| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0150/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/159 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хулан
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох эрүүгийн 1925001500136 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц.Быг 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-өндөр сум Яргуйт багийн Хөтөлийн 7-9 тоотод Н.Оюун-Отгоны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бын мэдүүлсэн: Сайн санахгүй байна. Аззаяа, Лхагвадорж нар тийм юм болсон гэж хэлсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэр бүлдээ гай зовлон авчирсандаа маш их харамжсаж байна. Хохирогчид 400,000 төгрөг төлсөн. Эхнэр сая төрсөн тул хөнгөн ял оногдуулна уу гэх мэдүүлэг, болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Хохирогч Н.Оюун-Отгоны мөрдөн байцаалтад өгсөн... “Тэгээд сууж байсан чинь Булгантамир гэх залуу намайг чирээд гэрийн баруун талд байсан орон дээр суулгасан. Тэгээд гал тогооны шүүгээнээс хоёр хутга гаргаж ирээд хооронд хавираад өнөөдөр орой та гурвыг ална гэж сүрдүүлээд миний эрүүнд хутгаа тулгаад чиний үсийг хусна гэж айлгасан. Тэр Булгантамир гэх залуу миний хувцасыг хүчээр тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Тэр үед Азаа нөгөө найзтайгаа галын урд сууж байсан. Бэлгийн харьцаанд орж дуусаад Булгантамир нөгөө хоёрыг дэлгүүрээс ундаа тамхи аваад ир гээд явуулсан. Тэр хоёр гараад явсан чинь Булгантамир дахиад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Намайг 2 дахь удаагаа бэлгийн харьцанд орж байхад Азаа найзтайгаа дэлгүүрээс ирээд гэрийн хаалга цохисон. Тэгсэн чинь Булгантамир гэрийн үүдийг онгойлгож өгсөн. Тэр үед би хувцасаа өмсөөд гараад гүйсэн. Тэндээсээ шууд гэртээ хариад дүү Тэлмүүнд болсон хэргийн талаар хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/
-Гэрч А.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн...Тэгээд удаагүй байхад Оюун-Отгон ирсэн. Оюун-Отгоныг ирсний дараа Лхагвадорж гал түлэх гээд би гаднаас мод оруулж ирж байхад Булгантамир гэнэт зуухны хажууд байсан шар өнгийн бариултай хутгыг аваад Лхагвадорж бид хоёрыг дуугүй бай ална шүү гээд хутгатай гараараа зангаад байсан. Тэгж байгаад Оюун-Отгоныг гэрийн баруун талын орон дээр хэвтүүлээд түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Би тэгэхээр нь боль гэсэн чинь Булгантамир намайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд бэлгийн харьцаанд орж дууссан чинь Оюун-Отгон хувцасаа өмсөөд гарсан. Би араас гараад түүнийг олоогүй. Эргэж гэртээ орж ирээд Булгантамиртай ойр зуурын юм ярьж байгаад унтаж амарсан. Унтаж байхад цагдаа нар ирсэн.”... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/
-Гэрч Ш.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн......”Азаагийн гэр рүү явж байхдаа дэлгүүрээс 0.75 граммын Нутаг нэртэй архи авсан. Азаагийн гэрт ирээд тэр архиа уусан. Тэр архийг ууж байхад Оюун-Отгон гэж эмэгтэй ирсэн бөгөөд Азаа “энэ манайхаас тоос сорогч авах гэж байгаа юм” гэж хэлсэн. Оюун-Отгоныг ирсэн чинь Булгантамир гал тогооны шүүгээнээс хутга аваад бид гурвыг айлгаад Оюун-Отгон гэж эмэгтэйг сүрдүүлэх маягтай юм болж байгаад Азаа бид хоёрын хажууд Булгантамир Оюун-Отгон гэж эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дууссан чинь нөгөө эмэгтэй гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
-Гэрч Тэгшжаргалын мөрдөн байцаалтад өгсөн......”Оюун-Отгоны гэр рүү явж байтал хүү Баярням нь утсаар яриад ээж гэртээ ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд гэрт нь явж очоод дүү Оюун-Отгоныг хаана байсан талаар асуухад Оюун-Отгон Азаа гэж айлд очсон чинь тэнд 2 залуу архи уугаад сууж байсан. Нэг залуу нь намайг хүчиндсэн гэж хэлэхээр нь шууд цагдаад мэдэгдээд өөрсдөө ирсэн. Азаа гэх айл руу цагдаатай очтол тэнд 3 залуу унтаж байсан. Цагдаа нар тэр 3 залууг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
-Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 248 дугаартай ...Н.Оюун-Отгоны биед баруун хөхөн дээр зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д засны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Бэлгийн замын халдварт өвчин илэрээгүй. Баруун хөхөн дээрх зөөлөн эдийн цус хуралт нь хүчиндэх гэмт хэргийн улмаас үүссэн ул мөр байхыг үгүйсгэхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/.
-Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 201 оны 03 сарын 22-ны өдрийн 22 дугаартай ... Магадлуулагч Н.Оюун-Отгон нь F20.0 өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Магадлуулагч Н.Оюун-Отгон нь хэрэг болох үед, дүгнэлт гаргах үед F20.0 өвчний намжилтын үе шатандаа байсан. Н.Оюун-Отгоны F20.0 өвчин бүрэн эмчлэгддэггүй. Сэтгэцийн нөлөөт эмчилгээний нөлөөнд сэдрэл, намжилтын байдлаар явагддаг сэтгэцийн архаг өвчин юм. Өвчин намжилтын шатандаа байгаа тул үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Н.Оюун-Отгон нь байнга гэрээр сэтгэц нөлөөт эм ууж өвчин намжилтын шатандаа байгаа тул хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй. гэсэн дүгнэлт ”... гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/.
Шинжээч эмч Ж.Должмаагаас авсан мэдүүлэг ....”Сэтгэцийн F20 гэдэг нь шизофрин буюу дотоод шалтгаант сэтгэл задрах өвчний олон улсын нэршил нь F20 юм. Энэ өвчин нь бүрэн эдгэрдэггүй өвчин юм. Тухайн хэргээс хамаарч хохирогч хэсэг хугацаанд шок, файнагт орсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Оюун-Отгоны шинжилгээг хийх байх явцад Оюун-Отгонболсон хэргийн талаар тодорхой дэлгэрэнгүй сайн ярьж байсан. Тэгэхээр түүнийг ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан байна гэж дүгнэж болох юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-өндөр сум Яргуйт багийн Хөтөлийн 7-9 тоотод Н.Оюун-Отгоны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч хохирогчид хутга тулган хувцасыг нь хүчээр тайлж хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн харьцаанд оржээ.
Шүүгдэгч Ц.Бын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг “хүчиндэх” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдлууд бүрэн нотлогдсон, зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-өндөр сум Яргуйт багийн Хөтөлийн 7-9 тоотод Н.Оюун-Отгоны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Шүүгдэгч анх удаагийн хэрэгт холбогдсон, бага насны олон хүүхэдтэй, ар гэрээ тэжээдэг, хохирол төлсөн, цаашид ч төлөхөө амласан, гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэнэ үү гэжээ.
Хохирогч Н.Оюун-Отгон болон хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг нар нь “хохиролд 400,000 төгрөг хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгджээ.
Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь хувийн байдал, үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, тэнсэнгийн хугацаанд шүүгдэгч хязгаарлалтыг зөрчиж эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Ц.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ