Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 441

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Ц, Ш.Г, Ч.Ү

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагч: Б дүүргийн Газрын алба

Гуравдагч этгээд: “Т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 тоот тогтоолын, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарын газар  эзэмших хүсэлтийг шийдвэрлэхүй байгаа Б дүүргийн Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, Ш.Г, Ч.Ү, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Н.Н, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Т.О нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь.

Нэг. Нэхэмжлэгч Ц.Ц нар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий газарт 2004 оноос хойш манайх байсан ба сүүлд 2013 оны 03 дугаар сард “А” ХХК авсан. Уг газрыг эзэд нь хаяад явсан эзэнгүй газар байсан. Би уг хашаан дотор нүүрс зардаг байсан. Үүнээс хойш уг хэрэг маргаан үүссэн. 2004 оноос хойш амьдарч байгаа талаар тэр хавийн бүх хүмүүс мэднэ. Би хүний газар дээр буусан бол ингэж хэл ам хийхгүй газрыг чөлөөлж өгч байгаа. Уг газарт хүн амьдарч болохгүй хог шороотой байхад бүгдийг нь цэвэрлэж, хүн амьдрах боломжтой болгосон. Шүүх шийдвэр гаргахдаа энэ талаар анхаарч шийдвэрээ гаргаж өгнө үү? Уг газарт анх хүнд амьдрах боломжгүй байсан ба 2006 онд газар дээр шороо асгаад 2007 оноос хойш уг газар дээр амьдарч эхэлсэн. Газар эзэмших гээд Газрын албанд 3 удаа өргөдөл өгч байсан ба төлөвлөгөөнд ороогүй газар, дараа ирж уулз гэдэг тайлбарыг хэлдэг байсан. 2013 оны 12 дугаар сард манай нөхөр хөлөө хугалсан болохоор өргөдлөө өгч чадаагүй ба сүүлд өргөдлөө өгөхөд уг газрыг нэг компани авсан, та нар хүний газар дээр байгаа гэдэг зүйлийг хэлсэн.  Уг газар дээр Ш.Г буусны дараа би уг газарт буусан. Манайх уг газарт буухад хашаа байгаагүй ба холбогдох бүх материалыг бүрдүүлээд хорооноос хашаандаа номер дугаар авсан. Үүний дараагаар Газрын алба дээр очиж уулзахад Газрын албаны дарга сонгууль болох гэж байгаа учраас сонгуулийн дараа хүрээд ир гэсэн. Дахин Газрын албан дээр очиж уулзахад Нийслэлийн Засаг даргаас захирамж гарах ёстой. Уг захирамж нь одоогоор гараагүй учраас манай байгууллага энэ талаар шийдвэр гаргахгүй гэж хэлсэн” гэв.  

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар уг газарт 2004 оноос хойш амьдарч байгаа гэж хэлж байна. Гэтэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны ******* тоот захирамжаар "Т" ХХК-нд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь  “Т" ХХК Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 106 тогтоолоор тухайн байршил дээр газар олгосон байдаг. Дараа нь 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор газар эзэмших эрхийн 5 жилийн хугацаагаар сунгасан. Яагаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарсан гэхлээр уг компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан. Нийслэлийн Газрын албанд 2010, 2011 онуудад газар ашиглах эрхээ сунгуулах, мөн газар эзэмших эрхээ өөрчлүүлэхээр хүсэлтээ гаргаж байсан. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаар 9800 м.кв газрыг үйлдвэр үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах болсон. Нэхэмжлэгч нарын маргаж байгаа ******* тоот захирамжаар газрын хэмжээн дээр өөрчлөлт орсон ба 5 жилийн хугацаагаар уг газрыг эзэмшихээр гэрчилгээ гарсан. Ийнхүү газрын хэмжээг их болгохдоо нэхэмжлэгч нарын газар луу ороогүй. Нэхэмжлэгч нар уг газарт 2004 оноос хойш амьдарч, холбогдох байгууллагад хандаад амьдрах боломжгүй гэдэг хариуг өгч байсан. Мөн дүүргийн Засаг даргаас тухайн газар дээр амьдрах захирамжаа одоо болтол аваагүй байгаа. Газрын тухай хууль дээр газрыг зөвхөн газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг эзэмшинэ гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гурав. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга  Д.Б 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ц.Ц, Ш.Б, Ч.Ү нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарын гаргаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 120 дугаар тогтоолоор “Т” ХХК-д Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу таван жилийн хугацаатай газар ашиглуулах эрх олгосон байна. “Т” ХХК-ийн дээрх тогтоолоор ашиглаж байсан газар эзэмших гэрээ, гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа нь 2010 онд дуусгавар болсон тул манай байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Б дүүргийн Газрын албаны дарга Д.Б 2017 оны 06 дугаар сарын 08-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу тус албанд иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг бүртгэн авч амаар болон албан бичгээр хариу хүргүүлж шийдвэрлэдэг. Иргэн Ц.Ц нарын 3 иргэд урьд онуудад манай албанд хандаж өргөдөл хүсэлт гаргасан талаар баримт материал архив болон бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н 2017 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2005 оны 120 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 120 дугаар тогтоол гарахаас өмнө 2002 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 106 дугаар тогтоолоор "Т" ХХК-нд 9800 м.кв газар ашиглах эрх олгосон. Уг газар ашиглах эрхийг сунгаж байгаа тогтоол нь 2005 оны тогтоол. Түүнээс биш анх газар олгосон тогтоол биш. Тиймээс газар эзэмших эрхийг сунгасан тогтоол нь нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нар уг газрыг эзэмшиж ашиглаж байсан зүйл байхгүй. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон уг асуудлыг мэдэж байсан хэрнээ одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү. Нийслэлийн Засаг даргын 2011 оны захирамж нь "Т" ХХК-д газар ашиглах эрхийг сунгасан захирамж, мөн 2013 оны захирамж нь газрын хэмжээг нэмэгдүүлсэн захирамж юм. Нэхэмжлэгч нар хэдий 2004 оноос эхлэн уг газар дээр амьдарч байгаа гэж хэлж байгаа боловч уг газрыг эзэмших давуу эрхтэй этгээд нь "Т" ХХК юм. Нэхэмжлэгч нараас өмнө нь газар ашиглах эрхийг олж авсан. Тиймээс уг асуудал дээр давуу эрхтэй этгээд нь "Т" ХХК юм. Мөн энэ талаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гээд шүүх нэхэмжлэлийг буцааж байсан. Нэхэмжлэгч нарын маргаж байгаа газар нь үерийн бүсэд багтдаг ба иргэдээс уг газрыг эзэмшиж авна гэдэг нь хэцүү. Бид нар уг газарт барилга байгууламж барих гээд зураг төслийг үерийн далан хийх үүргийг хүлээж байгаа. Энэ талаар ажлыг хийгээгүй тохиолдолд газрыг буцааж Нийслэл авах асуудал яригдана. Мөн нэхэмжлэгч иргэдээс гаргасан газар эзэмших тухай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Б дүүргийн Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Гэтэл шүүх хуралдаан дээр ямар эс үйлдэхүй гаргаж байгаа талаар тайлбар хэлдэггүй. Харин нэхэмжлэгч иргэдийн өргөдөл гомдлыг удаа дараа хүлээж аваад амаар болон бичгээр хариу өгсөн. Иргэдээс өгсөн өргөдөл гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн байхад эс үйлдэхүйг тогтоолгоно гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар газар эзэмших тухай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Өргөдлийг шийдвэрлэх эрх нь Дүүргийн Газрын албанд байхгүй ба Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд газар эзэмшүүлэх нь дүүргийн Засаг даргад байдаг. Эрх хэмжээгүй этгээдэд тухайн өргөдлийг шийдвэрлэнэ үү гэж даалгах юм бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болох юм. Мөн нэхэмжлэгч иргэд нь уг газар дээр 2004 онд бууснаас хойш яг хэзээ газраа эзэмшихээр холбогдох төрийн захиргааны байгууллагад өргөдөл өгч байсан нь тодорхойгүй, уг газрыг эзэмших талаар хүсэл зоригоо хэрхэн илэрхийлж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч иргэдэд ёс зүйтэй хандаж байгаа. Учир нь нэхэмжлэгч иргэд уг газраас нүүх, эсвэл өөр газар авах, хашаа барих ажил дээр тодорхой хэмжээний зардал гарах ба нэг өрхөд 1 сая 500 мянган төгрөгийг өгөх боломжтой. Эсвэл хашаа бариулахад шаардлагатай банз гэх мэт зүйлийг өгч болно. Уг санал шүүхийн шийдвэр яаж гарахаас үл хамаарна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 124 дүгээр, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхүй байгаа Б дүүргийн Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” гэж тодорхойлжээ.

            1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

            2002 онд “Т” ХХК нь Улаанбатар хотын нийтийн тээвэрт 100 хувийн хөрөнгө оруулалт хийх ажлыг эхлүүлэн эхний ээлжинд том оврын 20 ширхэг автобусыг засвар үйлчилгээний паркийн хамт оруулж ирэхээр Нийслэлийн Зам тээврийн газартай гэрээ хийж, тохиролцсон болох нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримт болох Нийслэлийн Тээврийн газраас 2002 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Маналжавт хүргүүлсэн “Т” ХХК-д  Б дүүргийн 0 дугаар хороонд орших 0 номерын тролейбусны эцсийн буудлын зүүн талын 1.59 га газрыг автобус бааз байгуулж, засвар үйлчилгээний станц барих газрыг олгож тусална уу” гэсэн утга бүхий 1/366 дугаартай албан бичиг, 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Улаанбаатар хотын Тээврийн газартай “Т” ХХК-ийн байгуулсан 01/01 тоот гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  С улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Т” ХХК нь 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад газар хүссэн хүсэлтийг гаргаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” 106 дугаар тогтоолын хавсралтын 16 дугаар хэсгээр “Т” ХХК-д Б дүүргийн 10 дугаар хороонд “нийтийн тээврийн үйлчилгээ”-ний зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрх олгож, 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах ******* дугаартай гэрчилгээ олгож, 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдөр газар ашиглуулах гэрээ байгуулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын хавсралтын 6 дахь хэсгээр “Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж баталгаажуулсан нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993 он/ 21 дүгээр зүйлийн 21.3-т “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээг дараахь журмаар байгуулна”, 21.3.1-д “Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр...”, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэснийг зөрчөөгүй байна.

2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Т” ХХК Нийслэлийн Газрын албанд “газрын зориулалтыг өөрчлөх тухай” хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09 өдрийн 124 дүгээр захирамжийн гурав дахь заалтаар 2005 оны 120 дугаар тогтоолоор “Т” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, хавсралтын 16 дахь хэсгээр газар ашиглах зориулалтыг нь “үйлдвэр үйлчилгээ, орон сууц“ гэж өөрчилж, уг 9800 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. “Т” ХХК 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт “БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай байсан тус компани 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс Монголын талд шилжсэн тул манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар эзэмших эрхийн гэрчилгээ болгон өөрчилж өгнө үү” гэсэн утга бүхий А/08 тоот албан бичгийг баримтуудын хамт хүргүүлж, Нийслэлийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр захирамжаар 2011 оны 124 дүгээр захирамжийн  “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хавсралтын 14 дэх хэсгээр  “Т” ХХК-ийн  эзэмшил газрын талбайн хэмжээг ******* болгон өөрчилж 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж заасныг зөрчөөгүй байна.

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Газар баталгаажуулах тухай” 120 дугаар тогтоолын хавсралтаар “Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж баталгаажуулжээ. Нэхэмжлэгч нар дээрх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн  Хурлын 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 тоот тогтоолын “Т” ХХК-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар хүчингүй болгож, газар ашиглах зориулалтыг нь өөрчилжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” ******* дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох заалтуудыг хүчингүй болгож, эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн баталгаажуулсан байна.

            2. “Нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхүй байгаа Б дүүргийн Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

            Хариуцагч Б дүүргийн Газрын албанаас 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1124 дүгээр албан бичгээр иргэн Ц.Ц нарт “2011 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй тул шийдвэрлэх боломжгүй байна” гэж, Б  дүүргийн  Өмч, газрын харилцааны  албаны 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 764 тоот албан бичгээр “нийслэлийн хэмжээнд газар олголт, баталгаажилтыг тодорхой хугацаагаар шийдвэрлэхгүй байгаа бөгөөд дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө мөрдөгдөж эхлэх үед  эргэж хандан төлөвлөгөөнд тусгагдсан газарт хүсэлтээ гаргах нь зүйтэй” гэж хариу өгч байснаа 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил газрыг ашигласан” гэж  3 хоногийн  дотор  зөрчлийг арилгахыг шаардаж, нэхэмжлэгч нарт шаардах хуудас гардуулсанаас үзэхэд нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг огт шийдвэрлэж байгаагүй болох нь  нотлогдож байна.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1853 дугаар захирамжаар томилогдсон  шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтэд: Нийслэлийн кадастрын мэдээллийн  санд “Т” ХХК-ийн эзэмшил нэгж талбарын ******************84 дугаар бүхий газар нь  иргэн Ц.Цын  амьдарч байгаа газартай зүүн талаараа 185.44 м.кв, Ш.Гийн  амьдарч байгаа газартай  зүүн талаараа 446.49 м.кв, Ч.Үын амьдарч буй газартай  297.44 м.кв-аар тус тус давхцаж байна. “Т” ХХК-ийн эзэмшил нэгж талбарын *****************84 дугаар бүхий газар нь 2008 оны 10 дугаар сарын  21-ний өдрөөс 2014 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл Нийслэлийн  газрын мэдээллийн санд нэгж талбарын *****************75 дугаартай 9800 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байх ба 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрчлөлт орж нэгж талбарын ****************85 дугаар бүхий 13697.25 м.кв  талбайтайгаар бүртгэгдсэн байна. 

           Иргэн Ц.Ц, Ш.Г, Ч.Ү нарын амьдарч байсан, байгаа газар Нийслэлийн газрын мэдээллийн санд ороогүй бөгөөд “Т” ХХК-ийн эзэмшил газрын нэгж талбарын дугаар 2006, 2008, 2014 онуудад нийт 4 удаа  өөрчлөлт орж бүртгэгдсэн байна” гэжээ. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 2/852 тоот албан бичгийн 4 дүгээр хавсралтаар ирүүлсэн Нийслэлийн 2006-2008 оны 10 дугаар сарын газрын кадастрын  мэдээллийн сангийн зураг болон 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн магадлан хэмжилт хийсэн зургаар “Т” ХХК-ийн эзэмшил нэгж талбарын ****************577 дугаар бүхий газар иргэн Ш.Г, Ц.Ц, Ч.Ү нарын амьдарч буй газартай  давхцаагүй харагдаж байна. Харин 2008-2014 оны газрын кадастрын мэдээллийн сангийн зураг давхцсан болох нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн магадлан хэмжилт хийсэн зургаар нотлогдож байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 177 дугаар тогтоолоор дахин томилогдсон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд: “Т” ХХК-ийн нэр дээр нэгж талбарын *****************84 дугаартай ******* м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна. Харин иргэн Ц.Ц, Ч.Ү, Ш.Г нарын хашаалсан гэх газрууд нь мэдээллийн санд бүртгэлгүй байна. Нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаар тогтоолыг үндэслэн газар ашиглуулах эрх олгосон 9800 м.кв талбайтай газар нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 9800 м.кв талбайгаар бүртгэгдээгүй, нэгж талбарын баталгаат хэмжээ тогтоосон актанд байршил тогтоосон солбилцол байхгүй тул хил заагийг тодорхойлох боломжгүй байсан тул 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн “Т” ХХК-ийн ашиглаж буй газрын кадастрын зургын солиболцолыг ашиглан тодорхойлсон 9800 м.кв талбайтай газрыг иргэн Ц.Ц Ч.Ү, Ш.Г нарын хашаалсан газартай давхцуулахад байршлын хувьд иргэн Ц.Цын хашаалсан 386 м.кв газартай 140 м.кв, Ч.Үын 439 м.кв газартай 302 м.кв, Ш.Гийн хашаалсан 504 м.кв талбайтай 442 м.кв талбайгаар тус тус давхцсан байна гэжээ.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нар 2005-2007 онуудад маргаан бүхий газарт ирж суурьшиж хашаа барин өнөөдрийг хүртэл амьдарч  байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий газарт үзлэг хийсэн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар-кадастрын мэдээллийн санд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2005-2007 оны агаарын зурагтай 2006 оны газрын кадастрын мэдээллийн сангийн зураг мэдээлэлтэй давхцуулсан зураг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч тал хэдийгээр дээрх гурван иргэнийг маргаан бүхий газрыг эзэмших эрх үүсээгүй, бусдын эзэмшлийн газартай давхцсан гэж тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт 2005-2008 оноос хойш ажиллаж амьдарч, эзэмших хүсэлт гаргаад байхад төрийн захиргааны байгууллага иргэнийг  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах” эрхээ эдлэх боломжоор хангаж, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газраас өмчлүүлсэн бол ийм байдал үүсэхгүй байх боломжтой байжээ.

Мөн захиргааны байгууллага, албан тушаалтнууд нэхэмжлэгч нартай хөрш зэргэлдээ амьдардаг иргэний газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж,   “Т” ХХК-ийн газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан атлаа  нэхэмжлэгч иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэхгүй орхидуулж бүтэн 10-аад жилийн дараа буюу 2014 онд шаардах хуудас гардуулж, иргэдийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан үндсэн эрхийг эдлүүлээгүй гэж үзэхээр байна.

Зүй нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ” гэсний дагуу Б дүүргийн Газрын алба “Т” ХХК-д эзэмшүүлсэн газрын кадастрын зураг үйлдэж, мэдээллийн санд оруулахын өмнө тэр газар дээр амьдарч байгаа иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэхээр байжээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа “маргаан бүхий газар амьдарна гэж зүтгэхгүй, Б дүүргээс нийтийн тээвэр ирдэг, тог цахилгаантай, түргэн тусламж очих боломжтой амьдрах газрын асуудлыг шийдвэрлэж өгвөл хэзээ ч нүүхэд бэлэн байгаа” гэж, гуравдагч этгээдийн талаас “шүүхээс ямар шийдвэр гаргаснаас үл шалтгаалан дүүргээс эдгээр иргэдийн газрын асуудлыг нь шийдвэрлэж өгвөл манай компани нүүх зардал хашааны асуудлыг бүрэн хариуцна” гэж тайлбарлаж байгаа болно.

  Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/273 дугаар захирамжийн 1.2 дахь заалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үерийн далан сувгийн барилга байгууламжийн зориулалтаар Б дүүргийн 10, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт  1.9 км үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд зориулан 5.7 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ газарт “Т” ХХК-ийн эзэмшил газар буюу  нэхэмжлэгч нарын  хашаалан амьдарч буй газар орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамж, Улаанбаатар хотын Б дүүргийн 0 дугаар хороо, Эрдэнэ толгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг зэрэг бичгийн нотлох баримтууд болон хариуцагч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

  Иймд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна”, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэсний дагуу үерийн хамгаалалтын барилга байгууламж барих газарт амьдарч буй иргэдийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан үндсэн эрхийг эдлүүлж зохих хууль журмын дагуу  газар эзэмшүүлж, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4,  Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993/ 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.1-д заасныг баримтлан Ц.Ц нарын нэхэмжлэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 тоот тогтоолын, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. .

2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, 3, 12, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.4.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Б дүүргийн Газрын албанд Ц.Ц нарын гурван иргэний гэр бүлийн хэрэгцээнд зохих хууль журмын дагуу газар олгох асуудлыг зохион байгуулахыг даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ