагаад ханзарсан болохыг шалгаагүй. Хохирогчийн нас барсан цаг тогтоогдоогүй учир хэн цохисон буюу гэмтэл учруулсан байж болох нь тодорхойгүй.

Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр магадлалын заалт хангагдаагүй, ямар ч ажиллагаа хийгээгүй. Нойлын цаасан дээр байсан цус хэний цус вэ гэдгийг тогтоох нь чухал ач холбогдолтой. Гэтэл хохирогч, гэрч нарын нүдэн дээр цагдаагийн ажилтан нойлын цаасыг аваад кармаалсан байтал үүнийг хэрэгт ямар ч байдлаар тусгаагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чагсал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Гансүх нь энэ хэргийг би үйлдээгүй, яаж үйлдсэнээ мэдэхгүй байна гэж ярьдаг. Гэтэл энэ хэргийг ямар ч шалтгаангүйгээр чулуу аваад цохисон гэж дүгнэн хэргийг хөнгөрүүлж, хамгийн бага ял өгч байгаад гомдолтой байна. Хэргийг бүлэглэж үйлдсэн байх боломжтой байхад А.Буяндэлгэр гэдэг хүнийг шалгаж, ял оноогоогүй. Хэргийн газар дээр очиход маш их тамхины иш байсан. Талийгаач болон Гансүх, Буяндэлгэр нар тамхи татдаггүй. Энэ тамхины ишнүүдийг шалгуулах боломж байсан боловч шалгаагүй. Хэргийн газар дээр очиход хохирогчийг 3-4 удаа тойрсон мотоциклийн мөр тодоос тод харагдаж байсан боловч энэ хэний мотоциклийн мөр гэдгийг шалгалгүй орхигдуулж, шалгуулах хүсэлт гаргасан боловч мөрдөн байцаагч боломжгүй гэж хариу өгч байсан. Энэ хэрэгт гол буруутан гэж үзэж байгаа А.Буяндэлгэрт гомдолтой байна гэж 2-3 удаа өргөдөл, гомдол дээр дурдаад байхад энэ хүнийг байцаалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэгт Д.Гансүхийг сэжигтнээр татах биш А.Буяндэлгэр, Р.Эрдэнэбаатар нарыг сэжигтнээр саатуулан байцааж, үнэн зөвөөр хэргийг шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Буяндэлгэрийг гэр лүүгээ явган эсвэл мотоциклтой явсан аль нь болохыг тогтоогоогүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Гансүхийн өмгөөлөгч М.Энхтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хууль бусаар явагдсан. Зарим нотлох баримтуудыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, заримыг нь хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн. Өөрөөр хэлбэл хэргийн холбогдогчийг гэрчээр асуугаад, гэрчээрээ хэргийн газрыг заалгаад, сэжигтэн хэргийнхээ үйлдэл холбогдлыг ярьсан мэтээр баримтжуулж, ямар ч өмгөөлөгчийн туслалцаагүйгээр бүх мэдүүлгүүдийг авсан. Эцэст нь үүнийг нь үндэслэн хэрэг шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг бүрэн нотолж чадаагүй. Шалгагдвал зохих зүйлүүдийг шалгах шаардлагатай. Тухайлбал маш олон тамхины иш байсан гэх боловч эдгээрийг шалгаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж чадаагүй учраас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан чулуу, түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хангалттай нотлогдож байна. Эдгээр нотлох баримтуудад үндэслэн гаргасан шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. А.Буяндэлгэрийг мөрдөн байцаалтын явцад хангалттай шалгасан, хүсэлтийн дагуу бүхий л шаардлагатай ажиллагаануудыг хийсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалгах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Гансүх нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний орой согтуугаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөр” гэх газар Д.Төмөрхуягийн толгой руу чулуугаар цохиж “баруун зулай ар хэсэгт хуйханд шарх, баруун хацарт цус хуралт” бүхий гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан үйл баримт тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Д.Гансүхэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон үйл баримтдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтыг шинээр тогтоож дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй тул “...энэ хэргийг өөр хүн үйлдсэн байж болзошгүй, үүнийг дутуу шалгасан...” талаарх шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Гансүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чагсал нарын “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гансүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чагсал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                   Д.ГАНЗОРИГ