| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01891/И |
| Дугаар | 207/МА2026/00032 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 207/МА2026/00032
2026 03 05 207/МА2026/00032
“““““““““““ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч “““““““““““ ХХК-нд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг, Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/02629 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “““““““““““ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “““““““““““ ХХК-нд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48,589,288.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч П.Анхбаярын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгансайхан, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “““““““““““ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“““““““““““ ХХК нь манай компанитай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЭТ-24/59 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бидний зүгээс “““““““““““ ХХК-д чанар стандартын шаардлага хангасан шатахууныг тухай бүрд нь нийлүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байна. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЭТ-24/59 тоот Худалдах, худалдан авах-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт Худалдан авагч нь энэхүү гэрээний 4.2-т заасан нөхцөлөөр хүлээн авсан шатахуун болон бүтээгдэхүүний үнийг дараа сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлнө гэж заасан. Иймд дээрх гэрээний дагуу “““““““““““ ХХК-иас “““““““““““ХХК-д гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 32,392,859 төгрөг, алданги хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 16,196,429.5 төгрөг, нийт 48,589,288.5 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Булгантамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“““““““““““ компанитай 2024 оны 11 дүгээр сараас хамтарч ажилласан. “““““““““““ компани нь манай компаниас оны төгсгөл хүртэл 32,000,000 төгрөгийн шатахуун авсан. Манайх “““““““““““ ХХК-ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд, итгэл хүлээлгээд, санхүүжилтийг нь орохыг нь хүлээсэн. Компанийн захирал П.Анхбаярын зүгээс эхлээд холбогдож байснаа сүүлдээ холбогдохоо больсон учраас компанийн дотоод журамд авлага нь хугацаа хэтэрсэн харилцагчийг удаад байвал шүүх рүү шилжүүлэх ёстой байдаг. Ингээд шүүх рүү шилжүүлсний дараа хүртэл холбогдоогүй. Тэгээд би аль болох нааштай шийдэх гээд, алдангиас нь чөлөөлөх талаас нь компанийнхантайгаа зөвшилцөөд алдангиас чөлөөлөөд өгвөл болно гэж байна гэхэд П.Анхбаяр хариуцлагагүй хандсан. 1-т Манай компани хугацаа өгөөд байхад хариуцлагагүй хандсан, 2-т компанид учруулсан хохирлыг харж үзээд алдангийг бууруулах боломжгүй гэсэн чиглэл өгсөн. Одоо нийт нэхэмжилсэн үндсэн төлбөр 32,392,859 төгрөг, алданги 16,196,429.5 төгрөг нийт 48,589,288.5 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх энэ харилцагчийн нөхцөл байдлыг харгалзаад, ойлгоод, хүлээгээд хангалттай хугацаа өгсөн. 365 хоног өнгөрсөн байна. Одоо болтол санхүүжилт байхгүй байна гэж байна. Анхнаасаа ийм тайлбараа хэлсээр л байсан. Энэ хугацаанд төлбөрөөсөө хасуулсан үйлдэл гаргаагүй учраас алдангиас чөлөөлөх боломжгүй гэсэн чиглэл өгсөн гэжээ.
Хариуцагч: “““““““““““ ХХК-ийн төлөөлөгч П.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нь “““““““““““ ХХК-ийн захирал бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “““““““““““ ХХК-тай Булган аймгийн Сайхан сум дахь өрмийн уурхайд хөрс хуулах, чулуу, нүүрс олборлох ачих тээвэрлэх гэрээ хийсэн. Тус гэрээний дагуу үйл ажиллагаанд зориулж “““““““““““ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж дизель түлш авсан. БНХАУ-д нүүрсний ханш унаж санхүүжилт өнөөдрийг хүртэл зогсож үйл ажиллагаа явуулах боломжгүй зогсож байна. Үүний улмаас гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Цаашид санхүүжилт олгогдож үйл ажиллагаа эхлэхээр гэрээний төлбөрийг нэн даруй барагдуулна. Уг үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж тавигдсан алдангийг уян хатан нөхцөлтэй хэмжээг багасгаж тохиролцохыг хүсэж байна. Манай компани энэ санхүүжилтээс өөр орлогогүй байгаа учраас ядаж сард 2-3 сая төгрөг өгөх хүсэл байсан боловч бид нар орлогогүй байсан учраас өгч чадаагүй. Цаашид санхүүжилт ороод ирвэл манай зүгээс 100 хувь төлбөрийг барагдуулна. Алданги бол манай компанид хүндээр тусч байна. Манайх төлөх боломж маш муу байгаа. Цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Алдангиа хөнгөлөөд цаг хугацааны хувьд боломж олгооч гэсэн хүсэлттэй байна. Бид нар байгуулсан гэрээний дагуу төсөв мөнгө ороод ирвэл авсан түлшний мөнгөө тухайн үед нь 100 хувь төлөх саналтай байна. Дээр нь миний охин өвдсөн байгаа бөгөөд 5-6 жил Хятад улс руу эмчилгээнд явж байгаа. Алданги чөлөөлөөд өгвөл он гаргаад төлбөрөө 100 хувь төлнө гэсэн итгэлтэй байна. Өмнөх шүүх хуралдаанд охиноо эмчилгээнд авч явсан, одоо болохоор Хэнтий аймагт ажилтай явж байгаа учраас та бүхнээс уучлал хүсэж байна. Манай компани маш их өр авлага, алдагдалд орсон байгаа. Энэ нь манай компанийн асуудал ч гэсэн бид нарыг хүлээж байсанд маш их баярладаг. Иймд алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/02629 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар “““““““““““ ХХК-иас 48,589,288.5 төгрөгийг гаргуулан “““““““““““ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “““““““““““ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,896.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “““““““““““ ХХК-иас 400,896.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “““““““““““ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч П.Анхбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх ...Иргэний хэргийн 232 дугаар зүйлийн 232.3.-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4.-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.6.-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан. Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЭТ-24/59 дугаартай Худалдах худалдан авах гэрээ нь хоёр талын хэлцэл бөгөөд гэрээний 4.3.-т худалдан авагч нь энэхүү гэрээний 4.2.-т заасан нөхцөлөөр хүлээн авсан шатахуун болон бүтээгдэхүүний үнийг дараа сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй... 5.2.-т худалдан авагч нь шатахуун ...төлбөрийг гэрээний 4.3.-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн тус бүр /шатахуун болон бүтээгдэхүүний нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж тус тус заажээ... “Хариуцагч “““““““““““ ХХК нь алдангийг төлөх боломжгүй гэх боловч энэ татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгчийн шаардалгыг үгүйсгэж татгалзаж байгаа бол татгалзлалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж цуглуулж, өгөх үүрэгтэй...” гэж шүүхийн дүгнэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Булгантамир тайлбарлахдаа “...манайх “““““““““““ ХХК-ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд, итгэл хүлээлгээд, санхүүжилтийг нь орохыг хүлээсэн...” /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн нэг талыг буюу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үнэлж тус нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдэж байгаа нь буруу байна. Худалдах худалдан авах гэрээний зургад форс мажор... 6.1.-т гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй гэдэгт Хятадад нүүрсний ханш унасан явдал нь санхүүжилт зогсож 2024 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Гомдол гаргаж байгаа үндэслэлээ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дэлгэрэнгүй тайлбарлах болно. 312/ШШ2025/02629 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгансайхан давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч болон хариуцагч талын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЭТ-24/59 тоот “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт хариуцагч тал нь 32,392,859 төгрөгийн өр, авлага үүсч нэхэмжлэгч тал нь уг төлбөрийг яаралтай төлж барагдуулах, хэсэгчлэн төлөх гэх мэтийн албан бичиг, мэйл болон утсаар удаа дараа хэлж, шаардаж сануулж байсан боловч ямар нэгэн төлөлт хийгдээгүйн улмаас шүүхэд шилжүүлэн шүүхийн шийдвэр гарсан. Алдангийн хувьд: Нэхэмжлэгч талын хувьд гүйцэтгээгүй үүрэг буюу 32,392,859 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй 16,196,429.5 төгрөгийг нэхэмжилж нийт 48,589,288.5 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хариуцагчийн хувьд гэрээ байгуулан үүрэг хүлээсэн байдлаа огт ухамсарлаагүй бөгөөд нэхэмжлэгч талын албан шаардлага, хариуцсан менежер утсаар холбогдож шаардах, шүүхийн процесст оролцож эрх, үүргээ хэрэгжүүлсэн байдлаас нь хангалттай харагдаж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн хувьд өөрийн дотоод итгэл үнэмшил, хэргийн нөхцөл байдлыг дүгнэн үзээд алдангийн хувь, хэмжээ нь хуульд нийцсэн талаар дүгнэлтээ гаргасан. Шүүх болон нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангалттай боломж олгож ажилласан Форс мажорын нөхцөл байдал үүссэн, бий болсон талаар хариуцагчаас ямар нэгэн хүсэлт, санал, гэрчилгээ гэх зүйл огт дурьдаж байгаагүй буюу давж заалдах гомдолд дурьдаж байгаа нь үндэслэлгүй тул Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/02629 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т “...зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ...” гэж заасан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ““““““““““““” ХХК нь шүүхэд “...Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөр 32,392,859 төгрөг, алданги 16,196,429.5 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ““““““““““““” ХХК-ийн төлөөлөгч П.Анхбаяр нь “...БНХАУ-д нүүрсний ханш унаж санхүүжилт өнөөдрийг хүртэл зогсож үйл ажиллагаа явуулах боломжгүй зогсож, гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Цаашид санхүүжилт ороод ирвэл манай зүгээс 100 хувь төлбөрийг барагдуулна. Алданги бол манай компанид хүндээр тусч байна. Манайх төлөх боломж маш муу байгаа, алдангиас чөлөөлж өгнө үү...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
3. Шүүх ““““““““““““” ХХК-иас 48,589,288.5 төгрөгийг гаргуулан ““““““““““““” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ““““““““““““” ХХК нь хариуцагч ““““““““““““” ХХК нар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 24/59 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээний оролцогч талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
5. Худалдах, худалдах авах гэрээгээр нэхэмжлэгч ““““““““““““” ХХК нь чанар стандартын шаардлага хангасан, газрын тосны бүтээгдэхүүн бүх төрлийн шатахуун, тос, тослох материал нийлүүлэх, хариуцагч ““““““““““““” ХХК нь худалдан авсан шатахуун, бүтээгдэхүүний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар “Худалдах, худалдах авах гэрээ” гэж зөв тодорхойлжээ.
6. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 5.2-т “...худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлж төлнө” гэж зааж тусгасан тул нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар алданги шаардах эрхтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө нотлох, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй юм.
8.Анхан шатны шүүх “...хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 16,196,429.5 төгрөг төлөхөөс чөлөөлүүлэх тухай татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж байгаа бол татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж, цуглуулж өгөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгч тал алдангийн нийт хэмжээг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр нэхэмжилсэн байх тул алдангийг хэмжээг багасгах эсхүл алданги төлөхөөс чөлөөлөх боломжгүй.
9. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/02629 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч П.Анхбаярын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч П.Анхбаярын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,932 төгрөгийг төриййн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ