| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00117/И |
| Дугаар | 103/ШШ2016/00402 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2016/00402
| 2016 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2016/00402 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 50 тоотод оршин суух, Зэрэгбаяр овогт Чойжилжавын Төмөртогоогийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1954 онд төрсөн, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт байдаг, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн 3 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, Хамниган овогт Балдан-Осорын Сүрэнхорлоод холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 1а тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Б.Сүрэнхорлоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Төмөртогоо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Юмсүрэн гэдэг хүнд 2002 онд байраа 600.000 төгрөгийн барьцаа авч түрээслүүлсэн, түрээсийн төлбөрийг тухайн үедээ төлж байсан. Гэтэл Юмсүрэн нь 2015.12 дугаар сард нас барсан бөгөөд барьцаалсан 600.000 төгрөгөө өгөөд байраа авахаар Сүрэнхорлоотой тохироод байрны өр төлбөрийг шалгуулахад 500.000 төгрөгийн төлбөр гарч ирсэн. Төлбөрийг хэн барагдуулах вэ? гэхэд Сүрэнхорлоо өр төлбөр байхгүй 600.000 төгрөгөө өгөөд байрны түлхүүрээ аваарай гээд явсан. Анх Юмсүрэнтэй хийсэн гэрээнд байрнаас гарах үед өр төлбөр гарвал барьцааны мөнгөнөөс суутгана гэж тохирсон байсан. Би уг төлбөрөөс 300.000 төгрөгийг төлсөн бөгөөд байрны түлхүүрийг авъя гэхээр манай ахад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна гээд өгөхгүй байгаа тул Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 1а тоот орон сууцны түлхүүрийг шударга өмчлөгч надад гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2016.04.18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн. Одоо Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 1а тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлага хэвээр байгаа. Тухайн байрны өмчлөгч нь Ч.Төмөртогтоо болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, Ч.Төмөртогоо нь Д.Юмсүрэн гэдэг хүнийг тухайн байрандаа түрээсээр суулгаж байсан, Д.Юмсүрэн гэдэг хүн нас бараад байраа авах гэтэл Б.Сүрэнхорлоо гэдэг хүн байрыг нь суллаж өгөхгүй байна. Анх байраа түрээслүүлэхдээ 600.000 төгрөг барьцаанд нь авсан байсан, нас барснаас нь хойш байрны төлбөрийг нь шалгахад 500.000 гаран төгрөгийн төлбөртэй байсныг Ч.Төмөртогоо төлсөн, одоо ч төлбөрийг нь төлөөд явж байгаа. Энэ хүмүүс бэлэглэлийн гэрээ хийсэн гээд байгаа боловч Ч.Төмөртогоо үүнийг зөвшөөрдөггүй, гэрээн дээр зурсан гарын үсэг Ч.Төмөртогоогийнх биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байрны гэрчилгээ Д.Юмсүрэн гэдэг хүн хороондоо бүртгүүлэх гэсэн юм, гэрчилгээ нь хэрэгтэй байна гээд авсан гэсэн, тэгээд буцааж авахаа мартсан юм байна лээ, ганц бие өндөр настай, юм үзэж хардаг хүн байсан гэсэн, хариуцагч өнөөдөр шүүх дээр байрны гэрчилгээг эх хувиар нь авч ирсэн байна. Энэ гэрчилгээг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж өгнө үү, энэ хүмүүс гэрчилгээг үгүй хийчихэж магадгүй гэж бодож байна гэв.
Хариуцагч Б.Сүрэнхорлоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2001 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэг жилийн хугацаатай тухайн байрыг түрээслэн гэрээ байгуулсан. Энэ нь тухайн үед байраа зараад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан болохоор хийсэн түр гэрээ дараа нь буюу 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан гэрчилгээг хүлээж байгаад гэрчилгээ гарсны дараа буюу 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц бэлэглэх гэрээ гэдгийг байгуулж бэлнээр 600.000 төгрөгөөр мөн түрээсийн гэрээний суусан хугацааг хасаад 50.000 төгрөг үлдсэн 6 сарыг тооцон байрыг 600.000 төгрөгөөр худалдсан. Тэгээд энэ өнгөрсөн хугацаанд миний ах Даржаа овогт Юмсүрэнд өөрийн үл хөдлөхийн гэрчилгээг өгөөд нэр солих буюу өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тавьсан санал хүсэлтийг янз бүрийн шалтгаан зааж хийгээгүй болно. Одоо миний ахыг нас барсны дараа мэдэх хүн үгүй гэж талийгаач ахын байрыг залилан авах гэж байгаад миний бие Б.Сүрэнхорлоо хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.Сүрэнхорлоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Түрээслэж байсан гэдгийг нотлох баримт байхгүй, 600.000 төгрөг барьцаалсан, энэ мөнгийг байрны төлбөрт авна гэсэн гэрээ хэлцэл хаана байна, тухайн үед энэ байр 300.000 төгрөгийн үнэтэй байсан, Д.Юмсүрэн 600.000 төгрөгөөр худалдаж авсан, татвар төлөх асуудлаас шалтгаалаад хоорондоо бэлэглэлийн гэрээ хийсэн, Ч.Төмөртогоо байрны гэрчилгээгээ Д.Юмсүрэнд өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Байрныхаа гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй байж байгаад нас барсан. Уг байрыг худалдаж авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, байрны гэрчилгээг шүүхэд эх хувиар нь нотлох баримт болгон өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэгч Ц.Урангэрэлийн тодорхойлолт, Төмөртогоогоос байрны төлбөр төлсөн талаарх баримтууд, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0041106 дугаартай гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 03 ны өдрийн 3285 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Төмөртогоо нь хариуцагч Б.Сүрэнхорлоос Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 1а тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Сүрэнхорлоо нь орон сууцыг 600.000 төгрөгөөр худалдаж авсан, талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Төмөртогоо нь шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ Миний бие Юмсүрэн гэдэг хүнд 2002 онд байраа 600.000 төгрөгийн барьцаа авч түрээслүүлсэн, түрээсийн төлбөрийг тухайн үедээ төлж байсан гэж тайлбарладаг ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж тус тус зааснаар талуудын хооронд амаар байгуулагдсан гэх гэрээ нь хуульд заасан түрээсийн гэрээний шаардлага, нөхцөлтэй тохирохгүй байна.
Харин талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ. Орон сууц хөлслөгч Д.Юмсүрэн нь 2015 онд нас барсан, ам бүл ганцаараа амьдардаг байсан, түүнийг нас барснаар орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.7-д Орон сууц хөлслөгч нас барсан тохиолдолд түүнтэй хамт амьдарч хамтын ахуй эрхэлж байсан гэр бүлийн гишүүдэд хөлслөгчийн эрх үүрэг шилжих бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн гишүүд нь энэ хуулийн 294.3-т заасан хугацаанд гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.
Хариуцагч Б.Сүрэнхорлоо нь Д.Юмсүрэн гэдэг хүний гэр бүлийн гишүүн, өв залгамжлагч нь мөн эсэхээ болон тухайн байрны шударга эзэмшигч, өмчлөгч мөн эсэхээ баримтаар нотлоогүй, маргааны зүйл болох орон сууцыг 600.000 төгрөгөөр худалдаж авсан, талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээр байр Д.Юмсүрэнгийн өмчлөлд шилжиж ирсэн учраас шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 1а тоот орон сууцны өмчлөх эрх нь нэхэмжлэгч Ч.Төмөртогоод хэвээр байгаа болох нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар БНД 3-р хороо 54-1а тоот байр 2001.10.19 ний өдөр худалдах худалдах авах гэрээгээр Ч.Төмөртогоогийн өмчлөлд шилжсэн гэх баримт, Улсын бүртгэгч Ц.Урангэрэлийн Иргэн Ч.Төмөртогоогийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ү-2208002529 дугаарт бүртгэлтэй БНД-ийн 3 дугаар хороо 54-1а тоот орон сууц тус тус бүртгэлтэй байна гэсэн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0041106 дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба Д.Юмсүрэнгийн өмчлөлд шилжсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь тухайн байрыг худалдаж авсан, өмчлөгч нь Ч.Юмсүрэн мөн гэдгийг нотолж чадаагүй, хуульд зааснаар өмчлөх эрх Д.Юмсүрэнд үүсээгүй байна.
Талуудын хооронд 2002 оны 04 дүгээр сарын 08 ны өдөр байгуулагдсан гэх бэлэглэлийн гэрээн дээрх гарын үсгийг нэхэмжлэгч Ч.Төмөртогоо би зураагүй, ийм гэрээ байгуулагдаагүй гэж марган шинжээч томилуулж өөрийн гарын үсгээ мөн эсэхээ тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан, шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн 2002.04.08 ны өдрийн Орон сууц бэлэглэх гэрээ гэсэн баримтын гэрээ байгуулсан хэсэгт Бэлэглэгч гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь Ч.Төмөртогоогийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Төмөртогоо нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч Б.Сүрэнхорлоогоос өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар шударга бус эзэмшигч Б.Сүрэнхорлоо нь хууль ёсны өмчлөгчид эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч тал хариуцагчаас Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ-г эх хувиар нь гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг үндэслэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрчилгээг нэхэмжлэгч Ч.Төмөртогоод олгохоор шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хамниган овогт Балдан-Осорын Сүрэнхорлоог Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 1а тоот орон сууцнаас албадан гаргасугай.
2. Хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 1а тоот орон сууцны ү-2208002529 дугаарт бүртгэлтэй, 0041106 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч Ч.Төмөртогоод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ