| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0156/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/197 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1925001700139 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Бийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-4-2 тоотод оршин суух П.Пүрэвбаярын гэрт байхдаа Ч.Эрдэнэцогоогийн Төрийн банкны виза картыг халааснаас нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлан, виза картнаас нь 850.000 төгрөг авсан, АТМ бэлэн мөнгөний машины 1.000 төгрөгийн шимтгэл данснаас нь хасагдаж нийт 851.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд зааснаар/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн мэдүүлсэн: Эрдэнэцогоотой архи ууж байхад надад пин кодоо өгөөд би картнаас нь 850,000 төгрөг авсан нь үнэн. Эрдэнэцогоо согтуу байсан тул мэдэхгүй байгаа. Цагдаагийн байгууллагаас дуудсаны дараа “мөнгө зээлье гэж ярьчихаад,1 сая төгрөг өгье гэж хэлсэн нь үнэн. Энэ мөнгөөр өөртөө хувцас, утас авсан. Төлбөрийг нь төлөх болно гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Ч.Эрдэнэцогоогийн мөрдөн байцаалтад өгсөн:...” Тухайн өдөр Баттөмөр, Очирбаатар бид гурав “Ачит Холдинг” дэлгүүрийн АТМ-с карт уншуулан 20.000 төгрөг авсан юм. Би энэ үед Баттөмөрийг нууц кодыг харсан гэж бодож байна. Тэгээд бид гурав дэлгүүрээс нэг шил архи аваад Оюут багийн 2-4-2 тоотод оршин суух Пүрэвбаяр ахынд очсон юм. Тэгээд дөрвүүлээ нэг шил архийг хувааж уусан юм. Тэгээд би маргааш нь үүрээр сэрээд гэртээ харьсан юм. Тэгээд унтаж байгаад халаасаа ухаад картаа үзсэн чинь байхгүй болчихсон байсан. Тэгээд би хоёр, гурван хоногийн дараа Төрийн банк орж мөнгө авахдаа дансны хуулгаа авсан чинь 50.000 төгрөгөөр нэг, 800.000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийгдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
-Чулуундэжид овогтой Эрдэнэцогоогийн 1307001313331 дугаартай Төрийн банкны дансны хуулга. /хх-ийн 15-р хуудас/
-Хаан банкны Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-р хуудас/
- Гэрч П.Пүрэвбаярын өгсөн......”Цогоо надад хэлэхдээ “Баттөмөр миний картыг хулгайлж авчихаад одоо болохоор зээлсэн гэж яриад байна, би яалаа гэж зээлэх юм бэ, намайг өргөдөлөө буцаагаад авчих 1 000 000 төгрөг болгоод өгье гэж” яриад байх юм гэж надад хэлсэн гэх мэдүүлэг” /хх-ийн 22-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, дүрс бичлэгийн хуурцаг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-4-2 тоотод оршин суух П.Пүрэвбаярын гэрт архи ууж байхдаа Ч.Эрдэнэцогоогийн Төрийн банкны виза картыг халааснаас нь нууцаар, хууль бусаар авч Хаан банкны виза картнаас нь 850.000 төгрөг авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 851, 000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Бийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “пин кодоо өөрөө өгсөн” гэж мэдүүлсэн боловч энэ нь нотлогдохгүйн зэрэгцээ, хэргийн нөхцөл байдал, мөнгөний хэмжээ, хохирогчийн мэдүүлэг зэргээс шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Хулгайлах гэмт хэрэг мөн. Зээлж авсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Эрдэнэцогоо нь үйлдлээ санахгүй байх хэмжээний согтолттой байгаагүй. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү. Төлбөрийг төлөх болно гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:Хохирогч Ч.Эрдэнэцогоо шүүх хуралдаанд оролцохгүй,хохирол гомдлоо барагдуулах хүсэлтэй гэсэн бөгөөд шүүгдэгч Б.Бөөс 851,000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Эрдэнэцогоод олгохоор зааж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Бөөс 851,000 төгрөг гаргуулан Ч.Эрдэнэцогоод /Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-2-52 тоот, ФБ89033117/ олгуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1ш дүрс бичлэгийн хуурцагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ