| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0134/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/127 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эд холбогдох эрүүгийн 1925001800148 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Н.Э
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Н.Э-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбуст багийн 5-15 байрны 19 тоотод 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэбатын баруун бугуйнд хутгаар хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-н мэдүүлсэн: Лхагва ахынд 1 шил архитай очсон. Би их муудсан байна лээ. Дараа нь ийм юм болсон гэж хэлсэн. Эрүүлжүүлэхэд сэргэсэн. Хохирогчид 80,000 төгрөг төлсөн. Гэмшиж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрнө. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-7-р хуудас/
-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 10-11-р хуудас/
-Хохирогч А.Э-н “...гаднаас миний танил Энхлхагва орж ирээд улмаар бид нар тэднийд шил архи уусан юм. Архи дуусах үед Мөнхзул Мөнх-Отгон бид гурав тэднийхээс гарах гэж байтал араас Энхлхагва ирээд надтай хэрүүл хийгээд улмаар миний нүүр рүү мангасдахаар нь та яаж байгаа юм бэ гээд өмнөөс нь барьцалдаад авсан. Гэтэл Энхлхагва Лхагва ахын гал тогооны тавиур дээр байсан хутгыг аваад миний баруун талын гарын шуун дээр зоосон. Тэгэхээр нь би хутгыг аваад цагдаа болон түргэн дуудсан. Надад одоо гаргах санал хүсэлт байхгүй Энхлхагва надад эмчилгээний зардал 80,000 төгрөг өгсөн. Одоо Энхлхагваас нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/
-Гэрч Г.Лхагвасүрэнгийн ..Удалгүй Эрдэнэбат явах гээд үүд үү явахаар нь би орондоо орчихсон хэвтэж байгаад Энхлхагвыг хаалга хаагаадах гэтэл босоод үүд рүү явсан. Гэтэл удалгүй цагдаа эмнэлэг болсон. Би тухайн үед хөл өвдөөд босч чадахгүй байсан болохоор юу болсоныг хараагүй. Хэсэг хугацааны дараа цагдаа нар орж ирээд үзлэг хийгээд байсан. Би юу болсон талаар асуухад Энхлхагва Эрдэнэбатын гарыг хутгаар зүссэн юм шиг байна лээ ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас /
-Гэрч Б.Мөнхзулын ... “Ингээд архи дууссаны дараа Эрдэнэбат, Мөнх-Отгон бид 3 хамт гарахаар болж Лхагваа ахын коридорт байж байхад араас Энхлхагва гэж ах цуг гаръя гээд улмаар үүдэнд Эрдэнэбаттай маргалдсан. Тухайн үед Мөнх-Отгон нилээд согтчихсон ухаан санаа нь орж гараад байсан. Гэтэл Эрдэнэбат, Энхлхагва ахыг цохих гээд том том дуугараад байсан. Тэгтэл Энхлхагва ах Лхагва ахын гал тогооны өрөөны угаалтуурын хажууд халбага сэрээ хийдэг шар савнаас шар иштэй хутга аваад Эрдэнэбатын баруун гарын шуун дээр зоосон. Энэ үед Эрдэнэбатын гарнаас нь цус гараад байсан чинь Эрдэнэбат цагдаа дуудлаа гэсэн чинь тэр ах битгий цагдаа дуудалдаа 200,000 төгрөг өгье гээд байсан. Тэгсэн хэн нэгэн цагдаа дуудсан юм шиг байна лээ. Цагдаа нар орж ирээд Энхлхагва Эрдэнэбат хоёрыг аваад явсан ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 21-р хуудас /
-Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 214 дугаартай:.. “А.Эрдэнэбатын биед ...баруун бугуйнд 1 тооны зүсэгдсэн шарх, нүүрэнд 6 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэднийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн /хх-ийн 24-р хуудас/
-Криминалистикийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4, 5 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ, 3 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжлэгдэж буй гарын мөрүүд “Гарын хээний нэгдсэн санд” болон салбар станцын санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. РЮ72030811 регистрийн дугаартай Норжингийн Энхлхагвын гарын хээний дардас санд бүртгэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 28-31-р хуудас/
-Криминалистикийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 59 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн баруун тал, бариулны зүүн талаас тус бүр 1 ширхэг гарын мөр илэрнэ. Илэрсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай,хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ.
Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.Э нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбуст багийн 5-15 байрны 19 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрдэнэбатын баруун бугуйнд хутгаар хатгаж биед нь баруун бугуйнд 1 тооны зүсэгдсэн шарх, нүүрэнд 6 тооны шалбархай бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Н.Э хамт архи ууж байсан хохирогч Эрдэнэбатын баруун бугуйнд хутгаар хатгаж биед нь баруун бугуйнд 1 тооны зүсэгдсэн шарх, нүүрэнд 6 тооны шалбархай бүхий хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Энхлхагвыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Н.Э нь согтуугаар хохирогчийн баруун гарын шуунд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд 80,000 төгрөг нөхөн төлсөн. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрнө гэжээ
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.Эрдэнэбат нь санал гомдол байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд шүүгдэгч эмчилгээний төлбөрт 80,000 төгрөг төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иш бүхий 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Н.Э -г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Н.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 183,333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иш бүхий 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ