Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 58

 

Ж.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн шүүн таслах газрын 1935 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаар тогтоолтой Ж.Н-т холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1935 оны байдлаар Жамбалжавын Нацаг нь Архангай аймгийн Хан-Оюут сумын 4 дүгээр багийн харьяат, 21 настай, ард халх, эрэгтэй, ...... хамт байдаг, хөрөнгө 4 бод, Хоршооны салбарын туслах, сумын зарлага зэрэг ажил хийж байсан, улаан цэрэгт 3 сар болоод өвчний учир халагдан ирсэн, ял шийтгэлгүй, баригдахын өмнө Хан-Оюут сумандаа байсан.

 

Ж.Н-ийг цэргээс халагдан ирсний дараа “Улаанбаатар хотод дайн болж байна, СССР улсаас олон тооны орос цэрэг, байлдааны хэрэгслүүд ирсэн гэнэ, Монголын зүүн хязгаарын хэд хэдэн хороо, суман цэргүүд Япон улсад сайн дураараа орсон гэнэ, одоо хуучин сургууль бүхий цэргүүд ба ялангуяа техникийн сургууль бүхий цэргүүдийг татаж дайн байлдаанд явуулах гэнэ. Манай сумын Доржготовыг аймгаас дуудан явав, ардын засаг арилах болно” гэх зэргээр худал үгийг ард олны санал хүслийг хагаралдуулан буюу санаа сэтгэлийг тогтворгүй болгох зэргээр улс төрийн туйлын тогтворгүй яриа өгүүлсэн хэмээн буруутгажээ.

 

Архангай аймгийн шүүн таслах газрын 1935 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаар тогтоолоор Ж.Н-ийг Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ялыг 1 жил тэнсэж хилсээр шийтгэсэн байна.

 

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Ж.Н-т Архангай аймгийн шүүх таслах газрын 1935 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Шүүхийн тогтоолд “...Ж.Н хортой санаа агуулж, цуурхлын үгийг ард олны дунд зориуд тараасан буюу түүний улмаас онц гэм хор гарсан зүйлгүй зэргээр хүндээр шийтгэх шалтгаан хараахан мөхөс тул...” гэж дүгнээд ял оногдуулсан байдаг. Түүнчлэн Ж.Н- “н.Аюуш гэгч айлд согтуу байхдаа ярилцаж байсныг далимдуулж элдэв бус үг асууж байгаад эцсийн цагт намайг гүтгэсэн” гэх мэдүүлэг өгсөн. Эдгээр баримтуудын үнэн зөв эсэхийг шалгаж тогтоосон, нүүрэлдүүлж байцаасан баримт хэрэгт байхгүй. Ж.Н-ийн тараасан цуурхал гэдэг нь ард олны дунд түгээмэл яригддаг яриа байсан. Үүний улмаас төр нийгэмд хор хохирол учирсныг тогтоосон баримт байхгүй. Ж.Н-ийн ярианаас харахад хувьсгалд эсэргүүцэх, ард олны дунд үймээн шуугиан гаргах, худал хуурмаг зүйлийг тараах, засаг төрийг итгэмж хүндийг бууруулах санаа зорилго агуулаагүй буюу Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна. Иймд Архангай аймгийн шүүх таслах газрын 1935 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ж.Н-ийг цагаатгуулах саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Ж.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

 

2.Архангай аймгийн шүүн таслах газрын 1935 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаар тогтоолоор Ж.Н-ийг “үнэхээр хортой санаа агуулж цуурхлын үгийг ард олны дунд зориуд тараасан...” гэж үзэн Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ялыг 1 жил тэнсжээ.

 

3.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Ж.Н- нь цэргээс халагдан ирсний дараа “Улаанбаатар хотод дайн болж байна, СССР улсаас олон тооны орос цэрэг, байлдааны хэрэгслүүд ирсэн гэнэ, Монголын зүүн хязгаарын хэд хэдэн хороо, суман цэргүүд Япон улсад сайн дураараа орсон гэнэ, одоо хуучин сургууль бүхий цэргүүд ба ялангуяа техникийн сургууль бүхий цэргүүдийг татаж дайн байлдаанд явуулах гэнэ. Манай сумын Доржготовыг аймгаас дуудан явав, ардын засаг арилах болно” гэх зэргээр худал үгийг ард олны санал хүслийг хагаралдуулан буюу санаа сэтгэлийг тогтворгүй болгох зэргээр улс төрийн туйлын тогтворгүй яриа өгүүлснийг шалгаж тогтоогоогүй бөгөөд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь үнэн зөв болохыг хөдөлбөргүй батлах баримт хэрэгт үгүй байна.

 

4.Ж.Н-ийн тараасан гэх цуурхалд хувьсгалд эсэргүүцэх, ард олны дунд үймээн шуугиан гаргах, худал хуурмаг зүйлийг тараах, засаг төрийг итгэмж хүндийг бууруулах гэсэн санаа зорилго агуулаагүй буюу Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Ж.Н-ийг хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч Архангай аймгийн шүүх таслах газрын 1935 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаар тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Ж.Н-ийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцон холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Архангай аймгийн шүүн таслах газрын 1935 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Ж.Н-т холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

         Б.БАТЦЭРЭН

                                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                     Ч.ХОСБАЯР