Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 0192

 

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Үйлдвэрийн районд байрлах ”*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Шим худалдааны төвд байрлах “*******”ХХК-нд холбогдох дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33.700.514 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

    Нэхэмжлэгч “*******” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Сайхан суманд байрлах “*******” ХХК нь манай компанитай байгуулсан “Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний үндсэн дээр дулаанаар хангагддаг. Манай байгууллага Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифын дагуу 2010 оноос 2014 он хүртэлх дулааны 1м3 эзэлхүүний үнийг 720 төгрөгөөр  /НӨАТ-тэй 792 төгрөг/, 2014-2015 он хүртэлх  дулааны 1м3 эзэлхүүний үнийг 828 төгрөгөөр /НӨАТ-тэй 910.8 төгрөг/ тус тус тооцож худалдахаар  гэрээ байгуулсан байдаг. Гэтэл хэрэглэгч “*******” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж дулааны төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас он дамжсан 2012-2015 онуудын өр үүсээд байна. Хоёр байгууллагын хооронд 2015 оны 06 дугаар сард тооцоо нийлэхэд 34.065.112 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж тооцож акт үйлдсэнээс хойш 364598 төгрөгийн бараа материалыг өр төлбөртөө суутгуулж 33.700.514 төгрөг үлдсэнийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардлага тавьж мэдэгдэл өгсөн боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа бөгөөд “*******”ХХК нь халаалтын төлбөрөө төлөхийг зөвшөөрсөн албан бичгүүдийг удаа дараа ирүүлснийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч байгууллагатай байгуулсан 2012-2013 онуудын дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээнд тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* гуай өөрөө зураагүй, харин түүний эхнэр Д.Байгалмаа зурсан хэдий ч компанийн тамгыг дарж баталгаажуулсан байдаг. Мөн ******* гуай өөрөө уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч удаа дараа албан бичиг манай байгууллагад ирүүлж байсан. Түүнээс гадна сар сарын дулааны төлбөрийн нэхэмжлэхийг дараа сард нь гардуулан өгч гарын үсэг зуруулаад явж байсан.  Уг нэхэмжлэх дээр алданги тооцсон байгаа тул харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтын дүнгээс зөрж байгаа. Гэхдээ удирдлагаас алданги тооцоод хэрэггүй гэсэн учраас алдангийг хасаж нэхэмжилсэн байгаа. Үнэхээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байсан бол цуцлуулах боломж байсан. Гэтэл өөрөө бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрөөд төлбөрөө төлөөд үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн, графикийн дагуу төлье гэж хүсэлтээ илэрхийлж албан бичиг ирүүлж байсан зэрэг нь гэрээг хүлээн зөвшөөрч байсныг илэрхийлж байна. Иймд “*******” ХХК-иас дулааны төлбөрийн үлдэгдэл 33.700.514 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

          Хариуцагч “*******” ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Бид сум орон нутгийн нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс олон хүмүүсийг ажлын байраар хангаж нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа үүрч, орон нутгийн төсөв татварт зохих хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ. 2014 оноос улс орон даяар учирч буй санхүүгийн хямралаас улбаалан ажлын байр түрээслэн ажиллуулдаг иргэд өөрсдийн талбайн түрээсийг төлж чадахгүйд хүрч, зарим нэг иргэд ажлын байраа буцааснаас төлөвлөж байсан түрээсийн орлого огцом буурч орлогын төлөвлөгөө тасалдсан болно. Зарим нэг харилцагч аж ахуй нэгж байгууллагуудад төлөх төлбөрийг мөнгөн хөрөнгийн сөрөг урсгалын улмаас төлж чадаагүй байгаа билээ. “*******” ХК-иас өвлийн улиралд халаалт авдаг бөгөөд энэ санхүүгийн хүнд нөхцөл байдлыг эвийн журмаар шийдвэрлүүлэхээр төлбөрийн график гаргасан, төлөлтийг хэсэгчлэн хийх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа болно. Асуудлыг тодорхой үр дүнд хүргээгүйгээс болж бид одоо хүртэл барилгад халаалтаа авч чадаагүй олон хүнийг хүйтэн цэвдэг байранд ажил үүргийг нь гүйцэтгүүлж байна. Түүнчлэн тус компанийн хүсэлтээр хөрөнгө битүүмжлэх захирамжийг шүүх гаргасан байна. Нэхэмжлээд байгаа халаалтын төлбөрийн үнийг дүнг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь миний бие 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл “*******”ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч байгууллагатай дулаан, эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээг байгуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шим” худалдааны төвийн байрыг дулааны эрчим хүчээр хангуулж байсан. 2011-2012 оны халаалтын улирлын үлдэгдэл төлбөр нь 6.859.815 төгрөг байсан бөгөөд үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч байгууллагын дулааны үнэ өндөр байсан тул 2012 оны 09 дүгээр сард “*******”ХК-иас цаашид дулааны эрчим хүч авахгүй, өөрсдийн нөөц бололцоогоор “Шим” худалдааны төвийг халаахаар бэлтгэж, энэ тухайгаа амаар удаа дараа  мэдэгдэж,“*******”ХК-ийн ерөнхий инергетик Ө.Бат-Эрдэнэд албан бичиг илгээж байсан атал ямар нэгэн гэрээ байгуулалгүйгээр хүчээр дулаан өгсөн. Гэтэл “*******”ХК-ийн мэргэжилтэн Батдэлгэр гэж хүн танай нөхөр ******* гэрээн дээр гарын үсэг зурахгүй гэсэн, жилийн эцсийн тайлангаас өмнө бичиг баримтаа цэгцэлмээр байна, гарын үсэг зураад өг гээд гуйсаар байгаад “манай эхнэр Д.Байгалмаагаар 2012 болон 2013 оны гэрээний сунгалтын гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг. Тийм учраас гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргалдаж байна. “*******”ХХК-ийг Д.Байгалмаа нь төлөөлөх эрхгүй тул бидний хооронд гэрээ байгуулаагүй, гэрээ нь хүчин төгөлдөр бус тул 2012-2013, 2013-2014 онуудын халаалтын улирлын төлбөрийг төлөхгүй. Харин 2014-2015 оны халаалтын улирлын гэрээг би өөрөө хийсэн боловч 2012-2013, 2013-2014 онуудын халаалтын улирлын төлбөрт манай байгууллагаас 19.050.000 төгрөг төлсөн байгаа тул уг төлбөрийг 2014-2015 оны халаалтын улирлын төлбөрт шилжүүлэн тооцоход 2500000 төгрөгийн илүү төлөлттэй гарч байна. Иймд дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний 1.6-д дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа барилга обьектын хууль ёсны өмчлөгчтэй гэрээг байгуулна гэж заасныг зөрчсөн тул энэ гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тийм учраас 2011-2012 оны халаалтын улирлын үлдэгдэл төлбөр 6859815 төгрөгийг зөвшөөрч байна. Нэхэмжлээд байгаа 33700514 төгрөгөөс уг мөнгийг хасаад бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал өөрсдөө эвлэрье, тохиролцоё гэж надаар зөвшөөрүүлсэн албан бичгүүд хийлгэж байгаад эргээд нотлох баримт болгоод гаргаж өгсөнийг зөвшөөрөхгүй байна. Би удаа дараа уулзахад зөвшилцөлд хүрч чадаагүй гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Б.Солонгын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “*******”ХК нь хариуцагч “*******”ХХК-иас дулааны эрчим хүч худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 33.700.514 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

      Зохигчдын хооронд анх 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч байгууллага хариуцагч “*******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт байрлах “Шим” худалдааны төвийн байрыг дулаанаар хангаж эхэлсэн байх ба 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хангаж байсан нь талуудын тайлбараар тогтоогдож байгаагийн зэрэгцээ талууд халаалтын улирал эхлэх бүр гэрээгээ шинэчлэн хийж, халаах талбай, түүний үнийг тохиролцдог байсан болох нь дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээнүүдээр тогтоогдож байна. /хх-7-15, 43-52/

            Нэхэмжлэгч “*******”ХК нь хариуцагч “*******”ХХК-иас дулаан, эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үлдсэн 2012-2015 онуудын үлдэгдэл төлбөр 33700514 төгрөгийг шаардсан бол хариуцагч байгууллага 2012-2013 оны халаалтын улирал эхлэхэд танай байгууллагаас дулааны эрчим хүч авахгүй, өөрсдийн нөөц бололцоогоор халаалтын асуудлаа шийднэ гэхэд хүчээр халаалт өгсөн, дулааны эрчим  хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, Д.Байгалмаа гэгчээр гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул 2012-2013, 2013-2014 онуудын халаалтын улирлын төлбөрийг төлөхгүй, харин дээрх хугацаанд төлсөн төлбөрийг 2014-2015 оны халаалтын улирлын төлбөрт оруулж тооцоход 2014-2015 оны халаалтын улирлын төлбөр төлөгдсөн байгаа тул  2011-2012 оны халаалтын улирлын үлдэгдэл төлбөр 6859815 төгрөгийг төлж барагдуулна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

          Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

      Учир нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч “*******”ХК нь дулааны эрчим хүч бэлтгэн нийлүүлэх, хариуцагч “*******”ХХК нь дулааны эрчим хүчийг худалдан авч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

            Талууд дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авахдаа Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон тарифыг хэрэглэхээр тохиролцсон болох нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад тусгагдаж, дээрх тарифын дагуу дулааны үнийг гэрээнд шууд заан өгсөн нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт нийцсэн байна.

            Талууд хоорондоо байгуулсан дулаан эрчим хүчээр хангах гэрээндээ Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифыг нь баримталж дулааны үнийг тогтоосон гэж байгаа боловч Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны үнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй  байсан тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс нотлох баримт шаардсаны дагуу ирүүлсэн нотлох баримтыг үнэлж үзэхэд талуудын хооронд байгуулсан дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ нь Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан дулааны тарифыг баримталсан нь тогтоогдсон болно. /хх-174-178/

            Хариуцагч “*******” ХХК нь 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015 онуудын халаалтын улиралд нэхэмжлэгч байгууллагатай дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээг байгуулан дулааны эрчим хүч худалдан авсан байх бөгөөд 2012-2013, 2013-2014 онуудын халаалтын улиралд байгуулсан дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээн дээр тухайн үед захирлаар ажиллаж байсан “*******” ХХК-ийн захирал *******ийн эхнэр Д.Байгалмаа гарын үсгээ зурсан болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Байгалмаагийн  мэдүүлэг, дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээнүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

                       Энэ нь дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний 1.6-д заасан  гэрээг дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа обьектын хууль ёсны өмчлөгчтэй байгуулна гэснийг зөрчсөн байна гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй боловч дээрх гэрээнүүд дээр “*******” ХХК-ийн тамгыг дарж гэрээг баталгаажуулсан үйлдэл, 2012-2013 оны халаалтын улиралд 19050000 төгрөг, 2013-2014 оны халаалтын улиралд 742994 төгрөг тус тус төлсөн байдал, үлдэгдэл төлбөрийг төлөхөө мэдэгдэж удаа дараа албан бичиг хүргүүлсэн, нэхэмжлэгч байгуулагатай тооцоо нийлсэн  байдал зэрэг нь хариуцагч “*******”ХХК-ийг 2012-2013, 2013-2014 онуудын халаалтын улиралд байгуулсан дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээгээр илэрхийлсэн хүсэл зоригийг хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн байна гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар дээрх хэлцэлүүдийг шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж тооцох нь зүйтэй.

                       Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т зааснаар нэхэмжлэгч тал хууль буюу  гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

            Хариуцагч “*******” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 34.065.112 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас  2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 364598 төгрөгийн бараа материалыг өр төлбөртөө суутгуулж 33.700.514 төгрөгийг төлөх үүрэгтэй  болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээнүүд, тооцоо нийлсэн акт,  “*******” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ¹8 тоот албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ¹61 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ¹09 тоот албан бичгүүд, гэрч Б.Солонгын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх-38-42, 68-69,159-160/

            Хариуцагч “*******” ХХК нь 2012-2013, 2013-2014 онуудын халаалтын улиралд нэхэмжлэгч байгууллагаас дулааны эрчим хүч авахгүй гэсээр байхад хүчээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон баримтгүй, хариуцагч байгууллагаас дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчтэй дахин байгуулахгүйг мэдэгдсэн тухай  “*******” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2/78 дугаартай “*******” ХК-ийн ерөнхий инергетик Ө.Бат-Эрдэнэд хандсан албан бичиг /хх-162/, 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2/84 дугаартай дугаартай “*******” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэгт хандсан албан бичиг /хх-161/ зэргийг гаргаж өгсөн боловч уг албан бичгийг нэхэмжлэгч “*******” ХК-нд албан ёсоор хүргүүлж, хариу  аваагүй болох нь нэхэмжлэгч талын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/505 дугаар албан бичиг болон түүний хавсралтаар нотлогдож байна. /хх-152-153/

            Нэхэмжлэгч тал дулааны эрчим хүч худалдах, хэрэглэх тухай гэрээ байгуулалгүйгээр дулааны эрчим хүч өгсөн гэдэг нь холбогдох баримтаар нотлогдохгүйгээс гадна  хариуцагч тал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар уг гэрээнээс татгалзах, нийлүүлсэн дулааны төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй байсан атал гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлж байгаагүй, харин ч нийлүүлсэн дулааны төлбөрийг төлж байсан нь гэрээг бодит байдлаар хүлээн зөвшөөрсөн гэдгийг нотолж байна.

            Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж байгаа үндэслэлээ нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, түүнийг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс  өөрийн тайлбарыг баримтаар нотолж, нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй болно.           

       Иймд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 33700514 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                          

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******”ХХК-иас 33.700.514 /гучин гурван сая долоон зуун мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******”ХК-нд олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 326453 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 326453 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******”ХК-нд олгосугай.

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

                   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

                              

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР