Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч  Ч.Батзориг,

Гэрч Ц.Дэлгэрбаян,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг

Шүүгдэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 1938002420294 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Н-,

Шүүгдэгч Д.Н- нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багт оршин суух иргэн П.Э-ын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, 610.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багторшин суух иргэн З.Д-ын байшингийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгон, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн зурагт хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Д.Н- нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багт оршин суух хохирогч П.Э-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж LG маркийн зурагт, I Phone-5 маркийн гар утас, Samsung маркийн мэдрэгчтэй гар утас зэргийг хулгайлж 610.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багторшин суух хохирогч З.Д-ын байшингийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгон, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж LG маркийн зурагтыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006130321, 1938002420294 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхээс шүүгдэгч Д.Н-д холбогдох эрүүгийн 1938006130321 дугаартай хэргийг эрүүгийн 1938002420294 дугаартай хэрэгт нэгтгэж, хянан хэлэлцэв.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны   01 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 09 цагийн үед өөрийн гэр болох Мөрөн сумын 13 дугаар багийн 45 дугаар гудамжны 15 тоот гэрээсээ эхнэр, хүүхдийн хамтаар ажлаа хийхээр гарсан...Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 10 цагийн үед 13 дугаар хороонд байх өөрийн гэртээ иртэл байшингийн хаалганы хужаа цагаан цоожийг эвдлээд хулгай орсон байсан...Тухайн үед манайхаас 42 инчийн хар өнгийн LG брендийн зурагт, хоёр удирдлагын хамт, мөн ширээн дээр байсан I Phone-5 маркийн гар утас,  Samsung  брендийн мэдрэгчтэй гар утас зэргийг алдсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16-р тал/

Хохирогч З.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шиг санаж байна. Би өглөө ажилдаа явахдаа хоёр хүүхдээ 1 дүгээр хороонд айлд хүргэж өгөөд ажил руугаа явсан. Тэгээд маргааш өдөр нь 2019 оны 0 дугаар сарын 16-ны өдөр өглөө 10 цагийн үед гэртээ орсон чинь манай гэрийн том цонх онгорхой байсан Тэгээд гэртээ ортол манай хар өнгийн  32 инчийн зурагт алга болсон байсан. Би ямар брэндийн зурагт байсанг бол сайн мэдэхгүй байиа. 2017 онд би тэр зурагтыг 350.000 төгрөгеөр дэлгуүрээс худалдаж авч байсан...Хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-11-р тал/

Гэрч Ц.Дэлгэрбаянгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...“Өвгөн” хочтой Д.Н- бид хоёр Мөрөй сумын                               13 хороонд амьдардаг болохоор бие биенээ сайн таньдаг. Мөн их архи уудаг болохоор манай хорооны айлууд андахгүй...2019 оны 01 дүгээр сарын дундуур оройн 18 цагийн үёд Мөрөн сумын 13-р хорооны Буян-Оргил гэх дэлгүүр лүү найз Батбаярын хөх ягаан өнгийн Мазда дема маркийн машинтай явсан. Дэлгүүр лүү орох гээд явж байтал Д.Н- нь  Буян-оргил дэлгүүрийн гадаа зогсож байсан. Д.Н- намайг дуудаад “ах та зурагт авах уу” гэж надад хэлсэн. Би “ямар зурагт юм бэ, хэдэн төгрөгөөр зарар юм бэ” гэж асуугаад Д.Н-гийн гэр лүү явсан. Би Д.Н-гийн гэрийн гадаа зогсож байтал Д.Н- орны бүтээлгээр ороосон 32 инчийн хар өнгийн зурагт гаргаж ирсэн. Одоо санахад орны бүтээлэг нь ямар өнгөтэй байсныг санахгүй байнз. Би тэр зурагтыг нь хулгайн зурагт гэдгийг нь мэдэх боломжтой байсан боловч 50.000 төгрөгөөр худалдан авсан...Би уг зурагтыг өөрийн найз Дэлгэрсайханд 80.000 төгрөгийн өрөндөө өгсөн...Д.Н- өмнө нь миний мэдэхээр хулгайн гэмт хэрэг үйлдэж, шоронд явж байсан гэдгийг нь мэднэ. Тэр үед Д.Н- миний зурагт гэж хэлсэн болохоор нь түүнд би итгэсэн юм...Тэр зурагт нь манай гэрт байж байгаад хүүхдүүд шатаагаад хаячихсан юм. Мөн надад бас нэг зурагт худалдсан.Би тухайн үед Д.Н-г хулгайн зурагт арай ч надад зарчихна гэж бодоогүй. Өөрөө л “миний зурагт байгаа юм. Шинэ хуучин 2 зурагтаа зарна” гээд л надад зарсан. Би Д.Н-д нийт 100.000 гаруй төгрөг өгсөн...Шатсан зурагтыг нь би хаячихсан юм. Дэлгэц нь бүүр шатсан байсан...Би 50.000 төгрөгөө Д.Н-гаас авсан. Мөн найз Дэлгэрсайханд 80.000 төгрөгийг нь өгөөд хулгайн зурагтыг нь эзэнд нь өгсөн. Тиймээс санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-21, 2-р хх-ийн 16-17-р тал/

Гэрч Н.Дэлгэрсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай найз Дэлгэрбаяр нь надад 80.000 төгрөг өгөх ёстой байсан юм.Тэгээд манай эурагг муу гараад байсан чинь Дэлгэрбаяр нь “би хүнээс зурагт авсан юм, энэ зурагтыг 80.000 төгрөгийн оронд авж бай” гээд өгсөн. Тэр зурагт 32 инчийн LG маркийн хуучин зурагт байсан. Дараагаар нь тэр зурагт хулгайн зурагт болоод Дэлгэрбаяр надад 80.000 төгрөгөө өгөөд тэр зурагтыг эзэнд нь өгсөн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р тал/

Гэрч Д.Отгонхүүгийн мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн: ...Би яг он сар өдрийг бол сайн санахгүй байна. 2019 оны 3 дугаар сар шиг л санаад байна. Би гэртээ нөхөр хүүхдүүдтэйгээ байж брйсан чинь манай гадаа хаалга хүн нүдээд байхаар нь манай нөхөр Дэпгэр гарсан. Тед удалгүй хар өнгийн зурагт тэвэрсээр Дэлгэр, Д.Н- /Өвгөн/ хоёр манай гэрт орж ирсэн.Тэгэхээр нь би Д.Н-гаас “наадах чинь хулгайн зурагт юм биш биз дээ” гэж асуусан чинь “биш, биш” гэж надад хэлж байсан Дэлгэр Д.Н-д зурагтны үнэ гээд 100.000 төгрөг авч өгсөн. Ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-15-р тал/

Шүүгдэгч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би 2019 оны 01 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад явж байгаад жаахан архи уусан байсан тул хорооныхоо нэг айлын хашаа руу орсон чинь цоожтой байшин байсан. Тэгэхээр нь гэнэт хулгай хийж, архи уумаар санагдаад хаалганых нь цоожыг эвдэж байшин дотор нь ороод хойморт нь байсан 32 инчийн хар өнгийн зурагтыг мөн 2 удирдлагынх  нь хамт  давхар аваад ширээн дээр нь байсан 2 гар утсыг аваад байшингаас гараад 13 дугаар хорооны урд тал дээр гараад зурагтыг нь шорооны хажууд нууж тавиад буцаад 13 дугаар хороонд ороод явж байсан чинь миний зүс таних Дэлгэрбаяр гээд залуу таксинд явж таарахаар нь “зурагт авах уу”...гэсэн чинь “зурагтыг чинь авъя” гэсэн. Тэгэхээр нь би тэр зурагтыг нь дангаар нь 50.000 төгрөгт зарсан. Харин удирдлагыг нь өгөөгүй юм.Тэгээд би 50.000 төгрөгөөр нь тамхи, архи авч хэрэглээд гар утаснуудыг нь 2 удирдлагын хамтаар хог дээр аваачаад хаясан. Би удалгүй цагдаад баригдаад үнэнээ хэлж зурагтыг нь Дэлгэрбаяраас 50.000 төгрөг өгч аваад П.Э- гэж зурагтны эзэнд нь хүлээлгэн өгсөн. Харин 2 удирдлага болон 2 гар утсыг нь хог дээр хаясан тул өгч чадаагүй байгаа. Би хохирлыг нь төлж барагдуулах. болно...Дараа нь бас 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багт байдаг гэрээсээ гараад орой 21-22 цагийн үед Зам ангийн хамгийн урд талын гудамны нэг айлын хашаагаар орсон чинь жижиг байшин байсан.Тэр байшингийн цонхоор нь ороод зурагтыг нь авсан...Тухайн үед би архины мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26, 2-р хх-ийн 24-25-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4-р, 2-р хх-ийн 3-р тал/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-9, 2-р хх-ийн 4-6-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /1-р хх-ийн 26, 2-р хх-ийн 20-р тал/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, /1-р хх-ийн 40-56-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.          

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч Д.Н- нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багт оршин суух хохирогч П.Э-ын эзэмшлийн байшинд нууцаар нэвтрэн орж LG маркийн зурагт, I Phone-5 маркийн гар утас, Samsung маркийн мэдрэгчтэй гар утас зэргийг хуль бусаар авч 610.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ХХХХ аймгийн ХХХ сумын ХХ дугаар багторшин суух хохирогч З.Д-ын эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар нэвтэрч LG маркийн зурагтыг хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Энэ үйл баримт нь шүүгдэгч Д.Н-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч П.Э-, З.Д-, гэрч Ц.Дэлгэрбаян, Ц.Дэлгэрсайхан нарын мэдүүлгүүд, хохирогч нарын эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримтуудаар нотлогдож байна.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

              Шүүгдэгчийн хохирогч нарын өмчлөлийн эд хөрөнгөд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нарын эд хөрөнгөдөө анхаарал, хяналт тавьдаггүй нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                                          

              Шүүгдэгч Д.Н- нь хохирогч П.Э-, З.Д- нарын  өмчлөх эрхийг зөрчиж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч П.Э-т 420.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн байх ба  үлдсэн хохирол болох 190.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч П.Э-т, 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Д-д тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 30-39-р тал, 2-р хх-ийн 47-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн зарим эд хөрөнгийг буцаан өгч, хохирол төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгч Д.Н- нь ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Н-д хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Н-гийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй. 

Эрүүгийн 1938002420294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх зааснаар шүүгдэгч Д.Н-г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-гийн цагдан хоригдсон 62 /жаран хоёр /хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Н-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 190.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Э-т, 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Д-д  олгосугай
  6. Эрүүгийн 1938002420294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР