| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/01268/И |
| Дугаар | 201/МА2026/00005 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 201/МА2026/00005
Г.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01366 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох
“Нийгмийн даатгалын газраас дутуу олгогдсон лист 237 516 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Миний бие 2025 оны 02 сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Бүсийн эмчилгээ үйлчилгээний төвд хэвтэн эмчлүүлж эмнэлэгийн хуудсаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн сангаас авсан.
Тэтгэмжийг 2024 оны 11, 12 сар, 2025 оны 1 дүгээр сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 75 хувиар тооцож ажлын 6 хоног, тэтгэмжийн сангаас 1 хоног нийт 156 260 төгрөгийн тэтгэмж олгогдсон. Ингэхдээ 2024 оны 11 дүгээр сарын цалин 20 хоног, 12 дугаар сард олгогдсон урамшуулалт цалин, 2025 оны 01 дүгээр сарын ажлын 5 хоногт оногдсон цалинг Нийгмийн даатгалын программ автоматаар ажлын 63 хоногт хуваан нэг өдөрт ноогдох цалин хөлсийг дутуу тооцоолж 237 516 төгрөг дутуу олгосон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан хавсралтын 2.1.2-д нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд ажилласан цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж олгоно гэсэн заалтыг зөрчин 25 хоногийн цалинг 63 хоногт хувааж тэтгэмжийн мөнгө 237 516 төгрөгөөр дутуу олгосон. Иймд нийгмийн даатгалын газраас дутуу олгогдсон 237 516 төгрөгийг гаргуул өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: “...Г.*******ийн хөдөлмөрийн чадвараа түр алдсан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны эмнэлгийн хуудсаар бичигдсэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх сүүлийн дараалсан 3 сарын буюу 2024 оны 11, 12, 2025 оны 01 дүгээр сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 75 хувиар тооцож, ажлын 6 өдрөөр бодож олгосон.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх дараалсан гурав ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн... даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Даатгуулагчид олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ... хувь хэмжээгээр тооцно.” гэж тус тус заасан.
Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг бодохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д “хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, ... тооцож болно.” гэж заасныг баримтлан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын цалин хөлсний дунджийг 21-т хувааж нэг өдөрт ногдох дундаж цалин, хөлсийг тооцож, уг дүнгээс шимтгэл төлсөн хугацаанд ногдох хувиар нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тогтоож байгаа болно.” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газраас 58 097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 179 419 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Г.*******эд тэтгэмж олгох харилцааг нарийвчилсан хуулиар буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчид олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн хугацааг харгалзан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцно гэж заасан бөгөөд дараах байдлаар тооцно.
Сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлсний нийлбэр: (364 147+312 600+1 510 900)=2 187 647 төгрөг;
Сарын дундаж цалин, орлого: 2 187 647:3=792 216 төгрөг; Өдрийн дундаж цалин хөлс, орлого: 792 216:21=34 724 төгрөг;
Ажлын нэг өдөлт ногдох тэтгэмжийн хэмжээ: 34 724*75%=26 043 төгрөг;
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох нийт өдөр ажлын 6 өдөр;
Олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээ: 26 043 * 6 өдөр = 156 260 төгрөг;
Ажил олгогчоос олгох тэтгэмж: 26 043 * 5 өдөр = 130 217 төгрөг;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж: 26 043 * 1 өдөр = 26 043 төгрөг;
... Анхан шатны шүүх өдрийн дундаж цалинг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.2-т “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дундажийг тодорхойлоход энэхүү журам хамаарахгүй” гэж заасан байхад тус журмыг баримтлан тооцсон нь хууль, журамд нийцээгүй байна.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Заавар батлах тухай” А/267 дугаар тушаалын хавсралтаар “Тэтгэмж бодох заавар”-ыг баталсан бөгөөд тус зааварын 4.4, 4.5-д заасныг шүүх хэрэглээгүй шийдвэрлэсэн.
Дээрх зааврыг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа болно.
Хариуцагч Нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгч******* Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан тэтгэмжийн зааварыг тус тус баримтлан зөв тогтоон олгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийг ярьж байна. Би мэдээж эхлээд энэ талаар хүсэлтээ нийгмийн даатгалын газарт гаргаж байсан. ******* дарга, Ариунболд дарга нар дээр ч очиж уулзаж байсан. Анх надтай уулзахдаа “тийм байна. Бид нар программын дагуу бодсон. Бид нар эндээс өөрчилж чадахгүй байна. Дээд газар руу хүсэлтээ явуулсан” гэж хэлсэн. Гэвч дээд газраас нь “засварлаж болохгүй” гэж хэлсэн юм шиг байна лээ. Ингээд л намайг хохироох үйлдэл гаргасан гэж үзэж байна. Ингэж иргэнийг хохироож болохгүй. Сарын дундаж ажлын өдрийг л 21 хоног гэж бодож байгаа. Тэрнээс биш 5 хоног ажиллаад л 21-т хувааж болохгүй байх гэж бодож байна. Би бол тэтгэвэрээ тогтоолгочихсон. Гэхдээ цаашид иргэний эрх ашиг хөндөгдөхвий гээд энэ нэхэмжлэлийг гаргасан.” гэв.
7. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 онд нийгмийн даатгалын ерөнхий хууль шинэчлэн батлагдсан. Энэ хуулиар нилээдгүй зүйлс өөрчлөгдсөн. ******* гуайн хэлээд байгаа шиг бодолт өмнө нь бодогддог байсан нь үнэн. Гэвч 2024 оноос өөрчлөгдсөн. ******* нь урьд нь нягтлан бодогч хийж байсан. Тиймээс өмнө нь хэрэгжиж байсан хуулийн заалтын дагуу бодоод байна лээ. Сүүлд гарсан шинэчлэлтээр 21 хоногт хуваадаг болчихсон. Иймээс бид одоо дагаж мөрдөж байгаа хуулийн аргачлалаар л бодсон гэсэн үг. Ер нь бол бүтэн ажилласан эсэх, дутуу ажилласан эсэх нь хамааралгүй болсон. Урамшуулал тухайн сард авсан бол нэмэгдээд л бодогдож байгаа. Тэтгэмжийн хуудсан дээр 63 гэсэн тоо гарсан юм байна лээ. Гэтэл шинэ хуулийн дагуу 21-т хуваагдаж байгаа юм. Энэ хууль улс даяар ижил хэрэгжиж байгаа. Тиймээс бидний бодож байгаа бодолт нь зөв гэж хэлмээр байна. 2021 оны А/192 тоот журмын 1.2 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрийг гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс энэ журмыг анзааралгүй өнгөрөөсөн юм болов уу гэж бодож байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид бүхэн хууль тогтоодог биш хуулийг хэрэгжүүлдэг байгууллага гэдгийг хэлэхийг хүсч байна.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч Г.******* нь Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжээс дутуу олгогдсон 237 516 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.2-т “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд ажилласан цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж олгоно.” гэсэн заалтыг зөрчин 25 хоногийн цалинг 63 хоногт хувааж тэтгэмжийн мөнгө 237 516 төгрөгөөр дутуу олгосон. ...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ “...Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг бодохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д “хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, ... тооцож болно.” гэж заасныг баримтлан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын цалин хөлсний дунджийг 21-т хувааж нэг өдөрт ногдох дундаж цалин хөлсийг тооцож, уг дүнгээс шимтгэл төлсөн хугацаанд ногдох хувиар нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тогтоож байгаа.” гэж тайлбарлан маргадаг.
4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн ажиллаагүй хоногийг ажилласан гэж тооцож дундаж цалин хөлсийг тооцсон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн ... ” гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 58 097 төгрөг гаргуулж, үлдэх 179 419 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэгт няраваар ажиллаж байхдаа 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт ажлын 6 өдөр Дорнод Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн, мөн энэ хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авахаар хандахад хариуцагч байгууллагаас*******ийн сүүлийн 3 сар буюу 2024 оны 11 сараас 2025 оны 01 саруудад авсан нийт цалинг ажлын дундаж хоног болох 63 хоногт хуваан тооцож, ажил олгогчоос 130 217 төгрөг, Нийгмийн даатгалын сангаас 26043 төгрөгийг олгосон үйл баримт тогтоогдсон байна.
6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх дараалсан гурав ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй байх бөгөөд даатгуулагчид олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас хувь хэмжээгээр тооцохыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т хуульчилсан байна.
Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч 180 ба түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгал төлсөн буюу тэтгэмжийг тооцохдоо 75 хувиар тооцох талаар талууд маргаагүй, харин тэтгэмжийн хэмжээг буруу тооцоолсон эсэх нь тэдний хооронд маргааны зүйл болжээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч*******ийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг тооцохдоо “ ... Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.
Учир нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.2-т “ Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дундажийг тодорхойлоход энэхүү журам хамаарахгүй.” гэж зааснаас үзвэл уг журам нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах, улмаар уг тэтгэмжийн хэмжээг тооцоход хамаарахгүй байна.
8. Харин Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон бусад дагалдах хуулиуд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнийг даган нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг бодох заавар, журмууд өөрчлөгдсөн байна.
Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/267 дугаар “Заавар батлах тухай” тушаалын хавсралтаар “Тэтгэмж бодох заавар”-ыг баталсан байх ба уг зааварыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж тогтоолгох нөхцөлийг хангасан иргэн, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцох, тэтгэмж бодох, олгоход баримтлахаар баталжээ.
9. Нэхэмжлэгч******* нь тухайн заавар батлагдахаас өмнө буюу 2025 оны 02 дугаар сард хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг авахаар Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар хүсэлтээ гаргасан байх ба тус газраас дээрх зааврын дагуу нэхэмжлэгчид олгох тэтгэмжийг тооцож олгосон талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан.
Гэвч 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/267 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэмж бодох заавар” нь 2025 оны 02 дугаар сард буюу нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах үед мөрдөгдөж эхлээгүй байсан, мөн тухайн тушаалыг дагаж мөрдөх хугацааг тухайлан заагаагүй байгаагаас үзвэл батлагдсан өдрөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг бодохдоо хэрэгжиж эхлээгүй байсан зааврыг баримтлан тооцсон нь үндэслэлгүй байна.
10. Түүнчлэн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/267 дугаар “Заавар батлах тухай” тушаал батлагдахаас өмнө 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/72 дугаар “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг бодож олгодог байсан байх ба уг тушаалын 4.1.1-д хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж тооцох хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөрийн чадвар түр алдахын өмнөх сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцохоор, мөн бүтэн ажилласан сарын цалинг тодорхойлоход даатгуулагч тухайн сард хагас ажилласан гэж үзсэн тохиолдолд холбогдох санхүүгийн баримтыг үндэслэн бүтэн цалингаас тооцож болохоор заасан байна.
Гэвч дээрх А/72 дугаар тушаалыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/09 дугаар тушаалаар хүчингүй болгосон байх боловч үүнээс хойш 2025 оны 10 сарын 10-ны өдрийн А/267 дугаар тушаалаар “Тэтгэмж бодох заавар” батлагдах хүртэлх хугацаанд ямар журам, заавар мөрдөгдөж байсан нь тодорхойгүй, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан “... хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ... ” гэх ойлголтод даатгуулагчийн хагас ажилласан тохиолдлыг хамааруулж авч үзэх эсэх нь тодорхойгүй байсан байна.
11. Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан нэхэмжлэгч*******ийн 2024 оны 01 сараас 2025 оны 02 сар дуусталх хугацааны цалингийн картаас үзвэл тэрээр хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө буюу 2025 оны 9, 10, 11 дүгээр сард бүтэн ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба 2025 оны 9 сард 21 хоног ажиллаж 1 979 800 төгрөг, 10 сард 22 хоног ажиллаж 1 510 900 төгрөг , 11 сард 20 хоног ажиллаж 1 510 900 төгрөг, нийт 63 хоног ажиллаж 5 001 600 төгрөгийн цалин авсан байх бөгөөд талууд уг баримтын хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иймд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлж бүтэн ажилласан дээрх хугацаанаас нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцвол 79 390 төгрөг /5 001 600 : 63 хоног/ байх ба үүнээс 75 хувиар тэтгэмж бодоход ажлын нэг өдөрт ногдох тэтгэмж 59 543 төгрөг /79 390*75%/ болж байна. Үүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид олгосон 26 043 төгрөгийг хасаж тооцон, тэтгэмжийн зөрүү 33 500 төгрөгийг Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргуулах нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
12. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01366 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 58 097 төгрөгийг ” гэснийг “... 33 500 төгрөгийг ” гэж, “... 179 419 төгрөгийг ” гэснийг “... 204 016 төгрөгийг ” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН