| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0281/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/296 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн 1938006390367 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.А-,
Шүүгдэгч С.А- нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Н-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А- нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Н-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006390367 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн орой...би өөрийн аав, Ган-Эрдэнэ ах хоёрыг “хамтдаа архи уусан” гээд халамцуу байсан. Би тухайн үед аав, ах хоёрыгоо загнаад байж байхад гаднаас 2 согтуу залуу хашаан дотор орж ирсэн...Би тэр хоёр залууг гаднаас орж ирэхээр нь “яах гээд байгаа юм” гээд гэр лүүгээ оруулахгүй, ааваасаа “энэ хоёр залуутай хамт яваа юм уу” гэж асуухад “үгүй ээ, танихгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хоёр залууг “яв” гээд хашаанаасаа гаргах гэхэд гарахгүй байсан. Тэр хоёр залууг хашаанаас гарахгүй байхад Ган-Эрдэнэ ах гэрээс гарч ирээд “та хоёрыг яваач гээд хүн юм хэлээд байгаа юм биш үү” гээд миний зүс таних залуутай ах маань маргалдаад түүнтэй барилцаж авсан. Тэр залуу Ган- Эрдэнэ ахтай зодолдож нэлээд хэсэг ноцолдсон. Ган-Эрдэнэ ах маань тэр залуутай маргалдаж байгаад салаад гэр лүү яваад орсон. Харин би тэр хоёр залууг гэр лүү оруулахгүй гээд биеэрээ хааж хориглоод зогсож байсан. Тэгэхэд миний зүс таних залуу намайг “гичий, янхан, банзал” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би тухайн үед уур хүрээд “цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд тэр залуу миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохичихоод гараад гүйгээд явсан...Тэгээд хашаанаас гараад явж байхад нөгөө намайг цохисон залуу гудамжны үзүүрт зогсчихоод “намайг ёстой уучлаарай, би дэлгүүр орчихоод танай гэр лүү орж чамаас уучлалт гуйх гэж байсан юм” гэж хэлэхээр нь “чамтай яриад байх юм байхгүй” гэж хэлчихээд явсан. Тэгэхэд тэр залуу миний араас дагаад, гар хөлнөөс татаж чангаагаад байхаар нь гудамжинд явж байсан нэг ахаас тусламж гуйж тэр залууг өөрөөсөө холдуулаад замаасаа таксинд суугаад шууд цагдаагийн газарт ирсэн...Миний цохиулсан нүд байнгын өвдөж зовиурлаж байгаа, үүнээсээ болоод байнгын дусаалга хэрэглэж байгаа.Би Циркон нэртэй хувийн эмнэлэгг үзүүлж, нүдэндээ эм тариа бичүүлэн авч хэрэглэсэн. Эмчилгээндээ одоогийн байдлаар 170.000 төгрөг зарцуулсан. Нүд маань хөхөрсөний улмаас 8 хоног ажлаа хийгээгүй. Би нэг өдөрт ажлаад дунджаар 50.000 -60.000 төгрөгний орлого олдог. Тийм учраас ажилгүй байсан өдрийнхөө цалинг тухайн хүнээс нэхэмжилнэ...С.Алташагай нь миний хохиролыг төлж барагдуулан надтай эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Иймд надад цаашид нэхэмжпэх зүйл алга байна. Би гомдолгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-18-р тал/
Шүүгдэгч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:... 2019 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 15 цагийн үөд би Хатгалаас орж ирсэн найз Балжинням, Жигжидсүрэн нарын хамтаар 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уучихаад... гэрлүүгээ орж мөнгө авчихаад нөгөө залуугийн хамтаар Бор ахтай уулзахаар хашаа руу нь орсон. Тэгэхэд нэг залуу гарч ирээд “хэнтэй уулзах гэж байгаа юм бэ” гээд оруулахгүй байхаар нь би тэр залуутай маргалдаад барилцаж авсан. Тэгж байхад Бор ахын охин Нараа гарч ирээд “намайг яв” гээд хөөж туугаад байхаар нь уурандаа нүүр лүү нь гараараа нэг удаа цохичихоод гараад явсан. Гарч яваад нөгөө хамт явсан залуутайгаа дэлгүүрээс орж архи авчихаад гудамжинд байж байхад Нараа гарч ирсэн. Түүнийг гарч ирэхээр нь “хоёулаа цагдаа шүүх гэлгүйгээр учраа олчихъё” гээд уучлалт гуйчихаад явсан...Би шинжээчийн дүгнэлтэн дээрхи гэмтлийг цохиж учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хохирогч Т.Н-аас уучлалт гуйж, түүний эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулахаар болж харилцан тохиролцсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 463 дугаартай: Т.Н-ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, няцралт, баруун салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн. Т.Н-ын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөргөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/
Хохирогч Т.Н-ын шүүгдэгч С.А-тай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 44-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-43-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд шүүгдэгч С.А- нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр архидан согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 48-03 тоотод хохирогч Т.Н-тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж,, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль эрх зүйн мэдлэг дутуу зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч С.А- нь хохирогч Т.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.А- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч С.А-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч С.А- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938006390367 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938006390367 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР