Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/150

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэн

Иргэний хариуцагч Б.Санчир

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эд холбогдох эрүүгийн 1925001470133 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Л.Эг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Э.Пүрэвсүрэнгийн гээгдүүлсэн Самсунг Эс-9 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Эгийн мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй. Самсунг Эс-9 загварын гар утас олж зарсан нь үнэн гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл / Б.Тэмүүлэнгээс Самсунг Эс-9 загварын гар утас хураан авч Э.Пүрэвсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл/, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 8-р хуудас/

 - Хохирогч Э.Пүрэвсүрэнгийн ... “Би 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Уурхайчин багт байрлах "Төгөл” их дэлгүүрийн ресторанд хөгжим тоглож байсан. Тэр үед би өөрийн гар утас болох Самсунг Эс-9 маркийн гар утсаа өвлийн куртикний халаасандаа хийгээд хувцас солих өрөөнд үлдээсэн байсан. Тэгээд би тэр үедээ анзаараагүй яарч гараад “Эрдэнэт” буудалд очиж бас хөгжим тоглох гээд явах замдаа гар утсаа үзэхэд миний гар утас халаасанд байхгүй байсан гэм мэдүүлэг /хх- ийн 11-р хуудас/,

-Гэрч Б.Тэмүүлэнгийн . . . Би энэ гар утсыг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр фэйсбүүк дээр байгаа зарын дагуу хүнтэй холбогдож өөрийн ашиглаж байсан. Айфоне-8 маркийн гар утсаар сольсон. Би өөрийн сольсон гэх Айфоне-8 загварын утасны үнэлгээ болох 1,350,000 төгрөг, мөн үнэлгээний хөлс 20,000 төгрөг нийт 1,370,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 23-р хуудас/

- Гэрч Э.Эрдэнэбилэгийн . . . Би 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Санчир саагий гэх хаягтай залуугаас чатаар харьцаж байгаад Самсунг Эс-9 маркийн гар утсыг 980,000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд тэр гар утсаа удалгүй Айфоне-8 маркийн гар утсаар тулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

 

 -Гэрч Б.Санчирын . . . 2018 оны 10 дугаар сарын эхээр Энхмаа эгч надад Самсунг Эс-9 загварын гар утсыг барьчихсан, уг утсыг оллоо зараад өгөөч гэж хэлсэн. Би Энхмаа эгчийн өгсөн Самсунг Эс-9 загварын гар утсыг фэйсбүүк хаяг дээр тавиад 5-6 хоногийн дараа танихгүй хүнд 980,000 төгрөгөөр зарчихсан. Энхмаа эгчээс гар утас авахад унтарчихсан байсан. Би гар утсыг 850,000 төгрөгөөр зарсан гэж хэлээд мөнгийг нь өгсөн. 980.000 төгрөгөөр зарсан гэж хэлээгүй, зөрүү 130.000 төгрөгийг би өөрөө авчихсан юм.    Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хурдан хугацаанд 130,000 төгрөгийг өгч хохиролгүй болгож өгнө гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

- “Бан Хас” ХХК-ний 2019 оны 2 сарын 28-ны өдрийн 2019/э-0039 дугаартай, Самсунг Эс-9 загварын гар утас 1,650,000 төгрөгний үнэтэй гэх дүгнэлт. /хх-ийн 25-28-р хуудас/

 

-“Найдвар Од” ХХК-ний 2019 оны 04 сарын 06-ны өдрийн 13/19 дугаартай,  Айфоне-8 маркийн гар утасны үнэ 1,350,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/

 

-Самсунг-9 маркийн гар утсанд хийж ашигласан 88568009 дугаарын орсон гарсан яриа мессежний  лавлагааны хуулбар /хх-ийн 51-52-р хуудас/

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Санчирын эзэмшилийн 5990385031 тоот депозит дансны хуулга /хх-ийн 55-р хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчүүийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны байх бөгөөд дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Л.Э нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг Даниста худалдааны төвийн дэргэд Э.Пүрэвсүрэнгийн гээгдүүлсэн Самсунг Эс-9 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч бусдад худалдаж 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1,650,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Л.Эгийн  энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Э.Пүрэвсүрэнгийн гээгдүүлсэн Самсунг Эс-9 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа : Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Хууль эрх зүйн мэдлэггүй байдлаас боллоо. Төлбөр төлөх хугацаа шаардлагатай байна. Өндөр настай ээжийгээ асардаг, эрхэлсэн ажилгүй байгаа гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирогч Э.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд оролцоогүй, хохирлоо барагдуулсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчид гар утсыг буцаан өгч хохирол арилсан байна. Харин шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэн мэдүүлэхдээ: 2018 оны 8 сард Айфоне-8 гар утас бэлгэнд авсан. 10 сард Самсунг Эс-9 загварын гар утсаар сольсон. Гэтэл Цагдаагийн байгууллагаас утасдаж утсыг эзэнд нь хураалгасан. Одоо утасны үнэ 1,350,000 төгрөг, үнэлгээний хөлс 20,000 төгрөгийг буруутай хүнээс гаргуулмаар байна гэж, иргэний хариуцагч М.Санчир мэдүүлэхдээ: 2018-10-7-нд Энхмаа эгч гар утас олсон зараад өг гэсний дагуу 980,000 төгрөгөөр зарж, 850,000 төгрөгийг Энхмаа эгчид өгөөд 130,000 төгрөгийг би авч үлдсэн. 130,000 төгрөгийг нь төлнө гэжээ. Иймд шүүгдэгчээс 1,240,000 төгрөг, иргэний хариуцагч М.Санчираас 130,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэнд олгуулахаар  зааж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй,шүүгдэгч цагдан хоригдоогүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.ШүүгдэгчЛ.Э-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж  завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Л.Эд оногдуулсан 500,000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сард 62500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эгаас 1,240,000 төгрөг, иргэний хариуцагч Б.Санчираас 130,000 төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэнд /Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-23-54 тоот РДПЭ89111713/ олгуулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч,хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ