| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0697/Э |
| Дугаар | 688 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 688
2019 7 19 2019/ШЦТ/688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч П.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909014530595 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Т.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жоби” худалдааны төвийн түрээслэгч иргэн Л.Тодцэцэгийн 10 дугаар павильоноос хохирогч Д.Мягмарбаатарын куртик, уг куртикний халаасанд байсан эд зүйлс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 614.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр автомашины сэв янзалж байгаад 100 айл орж зүлгүүр зэрэг эд зүйл авсан. Тэгтэл уг хүний сандал дээр хар өнгийн куртика байхаар нь өмсөөд гараад яваад өгсөн юм. Тэгээд гарч яваад үзэхэд халаасанд нь машины түлхүүр бичиг баримт зэрэг эд зүйл байсан. Би нөгөө куртикийг өмсөөд явж байхад манай найз Ганцогт гэх залуу таарсан. Ганцогт нэг шил архи уусан. Ганцогт нэг их уухгүй би бараг ихэнх архийг ганцаараа уусан нэг мэдэхэд согтсон ганцаараа гудамжинд унтаж байсан. Босоод ирэхэд шөнө харанхуй болсон куртика байхгүй байсан.…” гэсэн мэдүүлэг /хх-4-7/,
Хохирогч Д.Мягмарбаатарын “…Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Жоби худалдааны төвийн 10 дугаар павильоныг түрээсэлж ажилладаг юм 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим ажил дээрээ байж байхад үл таних 40 гаран насны, өндөр туранхай биетэй саарал өнгийн үсээ ардаа боосон эрэгтэй орж ирээд 500 төгрөгөөр модон чивх худалдаж авсан юм. Би тэр үед цаасан дээр юм бичиж байх хооронд уг эрэгтэй хүн миний хажууд сандал дээр тавьсан байсан эрэгтэй хүний синтефон материалтай хар өнгийн куртикийг нь хулгайлж аваад гарсан байсан уг куртикний халаасанд хар өнгийн хэтэвчтэй 100.000 төгрөг Д.Мягмарбаатар гэдэг хүний Хаан банкны 3 ширхэг карт, Голомт банкны 3 ширхэг карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс болон Лексус-470 маркийн машин чип удирдлагатай түлхүүр, хаалганы гражын удирдлага, зуслангийн байшингийн 6 ширхэг түлхүүр зэрэг эд зүйлс алга болсон, ...тухайн үед би машинд юм авах гээд 100.000 төгрөг байсан гэж бодсон тэгтэл уг мөнгөө лангууны шилэн доогуур хийсэн байсныг сүүлд хэдэн хоногийн дараа олсон тэгэхээр 100.000 төгрөг байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-18-23/,
Гэрч Л.Тодцэцэгийн "...намайг хүргэний хамт лангуун дээр байж байтал 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд 500 төгрөгөөр эд зүйл худалдан авсан. тэгээд гараад явсан тухайн үед анзаараагүй тэгтэл манай хүргэний куртка алга болсон. Тэгээд камер шүүтэл 500 төгрөгөөр эд зүйл авсан хүн курткагүй орж ирээд гарахдаа манай хүргэний курткыг өмсөөд гарч байгаа бичлэг байсан юм. Тэгээд би хэд хоногийн дараа 1 дүгээр хорооллын Саппорогийн буудал дээр явж байтал нөгөө хүн явж байсан юм. Тэгээд барьж аваад цагдаад өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-25/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-30-36/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-44-45, 49-59/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-60, 62/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т. нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жоби худалдааны төвийн түрээслэгч иргэн Л.Тодцэцэгийн 10 дугаар павильоноос хохирогч Д.Мягмарбаатарын куртик, уг куртикний халаасанд байсан эд зүйлс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, 614.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь дээр хохирогч Д.Мягмарбаатар, гэрч Л.Тодцэцэг нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Б бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас Д.Мягмарбаатар “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр үнэлгээ 614.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч Д.Мягмарбаатарын гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удлирдлага богон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай агийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР