Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/126

 

                          

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгч З.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.От холбогдох эрүүгийн 1925002070147 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З.О

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч З.Оыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбуст багийн Залуус хотхоны 23а байрны 54 тоотод 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.Борчулууныг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Оын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Архи хэтрүүлснээс болсон” гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хохирогч Д.Борчулууны“...."... 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхаар нь хүүгээ дуудаад гэртээ хүргүүлсэн гэрийн гадаа очоод би гэртээ орсон. Отгонбаяр согтсон байсан. Тэгээд Чулуун-Эрдэнийг оруулаад ирэх байх гээд би өөрөө гэртээ орсон ... 01 цаг 30 минутын орчим Отгонбаяр орж ирээд шууд орондоо ороод унтсан. Шөнө 03 цагийн үед Отгонбаяр босч бөөлжөөд жижиг өрөөнд ороод ганцаараа унтсан. Тэгээд 05 цагийн үед миний хажуугаар орж ирсэн, би зээ охинтойгоо унтаж байсан. Би Отгонбаярыг цаашаа бай муухай үнэр үнэртээд байна гэсэн чинь уурлаж босч ирээд хувцасаа өмсөөд машины түлхүүр аваад гарах гэхээр нь би “согтуу байж машинаар яах гээд байгаа юм” гээд би машины түлхүүрээ аваад жижиг өрөөндөө ороход араас орж ирсэн. Тэгээд түлхүүр өг гэхээр нь өгөхгүй явах гээд байгаа юм бол явган гараад яв гэсэн чинь жижиг хуванцар сандалыг аваад миний зүүн гарын тохой руу, баруун хөлийн өвдөг рүү тус тус нэг удаа цохисон тэгээд гараа атгаж байгаад миний баруун гарын мөр рүу цохиж үснээс зулгаасан. Одоо миний зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй 2019 оны 04 сарын 24-ны өдөр би Солонгос улс руу явж байгаа юм. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

-Гэрч О.Чулуун-Эрдэний  ... 2019 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед ээж миний гар утас руу залгаад аав нь агсан тавиад ээжийг нь цохиж гарыг маань хөхрүүлсэн гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн үед миний дунд дүү Сувд- Эрдэнэ “аав ээжийг зодсон байна аавыг хашраамаар байна”гэж хэлээд над руу утасдсан. Тэгэхээр нь би айхтар зодсон юм байх гэж бодоод өргөдөл бичээд өгчихөө гээд хэлчихсэн юм. Гэтэл манай дүү Сувд-Эрдэнэ тоохгүй байх гэж бодоод баахан юм биччихлээ гэж хэлж байсан. Анх удаа аав ээжийг зодож гэмтэл учруулж байна Тэрнээс аав ээжийг биднийг байхгүйд зодож дарамт шахалт үзүүлдэг байсан бол бид нар хараад мэднэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

-Гэрч О.Сувд-Эрдэний “... 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би ажилтай байсан 24 цаг гараад өглөө бууж ирэхэд ээж орондоо хэвтээд байсан тэгэхээр нь яасан юм бэ бие нь өвдсөн юм уу гэж асуусан чинь болсон үйл явдлыг надад хэлсэн. Тэгээд харахад ээжийн маань гар, хөл хөхөрч хавдсан байсан. Би өмнө аав Отгонбаярыг ээж Борчулууны биед гар хүрч байхыг нь ерөөсөө харж байгаагүй. Аав ээж хоёр маань бараг хэрэлдэж муудалцаад байдаггүй. Аав Отгонбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой ээжийн маань биед гэмтэл учруулахдаа бие болон сэтгэл санааны дарамтыг үзүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 227 дугаартай дүгнэлт ”. . Д.Борчулууны биед зүүн гарын тохой, зүүн мөр, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ...” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ.

 

Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн  мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч З.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбуст багийн Залуус хотхоны 23а байрны 54 тоот гэртээ эхнэр Д.Борчулууныг машины түлхүүр өгсөнгүй гэж шалтаглан сандлаар цохиж зодож биед нь зүүн гарын тохой, зүүн мөр, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч З.О нь 2019 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө эхнэр Д.Борчулууныг машины дүлхүүр өгсөнгүй гэж зодож биед нь зүүн гарын тохой, зүүн мөр, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч З.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч З.О нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрнө гэжээ.                    

         Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Борчулуун нь санал гомдол байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч З.О-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар З.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ