| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 312/2025/02109/И |
| Дугаар | 207/МА2026/00030 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 207/МА2026/00030
2026 03 05 207/МА2026/00030
Г.”““““““““““гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Ц.”““““““““““ад холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг , Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/02600 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Г.”““““““““““гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.”““““““““““ад холбогдох,
“Гэм хорын хохирол 25,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо, хариуцагч Ц.”““““““““““, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо цахимаар, хариуцагч Ц.”““““““““““, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
2024 оны 08 дугаар сарын 11-ний орой 20 цаг 30 минутын орчимд халтар азаргатай адуугаа өөрийн малчин “““““““““““ын хамт Сант сум талаас Орхон голын гүүрийг гаргах явцад Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан Hyundai starex загварын ““““““““““““““““““““““ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирж, сартай халтар зүсмийн 12 настай зүүн гуяндаа ширээтэй дэгрээ тамгатай азаргыг маань мөргөсөн. Мөргөсний улмаас зүүн талын сүүжний яс, сүвэйний хавиргууд хугарч улмаар шөнийн 01 цаг 30 минутын орчимд үхсэн. Тус азаргыг 2022 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн алдарт уяач “““““““““““гэх хүнээс 30,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний бие нь өөрийн аав аймгийн алдарт уяач Т.”““““““““““ийн өсгөн үржүүлж байсан хурдан удмын адуун сүргийг өвлөн авч, өөрийн боломжоороо хурдан удмын азаргуудаар сайжруулалт хийж шинэ цагийн хурдан адуутай болох зорилт тавин өсгөж үржүүлж, маллаж байсан. Тус сартай халтар зүсмийн, 12 настай, зүүн гуяндаа ширээтэй дэгрээ тамгатай азарга маань Төв аймгийн Цээл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач “““““““““““ОХУ-аас оруулж ирсэн англи халтар азарганы төл болно. Энэ халтар азарганы төлүүд нь улс бүсийн чанартай наадамд 30 гаруй айраг түрүү авсан байдаг. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэс уг зам тээврийн ослоор 2433000249 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.”““““““““““ын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан Эрх бүхий албан тушаалтны магадлагааны 2.1 дэх хэсэгт Hyundai starex загварын ““““““““““““““““““““““ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.”““““““““““ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-т тээврийн хэрэгслийн хурд, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн. Иймд шинжээчийн дүгнэлтийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ашид билгүүн” ХХК-иар гаргуулсан. Тухайн шинжээчийн дүгнэлтээр сартай халтар зүсмийн, 12 настай, зүүн гуяндаа ширээтэй дэгрээ тамгатай азарга нь “Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газар, улсын байцаагчийн дүгнэлт”-ийг үндэслэн хурдан удмын Английн 75-тай азарга гэж үзэн хохирлын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагаас Hyundai starex загварын ““““““““““““““““““““““ тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.”““““““““““ бид хоёрт танилцуулсан. Ц.”““““““““““ нь “адууны үнэлгээтэй танилцлаа, санал хүсэлт алга” гэж үнэлгээг зөвшөөрсөн. Гэвч одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байх тул 25,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.”““““““““““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Г.”““““““““““гийн шүүхэд гаргасан Ц.”““““““““““ надаас азарган адууны үнэ 25,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Намайг 2025 оны 08 сарын 11-ний өдөр эхнэр Ц.Нямсүрэнгийн хамт Улаанбаатар хотоос гарч Дарханаас Орхоны чиглэлд ““““““““““““““““““““““ “““““““““““ дугаарын автомашин жолоодон явж байхад 21 цаг орчимд бүрэнхий болж байхад Орхоны гүүрэн дээгүүр гартал зам дээр адуу харагдсан ба үргэж хөдлөхгүй байсан тул тормос гишгэж хурдаа хасан бөгсөн хэсгээр нь тойрон гарах үйлдэл хийтэл уг адуу буцаж эргэн миний машины урд гуфер хэсгээр бөгсөн хэсэг нь мөргөгдсөн үйл явдал болсон нь үнэн. Энэ осол дээр Сэлэнгэ аймгийн сайхан сумын Цагдаагийн хэлтсийн ажилтан Х.”““““““““““ Зөрчлийн хэрэг бүртгэлт хийж малын эзэн Г.”““““““““““ болон жолооч Ц.”““““““““““ биднийг аль алийг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэж үзэж зохих торгууль ногдуулсан. Энэ Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад миний бие малын эзнийг буруутай гэж үзэж байгаа талаар тайлбар мэдүүлгээ өгсөн ба "Ашид билгүүн" ХХК-ийн гаргасан азаргыг 25,000,000 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг надад танилцуулсан. Үүнээс хойш нэг жил болсны дараа Г.”““““““““““ нь намайг дангаар буруутай гэж үзэж дээрх нэхэмжлэл ирүүлснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ түүний үндэслэл болсон Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч “““““““““““ын дүгнэлт нь бодит байдалд болон зохих хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Уг азарга миний машинд мөргүүлсэн гэх асуудалд малын эзэн болон малчин нь Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг илт зөрчсөн, мал зам дээр байснаас нилээд цаана /ертөнцийн зүгээр хойно/ мал зам гарах замын тэмдэглэгээ байгаа бөгөөд тэд дүрмийг биелүүлж тэрхүү тэмдэглэгээгээр малаа бөөнөөр тууж гарсан бол жолоочид тэмдэглэгээ болон мал сайтар харагдан осол гаргахгүй байх бүрэн боломжтой байсан. Миний бие нь тормоз гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Би буруугүй 60 км цагийн хурдтай явж байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, бараан зүсмийн адуу гэнэт гарч ирээд чигээрээ яваад эргээд буцахдаа унасан, уначихаад босож чадахгүй байсан тэгээд би очоод мөргөсөн. Г.”““““““““““гийн буруу, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч Э.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“…Гэм буруугүй үнэлгээ өндөр байна. Гэм буруугийн байдал эргэлзээтэй байна…” гэв.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/02600 дугаар шийдвэрээр:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгч Г.”““““““““““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо би Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/02600 дугаартай шийдвэрийг гардан авч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Тус хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1.-т зааснаар тээврийн хэрэгслийн жолооч бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд жолооч болон малчны хэн аль нь зам тээврийн осол гарахад гэм буруутай байх тул хохирлыг тус тус 50 хувиар хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, хариуцагч Ц.”““““““““““аас 25,000,000 төгрөгийн тавин хувь болох 12,500,000 тегрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.”““““““““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,500,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.”““““““““““, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Шүүх талуудын хооронд үүссэн Зөрчлийн харилцаа, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд авагдсан баримт, процесс, шийтгэвэрийг үндэслэн шийдвэр гаргаж шүүхийн мэтгэлцээний үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т заасан "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэсэн зарчмыг зөрчиж, хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. 1.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалд авагдснаар Ц.”““““““““““ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэх Хэрэг бүртгэгч, зохицуулагч ахмад Х.”““““““““““ 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр "Магадлагаа"-г үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 14.7. зүйлийн 51.-д зааснаар /Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн/ 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэжээ. Энэ хэрэг бүртгэлтийн материал бүхэлдээ, түүний дотор Ц.”““““““““““ыг гэм буруутай байсан гэж үзсэн энэхүү "Магадлагаа" шийтгэвэр нэхэмжлэлийн үндэслэл болж байна.
Шүүх Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа биш бие даасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул зөрчлийн хэрэгт авагдсан бүх баримт нь иргэний хэргийн нотлох баримт болох бөгөөд тэдгээрийг хуульд заасан журмаар харьцуулж үнэлэх ёстой. Хариуцагч шүүхэд мэтгэлцэхдээ хэрэг бүртгэгчийн магадлагаа нь тус Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдсэн буюу өөрөөр хэлбэл жолооч Ц.”““““““““““ нь Орхоны гүүр дөнгөж гараад 60 км/ц зөвшөөрөгдөх хурд хэтрүүлээгүй явж байсан гэж хэрэг бүртгэлтэд мэдүүлж тайлбарласныг үгүйсгэх баримт Зөрчлийн болон иргэний хэрэгт авагдаагүй, хэргийн газар дээр 2024 оны 08 дугаар сарын 11-нд Сант сумын хэсгийн төлөөлөгч “““““““““““ын хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэмжилт зурагт 4,60 м тормосны мөр тэмдэглэгдсэн, түүнээс цааш 2,35 м-т мөргөгдсөн адуу байгааг тэмдэглэсэн байна. Энэ нь жолооч тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлээгүй, аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан болохыг баталж, Ц.”““““““““““ыг гэм буруутай гэх байдал тухайн цаг үед тогтоосон баримтаар шүүх дээр үгүйсгэгддэг. Жолооч Ц.”““““““““““ нь хууль зүйн туслалцаа аваагүйгээр Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, 100,0 мянган төгрөгөөр торгуулаад саллаа гэж ойлгосон, Г.”““““““““““ нь тухайн үед адууны хохирлоо төлүүлэхээр шаардаагүй зэрэг учир мэдэхгүй байдлаар гэм буруугийн талаар болон хохирлын үнэлгээний талаар гомдол санал гаргаагүй нь Иргэний хэрэг дээр хууль зүйн туслалцаа авч энэ асуудлаараа маргах, мэтгэлцэх эрхийг шууд хязгаарлахгүй бөгөөд хэрэв түүний гэм буруу шүүхээр үгүйсгэгдвэл Зөрчлийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах эрх ч үүсэж болно. 2.Шүүх гэм хор учруулсны хохирлын асуудлыг шийдвэрлэхэд анхаарах гол асуудал бол гэм буруу, түүний үр дагавар хоёр шууд шалтгаант холбоотой байх явдал юм. Гэм буруугийн талаар дээр дурдлаа. Үр дагаврын хувьд Г.”““““““““““гийн азарган адуу авто зам дээр буцаж эргэхдээ Ц.”““““““““““ын машинд мөргүүлсэн гэх байдал нь Г.”““““““““““гийн 2024 оны 08 дугаар сарын...., 2024 оны 08 сарын 26-нд хэрэг бүртгэгчид өгсөн тайлбар мэдүүлэгт "...”““““““““““ “““““““““““ тээврийн хэрэгслийн жолооч ах манай адууг бөгсөөр нь тойрч гарах үйлдэл хийх гэж эсрэг урсгал руу ороод манай азарга буцаад эргэж зугатахдаа тухайн тээврийн хэрэгсэлд мөргүүлээд 01 цагийн үед үхсэн, осол 20 цаг 30 минут орчимд гарсан” гэж тайлбарласан байна. Зөрчлийн болон Иргэний хэрэгт тухайн азарга үхсэн буюу гэм хорын хохирол бодитойгоор учирсныг нотолсон баримт огт байхгүй байхад хохирол төлүүлэх боломжгүй. Хурдны үржилд ашиглаж байсан, 75 хувь цэвэр цусны гэх азарга нь Малын генетик нөөцийн тухай хуулиар бүртгэлтэй, үхсэн бол тухайн бүртгэл хийсэн этгээд, мал эмнэлэг үзэж үхсэн болохыг тогтоож бүртгэлээс хасах эрхзүйн зохицуулалттай байна. 3.Хэрэг бүртгэлт болон шүүхэд цугларсан нотлох баримтаар Сэлэнгэ аймгийн Сант сум Орхоны гүүр орчимд Зөмын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.22.-т заасан "Мал тууж гарах" гэсэн тэмдэг байсан нь Ц.”““““““““““ын тайлбар, уг газрын фото зургаар харагдаж байна. Дээр дурдсан нөхцөл байдлууд болон бусад баримт, тайлбараар нэхэмжлэгч Г.”““““““““““ Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлд заасан 26.4. “Суурин газрын гаднах хатуу хучилттай зам болон суурин газрын доторх хөдөлгөөний эрчим ихтэй замд малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно.
Бусад замд туух тохиолдолд зорчих хэсгийн захыг барин, тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөх боломжийг хангана. Уулзвар, гарцаар нэвтрэх тохиолдолд бусад хөдөлгөөнд оролцогчдод урьдаас анхааруулан, тэдэнтэй ойлголцсоны үндсэн дээр, аюулгүй байдлыг хангаж, дүрмийн бус байрлал, дарааллаар нэвтрэхийг зөвшөөрнө” 26.5.-д “Малыг зам хөндлөн буюу гүүрээр тууж гаргахдаа 1.22. тэмдгээр анхааруулсан замын хэсгийг сонгох бөгөөд тийм хэсэг байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед гаргана. Ингэхдээ аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд гүйцэд гаргаж амжаагүй байхад ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” 26.6.-д “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэсэн шаардлагуудыг зөрчсөн, эс биелүүлснээс шалтгаалсан гэж үзэж болохоор тодорхой байна. Шүүхийн мэтгэлцээнд нэхэмжлэгч тал үүнийг няцаасан баримт огт гаргаагүй, шүүх хуралдаанд няцаасан үндэслэл, дүгнэлт гаргаагүй / Хурлын тэмдэглэл үзнэ үү/ байна. 3.Шүүх үндэслэлгүй, хууль тогтоомж зөрчсөн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг баримтлан хэрэг шийдвэрлэсэн, хариуцагчийн хөрөнгийг үнэлгээ гаргуулах хүсэлт гаргаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. а. Хэрэг бүртгэгч 2024 оны 08 дугаар сарын 28-нд тогтоол гаргаж “Г.”““““““““““гийн 12 настай, халтар зүсмийн азарганы зах зээлийн үнэлгээг гаргуулах”-аар "Ашид билгүүн" ХХК-ийг шинжээчээр томилж үүрэг даалгажээ. Шинжээч буюу үнэлгээ хийх эрх бүхий этгээд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны, бодитой байх шаардлагыг мөн хуулийн 6.3.2., 8.2.3. дахь заалтыг хангасан үнэлгээний обьектын бодит байдлыг үндэслэсэн үнэлгээ тогтоох ёстой.
Гэтэл “Ашид билгүүн” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 29-нд “азарганы үнэлгээ гаргахдаа Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч “““““““““““ын “...хурдан удмын Английн 75-тай азарга” гэснийг үндэслэн үнэлгээг тогтоосон тайлан ирүүлснийг нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон байна. б. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.5. дахь заалтыг үндэслэн Сангийн сайдын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/113 тушаалаар баталсан “Хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам”-ын 2.2 дахь хэсэгт зааснаар “Ашид билгүүн” ХХК нь мал амьтны үнэлгээ хийх эрхгүй байна. Гэтэл шүүх энэхүү хуульд заасан үндэслээр гарсан журам, хөдлөх хөрөнгийн үнэлгээний этгээдэд хориглосоныг зөрчсөн байдалд дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зөрчсөн шинжтэй байна. в.Улсын байцаагч “““““““““““ын тодорхойлолт нь зохих хууль тогтоомжид нийцээгүй, Г.”““““““““““гийн эрлийз хурдны удамтай гэх азарганы үнэлгээ хийх үндэслэл болж чадахгүй байна. Үүнд: Улсын байцаагчийн тодорхойлолт гэгч нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.11 дэх заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан наад захын шаардлага хангахгүй, хэзээ, хэний ямар хүсэлтээр, ямар баримт материал үндэслэсэн нь тодорхойгүй тул үнэлгээний үндэслэл болохгүй юм.
г.Үржүүлэгчээр ашиглаж байгаа хурдан удмын хээлтүүлэгчийг тухайн иргэн нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.-т заасан мэргэжлийн этгээдэд бүртгүүлж үржилд ашиглах ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны А-68 дугаар тушаалаар баталсан “Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний төрөл, жишиг үнэ батлах тухай” журамд зааснаар жишиг үнийн төлбөртэй үйлчилгээ авч мэргэжлийн этгээдийн оролцоотойгоор үржилд ашиглах ёстой байна. г.Малын удам зүйн үнэлгээ, генетик нөөцийн бүртгэл нь Малын генетик неөцийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлээр зохицуулагдах ба энэ хуулийн 5.4.-т зааснаар энхүү бүртгэл нь малын үнэлгээ хийх үндэслэл болох ба үнэлгээ хийх журмыг мөн хуулийн 6.4. дэх хэсгээр зохицуулсан байна. Дээрх байдлаар үзэхэд малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хуулийн этгээдэд малын бүртгэлгүй азаргыг хууль журам зөрчин Англи 75-тай азарга гэснээр үнэлэх, түүнийг үндэслэн хохирол төлбөр төлүүлэх хууль зүйн боломжгүй байхад шүүх хохирол төлүүлэх үндэслэл болгосон нь буруу байна. Иймд хариуцагчийн гэм буруу шүүхийн шатанд үгүйсгэгдэж байгаа, нэхэмжлэгч нь өөрөө гэм буруутай байж болох нөхцөл байдалтай, гэм хорын хохирол бодитой учирсан гэх байдлыг нотолсон баримтгүй, хохирол нэхэмжилж байгаа үнэ, үнэлгээ хууль зүйн болон бодит үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний 142/ШШ2025/02600 тоот шийдвэрийг хүчингүй болгон Г.”““““““““““гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1.-т тус тус зааснаар хариуцагч Ц.”““““““““““аас 12,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.”““““““““““д олдож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.500.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Хариуцагч Ц.”““““““““““ нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Орхон аймаг руу “““““““““““маркийн “““““““““““ “““““““““““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Орхон голын гүүрэн дээр 21 цаг 45 минутын үед нэхэмжлэгч Г.”““““““““““гийн сартай халтар зүсмийн морийг мөргөсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн магадлагаагаар “...малчин Г.”““““““““““ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27. Замын хөдөлгөөнд оролцогчдоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, “““““““““““маркийн “““““““““““ “““““““““““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ц.”““““““““““ нь Замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж тус тус дүгнэн, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Ц.”““““““““““ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100.000 төгрөгөөр, Г.”““““““““““г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д зааснаар 20.000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулжээ.
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Г.”““““““““““гийн морины үнэлгээг тогтоолгохоор “Ашид Билгүүн” ХХК-ийг шинжээч томилж, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ТХҮ-924/10676 дугаар шинжээчийн дүгнэлтээр морийг 25.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.
Анхан шатны шүүх шийдвэртээ: “... азаргыг мөргөснөөс азарга үрэгдсэн... “ гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчин дүгнэлтдээ: Үнэлгээний ажлын явцад үнэлгээний зүйлийн бусад нотлох баримт болох “ Сэлэнгэ аймгийн мал эмнэлэгийн газар, улсын байцаагчийн дүгнэлт” тодорхойлолтонд үндэслэн хурдан удмын английн 75-тай азарга гэж үзэн үнэлгээг тогтоосон болно гэжээ.
Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газар, улсын байцаагч дүгнэлтдээ:Тус сумын иргэн Г.”““““““““““ нь хурдан удмын адууны үржүүлэг хийдэг бөгөөд английн 75-тай сартай цагаан халтар азаргаар үржил хийж байсан нь үнэн болно гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар азарга гэмтсэн, үхсэн, одоо амьд байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч “...шөнийн 01 цаг 30 минутын орчимд үхсэн...” гэсэн тайлбарыг өгсөн үхсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх “... үрэгдсэн...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.
Тухайн азарга одоо амьд байгаа эсхүл гэмтсэн, үхсэн болох нь тодорхойгүй, Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн албан бичигт ч дээрх нөхцөл байдлын талаар бичигдээгүй байхад “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр морийг 25.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлээг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно.
Хариуцагч Ц.”““““““““““, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо нь “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.Өнөржаргал нь дүгнэлтдээ :
“…Гэм буруугүй үнэлгээ өндөр байна. Гэм буруугийн байдал эргэлзээтэй байна…” гэжээ.
Хариуцагч Ц.”““““““““““ын гаргасан зөрчил болон учруулсан гэм хорын хохирлын хооронд шалтгаант холбоо байх бөгөөд гэм хорын хохирол бодитойгоор учирсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.”““““““““““гийн хариуцагч Ц.”““““““““““ад холбогдуулан гэм хорын хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 215.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.”““““““““““ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/02600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.”““““““““““гийн хариуцагч Ц.”““““““““““ад холбогдуулан гэм хорын хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 215.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ц.”““““““““““ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214.950 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР