Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/289

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Н.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч А.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-д холбогдох эрүүгийн 1938005080291 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А.Э-, 

Шүүгдэгч А.Э- нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХХ аймгийн Х сумын нутагт байрлах ХХХ голын захад хохирогч Х.Б-, Н.Б- нарыг “гар утас авсан” гэх шалтгааны улмаас заазуураар толгойн тус газар нь цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Э- нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХХ аймгийн Х сумын нутагт байрлах ХХХ голын захад хохирогч Х.Б-, Н.Б- нарыг “гар утас авсан” гэх шалтгааны улмаас заазуураар толгойн тус газар нь цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938005080291 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед би найз ХХХХ сумын 2 дугаар багийн харъяат Н.Б-, 5 дугаар багийн харъяат Нэргүй, 1-р багийн харъяат Жонг хочит Ганболд нарын хамт ХХХХ сумын төвд Хөнжилийн голын захад нэг шил 0.75 литрийн Хараа архи уугаад сууж байтал ХХХХ сумын харъяат Гэзэг хочит А.Э- бид нар дээр ирээд мэндийн үггүй шууд дээлний ханцуйнаасаа заазуур гаргаж ирээд Н.Б-гийн толгойн орой хэсэг рүү 2 удаа цавчсан. Тэгэхээр нь би “Тайвнаа, чи яаж байнаа” гэж хэлээд сууж байсан газраасаа өндийж бостол миний зүүн шанааны хэсэг рүү заазуураар цавчсан. Тэгтэл миний хацарнаас цус гоожоод тогтохгүй байх хооронд А.Э- юу ч хэлээгүй гүйгээд сумын төвийн гудамж руу ороод яваад өгсөн.Тэгээд би өөрийн төрсөн ах Энхбаатар луу утсаар залгаж дуудаад ахаараа сумын эмнэлэг дээр хүргүүлж ирээд оёдол тавиулсан. Би А.Э-д хуульд заасаны дагуу арга хэмжээ авч ёгнө үү гэсэн хүсэлтэй байна. Мөрөн явж эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэний 150 000 төгрөг, Мөрөн яваад ирэх хоёр талын зардал 50.000 төгрөг, ингээд нийт 250 000 төгрөг нэхэмжилж байна...Мөн би одоо Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай байна. Одоо хоол идэж болохгүй байна. Манай дүү Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт ажилладаг юм. Тэгээд ирж “томографт харуулж, нарийн шинжилгээ хийлгэ” гэсэн. Үүнд нийтдээ 2 сая орчим төгрөгийн зардал гарах байх гэж бодож байна. Үүнийг мөн нэхэмжилнэ. Үүнээс А.Э-ы ар гэрээс Аззаяа гэдэг хүн Н.Б- бид хоёрын дунд ХХХХ суманд байхад 100 000 төгрөг өгсөн. Үүнийг Н.Б- бид хоёр тавь, тавин мянгаар хувааж авсан. Мөн би сая Мөрөнд Жаргалан хувийн эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлуүлсэн. Үүний өдрийн 30 000 төгрөгийн төлбөр болох 150 000 төгрөгийг А.Э-ы дүү Аззаяа өгсөн. Мөн Мөрөн яваад ирэх зардал болох 50 000 төгрөгийг мөн Аззаяа өгсөн. Ингээд нийт би А.Э-ы ар гэрээс 250 000 төгрөг бэлнээр авсан. Мөн намайг эмнэлэгт хэвтэж байхад А.Э-ы дүү Аззаяа намайг 2 удаа эргэж очиж хоол унд, тамхи тариа өгсөн. Ингээд эдгээрийг тооцож үзээд би одоо А.Э-аас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг  /хх-ийн 6-10-р тал/

Хохирогч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2019 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед би найз ХХХХ сумын 5 дугаар багийн харъяат Х.Б-, 5 дугаар багийн харъяат Нэргүй, 1 дүгээр багийн харъяат Жонг хочит Ганболд нарын хамт ХХХХ сумын төвд Хөнжлийн голын захад нэг шил 0.75 литрийн Хараа архи уугаад сууж байтал ХХХХ сумын харъяат Гэзэг хочит А.Э- миний араас ирээд миний толгой орой хэсэг рүү ямар нэгэн иртэй зүйлээр 2 удаа цохисон. Би эхлээд юугаар цохисоныг нь мэдээгүй. Тэгтэл манай найз Х.Б- сууж байсан газраасаа өндийж ирээд А.Э-д хандан “чи яаж байгаа юм бэ” гэж хэлтэл мөн Х.Б-ын зүүн хацар луу заазуураар цохисон.Тэгээд юу ч хэлэлгүй яваад өгсөн. А.Э- бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өш хонзон байхгүй. Ямар шалтгаанаар намайг заазуураар цохисоныг би мэдэхгүй. Энхгайван бид хоёр өмнө нь Улаанбаатар хотод ажил хийж байхдаа хамт байр хөлсөлж амьдарч байсан найзууд юм. Би бол тухайн үед нэг их согтоогүй, өөрийгөө хянах чадвартай байсан. А.Э- согтуу байсан эсэхийг би мэдэхгүй. Надад А.Э-г эрүүл согтуу байсаныг мэдэх боломж байгаагүй. Надад учруулсан хохирлыг барагдуусан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-17-р тал/

Гэрч Ч.Цолмонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр... Эмнэлэг дээр яваад очиход миний өминөхөн орж ирсэн бололтой, цус нөжөө гоожуулсан 2 эрэгтэй хүн “хүнд заазуурдуулчихлаа” гээд байж байсан. Тэгэхээр нь би тэр үед хоёуланг нь үзээд эхлээд зүүн хацартаа зүсэгдсэн шархтай хүний шархыг цэвэрлээд 8 оёдол тавьж боолт хийж өгсөн. Тэр шархны гүн нь 0,5 см-ээс 1 см орчим гүнтэй байсан. Дараагийн хүн толгойны баруун орой хэсэгт 2 хэсэгт газарт зүсэгдсэн шархтай байсныг цэвэрлэсэн. Тэгээд тэр хүн “би оёдол тавиулахгүй, боогоод өг” гэхээр нь цусыг нь тогтоогоод боолт хийж өгсөн. Энэ шархны хувьд өнгөц 0,2-0,5 см орчим гүнтэй байсан. Судасжилт ихтэй учраас цус их гарсан. ...Тэр хоёр хүн хоёулаа архи уусан байсан. Хацартаа зүсэгдсэн шархтай хүн нь арай гайгүй, нөгөөдөх нь нэлээд согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

Гэрч П.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэр өдөр намайг сумын төвийн гэртээ байхад манай гэрт өглөөгүүр Халхиан /Х.Б-/, Балагаа /Н.Б-/ хоёр манайд орж ирээд бид гурав Түдэвсамбуу гуайн дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи аваад Хөнжлийн голын захад очоод хувааж ууж байхад морь уядаг Нэргүй гэдэг залуу морь усалж яваад бид гурав дээр ирсэн. Тэгээд бид нар дөрвүүлээ болоод нөгөө архиа тойруулж суухад гэзэг хочтой Тайванаа гэдэг залуу ирээд Балагаа миний хажууд сууж байсан чинь толгойноос нь цус гараад унасан. Тэр үед Халхиан босоод ирсэн нөгөө Тайванаа гэдэг залуу заазуураар Халхианы хацар хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон. Тэгээд Тайванаа гэдэг залуу сумын төвийн гудамж руу яваад өгсөн. Тэгээд тэд нар эмнэлэг явцгаасан...Би тэдний хооронд яагаад тийм зүйл болсоныг мэдэхгүй...Тэд нарын хооронд ямар нэгэн зодоон болоогүй. Тэгэхээр Халхиан, Балагаа нар Тайванааг цохиж зодоогүй байх. Нүд ирмэхийн зуур л их хурдан болсон асуудал...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

Гэрч Б.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай нутгийн хүмүүс миний багын нэр болох Нэргүй гэдгээр дууддаг юм. Тэр өдөр намайг “Хөшиг модны хөлд мотоцикль хэрэгтэй байна, ирээч” гэхээр нь тийшээ жижиг гүүрээр гарах явж байтал... Халхиан нарын хүмүүс...намайг дуудахаар нь хараад очиж явтал саарал дээлтэй хүн очиж байсан. Тэгээд нөгөө хүн Балагаа руу гараа далайх шиг болсон. Тэр үед Балагаа босоод зуггааж байсан. Тэр үед хүмүүс бүгд тэд нарыг дагаад зугтаасан. Тэр үед Балагаагийн толгойноос, Халхианы шанаанаас цус гарсан...Би тэр саарал дээлтэй хүнийг танихгүй.  Балагааг бол зүн танина. Харин Халхианыг бол танина.                    Саарал дээлтэй хүн хутга, заазуур барьж байхыг сайн анзаараагүй...гэх мэдүүэлг /хх-ийн 23-24-р тал/

Шүүгдэгч А.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би Мөрөн сумаас ХХХХ суманд 00 цаг өнгөрч байхад ирээд Нандинбаяр гэдэг найзындаа очсон. Тэгтэл тэдний  ...гэрт байж байхад гаднаас “Халхиан” хочтой Х.Б-, “хар Балагаа” хочтой Н.Б- хоёр “архи уух” юм ярьсан орж ирээд... архинд яваад 0,75 литрийн Ерөөл архи авчирсан. Түүнийг нь бид нар задлахаар нь би тэр архинаас хальт амсаад Нандинбаярынд унтаад өгсөн...Өглөө босоход Халхиан, Балагаа хоёр байхгүй Нандинбаяр бид хоёр унтаж байсан. Тэгэхээр нь би сэрж босоод гар утсаа хайсан чинь гар утас байхгүй байсан. Миний гар утасны гэрийн ард хавчуулж хийсэн Хаан банкны виза карт мөн хамт байхгүй болсон байсан. ...Тэгээд Хөнжпийн голын захад Халхиан, Балагаа хоёр хоёр хүний хамт архи уугаад сууж байх шиг байсан. Тэгэхээр нь би очоод тэр хоёроос “гар утас, карт яачихав аа” гэж хэлсэн. Тэгэхэд тэр хоёр “юун утас, юун карт” гээд маргаан болоход Халхиан, Балагаа хоёр хоёулаа ухас гэж босож ирээд над руу дайрахаар нь би авч явсан заазуураараа айлгах санаатай Балагаа руу далайхад Балагаа, Халхиан хоёр хоёулаа надтай барьцалдаж энэ үед би яг яаснаа сайн санахгүй байна нэг мэдэхэд Балагаагийн толгойноос цус гарч байсан. Мөн Халхианы хацарнаас цус гараад унасан. Тэр үед Халхиан “Тайванаа чи яаж байгаа юм” гэхээр нь би Халхианы өөрийнх нь дээлний бүснээс тасдаж шархыг дарж боож өгөөд “сандраад ийм зүйл боллоо” гэдгээ хэлж уучлалт гуйсан. Тэгээд би салаад явсан. Намайг өглөө Нандинбаярынхаас гарахад тэдний хашааны үүдэн дээр гадна талд нь миний гар утасны гаднах өнгөгүй зөөлөн гэр нь байж байсан. Тэгэхээр нь би “тэр хоёрыг авчихлаа” гэж бодоод олж уулзсан нь тэр байгаа юм. ...Би заазуурыг тэр хоерыг айлгах санаатаи л авсан санагдаж байна. Би тэр үед ганцаараа явсан. Угаасаа тэр хоер санаа нийлсэн айхтар, яаж ч мэдэшгүй хүмүүс учраас би айсандаа заазуур авч явсан....Би айгаад буцаж явах замдаа заазуураа ус руу шидсэн санагдаж байна. Би үнэндээ айсандаа зарим зүйлээ сайн санахгүй байна...Тухайн үед...миний архи бүрэн гарч амжаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        7 дугаар сарын 31-ний өдрийн 387 дугаартай: Н.Б-гийн биед зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Н.Б-гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        7 дугаар сарын 30-ны өдрийн 383 дугаартай: Х.Б-ын биед зүүн хацарт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Х.Б-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3-р тал/

Хохирогч Х.Б-ын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн эмнэлгийн магадлагаа /хх-ийн 49-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43, 48-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.          

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Хэргээс үзэхэд шүүгдэгч А.Э- нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХХ аймгийн Х сумын нутагт байрлах ХХХ голын захад хохирогч Х.Б-, Н.Б- нарыг “гар утас авсан” гэх шалтгааны улмаас заазуураар толгойн тус газар нь цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар  агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр батлагдсан.  Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогч нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,  хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                                          

              Шүүгдэгч А.Э- нь хохирогч Н.Б-, Х.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Н.Б- нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Х.Б- нь 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байх тул хохирогч Х.Б- нь хохирогч Х.Б- нь өөрт учирсан 2.000.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р тал/-аар тогтоогдож байна.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа хохирогч нарт зарим хохирлыг тнөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.              

Шүүгдэгч А.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938005080291 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогү,й түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36. 4 дүгээр зүйлийн 2,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938005080291 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Б- нь өөрт учирсан 2.000.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР