Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид                    М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,                     

              Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

              Иргэдийн төлөөлөгч Н.Баясгалан,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

              Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1938005110304 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол улсын иргэн, Д.Д-, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ХХХ аймгийн ХХХ сумын ХХ дүгээр багийн ХХХХ тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар -,

              Шүүгдэгч Д.Д- нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ тоотод иргэн Ш.Г-ын нуруунд нь хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд холбогджээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Д.Д- нь согтуурсан үедээ зэвсэг хэрэглэж  2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ тоотод иргэн Ш.Г-ын нуруунд нь хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938005110304 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

              Хохирогч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн орой 20 цагийн үед ажлаа тарчихаад найз Төмөрөөгийн гэрт очсон. Тэдний гэрт очиход Төмөрөө, Д.Д- гэх зүс таних залуутай хамт байсан. Намайг очоод байж байхад Д.Д- намайг “дэлгүүр лүү яваад пиво аваад ир” гээд... авчирсан пивоныхоо нэгийг нь уугаад байж байхад Д.Д- нэлээд согтчихсон байсан. Тэгээд “мотоцикпио унаад харьлаа” гэхээр нь би “чи согтуу байна, мотоцикль унаад явж яах гээд байгаа юм бэ” гээд Д.Д-ыг Төмөрөөгийн гэрт 2 удаа дарж унагаасан...Уугаад нэлээд хэсэг байж байхад Д.Д- “явлаа” гээд гараад явсан. Би түүнийг гараад явчихаар нь араас нь гараад “чи согтуу юм байж мотоциклиор явж яах гээд байгаа юм бэ” гээд түүнийг дарж хэвтүүлсэн. Тэгэхэд Төмөрөө билүү, Төмөрөөгийн эхнэр нь билүү намайг татаж босгосон. Би босоод эргээд харахад л Д.Д- араас нуруу руу маань хутгалчих шиг болсон. Тэгэхэд Д.Д-ын эгч нь гэх хүн ирчихсэн байх шиг байсан. Д.Д- намайг хутгалчихаад л яваад өгсөн. Тэгээд би Төмөрөөгийн гэр лүү ороод “намайг Д.Д- хутгалчих шиг боллоо” гээд цамцаа сөхөж үзэхэд нурууны маань баруун хойд хэсэгт хутгалсан, цус гарч байсан. Ингээд Төмөрөөгийн эхнэр нь цагдаад дуудлага өгсөн, мөн эмнэлэг дуудсан. Би Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж очоод хүлээн авах тасагт хоносон. Тэндээ хоночихоод маргааш нь мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би эмнэлэгт нийтдээ 5 хоног хэвтсэн. Одоо эмнэлэгээс гарсан байгаа, байнгын өвчин намдаах эм ууж байгаа. Одоо бол амьсгаа давчдаж, шөнө унтахаар нуруу хатгаж өвдөж байгаа...Д.Д- бид хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй.  Би Д.Д-ыг хаанаасаа хутга гаргаж ирээд намайг хутгалсан болохыг нь мэдэхгүй байна...Миний хувьд нэг их согтуу бол биш байсан, өөрийгөө аваад явчих чадвартай, ухаантайгаа байсан. Харин Д.Д-, Төмөрөө хоёрын хувьд надаас арай илүү согтуу байх шиг байсан. Би гомдолгүй байна. Надаас Д.Д- уучлалт гуйж, намайг эмнэлэгт хэвтэж байхад сахиж байсан. Д.Д-оос нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

              Гэрч К.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Өнөөдөр би ажилдаа яваад орой 22 цагийн орчим гэртээ харьтал манай нөхөр Төмөрхуяг өөрийн найз Д.Д-, Ганбаатартай гурвуулаа пиво уучихсан, яасан юм мэдэхгүй, хоорондоо маргалдсан байдалтай сууж байсан...Миний ойлгосноор Ш.Г- Д.Д-ыг явуулахгүй байгаа бололтой л байсан. Би тухайн үед нөхөр Төмөрхуягийг гэртээ хүмүүс цуглуулаад архи уучихсан байхаар нь уурласан. Тэгээд хэсэг байж байхад Д.Д- гараад явсан, түүний араас Ш.Г- дагаад гарсан. Харин нөхөр Төмөрхуяг маань эгмээ гэмтээчихсэн учраас гэртээ байж л байсан. Ш.Г-, Д.Д- хоёр гарсаны дараа байшингийн үүдэнд хүн ноцолдоод байх шиг чимээ сонсогдохоор нь би нөхөртөө “нөгөө хоёр чинь ноцолдоод байгаа юм биш үү” гэж хэлчихээд бие засахаар гарсан. Намайг гадаа гарахад Ш.Г- Д.Д-ын дээр нь гарчихсан, ноцолдож байгаа байдалтай байсан. Тэгэхээр нь би Ш.Г-ыг “боль” гэж хэлээд түүнийг хүчээр татаж босгосон. Ш.Г-ыг босгосоны дараа Д.Д- баруун гар талынхаа халааснаас хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би Д.Д-ыг “наад хутгаа боль” гэхэд Д.Д- муухай орилсоноо Ш.Г-ыг буруу хараад явж байхад нь араас нь хутгалчихсан. Тэгээд би Д.Д-оос хутгыг нь булааж гэр лүүгээ оруулаад угаалгын машиныхаа доогуур хийсэн. Тэгээд гэр лүүгээ орж нөхөртөө болсон зүйлийн талаар хэлчихээд гар утсаа аваад нөхрийнхөө төрсөн эгч Ариунжаргалыг дуудсан. Удалгүй Ариунжаргал эгч ирсэн. Ариунжаргал эгч ирээд Д.Д-ыг “чи хүн хутгалчихлаа шүү дээ “гэж хэлэхэд Д.Д- мотоциклио унаад яваад өгсөн. Ш.Г- манай гэрт ороод сууж байхдаа “Д.Д- миний нуруу руу хутгалчих шиг боллоо” гээд нуруугаа харуулахад нурууны баруун хэсгээс буюу далны доод хэсгээс цус гарч байсан. Тэгэхэд манай эгч Ариунжаргал түргэн тусламж дуудсан. Тухайн үед ийм л зүйл болсон...Би Д.Д-ыг ямар шалтгааны улмаас хутгалсан болохыг мэдэхгүй байна...Д.Д- нь бор иштэй, тонгорогоор Ш.Г-ыг хутгалсан. Д.Д- ямар учиртай хутга биедээ авч явж байсан болохыг нь мэдэхгүй байна. Манай гэрт бол тийм тонгорог огт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн                  19-20-р тал/

              Гэрч О.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: .. 2019 оны 7 дугаар сарын 23-ний өдөр... Д.Д- манай гэрт ирчихээд “хоёулаа ганц пиво хувааж уучихаад явъя” гэж байсан...Д.Д- бид хоёрыг пиво уугаад дуусах гэж байхад гаднаас найз Ш.Г- маань ирсэн. Ш.Г- найз маань “ажлаа тараад харьж явна” гэж ярьж байсан. Ш.Г-ыг ирсний дараа дахиж пиво уухаар Ш.Г-аар дэлгүүр явуулж 1 том савтай пиво авчруулан уусан. Пиво уугаад сууж байхад Д.Д- нэлээд муудчихсан “мотоциклио унаад явлаа” гээд байсан. Тэгэхэд Ш.Г- ”чи согтуу мотоцикль унаж явж хаачих гээд байгаа юм бэ” гээд манай гэрт түүнийг дарж унаад байсан. Тэгээд байж байхад гаднаас эхнэр маань орж ирээд “юу болоод гэртээ архи дарс уугаад байгаа юм бэ” гээд уурласан. Тэгээд хэсэгхэн байж байхад Д.Д- “явлаа” гээд гараад явсан. Түүний араас Ш.Г- дагаад гарсан. Би тэр хоёрын араас гарч яваагүй. Учир нь би тухайн үед эгэмээ хугалчихсан байсан учраас хөдөлж чадахгүй байсан. Харин миний эхнэр Оюунтуяа “нөгөө хоёр чинь гадаа ноцолдоод байх шиг байна” гэж хэлээд бие засахаар гарахдаа харах гэж гарсан. Эхнэрийн ярьснаар Ш.Г- Д.Д-ыг “явуулахгүй” гээд гадаа дарж унаад байсан гэсэн. Удалгүй эхнэр Оюунтуяа маань орж ирээд “Д.Д- хутга гаргаж ирээд “ална, тална” гээд уналаа шүү дээ, Ш.Г-ыг хутгалчих шиг боллоо” гэж хэлж байсан...Ш.Г- манай гэрт орж ирээд сууж байхдаа л “Д.Д- намайг хутгалчихлаа” гэж хэлээд баруун далаа харуулсан. Тэгэхэд баруун далны доод хэсэгт хутгалагдсан байдалтай байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Харин Д.Д-ыг манай эгч Ариунжаргал “яв” гээд явуулсан юм шиг байсан. Тухайн үед ийм л зүйл болсон...Тухайн үед Ш.Г- нэг их согтуу бол биш байсан. Харин Д.Д- нэлээд согтолттой байсан...Эхнэр маань надад хэлэхдээ Д.Д-ыг “халааснаасаа хутга гаргаж ирсэн” гэж хэлсэн. Д.Д-ын Ш.Г-ыг хутгалсан хутга нь тонгорог байсан. Манай гэрт бол тийм хутга огт байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

              Гэрч Э.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Миний нөхөр Д.Д-ын зан чанарын хувьд гэвэл элдэв муухай ааш араншин байхгүй, дуу цөөтэй, төлөв даруу зантай, шударга, тусч, нямбай хүн байдаг. Нөхөр Д.Д- маань тамхи татдаг, харин архийг хааяа нэг найз нөхөдтэйгээ уудаг. Архи уучихаараа элдэв муухай ааш авир гаргаад байдаггүй, чимээгүй унтаад л өгчихдөг... Нөхөр Д.Д- маань гэмт хэрэгт холбогддог өдрийнхөө орой гэртээ ирэхдээ хүнд зодуулсан гэмээр байдалтай согтуу ирсэн. Тухайн үед нөхрийн маань хамарнаас цус гарчихсан, хүзүү хэсэг нь хүнд боолгуулсан гэмээр улайчихсан байдалтай байсан...Нөхөр Д.Д- маань надад хэлэхдээ “хүн хутгалсан юм шиг байна, би өөрөө хүн хутгалснаа санахгүй байна” гэж хэлж байсан... Бор иштэй, төмөр тонгорог нь манай гэрийн хутга байгаа юм. Би энэ хутгаар тухайн үед ногоо арилгаж байгаад орхисон байхад манай бага хүүхэд барьчихсан тоглоод явж байхыг нь нөхөр Д.Д- маань хараад хураагаад авчихсан юм. Тухайн үөд нөхөр Д.Д- маань гадаа мотоциклио янзалж байсан бөгөөд надад “хүүхэд чинь тонгорог барьчихсан юм байна шүү дээ, ав л даа, эвхээд хураа л даа” гэж хэлсэн. Тэр үед нь би “би завгүй байна, чи аваад хураачих“ гэж хэлсэн. Тэгээд л уг хутгыг хурааж авчихаад гэртээ оруулж тавихаа мартаад явахдаа аваад явчихсан болов уу гэж бодож байна...Манай гэр бүлийг нөхөр Д.Д-оос маань өөр тэжээдэг хүн байхгүй. Иймд нөхөрт маань хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

              Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогч Ш.Г-ын эмчилгээнд гарсан хохирлыг барагдуулан түүнээс уучлапт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...Намайг Төмөрөөгийн гэрээс гарч явахад Ш.Г- араас дагаж гарч ирээд намайг боож унагаасан. Би боолгуулж унасанаас хойш юу ч санахгүй байгаа. Ямар ч байсан маргааш нь миний хүзүү нэлээд улайчихсан, хамарнаас цус гарчихсан гэмээр байдалтай сэрсэн. Намайг иймэрхүү байдалтай байхыг эхнэр Отгончимэг маань харсан. Миний хувьд Ш.Г-ыг хутгалсан үйлдлээ огт санахгүй байгаа, нэг ухаан ороход л гэртээ ирчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн               40-41-р тал/

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        7 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай: ...Ш.Г-ын биед нурууны баруун дунд хэсэгг зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Ш.Г-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал/,

              Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

              Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 5-9-р тал/

              Хохирогч Ш.Г-ын шүүгдэгч Д.Д-тай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 53-54-р тал/,

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 47-59-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.          

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Хэргээс үзэхэд шүүгдэгч Д.Д- нь согтуурсан үедээ зэвсэг хэрэглэж  2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ тоотод иргэн Ш.Г-ын нуруунд нь хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

              Хохирогч Ч.Нарандэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Уугаад нэлээд хэсэг байж байхад Д.Д- “явлаа” гээд гараад явсан. Би түүнийг гараад явчихаар нь араас нь гараад “чи согтуу юм байж мотоциклиор явж яах гээд байгаа юм бэ” гээд түүнийг дарж хэвтүүлсэн. Тэгэхэд Төмөрөө билүү, Төмөрөөгийн эхнэр нь билүү намайг татаж босгосон. Би босоод эргээд харахад л Д.Д- араас нуруу руу маань хутгалчих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

              Гэрч К.Оюунтуяагийн “...Намайг гадаа гарахад Ш.Г- Д.Д-ын дээр нь гарчихсан, ноцолдож байгаа байдалтай байсан. Тэгэхээр нь би Ш.Г-ыг “боль” гэж хэлээд түүнийг хүчээр татаж босгосон. Ш.Г-ыг босгосоны дараа Д.Д- баруун гар талынхаа халааснаас хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би Д.Д-ыг “наад хутгаа боль” гэхэд Д.Д- муухай орилсоноо Ш.Г-ыг буруу хараад явж байхад нь араас нь хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

              Гэрч О.Төмөрхуягийн “...Эхнэрийн ярьснаар Ш.Г- Д.Д-ыг “явуулахгүй” гээд гадаа дарж унаад байсан гэсэн. Удалгүй эхнэр Оюунтуяа маань орж ирээд “Д.Д- хутга гаргаж ирээд “ална, тална” гээд уналаа шүү дээ, Ш.Г-ыг хутгалчих шиг боллоо” гэж хэлж байсан...Ш.Г- манай гэрт орж ирээд сууж байхдаа л “Д.Д- намайг хутгалчихлаа” гэж хэлээд баруун далаа харуулсан...” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

              Гэрч Э.Отгончимэгийн “...Тухайн үед нөхрийн маань хамарнаас цус гарчихсан, хүзүү хэсэг нь хүнд боолгуулсан гэмээр улайчихсан байдалтай байсан...Нөхөр Д.Д- маань надад хэлэхдээ “хүн хутгалсан юм шиг байна, би өөрөө хүн хутгалснаа санахгүй байна...” гэж хэлж байсан...”/хх-ийн 29-30 дугаар хуудас/

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                         7 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай: ...Ш.Г-ын биед нурууны баруун дунд хэсэгг зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Ш.Г-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал/,

              Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

              Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 5-9-р тал/

              Хохирогч Ш.Г-ын шүүгдэгч Д.Д-тай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 53-54-р тал/,

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

              Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Д- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

              Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Д.Д-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                                           Шүүгдэгч Д.Д- нь хохирогч Ш.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгэний зардал, эм тарианы зардлыг төлж, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-59-р тал/ зэргээр тогтоогдож байна.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Д.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, эвхдэг тонгорогийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938005110304 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Д-ыг  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.       
  4.  Эрүүгийн 1938005110304 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, эвхдэг тонгорогийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай
  5. Эрүүгийн 1938005110304 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

         6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай..

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ХҮРЭЛБААТАР

                                                      ШҮҮГЧ                                      М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                              ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ