Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00570

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11443 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

92,812,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, ******* аймгийн ******* сумын 5-р баг, ******* гудамж, 5а тоотод байрлах *******ийн шугам дэд бүтцэд холбогдсон 103 м.кв амины орон сууц, 36 м.кв гараашны хамт даатгалын гэрээнд заасан үндсэн эрсдэлээс хамгаалуулахаар *******-нд даатгуулсан ба даатгалын төлбөрөө хугацаанд нь төлж байсан.

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* хотод газар хөдлөлт болж, улмаар миний амины орон сууц, гараашны шалны доорх PVC халаалтын шугамд гэмтэл үүсэж 3 хоног ус алдсан. Үүнээс болж байшинд их хэмжээний ус тогтож өвөл хөлдөн тэлж байшингийн суурь буюу хундамыг хагалсны улмаас байшин голоороо том хэмжээтэй цууралт өгч, хүн амьдрах боломжгүй болсон.

Гэрээний нөхцөлийг үндэслэн төлбөр олгохыг шаардсан боловч татгалзсан хариуг өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9/3426 тоот хариу мэдэгдэх хуудсаар гэрээний сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөлөлд хамаарах үндэслэлтэй байх тул гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй гэх хариу өгсөн.

Иймд даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 92,812,625 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 24, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр даатгалын зүйлд одоо үүссэн байгаа хохирол нь 2019 оноос эхлэн бий болсон нь тогтоогдсон.

******* аймгийн ******* ******* ОНӨААТҮГ нь гэрээний хугацаанаас өмнө үүссэн үйл баримтыг дүгнэх эрх бүхий этгээд биш, мөн эдгээр үйл баримтын талаар нэхэмжлэгч нь даатгагч болон Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгөлгүй худал мэдээлсэн байдаг.

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, гэрээний 3.1.13, 3.1.2, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******-аас 44,531,588 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,281,037 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 380,608 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Даатгалын гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалт гээд нөхцөл нь гал түймэр, дэлбэрэлт гээд эхэлж байгаа. Энэ дээр сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөлөл, байгалийн гамшиг, үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга мөндөр, хүчтэй салхи гээд нөхцөлүүд тусгагдсан байдаг. Тус нөхцөл байдал үүссэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч шинжээч томилуулах хүсэлт гаргаж, тус хүсэлтийг шүүхээс хангаж, Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-аас 85,380,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон.

Гэвч анхан шатны шүүх 44,531,588 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь учирсан хохирлын нөхөн төлбөрт хангалтгүй тул хариуцагчаас 85,380,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2, 5, 4.4-т заасан үндэслэлүүд нь шалтгаант холбоогүй ба цаг хугацааны хувьд боломжгүй, нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэж байна.

Хөвсгөл аймагт газар хөдлөлт болсны улмаас ******* аймаг орчимд чичирхийлэл мэдэгдсэн гэх тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэний улмаас нэхэмжлэгчийн байшингийн ойр орчимд болон ******* аймгийн бусад иргэд, аж ахуйн нэгжийн эд хөрөнгөд хохирол учирсан гэх баримт хэрэгт авагдаагүй.

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр газар хөдлөлт болсны улмаас шугам задарч ус алдсаныг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр илрүүлэн ус алдалтыг зогсоосон гэдэг ч хохирлын үнэлгээнд дурдагдсан хохирол хоёр хоногийн дотор үүсэх боломжтой хохирол биш, тус хугацаанд үүссэн гэдгийг нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. 2 хоногийн ус алдалтын улмаас хөрсний усны ихжилт үүсэж ойр орчмын барилгуудад мөн адил хохирол учирсныг нэхэмжлэгч няцааж чадаагүй ба зөвхөн нэхэмжлэгчийн байшинд биш тэр хавийн айлуудад мөн адил хохирол учирсан үйл баримтыг шүүх бүрэн тогтоогоогүй.

******* аймгийн *******-******* ОНӨААТҮГ нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар тодорхойлолтоор "2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шалны халаалтын Ф20мм-н шугамын холболт задарсан" гэж 2 жилийн дараа үйл явдлыг болсон мэтээр тодорхойлоод байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилуулж, нэхэмжлэгчийн газар анхнаасаа намагтай, хөрсний устай суурь нуугдмал алдаатай байсан эсэх, цуурсан гэх шугамыг шалгуулахыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* "******* фейсбүүк хаягийн бичлэг, постуудад шүүх үзлэг хийхээс татгалзаж, нотлох баримт дутуу бүрдүүлсэн.

******* болон бусад ойр орчмын оршин суугчид нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр paparazzi.mn сайтад өгсөн ярилцлагадаа 2019 оноос хойш ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Нацагдоржийн ******* гудамж тэр чигээрээ хөрсний ус болон шугам сүлжээний ус алдагдлаас болж энэ хавийн айлууд бүхлээрээ усанд автсан гэдэг.

Мөн даатгагчийн шуурхай албаны мэргэжилтний дүгнэлтээр нэхэмжлэгчийн ойр хавийн айлууд мөн адил байшин, хашааны цууралттай, газар нь намагтай газар байсан болох нь тогтоогддог.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Даатгалын гэрээ байгуулагдаж, даатгалын эрсдэлийг тодорхойлохдоо байгалийн гамшиг, сантехникийн нөлөөлөл хамаарахаар заасан. Байшингийн дулааны хоолой газар хөдлөлтийн улмаас цоорсон нь тогтоогдсон тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулахдаа хохирлын үнэлгээг 65,000,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд түүнд тохирсон хураамжийг төлсөн. Нэхэмжлэгч талаас даатгалын гэрээний үнэлгээнээс их дүн нэхэмжилж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх гэрээнд заасан эрсдэл учирсан эсэхийг бүрэн тогтоогоогүй. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч: *******-д холбогдуулан даатгалын гэрээнд заасан эрсдэл тохиолдсон үндэслэлээр нөхөн төлбөрт 92,812,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй эрсдэл нь даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн, гэрээ байгуулахад энэ талаар мэдэгдээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий үйл баримтыг тогтоолгох үүднээс хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. ******* нь *******-тай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, ******* аймгийн ******* сумын 5-р баг ******* гудамж, 5а тоотод байрлах улсын бүртгэлийн ******** дугаартай, мансардтай 103 м.кв талбайтай амины орон сууц, 36 м.кв талбайтай автогражийг даатгуулж даатгалын хураамжийг төлжээ.

 

3.1. Уг гэрээгээр бүх төрлийн гал түймэр, дэлбэрэлт, сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөлөл, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учруулсан хохирол, цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, байгалийн гамшиг зэргийг үндсэн эрсдэлд тооцохоор харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газар хөдлөлт болсны улмаас халаалтын шугамд гэмтэл үүсэж, улмаар ус алдсаны улмаас даатгалын зүйлд эрсдэл үүссэн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг заасан.

Харин хариуцагчийн зүгээс даатгалын зүйлд учирсан гэх эрсдэл нь даатгалын гэрээг байгуулахаас өмнө үүссэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3.2. Нотлох үүргийн хуваарилалтын хүрээнд нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* ******* ДЭХГ ОНӨААТҮГазрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 тоот албан бичиг, түүний хавсралт болох ус алдагдал тодорхойлсон тэмдэглэл, Шинжлэх Ухааны Академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 140 тоот албан бичиг, ******* аймгийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/01 дугаар дүгнэлт зэргийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор хэрэгт баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчийн зүгээс эдгээр баримтаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй гэж үзээд өөрийн мэтгэлцээний байр суурийг нотлох зорилгоор 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гэмтэл гарсан гэх халаалтын шугам нь бүрэн бүтэн эсэх, нэхэмжлэгчийн байшинд цууралт үүсч, эвдрэл гэмтэл гарсан шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

Гэвч анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/53619 дүгээр захирамжаар уг хүсэлтийг хангаагүй.

 

3.3. Хариуцагчийн гаргасан дээрх хүсэлт нь даатгалын зүйлд учирсан гэх гэмтэл, эвдрэлийн шалтгаан, үүссэн цаг хугацаа, нөхцөл байдлыг тогтоох, улмаар уг гэмтэл нь даатгалын гэрээний үйлчлэлийн хугацаанд хамаарах эсэхийг тодруулахад ач холбогдолтой байжээ.

Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын хүрээнд хариуцагчийн өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг хангаагүйн улмаас хариуцагчийн мэтгэлцээний байр суурьд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир нэхэмжлэгч талын гаргасан хохирлын үнэлгээний талаарх гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11443 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 548,850 төгрөг, хариуцагчийн төлсөн 380,610 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.БАДРАХ