Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Г.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.П-ид холбогдох эрүүгийн 1938005390345 дугаартай хэргийг  2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.П-, 

Шүүгдэгч Г.П- нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багт хохирогч Т.Д-тай найзыгаа өмөөрч маргалдсаны улмаас түүний толгойн тус газар модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Г.П- нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багт хохирогч Т.Д-тай найзыгаа өмөөрч маргалдсаны улмаас түүний толгойн тус газар модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938005380331 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны                   8 дугаар сарын 04-ний 03 цаг өнгөрч байсан...Би хоёр найзын хамт хувцсаа авах гээд “айлын гудамж нь мөн үү” гээд ярилцаад байж байсан. Тэгтэл тухайн гудамжинд зогсож байсан эрэгтэй эмэгтэй хоёрын эрэгтэй нь над дээр ирээд “та болзож байхад гай болоод байна, машиныхаа гэрлийг унтраачих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “айл олох гээд явж байна, гэрлээ унтраахгүй. Чи өөрөө гэрлээс гадуур гараад явчих” гэж би хэлсэн. Тухай залуу надтай, “чадахгүй” гээд надтай маргалдсан. Мөн миний хажууд байсан залууг “чи МСҮТөвд байсан банди байна, таниад байна” гээд томорсон. Тухайн залуу гэрээсээ бололтой хоёр залуу дуудаж гаргаж ирэхээр нь би машинтайгаа хөдөлсөн чинь машины ард цонхыг хэн нь мэдэгдэхгүй хагалсан. Би зогсоод “та нар яаж байна” гэтэл анх надтай маргалддаг залуу банзаар миний толгойн ар хэсэгт цохисон. Би тэр залууд цохиулчаад босох гэтэл босч чадахгүй байсан.Намайг хэвтэж байхад хүмүүс дээрээс цохиж дэвсэж байсан. Манай Пүүжий гэх найз миний машиныг хөдөлгөөд намайг аваад хойш иргээд тухайн хүмүүс зугтсан. Миний толгой өвдөөд найз Отгонсүхэд “цагдаа дууд, миний толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Намайг цохисон гэх тэр залуу согтуу баисан. Мөн араас гарж ирсэн найзууд нь хүртэл согтуу байсан...Тухайн үед гадаа тас харанхуй байсан. Мөн миний Тоёота ист маркийн машины буруу талын хойд хаалганы загасан жижиг шилийг хагалсан...Даваадорж гэх залуу “би гараараа хагалсан” гэж хэлж байсан. Тухайн үед түүний гар нь цустай болчихсон байсан. Би уг хагалуулсан шилээ Улаанбаатар хотоос 100.000 төгрөгөөр захиж авчруулаад Мөрөн сумын засварын газарт 25.000 төгрөгөөр солиулж хийлгэсэн. ...Би одоогийн байдлаар эмчилгээндээ нийт 2.000.000 орчим төгрөг зарцуулчихсан байгаа. Үүнээс 500.000 төгрөгийг Даваадоржийн ар гэрийнхэн өгсөн байгаа... Мөн Пүрэвдорж миний хохирлыг барагдуулсан. Тийм болохоор би Пүрэвдорж гэх залуутай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Надад цаашид нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга байна. Би гомдолгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-25-р тал/

Гэрч Н.Отгонсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны                         8 дугаар сарын 03-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байх үед...найз Т.Д-гийнхаа хамтаар тухайн шөнөдөө таксинд явсан. Таксинд явж байхад /яг цагийг нь сайн санахгүй байна/ Мөрөн сумын 7 дугаар багаас Пүрэвдорж гэх таньдаг найз маань суугаад Мөрөн сумын 10 дугаар багт хүргүүлэхээр болсон. Пүрэвдорж Мөрөн сумын 10 дугаар багт байдаг айлаас “хувцсаа авчихаад харина” гэж байсан. Пүрэвдорж хувцсаа авах айлаа олохгүй байсан ба бид нар машинтайгаа Мөрөн сумын 10 дугаар багийн гудамжинд зогсож байхад нэг залуу ирээд Т.Д-г “машиныхаа гэрлийг унтраачих” гэж хэлсэн. Тэгэхэд Т.Д- найз маань “харанхуй шөнө гэрэлгүй яаж явах юм бэ, чи согтуу байгаа юм бишүү, гэртээ ороод унтчих” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “чи тэгвэл наанаа байж байгаарай” гэж хэлчихээд нэг хашаа руу гүйгээд орчихсон. Удалгүй тэр залуу хоёр залуу дагуулсаар гарч ирсэн. Тэр залуутай хамт гарч ирсэн хоёр залуугийн нэг нь над руу “чи намайг танихгүй байна уу, чи манай тэрүүгээр адуу хайгаад явж байсан байна шүү дээ “гэж хэлсэн. Тэгээд би тэр залуутай ярилцаад учраа олчихоод явах гээд байж байхад анх Т.Д-тай маргалдаад байсан залуу машины жолоочийн хойд хаалганы загасан шилийг модоор цохиод хагалчихсан. Тухайн үед Т.Д- машинаасаа “яаж байнаа” гээд буухад тэр залуу барьж байсан модоороо Т.Д-гийн толгой руу цохиод унагаачихсан. Би тухайн үед машинаас буугаад Т.Д- дээр очих гэхэд Т.Д-г цохьсон залуу мод бариад өөдөөс гүйгээд ирэхээр нь шууд цаашаагаа зугтаачихсан. Тэр үед Пүрэвдорж найз маань “машиныг дахиад цохьчих байх” гэж бодоод машинаа унаад цаашаа холдуулсан байсан...Тэгээд би Т.Д-г машинд нь суулгасныхаа дараа цагдаагийн газарт дуудлага өгч тэмдэглүүлсэн...Тухайн үед гадаа харанхуй байсан. Т.Д-г машинаас буухад л тэр залуу толгойруу нь модоор цохиод унагаачих шиг болсон. Т.Д-г цохих аймаар дуу чимээ сонсогдсон...Тухайн үед Т.Д- огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний хувьд ч гэсэн эрүүл саруул байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

Гэрч Ө.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 03-ны орой Тосонцэнгэл сумаас миний хувцсыг Мөрөн сумруу өгч явуулсан байсан юм...Тэгээд би 8 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийнхөө 01 цагийн орчимд хувцсаа очиж авчирахаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад Мөрөн сумын 7 дугаар багт явж байгаад таксинд гар өргөхөд нэг машин зогссон. Тухайн машинд ороод суухад найз Отгонсүх маань Т.Д-гийн хамтаар түүний машинтай таксинд явж байсан...Тэгээд Мөрөн сумын 10 дугаар багийн хамгийн ард талын гудамжинд очоод хувцас авах хүнийхээ гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан учраас тухайн хүнийхээ гэрийг олохгүй Т.Д-гийн машинтай гудамжинд зогсоод дахиад нөгөө хүнийхээ утасны дугаар луу залгаад сууж байхад нэг банди машин дээр хүрч ирээд Т.Д-г “машиныхаа гэрлийг унтраачих” гэж хэлсэн. Тэгэхэд Отгонсүх “чи одоо харьж амар” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу үзүүрийн хашаа руу явж ороод хоёр залуу дагуулж гарч ирээд бид нар дээр ирсэн. Тэгэхэд тэнд байсан нэг залуу нь Отгонсүх рүү “чи манай тэрүүгээр малаа хайж явсан, би чамайг мэднэ, би чамайг хаа таарсан газар чинь ална” гэж хэлээд Отгонсүхийг цонхоор цохих шиг болсон. Тэгэхэд Т.Д- “одоо та нар орж амарцгаа” гэж хэлсэн. Тэр банди нар хашаа руугаа орчихоод “алаад өгье” гээд мод бариад гараад ирсэн Мод барьж гарч ирж байгаа нь машины гэрэлд харагдсан. Тэгэхэд Т.Д- хөдлөөд хашааных нь урдуур машинтайгаа гарч явахад машиных нь хойд талын загасан цонхыг хагалчихсан. Тэгэхэд Т.Д- машинаа зогсоогоод буусан. Мөн түүнийг дагаад Отгонсүх буусан. Би тэр хоёрыг буусны дараа дахиад машиныг нь гэмтээчих байх гэж бодоод машиныг нь хөдөлгөөд цаашаагаа яваад гудамжинд эргүүлэх гэж байхад Отгонсүх гүйж ирээд “Т.Д-г тэнд зодоод байх шиг байна” гэж хэлсэн. Би тэгээд машиныг нь эргүүлчихээд гэрлээ хол дээр нь тусгаад харахад Т.Д- өөдөөс ирж яваа харагдахаар нь очиж авч машинд нь суулгаад тэндээсээ жоохон холдож зогсоод Отгонсүхийг цагдаад дуудлага өг гээд өгүүлсэн...Миний хувьд Т.Д-г зодуулж байхыг нь хараагүй, угаасаа гадаа тас харанхуй байсан...Ямарч байсан Т.Д-гийн машиныг эргуүлчихээд буцаад очиж авахад л Т.Д- ээрч муураад “толгой модоор цохьчих шиг боллоо” гэж хэлж байсан. ...Тэр хүмүүс нилээн согтуу байх шиг байсан. Харин Т.Д-, Отгонсүх бид гурав огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

Гэрч Г.Батцагааны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед найз Пүрэвдорж, Даваадорж нартайгаа Мөрөн сумын 11 дүгээр багт уулзсан. Тухайн өдөр найз Даваадоржийн маань төрсөн өдөр болж байсан юм. Даваадорж, Пүрэвдорж бид гурав Пүрэвдоржийн гэрт 2 том савтай Сэнгүр нэртэй пивыг гурвуулаа хувааж уучихаад тэндээсээ Даваадоржийн гэр лүү явсан...Найз Даваадоржийг маань Пүрэвдоржийн гэр лүү явчихаад буцаад ирэхэд нь тэдний хашааны гадаа машины гэрлээ тусгасан машинтай хүмүүс зогсож байсан юм шиг байна лээ. Даваадорж тэр хүмүүсийг “гэрлээ унтраачих” гэж хэлэхэд нь тэр машинтай хүмүүс нь Даваадоржийг дуудсан гэсэн. Найз Даваадорж маань явж очоод уулзахад “чи надад юу заадаг болчихсон юм бэ” гэсэн утгатай зүйл хэлсэн гэсэн. Үүнээс болж Даваадорж найз маань тухайн машинтай хүмүүстэй маргалдсан гэж хэлж байсан. Пүрэвдорж бид хоёрыг унтаж байхад Даваадорж орж ирж сэрээгээд гадаа машинтай хүмүүстэй маргалдсан талаараа хэлсэн. Тэгээд Даваадорж, Пүрэвдорж бид гурвыг гарахад Даваадоржтой маргалдсан гэх машинтай хүмүүс нь явчихсан байсан. Даваадорж, Пүрэвдорж бид гурвыг гадаа тамхи татаад зогсож байхад Даваадоржтой маргалдсан машинтай залуучууд ирээд бид нарыг “дайрчихъя” гээд хашаа руу шахаад өнгөрсөн. Тэр үед Даваадорж найз маань модоор машиных нь цонх руу цохьчих шиг болсон. Модоор цохих үед машины цонх хагарчих шиг болоод “пөд” гэх чимээ сонсогдсон. Тэгэхэд машинаас хүмүүс бууж ирээд Даваадорж, Пүрэвдорж хоёртой маргалдсан. Би тухайн үед хашаан дотор утсаар яриад зогсож байгаад утсаар ярихаа болиод хашаанаас гарахад маргалдаад дууссан бололтой машинтай залуучууд явж байсан...Тухайн хэрэг болсоны маргааш...найз Даваадорж маань “өчигдөрийн машинтай хүмүүс цагдаа дээр модоор цохиулсан гээд гомдол гаргачихсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд найз Пүрэвдорж маань “би модоор цохьчихсон шүү дээ” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

Гэрч Т.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

...Тухайн үед найз Пүрэвдорж маань намайг Т.Д-гийн машины цонхыг гараараа цохиод хагалсаны дараа Т.Д-г над руу гүйж ирэх үед хашаанаас гарч ирээд түүнийг цохьсон. Би тухайн хашааны хаалганы ертөнцийн зүгээр зүүн талд зогсож байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас би Пүрэвдоржийг юугаар Т.Д-гийн хашаа цохьсоныг нь хараагүй. Т.Д- нь Пүрэвдоржид цохиулчихаад хальт тонгойж сууснаа босож ирээд надтай барилцаж авсан. Тэгж барилцаж авсан байхад би түүнийг гэдэс рүү өвдөглөсөн. Тэгээд байж байхад л Пүрэвдорж ирж салгаад намайг гэрлүү авч орсон. Тухайн үед ийм л зүйл болсон. Тухайн үед маргаан болсон шалтгаан нь Т.Д- машинтайгаа манай гудамжинд гэрлээ тусгаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би “машиныхаа гэрлийг унтраачих” гэж хэлсний улмаас л тухайн хүмүүстэй маргалдсан. Үүнээс өөрөөр маргаан болоогүй...Тухайн үед гадаа харанхуй байсан, сар гараагүй байсан. Гудамжинд хүртэл гэрэл байхгүй байсан. Т.Д-г найз Пүрэвдорж маань хашааны хажуу талд байсан богино приүс модоор цохьсон гэж надад хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

Гэрч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний хүү Ганчулуун овогтой Пүрэвдоржийн...зан чанарын хувьд гэвэл элдэв муухай ааш авир байхгүй, төлөв даруу зантай, шударга, тусч, хүнд хэлье гэсний хэлчихдэг, хүнтэй харилцаа сайтай хүн байдаг. Би хүүгээ архи тамхи хэрэглэж байхыг нь огт харж байгаагүй учраас хэрэглэдэггүй л гэж боддог...Би хүү Пүрэвдоржийгоо хүн зодсон хэргээр шалгагдах болсон гэдгийг Даваадоржийн ээж Одгэрэлээс мэдсэн. Тэгээд хүү Пүрэвдоржоосоо юу болсон талаар асуухад “Даваадоржийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаад Даваадоржийн гэрийн гадна Даваадоржийг хүн дээрэлхээд маргаан үүсгэсэн байх үед Даваадоржтой маргалдаж байгаа залууг модоор цохьсон” гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/

Шүүгдэгч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:... Би хохирогч Т.Д-гийн эмчилгээнд гарсан хохирлыг төлж барагдуулан, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Миний хувьд Т.Д-г модоор цохиж биед нь хүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        8 дугаар сарын 08-ны өдрийн 406 дугаартай: Т.Д-гийн биед зүүн чамархай зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүнчамархай зулайнд шугаман хугарал, баруун зулайнд цууралт бүхий гэмтэп тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.Т.Д-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 53-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        9 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаартай: ...Яллагдагч Г.П-, өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарын гаогаж өгсөн баримтуудыг үндэслэн Т.Д-гийн биед зүүн чамархай зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай зулайнд шугаман хугарал, баруун зулайнд цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүдийн цус хуралт нь шимэгдэлт явагдаж эхэлсэн ба хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Т.Д-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна..гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 58-р тал/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 9-10-р тал/

Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-р тал/

Г.П-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-р тал/

Хохирогч Т.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 87-101-р тал/

Хохирогч Т.Д-гийн шүүгдэгч Г.П-той сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 84-р тал/,

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-83-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.          

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Хэргээс үзэхэд шүүгдэгч Г.П- нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багт хохирогч Т.Д-тай найзыгаа өмөөрч маргалдсаны улмаас түүний толгойн тус газар модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар  агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгээр батлагдсан.  Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд санаатай халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Г.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль эрх зүйн мэдлэг дутуу зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                                          

              Шүүгдэгч Г.П- нь хохирогч Т.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.П- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р тал/-аар тогтоогдож байна.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Шүүгдэгч Г.П-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Г.П-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч Г.П-ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 44 см урттай мод нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938005390345 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ид оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938005390345 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 44 см урттай мод нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай..

5. Эрүүгийн 1938005390345 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР