| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/10837/И |
| Дугаар | 210/МА2026/00640 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00640
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00847 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
57,495,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******** хариуцагчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******эй харилцан тохиролцож, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн төлбөрийг ****** хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол, ******* 07 тоотны байрны түрээсийн төлбөрт 57,495,000 төгрөгийг ****** өмнөөс түрээслүүлэгч ******* Хаан банкны ******* тоот дансанд төлсөн.
Тухайн үед ******* нь зээлүүлсэн мөнгөө хасаад үлдэгдэл мөнгийг чинь удахгүй өгнө, чи түрдээ эгчийнхээ түрээсийн мөнгийг төлж байгаач гэж гуйхад нь би төлчих байх гэж итгээд түрээсийн мөнгийг төлсөөр байсан. Гэтэл ******* нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд зээлүүлсэн 18,000,000 төгрөгөө нэхэж өргөдөл гарган, бидний эвлэрлийг баталсан шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 191/Ш32025/33706 дугаартай захирамж гарч шийдвэрлэсэн.
Тухайн үед ******* нь худал хэлж эвлэрлийн гэрээ байгуулсныг сүүлд ойлгосон. Түрээсийн төлбөр болох 57,495,000 төгрөгөө өгөөч гэхэд, ******* төлөхгүй, чаддаг юм бол аваарай гэж хэлээд утсаа авахгүй алга болсон.
Иймд ****** өмнөөс түрээсийн төлбөрт төлсөн 57,495,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2020 оны 08 дугаар сарын сүүлээр ******* фейсбүүкт тавьсан мөнгө зээлж, хүүд нь байрандаа суулгана гэх зарын дагуу анх холбогдож, бид албан ёсоор гэрээ хийж, 18,000,000 төгрөгөө ****** зээлдүүлээд байранд нь нүүж орсон. Тухайн үед ****** байрны өмчлөгчийн лавлагаагаа аваад ирээрэй гэхэд энэ байр манай эмээгийн байр байгаа юм, хоёулаа нотариат ороод зээлийн гэрээ хийчихье гэснийх нь дагуу гэрээ байгуулсан.
Миний зүгээс Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол, ******* 07 тоотод амьдарч байх хугацаандаа ашиглалтын зардлуудыг бүрэн төлж байсан ба эдгээр зардлуудыг төлөх үед тухайн байр ******* гэх хүний нэрээр гарч ирдэг байсан.
Өөрийнхөө өмнөөс *******ээр ямар нэгэн түрээсийн төлбөрийг түрдээ төлүүлэх харилцаа үүсээгүй.
Тэрээр миний зээлдүүлсэн мөнгийг өгөхгүй байсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж, "зээлсэн мөнгөө 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө" гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхээс 191/Ш32025/33706 тоот "Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай" захирамж гарсан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******ээс түрээсийн төлбөрт төлсөн 57 495 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,425 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. *******ээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Тухайн үед зээлийг төлөх баталгаа болгон *******ийг Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол, ******* 07 тоот байрны түрээсийн төлбөрийг төлж байлгасан.
Ингээд зээлийн гэрээний 1 жилийн хугацаа дууссаны дараа ****** гуйлтын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 57,495,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь ******* гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.
******* болон ******* хоорондын зээлийн маргаан тусдаа, харин ****** өмнөөс түрээсийн төлбөр төлсөн асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар ******* анхны хүсэл зоригоос өөр үйлдлийг ******* нь гаргасан тул түүнээс түрээсэнд төлсөн мөнгийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт заасан аль нөхцөлөөр шаардах эрхгүй талаар шүүх дүгнэлт өгөөгүй.
4.2. Хэрэв ******* нь *******ээс 18,000,000 төгрөгийг зээлсэн ч түүний хүүд 57,495,000 төгрөг буюу 3 дахин илүү төлбөрийг төлөх үндэслэлгүй. ******* нь ******* 18,000,000 төгрөгийг төлнө хэмээн зөвшөөрөөд, ****** өмнөөс төлсөн түрээсийн төлбөрөө түүнээс шаардах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасантай нийцэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Зээлийн гэрээний хүүд тухайн орон сууцанд амьдарсан. Шүүхээр зээлийн гэрээний маргаан шийдвэрлэхэд энэ талаар нэхэмжлэгч нь маргаж байгаагүй. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан түүний өмнөөс орон сууцны түрээсийн төлбөр төлсөн, энэ зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй гэх үндэслэлээр 57,495,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь зээлийн хүүд тооцож орон сууцанд амьдарсан, орон сууцны түрээсийг өөрийн нэрийн өмнөөс төлүүлэхээр тохиролцсон зүйл байхгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Хариуцагч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ****** зээлдүүлсэн байх бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/33706 дугаар захирамжаар эвлэрэлд уригдагч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 18,000,000 төгрөгийг өргөдөл гаргагч ******* төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталгаажуулсан байна.
3.1. Дээрх зээлийн гэрээг анх байгуулсны дараа хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 07 тоот орон сууцад түүнд зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийн хүүд тооцож амьдрахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан талуудын харилцсан цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.
Уг орон сууцанд хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарсан.
Гэхдээ энэ орон сууцыг бусадтай байгуулсан гэрээнд үндэслэн ******* хөлсөлж байсан ба холбогдох хөлсийг төлж байсан нь гэрч ******* мэдүүлгээр тогтоогдсон.
3.2. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдов.
4. Хэргийн баримтаас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний улмаас үүссэн маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байна.
4.1. Хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны 07 тоот орон сууцанд амьдарч байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч уг орон сууцыг гэрээний үндсэн дээр хөлсөлсөн, эсхүл тухайн орон сууцны хөлсийг түүний өмнөөс нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд төлсөн гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг үндэслэж буй үйл баримтыг нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс орон сууцны хөлсийг бусдад төлсөн, улмаар үүнээс шалтгаалан хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг өөрөө бусдаас гэрээний үндсэн дээр хөлсөлж эзэмшилдээ авсан бөгөөд хариуцагчийг тухайн орон сууцанд амьдруулахдаа талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүгийн эргэн төлөлтөд тооцох зорилгоор ашиглуулсан гэх үйл баримт тогтоогдсон болно.
4.2. Түүнчлэн талуудын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэж, улмаар шүүхээс талуудын эвлэрлийг баталгаажуулсан байх бөгөөд уг ажиллагааны явцад нэхэмжлэгч нь тухайн эвлэрлийн нөхцөлтэй холбогдуулан аливаа татгалзал гаргаагүй, харин талуудын тохиролцоог хүлээн зөвшөөрсөн.
Тодруулбал, нэхэмжлэгч нь тухайн үед зээлийн гэрээний хүүд их хэмжээний төлбөр төлсөн, эсхүл хариуцагчийн бусдад төлөх ёстой байсан орон сууцны хөлсийг өөрийн зардлаар төлсөн гэх нөхцөл байдлыг дурдаж маргаагүй, аливаа шаардлага гаргаагүй.
Иймд талууд зээлийн гэрээтэй холбоотой харилцаагаа харилцан тохиролцож дуусгавар болгосон байгаа учраас нэхэмжлэгчийн одоо гаргаж буй тайлбарт үндэслэн зээлийн гэрээний хүрээнд төлөгдсөн төлбөрийн хэмжээг дахин тодорхойлох, эсхүл зээлийн хүүг илүү төлсөн эсэх асуудалд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.
4.3. Иймд хариуцагч нь өөрийн бусдад төлөх орон сууцны хөлсийг нэхэмжлэгчээр төлүүлэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/00847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 445,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.БАДРАХ