| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/02236/И |
| Дугаар | 207/МА2026/00031 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 207/МА2026/00031
| 2026 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 207/МА2026/00031 |
“““““““““““ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч “““““““““““холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/02550 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “““““““““““ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “““““““““““д холбогдох,
Барааны үнэ болон алдангид нийт 8,474,112 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмын иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгондулмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “““““““““““ХХК нь шүүхэд “...Барааны үнэ болон алдангид нийт 8,474,112 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч итгэмжжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа нь “...”““““““““““ХХК-ийн ачуулсан гэх 6,386,400 төгрөгийн падаантай барааг би мэдэхгүй бөгөөд алданги нэмээд 8,474,112 төгрөгийг жолооч надаас гаргуулах үндэслэлгүй...” гэх тайлбар гаргасан байна.
3.Шүүх хариуцагч “““““““““““ээс 6,386,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “““““““““““ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,087,712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч “““““““““““нь нэхэмжлэгч тус компаний захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг “““““““““““ХХК-ийн санхүүгийн “Бараа материалын зарлагын баримт”-аар хүлээн авч Улаанбаатар хотоос тээвэрлэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь хариуцагчид зохих хөлсийг төлж байсан нь тогтоогдсон ба шүүх талуудын хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэлт хийсэн нь зөв байна.
5.Хариуцагч “““““““““““нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ““““““““““““” ХХК-иас “...80 хайрцаг ахуйн хэрэглээний бараа буюу 00 цаас, скоч, кофе” зэрэг бараа бүтээгдэхүүнийн хүлээн авч тээвэрлэн нэхэмжлэгчид хүргэж өгсөн, мөн тухайн өдрөө 80 хайрцаг 6,386,400 төгрөгийн үнэ бүхий кофег тус компаны зарлагын баримтны гарын үсэг минийх биш гэж маргасан байна.
6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч “““““““““““ийг шүүхэд гаргасан тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.
7. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал тухайн үед бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг компанид хэдэн ширхэг кофе захиалсан, хариуцагчаас 7,993,200 төгрөгийн бараа хүлээн авахдаа хэдэн хайрцаг бараа авсан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
8.Түүнчлэн ““““““““““““” ХХК-иас нэхэмжлэгч компанид холбогдуулан гаргасан “...бараа материалын төлбөр 19,451,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид 15,000,000 төгрөг төлөхөөр эвлэрч, хэргийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх үед алданги болон ямар барааны төлбөрөөс хассан талаар тодорхойгүйгээс гадна дээрх төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнд хариуцагчийн хүлээн авсан 6,386,400 төгрөгийн кофений үнэ бүрэн хэмжээгээр орж тооцогдсон эсэх нь тодорхойгүй байна.
9. Хариуцагч “““““““““““нь “...2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 6,386,400 төгрөгийн кофе хүлээн авсан баримтанд зурагдсан гарын үсэг өөр байсан” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч тэрээр уг зарлагын баримтанд зурагдсан өөрийн гарын үсгийг мөн эсэх талаар зохих мэргэжлийн байгууллагаар шинжлүүлж дүгнэлт гаргуулах талаар хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, түүнчлэн хэрэгт авагдсан “Бараа материалын зарлагын баримт”-ын эх хувь нь тухайн компанид байгаагүй нь хариуцагчийн гарын үсгийг тухайн баримтанд зурагдсан гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг тогтоолгохгүй байх үндэслэл болохгүй юм.
10. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон 6,386,400 төгрөгийн үнэ бүхий кофений талаар Цагдаагийн газарт гомдол, шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах талаар хүсэлт болон уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан нь тус шүүхийн 2025.06.09-ний өдрийн 312/ШШ2025/01086 дугаар шийдвэр, нэхэмжлэлийг буцаасан тухай 2024.09.03-ны өдрийн 142/ШЗ2024/04760 шүүгчийн захирамж болон зохигчдын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1.,40.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, хариуцагч “““““““““““нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар татгалзлалаа нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх үүрэгтэй, шүүх хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх үүрэгтэй.
12. Давж заалдах шатны шүүхээс нотлох чиг үүргийг нэхэмжлэгч, хариуцагч нарт тэнцүү байдлаар хүлээлгэж, хариуцагч 3,193,200 гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас төлбөр 3,193,200 төгрөг, алданги 2,087,712 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13.Иймд анхан шатны шүүх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/02550 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1., 393 дугаар зүйлийн 393.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “““““““““““ээс тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 3,193,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “““““““““““ХХК-д олгож, үлдэх 5,280,912 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтанд “...117,132,4...төгрөг” гэснийг “...66,041 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяагийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,132 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ