| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0136/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/129 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1925002460150 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 сарын 04-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 2-20 тоотод маргааны улмаас Д.Бямбажаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын мэдүүлсэн: Бямбажаргалтай хамт хотоос ирээд гэрт нь очиж пиво уусан. Тэгээд маргаан үүсч би 2 удаа цохиж өшиглөсөн. Миний буруу. Уучлалт гуйсан. Эмчилгээнд нь 400,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Хохирогч Д.Бямбажаргалын....2019 оны 04 сарын 04-ний өдөр хамт ажилладаг байсан ахын машинд Азаа гэх залуу болон түүний найз хүүхний хамт суугаад Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү гарсан. 22 цаг өнгөрч байхад бид нар Эрдэнэтэд ирээд Азаа надад буудлын мөнгө байхгүй байна, танайд хонож болох уу гэхээр нь би тэгээ тэг гээд манай гэрийн гадаа ирээд Азаа чи пиво аваад өгчих, би маргааш мөнгийг нь өгье гэхээр нь би дэлгүүр ороод 3 ширхэг 2,5 литрийн савтай пиво худалдаж аваад гэртээ орсон. Тухайн үед манай гэрт хадам ээж Наранцэцэг байсан. ..Азаа босож ирээд гуталтай хөлөөрөө миний баруун талын нүд рүү нэг удаа өшиглөхөөр нь би нүүрээ дараад тонгойтол дахиад гуталтай хөлөөрөө толгойн орой хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь манай хадам ээж Наранцэцэг хүүе хүн аллаа шүү дээ гэсэн чинь найз хүүхний хамт гэрээс гараад явсан. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн, толгойд хоёр оёдол тавиулсан. ....Надад одоо гаргах санал хүсэлт байхгүй, Азжаргал миний эмчилгээний зардалд 400,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/
-Гэрч С.Наранцэцэгийн ...Улмаар эрэгтэй нь манай бэр Бямбажаргалын толгой хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тухайн үед би болиочээ гээд байхад намайг тоохгүй байсан. Тэр 2 хүүхэн залуу хоёр манайхаас гараад яваад өгсөн. Бямбажаргалын толгой хэсгээс цус гарсан, нүүр хэсэг нь хавдаад хөх эрээн болсон байсан. Би тухайн үед хажуу талын айл руу ороод цагдаад дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд Бямбажаргалыг эмнэлэг рүү аваад явсан. Мөн би хамт явсан. Бямбажаргалын толгойд 2 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас /
-Гэрч Г.Бямбасүрэнгийн …“Азжаргал Бямбажаргалын нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөсөн. Бямбажаргалын хамарнаас цус гарсан байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас /
-Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 280 дугаартай:.. “Д.Бямбажаргалын биед ... хуйханд шарх, баруун нүдний зовхи, шанаа нуруунд баруун далны харалдаа, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт үүсчээ. Хуйханд шарх нь мэс заслын оёдолтой байх тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 3-6 хоногийн өмнө үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 15-16р хуудас/
-Хохирогч Д.Бямбажаргалын биед учирсан гэх гэмтлийн зураг /хх-ийн 36–р хуудас/
-Шүүгдэгч Б.А хохирогч Д.Бямбажаргалын 5093140624 тоот ХААН банкны данс руу эмчилгээний зардал 400 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 49-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ.
Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.А нь 2019 оны 04 сарын 04-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 2-20 тоотод архидан согтуурсаны улмаас маргалдаж Д.Бямбажаргалыг зодож биед нь хуйханд шарх, баруун нүдний зовхи, шанаа нуруунд баруун далны харалдаа, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бямбажаргалыг зодож хуйханд шарх, баруун нүдний зовхи, шанаа нуруунд баруун далны харалдаа, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.А нь согтуугаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрнө гэжээ..
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Бямбажаргал нь санал гомдол байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд шүүгдэгч эмчилгээний төлбөрт 400,000 төгрөг төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ