Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 201/МА2026/00006

 

 *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 309/ШШ2025/01289 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод Нийтийн Аж ахуй ОНӨААТҮ газарт  холбогдох

Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын төлөлтийг нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэх, сургуульдаа хоцорч очсоны улмаас үүссэн хохирол болох 3,000,000 төгрөгийн хохиролыг гаргуулахтухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “...Миний бие *******гийн ******* нь тус байгууллагад 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуучин Захирал болох ******* Захиралтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан анх ажилд орж байсан. Үүнээс хойш тус байгууллагад Хүний нөөцийн бүхий л тушаалуудыг, байгууллагын үндсэн үйл ажиллагааны А тушаалуудыг хянаж зөвлөн, сайжруулж хуулийн дагуу болгон улмаар ТУЗ-н тогтоолыг хүртэл төлөвлөн бэлтгэж өгч ирсэн. Мөн тус байгууллагын Хуультай холбоотой бүхий л асуудлуудад гэрээ, дүрэм, журам, хуулийн сургалтууд, хуулийн талаар зөвлөмж зөвлөгөө, улмаар албан бичгүүдийг хүртэл стандартын дагуу болгон загвар үүсгэж төлөвлөж, хянаж сайжруулж ирсэн. Тус байгууллагын хуулийн бүхий төрлийн асуудал, иргэдийн өргөдөл гомдол, хууль, шүүх, цагдаагийн байгууллагад тус байгууллагыг итгэмжлэлээр төлөөлөн ажиллаж хэрэг маргаан, гомдлыг 100 хувь байгууллагын талд шийдүүлэн ажиллаж ирсэн. Мөн тус байгууллагын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажиллахаас гадна тусгай зөвшөөрөл 4-н тусгай зөвшөөрлийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу бэлтгэн 5, таван жилээр тус тус сунгуулан өөрийн бичгийн болон хуулийн, бусад мэдлэг, чадваруудаа дайчлан ажиллаж ирсэн.

Энэхүү ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу 2.1, 2.12, 2.3, Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу 3. Байгууллагаас гарч буй тушаал шийдвэр, гэрээ, бодлогын баримт бичигт санал, зөвлөгөө өгөх, хянаж сайжруулах, 4. Холбогдох хууль эрх зүйн судалгааг ХИЙЖ, ОНӨААТҮГ-т нийтлэг ашиглагдах хууль эрх зүйгээр судалгаа хийж, мэргэшин, нийт ажилчдад сургалт, мэдээллийг түгээн ажиллах, 2. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний төлөвлөлт, хэрэгжилтэд хуулийн талаас шинжилгээ хийж, зөвлөн туслах, санал оруулах, 3. Байгууллагаас гарч буй тушаал шийдвэр, гэрээ, бодлогын баримт бичигт санал, зөвлөгөө өгөх, хянаж сайжруулах, 4.2. Хууль эрх зүйн мэдээллийн санг бүрдүүлэн албан хаагчдад түгээн дэлгэрүүлэх ажлыг цахимаар болон биечлэн зөвлөгөө өгөх...хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу ажил үүргээ хараат бусаар зөвлөн туслаж, чиглүүлж, амаар болон бичгээр зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй.

Мен Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээнд ажилтнаас сурч хөгжихөд дэмжих үүрэгтэйг хуульчилж өгсөн байгаа боловч үүнийг буруу тайлбарлаж надад 2 сарын цалинтай чөлөө хүсэхэд хууль, журмаа үгүйсгэн буруу тайлбарлаж чөлөө өгөхгүй гэсэн тул мөн доор дурдсан асуудал, ажлын байрны дарамт хүчирхийлэл байгаа учраас өөрийн бичсэн өргөдөлдөө маш тодорхой дурдан би үүний улмаас ажлаас гарах өргөдөл хүсэлтээ өгсөн. Ажлаас гарах болсон хүчин зүйл нь миний өмнө шүүхээр шийдүүлэхээр өгсөн хууль бус сахилгын арга хэмжээ авсан кэйс жишээ нэг бодит жишээ- ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт хүчирхийллийн нэг жишээ кэйс нь билээ. Энэ нь Миний бие тус байгууллагын засвар үйлчилгээ, зэвтэй устай холбоотой асуудал, өөр бусад дулаан, цэвэр, бохир усны асуудлууд хэвийн журам, стандартын дагуу засвар үйлчилгээ нь явагдаж хэвийн асуудалгүй ажиллаасай гэсний үндсэн дээр дараах журмыг танилцуулж хэлж эхлэж байтал Ерөнхий инженер нь миний ажиллах, хөдөлмөрлөх, үг үзэл бодлоо илэрхийлэх, ажлын байрны тодорхойлолтод заасан, амаар болон бичгээр зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг эрх, үүргийг маань тас хориглож ёс зүйн алдаа гаргаж дууг маань хорьж, олон хүний ажилтнуудын маань өмнө, миний ажлын байрны нэр хүндэд, хараат бусаар ажиллах эрхэд халдаж ажлын байрны удирдлагын дарамт хүчирхийллийг үзүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх 5.1.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ: 5.1.1.үл ялгаварлан гадуурхах; 5.1.2.хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах; 5.1.3.дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох; 5.1.4. албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох тус тус заалтуудыг зөрчин хагас бүтэн сайны өдрүүдэд албадан хөдөлмөрлөхийг тушаасан, хөдөлмөрлүүлсэн тухайн ажилтнуудыг үүнд би эсрэг байр суурьтай байгаагаа дурдаж хэлсэн явдалд буруутгагдан сахилгын шийтгэл хамт тооцуулсан билээ. Ерөнхий инженер болон Захирал нь ажлын байрны дарамт үүсгэж, үг хэлэх, хуулийн зөвлөхийн ажил үүргээ гүйцэтгэхийг хааж боосон, дарамталсан, ялгаварлан гадуурхсан, улмаар ажлын байрны дарамт хүчирхийлэл үйлдсэн явдалд мөн нээлттэй сануулах арга хэмжээг хууль бус аргаар дарамталж албаар шахалт үзүүлж арга хэмжээ авсан явдалд маш их гомдолтой байна. Ажлын бус хагас бүтэн сайн өдрүүдэд ажиллахыг ажилчдаасаа шахаж шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Миний ажил хэргийн нэр хүнд мөн хамт олны дунд унасан гэж үзэж байна. Тус хурал дээр 10-с дээш хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд холбогдох хуулинд заасны дагуу олон тооны ажилчид хамт олны маань дунд миний ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр хандсан.

Гэтэл үүнийг нь тус НАА ОНӨААТҮГ-н Захирал ******* өөгшүүлж бүр бидэнд буюу Хуулийн зөвлөх миний бие, ******* операторт... бас бус нийт харилцан ярилцсан, хэрэлдсэн, зөв бурууг нь шүүлгүй шууд бүгдэд сануулах арга хэмжээ авна гээд төд удалгүй Хөдөлмөрийн дотоод журманд заасны дагуу ажил үүрэг чанартай гүйцэтгэх, нөхөрсөг харьцааны уур амьсгал бүрдүүлж ажиллаагүй тул нээлттэй сануулах арга хэмжээ авсугай гэсэн тушаалыг миний бие *******д урьдчилан мэдэгдэх хуудас өгч хариу тайлбар, хуулийн тайлбар ч авалгүй Хөдөлмөрийн тухай хууль зөрчин шууд сануулах арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/ 53 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар авч миний ажил хэргийн нэр хүндэд халдаж, үндэслэлгүй, хууль бус ямар ч мэдэгдэх сонсох ажиллагаа явуулахгүй албадан, ажлын байрны дарамт шахалт үзүүлэн халдсан. Улмаар хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон хараат бусаар ажиллах эрх тус хуулинд зааснаар 24 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Мөн  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан; нь дээр дурдсан хууль эрх зүйг мөрдөж ажиллах үүрэгтэй гэж заасан эрх, үүргийг маань зөрчин хууль бус үйлдлүүдийг тус хурал дээр Ерөнхий инженер, Гүйцэтгэх Захирал нар нь гаргасан, мөн хууль бус арга хэмжээ авсан сэтгэл санааны хувьд хүнд, ажлын байрны дарамт ихтэй байсан тул миний бие улмаар ажлаасаа гарах хүсэлтээ өгөхөөс өөр аргагүй болсон. Тухайн хурлын тэмдэглэл нэг бүрчлэн бичлэгээрээ тус нийтийн аж ахуйд байгааг мөн нотлох баримтаар авч шүүгчид сонсгуулах хүсэлтэй байна.

Тус байгууллагын дээрх ёс зүйгүй дарамт хүчирхийлэл үйлдэж буй үйлдлүүд нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1.3.энэ хуулийн 6.1-д заасан хориглосон үндэслэлээр ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэх. Мөн тус байгууллагын Захирал ******* нь миний бие өөрийн үүрэгт ажлаа хийж гэрээнд хяналт хийж, засварлан нэмэлт заалт тусгаж сайжрулж байж гарын үсэг зурах гэж байтал коридорт маш ууртайгаар хашгирч ороод ир гэж байна гэх мэтээр загинан намайг ороод очиход гэрээ хяналаа, удаалаа гэж загинаж, ажлын байрны хууль бус ёс зүйгүй ааш гаргаж, улмаар уг гэрээнд буюу ХАБЭА-н сургалтын гэрээнд миний хянасан зүйлийг тусгаагүй, гарын үсэг ч зуруулалгүй шууд гэрээгээ батлаж ажлаа явуулсан. Би ороод та намайг яагаад ажлаа хийсний төлөө хашгирч дарамтлаад байгаа юм бэ гэхэд арай дуугаа намсгаж ярьсан. Мөн 2 ч удаа Захирал *******д орж Хуулийн зөвлөх өрөө тасалгаа, принтерээр хангагдах ёстойг хуулийн гаргалгаа бүхий бичиг цаастай орж хүртэл тайлбарласан боловч намайг байгууллагын болон хувь хүний нууцийг хадгалах өрөө тасалгаагаар хангаагүй намайг ажлаас чөлөөлтлөө коридорт суулгасан. Тус байгууллагын хүний нөөц нь миний ажлын байрны тодорхойлолтыг үгүй хийж, шинээр албан шахалтаар тушаалаа ч гаргаагүй байж шинэ бүтэц орон тооны нэршлээр АБТодорхойлолт дээр уурлаж, загинаж байгаад надаар зуруулсан. Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авахын тулд л зурж өгсөн аргагүй байдалд орж. Гэхдээ тушаал, гэрээгээ шинэчлээгүй байж зуруулсан хууль бус зүйл хийж байгааг нь би мэдэж байсан. Хуучин тушаал, хуучин гэрээгээрээ ажиллаж байсан юм. Эдний дарамт хавчлага албан тушаал бууруулах гэсэн оролдлогын нэгээхэн илрэл нь энэ байсан юм. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн тус байгууллагын өмнөх Захирал болох ******* нь мөн л Ерөнхий инженер буюу гүйцэтгэх удирдлагын гишүүний хамт намайг өрөөндөө дуудаж чанга дуугаар загинаж, доромжлон намайг хууль бус хуулийн гаргалгаа гаргасан мэтээр дайрч, гүтгэж, дарамталж байсан. Энэ асуудал нь миний бие Усны сан бүхий газрын ойролцоо Шатахуун түгээх станц барьж болохгүй талаар хуулийн зөвлөгөө, гаргалгаа, судалгаа дүгнэлтийг Захиралд болон Ерөнхий инженерт өгсөнтэй холбоотой болох юмыг болохгүй гэлээ бүр 50 метрт барих ёстой гэх зэргээр дарамталж, хууль буруу судалж, тайлбарласан гэх зэргээр гүтгэсэн. Миний бие уг дарамтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шууд гарч яваад дээд газарт нь буюу Усны зохицуулах зөвлөлөөс хэн нь буруу хууль тайлбарлаж байгаа талар дүгнэлт ирүүлэхийг хүсэж гомдол, хүсэлтээ өгсөн бөгөөд миний талд дүгнэлт зөвлөмж албан тоотоор ирүүлсэн. Энэ мэтчилэн дандаа шахалт хавчилт, дарамт, хүчирхийлэл гүтгэлэг байсаар байсан билээ. Энэхүү удаа дараагийн тухайн байгууллагын үйлддүүд нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Олон Улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, ОУ-н МУ- нэгдэн орсон гэрээ, конвенцуудыг зөрчиж, сурах эрх, ажил хөдөлмөрөө дарамт шахалтгүй гүйцэтгэх эрхүүдийг удаа дараа зөрчсөн болно. Өөрсдөө харин хууль бус газар Холбогдох баримтыг хавсаргав. Хүний эрхийн комиссын Дорнод салбарт мөн гомдлоо өгсөн болно.

Миний бие суралцах зорилгоор шалгалтаа өгөхөөр ОХУ-руу явахаар болж өргөдөл хүсэлт өгөхөд Хамтын гэрээний 4.3-т заасан Ажил олгогч нь ажилтанд доор дурдсан шалтгаан хугацаагаар цалинтай чөлөө олгоно. Их дээд сургуульд орой, эчнээ, бямба гарагийн ангид суралцаж байгаа ажилтанд шалгалт өгөхөд сургуулиас ирүүлсэн хугацаатай бичгийг үндэслэн цалинтай гэж заасныг буруу тайлбарлан намайг мэргэжил дээшлүүлэх сургалтад суухаа явж буй мэтээр тухайн заалтын доод талын заалтыг үндэслэн 5 хоногийн чөлөө олгож, ялгавартай хууль журмаа үйлчлүүлж, намайг инженер техникийн ажилтан биш гэх зэргээр хүний нөөц захирал нар нь журмаа буруу үндэслэж надад 5 хоног л челее олгосон тул би улмаар сургуульд явах хугацаа минь тулж хойшилсоор хөдөлмөрийн маргаан үүсэж, ажлаасаа арга буюу гарч байгаад сургуульруугаа очсон боловч хоцорсон байсан тул сургууль маань хүлээж аваагүй би сурах эрх чөлөөгөөрөө хохирсон. Тус байгууллага хүний сурч боловсрох эрхийг хааж боогдуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.8, 43.2.9-т заасан заалтыг зөрчиж журмаа ч буруу тайлбарлаж байна гэж үзэж байна. Журам нь зөв боловч журмаа өөрсдийн ашиг сонирхлоор ялгавартай тайлбарлаж байгаа болно.

Иймд тус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, дахин ийм ажлын байрны дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт үйлдэн хууль журмаа буюу хамтын гэрээний 4.3 дахь заалтыг буруу тайлбарлаж ажилтны сурах хөгжихөд дэмжихгүй байх, аргагүй байдалд оруулж ажлаас чөлөөлсөн тул, цаашид ийм зөрчил гаргахгүй байхад тус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хуулийн дагуу хүчингүй болгон өгч, миний ажилгүй байсан хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын нийт төлөлтийг Нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэх, Нийтийн аж ахуйн маргаантай, цалинтай чөлөө олгоогүй хууль буруу тайлбарласан, ажлын байрны дарамт шахалттай холбоотой маргаанаас болж хуулийн сургуульдаа хоцорч очсоны улмаас үүссэн хохирол болох 3,000,000 төгрөгийн хохиролыг тус тус дээр дурдсан хохирлыг минь барагдуулж, холбогдох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

... Ажлын байрны дарамт, хүчирхийллийг яг хэн, хэзээ яаж, хэрхэн үйлдсэн талаар тодорхойгүй байдлаар нэхэмжлэлдээ дурдсан байгаагаас энэ асуудалд хэн яг хариуцагч вэ гэдэг нь ойлгомжгүй, энэ асуудлын улмаас ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан уу, эсвэл цалинтай чөлөө олгох боломжгүй гэснийг ажлын байрны дарамт гэж ойлгож байгаа эсэх нь ч тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой байна гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн шаардлага үүнд нийцэхгүй байна.

Хамтын гэрээний 4.3 дахь заалт нь “суралцаж байгаа ажилтанд шалгалт өгөхөд” цалинтай чөлөө олгохоор журамласан байх ба нэхэмжлэгчийн хувьд суралцаагүй, элсэлтийн шалгалт өгөх агуулгаар цалинтай чөлөө хүссэн нь Хамтын гэрээнд заасан нөхцөлд хамаарахгүй байгааг тайлбарлаж, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хариу өгсөн нь нэхэмжлэгчийн сурах эрх, хэрэгцээг боомилсон асуудал биш юм. Нэхэмжлэгчийн сурах эрх өнөөдөр ч, тэр үед ч нээлттэй хэвээр байна. 2 сарын цалинтай чөлөө авах байдлаар дээрх магистрын түвшний сургалтыг дуусгах боломж Хамтын гэрээ, дотоод журам, холбогдох хууль тогтоомжид ч байхгүй учраас бид хууль болон гэрээ, журмаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн.

Нэхэмжлэлд дурдахдаа цалинтай чөлөө өгөөгүй учраас сургуульдаа сурах гээд ажлаасаа гарсан талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгчийн хувьд үнэхээр суралцахаар шийдсэн бол цалингүй чөлөө хүсээд асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан. Ахисан түвшний сургалт нь 2 сарын хугацаанд хэрэгжих байсан эсэх нь мөн тодорхойгүй байгаа бөгөөд тухайн нөхцөл байдалд иргэн өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ ажлаас чөлөөлөгдөх шийдвэрийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан нь нэхэмжлэлийн агуулгаас тодорхой харагдаж байна. Ажилтан зөвхөн өөрийн хүсэл зориг хангагдаагүй нөхцөлийг ажлын байрны дарамт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас гарахыг гүйцэтгэх удирдлагын зүгээс шахаж шаардаагүй, ямарваа нэгэн хэлбэрээр дарамтлаагүй.

Ажилтан нь өөрийн хүсэл зоригоор гаргасан шийдвэрээ тухайн цаг үеийн сэтгэл хөдлөлдөө автаж гаргасан мэтээр тайлбарлаж байгаа ч Иргэний хуульд заасан эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийн ухамсар, оюун бодолд хөндлөнгөөс хэн нэгэн шууд нөлөөлсөн гэж үзэх хангалттай баримт, үндэслэлгүй байхгүй байна. Ажилтан бүрийн өөрийн гаргасан шийдвэрийг ажил олгогчийн дарамтаас болсон гэж үзэж ажилд буцаан томилох боломжгүй, тийм хууль зүйн үндэслэл байхгүй. Ажилтны ажиллах нөхцөлийг байгууллагын дотоод нөөц боломжийн хүрээнд хангаж байсан.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэлд хуульчийн тусгай эрх бүхий этгээд хамрагдах бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хараат бусаар ажиллах хуулийн нөхцөл, шаардлагад хамаарахгүй субъект юм. Хуулийн зөвлөхийн хувьд байгууллагын үндсэн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг удирдлагын хууль ёсны шийдвэрт захирагдах байдлаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хараат бусаар ажиллах зарчим нь шийдвэр гаргах түвшний түүн дотроо шүүгч, прокурорт шууд хамааралтай хуулийн нөхцөл, хэрэглээ билээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлаа нь үндэслэлгүй, дур зоргын шинжтэй, өөрийн хүсэл зоригийг бусдад тулгасан, хууль бус шийдвэр гаргахыг шаардсан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,  хариуцагч Дорнод нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан “ Ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, дахин ийм ажлын байрны дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт үйлдэн хууль журмаа буюу хамтын гэрээний 4.3 дахь заалтыг буруу тайлбарлаж ажилтны сурах хөгжихөд дэмжихгүй байх, аргагүй байдалд оруулж ажлаас чөлөөлсөн тул, цаашид ийм зөрчил гаргахгүй байхад тус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хуулийн дагуу хүчингүй болгон өгч, миний ажилгүй байсан хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын нийт төлөлтийг Нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэх, Нийтийн аж ахуйн маргаантай, цалинтай чөлөө олгоогүй хууль буруу тайлбарласан, ажлын байрны дарамт шахалттай холбоотой маргаанаас болж хуулийн сургуульдаа хоцорч очсоны улмаас үүссэн хохирол болох 3,000,000 төгрөгийн хохиролыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130 150 төгрөгөөс 77 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

... Тус шүүх нь миний өгсөн гомдол нэхэмжлэлийг цаг хугацааны хувьд өгсөн дарааллаар ч шийдэлгүй алдаа гаргасан. Би ажлын байран дээрээ хууль бусаар сануулах арга хэмжээ авсан талаар нэхэмжлэл гомдол, ажлаас ажлын байрны хууль бус дарамт шахалтын улмаас гарсан гомдол нэхэмжлэл 2 тусдаа асуудал өгсөн боловч дарааллын дагуу шийдэлгүй эхлээд эрх нь зөрчигдсөн хууль бус сахилгын арга хэмжээ тооцсоныг үндэслэлтэй эсэхийг шийдэх байтал дараалалыг зөрчин шууд ажлаас чөлөөлөгдсөнийг түрүүлж шүүх хурал болгон шийдвэрлэсэн. Нэг юмны талаар эхлээд хууль зөрчсөн агуулгаараа шийдүүлэх гэж тодорхой дараалалтай өгсөн билээ.

Мөн тус иргэний хэргийг шийдсэн шүүгч Х.Отгонжаргал нь өмгөөлөгч Б.Эрдэнэбаттай ирмэлцэж, шүүгчийн хуульчийн ёс зүйгүй үйлдлийг гаргаж нэг талд Хөдөлмөрийн хуулийн заалт, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн үйлдлийг гаргаж аашилсан гэж харж байна. Давж заалдах шатны шүүх шаардлагатай тохиолдолд ирмэлцэж буй бичлэгийг нөхөн үзэж дүгнэлт хийх байх гэж бодож байна. Шүүгч нэг талыг барьж хэзээ ч тийм үйлдэл гаргах ёсгүй билээ. Тус иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь огт хууль барьж шийдвэр гаргасангүй жишээ нь шийдвэртээ дурдсан хуулийн зөвлөх ажилтан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хамаагүй мэтээр мөн дурдаж намайг хууль дурдсан заалтыг минь хүртэл үгүйсгэж алдаатай дүгнэлт гаргаж, нэг талыг барьж дүгнэлт гаргасан гэж харж байна.

Тус заалтыг дурдвал: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд зааснаар 11.1.3. “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан нь дээр дурдсан хууль эрх зүйг мөрдөж ажиллах үүрэгтэй.” гэж хуульчилсан тэгэхээр миний бие өрөө тасалгаагаар хангагдах, үйлчлүүлэгчдийн нууц хадгалах, амаар болон бичгээр Дорнод НАА-н нийт ажилтнуудад зөвлөгөө өгөх үүрэгтэйг хуульчилсан билээ. Гэтэл хуулиа огт судлалгүй Эрдэнэбат өмгөөлөгчийн үгээр дур зоргийн шинжтэй үйлдэл гаргасан мэтээр намайг принтер тоноглолоор, нууц хадгалах боломжгүй, коридорт суусан, амаар бичгээр зөвлөгөө тус ажилтнуудад өгөх эрхгүй мэтээр шийдвэртээ дурдсан нь шүүгчийн хуулийн судалгаа мэдээллийг ашиглах тал дээр дутмаг, нэг талыг барьсан шийдвэр гаргажээ гэж харж байна.

Мөн тус шүүхэд миний бие хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т заасныг зөрчиж хуулийн хугацаанд нэхэмжлэлтэй танилцсанаас хойш 14 хоногийн дотор тайлбар хариу тайлбараа ирүүлээгүй болно. Ингэхээр 42.4-т зааснаар Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд нь тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Дорнод НАА нь  14 хоногийн хугацаандаа тайлбар ирүүлээгүй болохыг шүүгчийн туслах дээр очиж асууж, мөн өөрөө тоолж мэдсэн болно. Гэтэл мөн тус байгууллагын талд шүүгч, шүүгчийн туслахын хамт ажиллаж энэ талаар авч хэлэлцээгүй болно. Би шүүх хурал дээр хамгийн түрүүнд энэ асуудлыг хөндсөн билээ. Тус шүүхийн шүүгч нь огт хууль барихгүй шийдвэр гаргасаныг энэ мэт хууль хэлж тайлбарласаар байтал ийм шийдвэр гаргаснаас харж байна.

Мөн Иргэний хуулинд зааснаар би тус байгууллагын дотоод дүрэм журмаа буруу тайлбарлаж, надад чөлөө өгөхгүй хохироож би сургуульдаа суралцаж чадаагүй хохирсон сэтгэл санааны хохиролоо Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1-т заасныг зөрчсөн гэж үзэж Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжилсэн болно. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж бүхэлд нь хүчингүй болгож өгнө γγ.” гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өргөдөл, гомдлоо өгснөөс хойш 30 хоног өнгөрсөн буюу хуульд заасан 14 хоногийн хугацаа хэдийн өнгөрсөн хойно 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод нийтийн аж ахуй хууль бусаар шүүгчийн туслахад хариу тайлбараа гаргаж өгсөн байсан. ... Ажлын байрны дарамт байсан талаар маш тодорхой дурдаж өргөдлөө өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан. Тус байгууллагад би коридорт суудаг, нууц хадгалах боломжгүй, принтер тоноглолоор хангагдаагүй, хуулийн гаргалгаа тайлбар, гаргахаар буруу байна гэдэг байсан. ...Би 30 хоногийн цалинтай чөлөөг хамтын гэрээний 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.9-т ... заасны дагуу их дээд сургууль, орой ичнээ, бямба гарагийн ангид шалгалт өгөхөд сургуулиас ирүүлсэн хугацаатай албан бичгийг үндэслэн цалинтай чөлөө олгоно гэж заасан байтал үүнийг алдаатайгаар буюу ялгавартайгаар ашигласан. Тус заалтад зөвхөн инженер техникийн ажилтан гэж заасан нэг ч үг байхгүй. Би тухайн байгууллагын ажилтан, инженер техникийн ажилтан биш. ... Гэтэл Дорнод Нийтийн аж ахуйгаас надад ялгавартай хандаж 5 хоногийн чөлөө өгсөн. ... Мөн намайг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дурдсан байсан. Надад хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. Би 3 шатыг шат дамжлагатай гаргасан. Өөрөөр хэлбэл эхлээд нийтийн аж ахуйд, дараа нь 3 шатлалт маргаан таслан комисс, дараа Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандсан. Гэтэл шүүх 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн миний тайлбарт 09 дүгээр сарын 05-ны өдөр хариу тайлбараа өгөөгүй юм шиг байж байгаад хариу тайлбар ирүүлсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийг зөрчиж хариуцагчийн хариу тайлбарыг хүлээж авсан байсан. Миний бие шүүхэд нотлох баримтуудаа эх хувиар нь өгчихөөд байхад яагаад хуулбар хувь болсныг үнэхээр мэдэхгүй байна. Нийтийн аж ахуй хэргийн материалтай танилцахдаа сугалаад авчихсан юм уу, би тэрийг сугалаад авна гэж байхгүй. Миний бие хэдий хуульч, өмгөөлөгч биш ч гэсэн тухайн байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан учраас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй субъект. Гэтэл хууль тайлбарлах, тухайн байгууллагад зөвлөгөө, зөвлөмж, дүгнэлт өгөх, бодлогын бичиг баримтууд, гэрээ контрактыг сайжруулах эрхгүй мэт удаа дараа аашилж байсан. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Надад сонсох ажиллагаа явуулахгүйгээр Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, олон нийтийн дунд буюу бүх хамт олны дунд “энэ хүн буруу ажлаа хийдэг мэтээр ярьж танилцуулж, нээлттэй сануулах арга хэмжээ авч байна” гэсэн. Надад яагаад нээлттэй сануулах арга хэмжээ авсан талаар би өөрөө одоо болтол ойлгохгүй байна. ... Хурлын явцад хууль тайлбарласан үндэслэлээр арга хэмжээ авч байгаа нь ажлын байрны дарамтын том жишээ. ...Хөдөлмөрийн тухай хуулийн ... 5.1.4-т заасан албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох заалтыг зөрчиж хагас, бүтэн сайн өдөр албадан хөдөлмөрлүүлэхийг тушаасан шийдвэр гарч, тухайн шийдвэрийн дагуу ажилла гэсэн учраас болохгүй талаар хууль тайлбарлаж хэлсэн. Тэгж хэлснээсээ болж арга хэмжээ авагдсан гэж бодож байна.

Ажлын байрны дарамт үүсгээд байсан субъект нэгдүгээрт тухайн байгууллагын захирал *******, хоёрдугаарт хүний нөөцийн ажилтан. Хүний нөөцийн ажилтан хууль, дүрэм, журам, хамтын гэрээг буруу тайлбарлаж намайг сахилгын зөрчилд тооцож байсан учраас энэ хоёр этгээд буруутай байгаа учраас энэ хоёр этгээдэд холбогдуулан захиргааны байгууллагад гомдол гаргасан. Дээрх байгууллага нь зөвхөн хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, хүний эрх, Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн. Мөн хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хангагдсан өрөө тасалгаагаар хангагдах эрхийг хүртэл зөрчсөн учраас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна.” гэв.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэв би андуураагүй бол таны гомдолд Иргэний хуулийн 511-д зааснаар нэхэмжилсэн болно гэж дурдсан байсан. Иргэний хуулийн 511 нь эдийн бус гэм хорыг нэхэмжлэх заалт. Энэ тусдаа асуудал. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хаана, яаж хангагдсан талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн дүгнэлт эргэлзээгүй үнэн.

... Хоёрдугаар хуулийн зөвлөхийн хувьд эмзэглэмээр юм бичсэн байна. Шүүгч, өмгөөлөгч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хамгаалагдсан субъект. Шүүгч өмгөөлөгч нар хоорондоо ирмэлцэж байгаад шийдвэр гаргасан гэж гомдоод байх юм. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, шүүгч өмгөөлөгч хуувилдсан юм шиг бичээд байх юм. Миний бие өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байхад ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа, шүүгчийн аюулгүй байдалд субьектив дүгнэлт хийж байгаа асуудлыг харгалзах ёстой.

Гуравдугаарт ажлын байранд принтертэй байх, ажлын байрны талбайг хувиарлах асуудал тухайн байгууллагын санхүүгийн болон байрны нөөцийн чадамжийн асуудал, хуульчид ганцааранд нь өрөө гаргаж өгөөд бусад нь нийтээрээ байна гэх асуудал байхгүй. Нэхэмжлэгч энэ асуудлаа нотлохыг хүссэн бол ажлын байранд үзлэг хийлгэх боломжтой байсан. ... Нэхэмжлэгчийн яриад байгаа принтер нь тухайн байгууллагын санхүүгийн нөөц боломжтой холбоотой. ... Мөн тэвчишгүй хөдөлмөр эрхэлсэн гэж үзэж гомдол гаргаж, ажлаас гарахаас аргагүй байдалд хүрсэн талаар дурдсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн гэх заалт нь насанд хүрэгчдэд нээх их хамаарахгүй. ...Нэхэмжлэгчийн гаргасан тэвчишгүй хөдөлмөр эрхэлсэн гэх асуудлын талаар шүүхээс дүгнээгүй орхисон нь хуульд нийцэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 , 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн өөрийнх нь нотлох чиг үүрэгт хамаарна. Хэн ч юу ч хамаагүй яриад шүүх хангаагүй тохиолдолд буруудах үндэслэл болохгүй.

Дөрөвдүгээрт нэхэмжлэгч хаана нэхэмжлэл гаргаж байгаагаа ойлгохгүй байна.  Сонсох ажиллагаа хийгээгүй гээд байна. Захиргааны ерөнхий хуульд хамааралтай маргаан хэрэг юм бол яагаад иргэний хэргийн шүүхэд хамааралтай маргаан гэж үзэж байгаа юм бэ? Нэхэмжлэгч захиргааны байгууллагад гаргасан гэх тайлбар гаргасан. Шүүх захиргааны байгууллага биш.

... Тавдугаарт “хуулийн зөвлөгөө өгөөд байхад хүлээж аваагүй” гэх асуудал ярьсан. Хөдөлмөрийн харилцааны явцад хийх ёстой үүрэг болохоос нэг хүн онцгойлон гавьяа байгуулаад байгаад асуудал биш. Түүний зөвлөгөөг хүлээж авахгүй байгаа асуудлыг нэхэмжлэгч өөрөө гадуурхалт гэж ойлгоод байгаа. Хэрэв тэгж ойлгож байгаа бол өөрөө нотлох баримт бүрдүүлж нотлох ёстой байсан. Энэ асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нотлох үүрэг шүүхийн үүрэг биш, нэхэмжлэгчийн үүрэг гээд байхад шүүх нотлох ёстой юм шиг гомдол гаргасан байна.

Зургаадугаарт Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан асуудал анхан шатны шүүхээр огт хэлэлцэгдээгүй. Гэм хор учирсантай холбоотой урьдач нөхцөл байдлын тухай үйл баримтууд хэрэгт авагдаагүй. Тийм учраас анхан шатны шүүх эдийн бус гэм хор учирсан асуудалд дүгнэлт хийхгүй орхисон нь хуульд нийцнэ.

... Наймдугаарт “Надад чөлөө өгөхдөө ялгавартай хандсан” гэсэн. Нэхэмжлэгч өөрийн бичсэн гомдлоо тайлбарлахгүй байна. Түүний гаргасан өргөдөлд ... 60 хоногийн чөлөө олгуулах, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой гэсэн агуулга байгаа. ... Мэргэжил дээшлүүлэх гэдэг үг нь нэхэмжлэгчийн гомдоод байгаа журмын 4.3-т “Мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах хүсэлт гаргасан ажилтанд суралгалт зохион байгуулах байгууллагын албан бичгийг үндэслэн 5 хоногийн чөлөө олгоно гэсний дагуу 5 хоногийн чөлөө олгоход “5 хоногийг чөлөө авагүй, 60 хоногийн чөлөө авна” гэсэн. Энэ журмаар 60 хоногийн чөлөө олгох эрх *******д байхгүй. Тийм эрх хэмжээ байхгүй гэдгээ хэлэхээр “хүний эрх зөрчиж байна” гэсэн зүйл яриад байна. .. Мөн нэхэмжлэгч шүүхээс зарим нотлох баримтыг үнэлээгүй нь буруу гэсэн. Шүүхийн зөв байсан. Хэргийн оролцогчид шүүхэд ирүүлж байгаа нотлох баримтаа нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлэх үүрэгтэй.

... Есдүгээрт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “ийм” эрхтэй. Хуульд заасан эрхийг шүүхээс буруу дүгнэсэн гэж гомдсон байна. Хуулийн сургууль төгссөн хүн бүр хуульч болохгүй. Нэхэмжлэгчээс хуульчийн шалгалт өгсөн эсэх талаар асуухад өгөөгүй гэсэн. Хуульчийн шалгалтаа өгөөгүй бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэх цар хүрээнд хамаарахгүй.

... Аравдугаарт нэхэмжлэлийг 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн байхад 09 дүгээр сарын 05-ны өдөр хариу тайлбар гаргасан байна. 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна гэх утгатай зүйл ярьсан. Шүүхээс энэ асуудалд ямар ч алдаа гаргаагүй. ... Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн хугацаа тоолохоос нэхэмжлэлийг өгсөн өдрөөс тоолохгүй. ... Гомдол гаргах хугацааг хоцроосон талаар нэхэмжлэгч өөрөө сайн ойлгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1 “... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заасан нь анх аль нэг субъектийн нэхэмжлэл гаргах хугацааг заасан. Нэхэмжлэгч дээрх хугацааг 7 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн. Шүүхээс энэ асуудлаар няцаасан дүгнэлт хийчихээд байхад тайлбар гомдол гаргаагүй. ... Мөн сахилгын шийтгэл оногдуулсан талаарх маргаан шүүхэд огт хэлэлцэгдээгүй. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх хүсэлтээ өөрийн сайн дурын үндсэн дээр буюу сургуульд сурмаар байсан учраас гарсан талаар хэлсэн. ... Одоо дурдаад байгаа захирал, хүний нөөц хоёр энэ хүнд ажлын байрны дарамт учруулсан талаар нэгч нотлох баримт байхгүй. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох  үүргийн хүрээнд нотлох баримт бүрдүүлэх чиг үүрэг хангагдаагүй байгаа талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан.” гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Дорнод Нийтийн Аж ахуй” ОНӨААТҮГ-т холбогдуулан “Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын төлөлтийг нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх, цалинтай чөлөө олголгүй хууль буруу тайлбарласан, ажлын дарамт шахалттай холбоотой маргаанаас болж хуулийн сургуульдаа хоцорч очсоны улмаас үүссэн хохирол 3,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “нэхэмжлэгч ******* нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргадаг.

4. Нэхэмжлэгч ******* нь “Дорнод Нийтийн Аж ахуй” ОНӨААТҮГ-ын захирлын 2022.08.17-ны өдрийн Б/206 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 2025.04.01-ний өдөр байгууллагын захиргаанд гаргасан “Цалинтай чөлөө хүсэх тухай” өргөдөл, 2025.04.08-ны өдөр байгууллагын захиргаанд гаргасан “Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт”,  “Дорнод Нийтийн Аж ахуй” ОНӨААТҮГ-ын захирлын 2025.04.01-ний өдрийн Б/53 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын хуулбар, “Дорнод Нийтийн Аж ахуй” ОНӨААТҮГ-ын захирлын 2025.04.15-ны өдрийн Б/67 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар зэргийг, хариуцагч нь нэхэмжлэгч *******ын ажлын байрны тодорхойлолтыг тус тус шүүхэд гаргаж өгөхдөө хуульд зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй байхад дээрх баримтуудын хуулбарыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. ...” гэж, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж тус тус заасан.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд хамаарахгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн 2009.10.28-ны өдрийн 30 дугаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай тогтоолын 1 дэх хэсэгт “ ...хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарахгүй, энэ хэсэгт заасан “өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэдгийг тухайн байгууллага, хуулийн этгээдийн албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр даган мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргаж өгөх боломжгүй юм.

Хэргийн оролцогчид шүүхэд бодит байдалд нийцсэн тайлбар өгөхийн зэрэгцээ тухай хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба шүүх өөрийн санаачлагаар нотлох баримт бүрдүүлэхгүй, зөвхөн зохигч өөрөө бүрдүүлэх үүрэгтэй ба тэдгээрийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болж чадахуйц байх шаардлагатай. Энэ нэг талаас үүрэг мэт боловч нөгөө талаас түүний мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр болно.

Түүнчлэн талууд шүүх хуралдааны явцад дээрх баримтуудын талаар харилцан маргасан байх ба энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар талуудаас гаргаж өгсөн бичмэл баримтын хуулбарын жинхэнэ эхийг шаардан авах байтал уг ажиллагааг явуулалгүйгээр хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт болон давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 309/ШШ2025/01289 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын жжурмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ГАНЧИМЭГ

 

                 ШҮҮГЧИД                               Г.УРТНАСАН

 

                                                                   Ц.ЭРДЭНЭЗУУ