Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0360

 

“Ө-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч Т.Ц, түүний өмгөөлөгч А.М нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ө-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө-Ө” ХХК-иас Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч “Ө ө” ХХК нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар захирамжаар Өгөөмөр 2 дугаар баг, Тээлийн гол 176/53 га-аас буюу 57 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн 0206545 дугаар гэрчилгээг авч, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Гэтэл Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжаар “Ө ө” ХХК-ийг газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн 0206545 дугаар гэрчилгээг, анх тус компанид газар эзэмших эрх олгосон тус сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний 46 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжийн нэр нь “Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай” гээд хуулийн үндэслэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг баримталсан байдаг бөгөөд уг захирамж нь хууль хэрэглээний илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд нийцээгүй шийдвэр болно. Дээрх захирамжаар анх нэхэмжлэгч компанид газар эзэмших эрх олгосон тус сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний 46 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хууль бус байна. Учир нь дээрх захирамж нь ямар байдлаар хууль тогтоомж зөрчсөн нь тодорхойгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “...захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг зөрчсөн болно. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.4-д “Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх” эрхийг газар эзэмшүүлэгч эдлэхээр харилцан тохиролцсон. Түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой зохицуулсан бөгөөд гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлд хамаарахгүй байна. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2 дахь заалтаар талууд гэрээний нөхцөл, болзлыг харилцан тохиролцсон байдаг бөгөөд тус нөхцөлд “...“Ө ө” ХХК нь төмс, хүнсний ногооны зориулалттай 57 га газрыг эзэмшихээр, газрын төлбөрт 66,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон” байна. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаас 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Газар эзэмшигчид хүргүүлэх мэдэгдэх хуудас”-аар “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа нотолгоо болон газар эзэмших гэрээгээ 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор дүгнүүлнэ үү” гэх мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд мэдэгдэл ирмэгц буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газрын төлбөрийг алдангийн хамт нийт 374,018 төгрөгийг төлсөн байдаг. Дээрхээс үзвэл, “Ө ө” ХХК нь газрын төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр алдангийн хамт төлсөн, газрын төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан нөхцөл, болзлыг удаа дараа биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудаар “Өөдөө өөдөө” ХХК-ийн эзэмшлийн 57 га талбай бүхий газрыг нэр бүхий 12 иргэнд давуу эрхээр эзэмшүүлсэн байдаг бөгөөд дээрх захиргааны үйл ажиллагаа нь Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-д нийцээгүй, тус журмын дагуу холбогдох ажиллагаа хийгдээгүй байдаг. Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байна” гэж заасныг зөрчсөн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн “Ө ө” ХХК-ийн газар эзэмших эрх хүчинтэй байхад тухайн иргэдэд давуу эрхээр газар эзэмшүүлэхээр хурлаар хэлэлцүүлж байсан нь хууль бус байна. Ийнхүү анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Ө-Ө” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтыг тус тус баримтлан, “газар эзэмших гэрээгээ дүгнүүлж  шинээр гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр “Ө-Ө” ХХК-ийн Өгөөмөр 2 дугаар баг, Тээлийн 176/53 га-д төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байсан 57 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ө-Ө” ХХК-д Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 46 дугаар захирамжаар 57 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар, 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0206545 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх”, 3.9-д “холбогдох хууль тогтоомжоор тогтоосон эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ” гэж газар эзэмшигчийн эрх үүргийг тодорхойлсон байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1 “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3 “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж зааснаас үзвэл  иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуульд заасан тодорхой нөхцөл болзлын үндсэн дээр үүсдэг олдмол эрх бөгөөд уг эрхийг хадгалах нөхцөл нь хуульд заасан болзлыг хангах явдал болно.

Нэхэмжлэгч нь гэрээгээр болон хуулиар хүлээлгэсэн гэрээг жил бүр дүгнүүлэх үүргээ огт биелүүлээгүй, газрын төлбөрөө гэрээний 2.3-т заасан хугацаанд төлөөгүй 5 жил болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн”, 40.1.5-д заасан “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэл бий болсон гэж үзэх ба хариуцагч сумын Засаг дарга дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй.

          Ийнхүү хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хуулийг зөв хэрэглэсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “газрын төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан нөхцөл, болзлыг удаа дараа биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Хэдийгээр Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газрын төлбөрийг алдангийн хамт нийт 374,018 төгрөг төлж төлбөрийн үлдэгдэлгүй байсан боловч энэ нь Газрын тухай хууль болон гэрээний заалтыг нэхэмжлэгч зөрчөөгүй гэх үндэслэл болохгүй, 5 жилийн хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй зөрчлийг зөвтгөх боломжгүй.

         Харин маргаан бүхий захирамжаар “Ө-Ө” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон атлаа анх газар эзэмших эрх олгосон Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх боловч газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь дээр дурдсанаар хууль зөрчөөгүй тул уг алдаа нь дангаараа захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Мөн “Ө-Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн тул Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн, нэр бүхий 12 иргэнд газрыг давуу эрхээр эзэмшүүлэхдээ холбогдох журмын дагуу ажиллагаа хийгээгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Б.Тунгалагсайхан     

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН