| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00318/И |
| Дугаар | 103/ШШ2016/00416 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2016/00416
| 2016 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2016/00416 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171г-35 тоотод байрлах, Эм Жи Эл Эс Би Ди ХХК, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 18-54 тоотод байрлах, Эм Жи Эл Эс Би ХХК, Эм Жи Эл Эс Би Ди ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур ХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.419.614.910,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, өмгөөлөгч Б.Пүрэвням, гэрч Л.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчид шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Эм Жи Эл Эс Би ХХК, Эм Жи Эл Эс Би Ди ХХК нь Багануур ХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №12/02-570 тоот, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №13/02-412 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулсан. Тус компаниуд нь өөрсдийн нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжөөр Багануурын уурхайд нүүрсийг 0-2 см, 2-20 см, 20 см-ээс дээш хэмжээтэй гэж 3 ангилан Багануур ХК-д шигшиж өгсөн. Гэтэл Багануур ХК нь дээрх компаниудаар шигшүүлсэн нүүрсний шигшилтийн зардлыг төлөөгүй. Иймд дараах зардлуудыг гаргуулж өгнө үү. Үүнд:
1.Эм Жи Эл Эс Би ХХК-д төлөх өрийн талаар:
-Нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжийн түлшний зардал 171.137.599,
-Тоног төхөөрөмжийг ажиллуулсан ажлын хөлсний зардал 161.886.030,
-Тоног төхөөрөмжийн сэлбэг, хэрэгсэл, засвар үйлчилгээний зардал 22.875.850,
-Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал 43.604.887.64,
-УБТЗ-д төлсөн тээврийн зардал 599.168.900, нийт 998.673.266,64 төгрөг,
2. Эм Жи Эл Эс Би Ди ХХК-д төлөх өрийн талаар:
-Нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжийн түлшний зардал 228.141.970
-Тоног төхөөрөмжийг ажиллуулсан ажлын хөлсний зардал 240.000.000
-Тоног төхөөрөмжийн сэлбэг, хэрэгсэл, засвар үйлчилгээний зардал 69.741.874
-Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал 20.000.000
-УБТЗ-д төлсөн тээврийн зардал 863.057.800 нийт 1.420.941.644 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 352 дугаар зүйлийн 352.5.1-д тус тус зааснаар Багануур ХК-иас гаргуулж өгнө үү. Гэрээний 2.2, 2.3-д зааснаар нүүрс шигшиж ангилах, нүүрсийг тээвэрлэх тээврийн зардлыг Багануур ХК хариуцахаар тохирсон. Тухайн үед манайхыг зардлыг нь гаргаад нүүрсээ шигшээд тээврийн зардлыг нь гаргаад хэрэглэгчдэд хүргэх үүргийг Засгийн газраас өгсөн учраас бид нар Коммод ХХК-иас тоног төхөөрөмж худалдан авч тэдний ажилчдыг хөлслөн өөрийнхөө зардлаар нүүрсийг шигшиж тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн. Энэ ажил Засгийн газрын Нүүрс хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил. Багануур ХК-тай бичгээр хийсэн ажил гүйцэтгэх гэрээ байхгүй, гэхдээ амаар харилцан тохиролцоод хийсэн ажил. Гэрээндээ нэгэнт заасан учраас эднийх төлөх үүрэгтэй,өөрсдийнхөө хийх ёстой ажлыг бид нараар хийлгэсэн, манай байгууллага Коммод ХХК, УБТЗ-тай ажил гүйцэтгэх болон тээвэрлэлтийн гэрээнүүдийг амаар байгуулан Коммод ХХК-иар нүүрс шигшиж ангилах ажлыг гүйцэтгүүлсэн, Багануур ХК манайд нүүрсийг хүлээлгэж өгсөн, төлбөр тооцоо дууссан гэдэгт маргаагүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагууд нь Багануур ХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №12/02-570 тоот, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №13/02-412 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулсан бөгөөд нүүрс шигших болон тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч тал өөрөө бүрэн хариуцаж байсан учраас бид нүүрсийг нийлүүлж байсан болно. Энэ гэрээнд Багануур ХК нүүрсийг шигшиж нийлүүлнэ, тээвэрлэлтийн зардлыг хариуцана гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Гэрээгээр тохиролцоогүй үүргийг хариуцагч гүйцэтгэх үүрэггүй. Гэрээний 2 дугаар заалт бол гол нөхцөлийг л заасан, үүргийг тодорхойлсон заалт биш. Гэрээгээр Багануур ХК нь хүрэн нүүрс нийлүүлэх, худалдан авагч үнийг төлөх үүрэг л харагдаж байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйл бол 2 талын харилцан үүрэг бүхий заалт. Талууд хугацаа, тоо хэмжээ, чанар дээр маргаангүй. Хариуцагчийн зүгээс хүрэн нүүрс нийлүүлэх үүргээ гэрээнд заасан цаг хугацаандаа гүйцэтгэсэн. Гэрээг талууд хэрхэн тайлбарлах нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл биш. Гэрээний 2.3-т 3 өртөөний алин дээр нь нийлүүлэх эсэх, Багануураас Толгойт, Амгалан өртөөн дээр хүргэсэн зардлыг Багануур хариуцана гэсэн заалт гэрээнд огт байхгүй. Багануур ХК нь Багануур өртөөн дээр л хүлээлгэж өгөх үүрэгтэй, ер нь бусад хэрэглэгчдэд ч гэсэн ингэж л хүргэдэг, өөрсдөө Багануур өртөөн дээрээс авдаг. Гэрээний 2.3 бол нүүрс хаана хаана очихыг л заасан заалт, нийлүүлнэ гэсэн болохоос зардлыг хариуцана гэсэн ойлголт биш. БНХК-ийг нүүрсээ ангилах, тээвэрлэх үүрэгтэй гэж яриад байгаа байж өөрсдөө өөрийнхөө зардлаар ангилаад, тээвэрлээд байгааг юу гэж ойлгох вэ, гэрээ хэрэгжиж байх явцад танайх ангилалтаа хий, хийхгүй бол манайх өөрсдөө өөр компаниар ангилууллаа, зардлаа төл гэсэн асуудлыг өнөөдрийг хүртэл ерөөсөө тавиагүй. 2012 онд байгуулагдсан гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бодож байна. Нүүрс хөтөлбөр гэж ерөөсөө гараагүй, нэхэмжлэгч Засгийн газар үүрэг өгсөн учраас өөрсдийн зардлаар энэ ажлуудыг хийсэн гээд байна, тэгвэл Засгийн газраасаа нэхэмжлэх хэрэгтэй, манайх хариуцагч нь биш юм биш үү, гэрээнд заагаагүй зүйлийг нэхээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Шүүх талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эм Жи Эл Эс Би ХХК, Эм Жи Эл Эс Би Ди ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 352 дугаар зүйлийн 352.5.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Багануур ХК-иас худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 2.419.614.910,64 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Багануур ХК нь талуудын хооронд байгуулагдсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-гээр нүүрсийг шигшиж ангилан нийлүүлнэ, тээвэрлэлтийн зардлыг БНХК хариуцана гэж тохиролцоогүй, ажил гүйцэтгэх гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, талууд Нүүрс худалдах худалдан авах гэрээнүүдийн 2 дугаар заалтын 2.2, 2.3 дахь хэсэг дээр тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №12/02-570 тоот, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №13/02-412 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч тал нүүрс худалдсан, худалдан авагч тал үнийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй байна.
2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12/02-570, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №13/02-412 тоот гэрээнүүдээр талууд гэрээг хэрэгжүүлэх зорилгоо заахдаа Энэхүү гэрээгээр худалдагчаас худалдан авагчид гэрээгээр тохирсон хуваарь, нөхцөлийн дагуу Багануурын уурхайн хүрэн нүүрс нийлүүлэх, худалдан авагч худалдагчид нүүрсний төлбөрийг төлөх нөхцөл болон эдгээр үйл ажиллагаатай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино, гэрээгээр нийлүүлэх нүүрсний хэмжээ, нүүрсний үнэ, нүүрс нийлүүлэх нөхцөлийг заахдаа гэрээний 2 дугаар заалтын 2.1 дэх хэсэгт 2012.11.01-ний өдрөөс 2013.04.31, 2013.09.27-ны өдрөөс 2014.05.15-ны өдрийг дуустал хугацаанд хоногт захиалсан вагоны тоогоор Багануурын уурхайн хүрэн нүүрсийг нийлүүлнэ, 2.2 дахь хэсэгт Ангилах төхөөрөмжөөр ангилсан 1 тонн нүүрсний үнэ 27.500 төгрөг, 2.3 дахь хэсэгт Нүүрсийг Багануур өртөө, Толгойт, Амгалан өртөө нөхцөлөөр худалдан авагчид нийлүүлнэ гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж мөн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д зааснаар талууд эд хөрөнгийн үнийг гэрээгээр тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх савлах баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцахыг хуулиар зохицуулжээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, талуудад ойлгомжтой, 2 талын хүсэл зориг гэрээнд илэрхийлэгдсэн байх ба гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гэрээнүүдийн 2 дугаар заалтын 2.2, 2.3 дахь хэсгийг нүүрс ангилах, тээвэрлэх, нүүрсийг ангилсан, тээвэрлэсэн зардлыг Багануур ХК хариуцахаар талууд тохиролцсон байсан байна гэж шууд тайлбарлах боломжгүй юм. Уг заалтуудаар худалдах нүүрсний үнэ, нүүрс буух өртөөнүүдийг нэрлэн заасан бөгөөд Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч тал болох Эм Жи Эл Эс Би ХХК, Эм Жи Эл Эс Би Ди ХХК хариуцахаар байна.
Нэхэмжлэгч нар нь нүүрсийг ангилж өгөх, нүүрсийг тээвэрлэсэн зардлыг Багануур ХК хариуцана гэж гэрээгээр тохиролцсон, ажил гүйцэтгэх гэрээг Багануур ХК-тай амаар байгуулсан гэж мэдүүлж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч Л.Эрдэнэбулганы шүүхэд гэрчээр өгсөн Нүүрс шигших тоног төхөөрөмж нь Эм Жи Эл Эс Би ХХК-ийн өмч байсан, ажилчид нь Коммод ХХК-ийн ажилчид байсан. Нүүрс ангилах ажлыг манайх хариуцаж байсан. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байсан ажил гэж ойлгож байгаа. Тийм учраас тасралтгүй саадгүй явуулах байсан, иймд тээвэрлэлтийн зардлыг манайх төлж байсан, гэрээг би боловсруулаагүй, гэрээн дээр гарын үсэг зурсан, шигшилтийн зардлыг манайх өөрсдөө гаргаж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Л.Эрдэнэчулууны шүүх хуралдаанд өгсөн Би тухайн үед Багануур ХК-д тооцооны нягтлан бодогч хийдэг байсан. Эм Жи Эл Эс Би ХХК, Эм Жи Эл Эс Би Ди ХХК-ийн нягтлан бодогч н.Мөнгөнтуяатай худалдсан нүүрснийхээ тооцоог байнга очиж хийдэг байсан. Эднийх манайхаас ангилсан нүүрсний зардал, тээвэрлэлтийн зардал гэж гэрээгээр, амаар, нэхэмжлэхээр огт нэхэж, ярьж байгаагүй. Өөрсдөө тоног төхөөрөмжөө авч ирээд нүүрсээ ангилан ялгаж авч байсан, манайх нүүрсийг Багануур өртөөн дээр л хүргэдэг, цаашаа Улаанбаатарт хүргэхийг нүүрс худалдаж авч байгаа байгууллагууд хариуцдаг, эднийх мөн адил Багануур өртөөн дээрээс цааш авч явах асуудлыг өөрсдөө л хариуцаж байсан гэсэн мэдүүлэг, Эм Жи Эс Эл Би Ди ХХК-иас 2014.04.26-ны өдөр Багануур ХК руу түлшний зардалд 171.137.599 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Коммод ХХК, Эм Жи Эл Эс Би ХХК нарын хооронд 2012.11.23 ны өдөр байгуулагдсан, Коммод ХХК, Эм Жи Эл Эс Би Ди ХХК нарын хооронд 2013.09.30 ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүд, УБТЗ ХНН-тэй хийсэн тээвэрлэлтийн зардлын тооцооны үлдэгдлийн баталгаанууд зэргээр үгүйсгэгдэж байх ба худалдан авагч тал Эм Жи Эл Эс Би ХХК, Эм Жи Эл Эс Би Ди ХХК-ууд нь худалдагч талтай гэрээ байгуулснаас хойш 22, 3 хоногийн дараа Коммод ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан нүүрсийг өөрсдийн зардлаар ангилан ялгаж авсан, Багануур ХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүрэг гэрээ болон хуульд зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан бичмэл нотлох баримт гаргах, цуглуулах хуулийн шаардлагыг хангасан баримтууд байх ба хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх шаардлагатай гэж үзэн эх хувиудыг холбогдох байгууллагуудаас нотлох баримтаар шаардан гаргуулж хуулбар хувиудтай тулган шинжлэн судалсан болно.
Худалдагч тал, худалдан авагч талд байгаа 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан №12/02-570 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-нүүд зөрүүтэй. Шүүх худалдагч тал болох Багануур ХК-ийн архивт хадгалагдаж байгаа №12/02-570 гэрээнд хариуцагчийн хүсэлтээр үзлэг явуулсан. Үзлэгээр гэрээний 2 дугаар заалтын 2.2 дахь хэсгийн Ангилах төхөөрөмжөөр ангилсан нэг тонн нүүрсний үнэ 27500 төгрөг, /НӨАТ болон Тээврийн зардал/ ороогүй болно, гэрээ байгуулсан гэдэг хэсгийн худалдан авагчийг төлөөлж гэсний доор MGLSB ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа гэсэн байхад худалдан авагч буюу нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээний эх хувь буюу хуулбар хувь дээр /НӨАТ болон Тээврийн зардал/ ороогүй болно гэсэн заалт байхгүй, гэрээ байгуулсан гэдэг хэсгийн худалдан авагчийг төлөөлж MGLSB ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа гэсний доор Гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбулган гэж нэмж оруулан гарын үсэг зурж тамга даран баталгаажуулсан байна.
Талууд уг гэрээнд оруулсан өөрчлөлт дээр аль тал нь нэмсэн эсэх, нэмснээр ямар үр дагавар үүсгэж байгаа болон гэрээ хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэдэгт маргаагүй. Уг гэрээнд дээрх өөрчлөлтүүд орсноор гэрээний гол нөхцөл өөрчлөгдөхгүй байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Эм Жи Эл Эс Би Ди ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.262.658 төгрөг, Эм Жи Эл Эс Би ХХК-иас төлсөн 5.151.316 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Эм Жи Эл Эс Би ХХК, Эм Жи Эл Эс Би Ди ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Багануур ХК-д холбогдох худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 2.419.614.910,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Эм Жи Эл Эс Би Ди ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.262.658 төгрөг, Эм Жи Эл Эс Би ХХК-иас төлсөн 5.151.316 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Хэрэгт нотлох баримтаар УБТЗамаас ирүүлсэн 5 хавтас санхүүгийн баримтуудыг Эм Жи Эл Эс БИ ХХК, Эм Жи Эл Эс Би Ди ХХК-д, Коммод ХХК-иас ирүүлсэн кассын орлого зарлагын 20 хуудас баримтуудыг Коммод ХХК-д тус тус буцаан хүлээлгэн өгч баримт үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Э.Энхчимэгт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ